2014
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэний ажилд
дөрөвдүгээр 2014


Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэний ажилд

2013 оны 8-р сарын 20-нд Бригам Янгийн Их Сургууль дээр болсон онцгой цугларалт дээр хэлсэн үгээс. Хэлсэн үгийг англи хэлээр бүрнээр нь уншихыг хүсвэл speeches.byu.edu хаягаар орно уу.

Зураг
Ахлагч М. Рассэлл Баллард

Тэнгэрлэг Эцэгийн, санваараар адислагдсан агуу төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр боловч үнэ цэнэ бүхий үүргүүдтэй байдаг.

Зураг
Woman talking to a group of Church members sitting around a table.

Дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулж, хүчирхэгжүүлэх эмэгтэйчүүдийн амин чухал үүргийн талаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ойлговол зохих хэд хэдэн үнэнүүд байдаг гэдэгт би итгэдэг. Маш олон талаараа эмэгтэйчүүд нь сүмийн амин чухал хэсэг нь байдаг. Тиймээс Их Эзэний тусламжтайгаар би сүмийн итгэлтэй эмэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлмээр байна. Хайрт эгч нар аа, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа та нартаа Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр төлөөлөгчид үнэхээрийн их хайртай бөгөөд та бүхэнд итгэж найддаг гэдгийг маань ойлгоорой.

Энэ дэлхий дээр бид юу хийж байгаа талаар сануулснаар би үгээ эхэлье.

Бид бол Тэнгэрлэг Эцэгийнхээ хайртай сүнсэн хөвгүүд болон охид билээ. Дэлхийн өмнөх оршихуйд бид Түүнтэй хамт амьдарч байсан. “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд” (Мосе 1:39) тохиолгон авчрах үүрэг зорилгоо биелүүлэхийн тулд Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ хамгийн дээд чадавхдаа хүрэхэд нь туслах төлөвлөгөөг бүтээжээ. Эцэгийн маань төлөвлөгөө хүмүүнийг зуурдын байдалд төрж, бие махбодтой болон, соригдон шалгагдах хугацаанд ирснээрээ унаж, Түүнээс хэсэг хугацаанд тусгаарлагдахаар дуудсан юм. Түүний төлөвлөгөө нь хүн төрөлхтөнийг уналтаас гэтэлгэхийн тулд Аврагчийг өгсөн. Их Эзэн Есүс Христийн Цагаатгал нь сайн мэдээний ёслолууд болон ариун гэрээнүүдээр дамжуулан Бурханы дэргэд эргэж очих арга замаар хангадаг. Бид аюул гамшгаар дүүрэн зуурдын оршихуйд амьдрах учраас бидэнд өөрсдийн маань хүчнээс илүү агуу хүч хэрэг болно гэдгийг Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү мэдэж байжээ. Христийн сайн мэдээ болон сургаал нь үүнийг хүлээн авах хүн бүрд мөнх амьдралд хүрэх болон уг аялалд баяр баясгаланг олж авах хүчийг өгдөг.

Зарим хүмүүст сүм дэх болон Бурханы төлөвлөгөөн дэх эмэгтэйчүүдийн үүргийн талаар асуух асуулт байдаг. Би үндэсний болон олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай олон удаа ярилцлага өгч байсан ба уулзсан ихэнх сэтгүүлчид энэ сэдвээр тодорхой нотолгоогүй хэрнээ баттай бодол санаатай болсон байв. Эмэгтэйчүүд сүмд доод зиндаанд байдаг талаар тэд надаас олон жилийн турш асуудаг байсан. Энэ нь үнэхээр худал зүйл юм.

Энэхүү чухал сэдвийн талаар би та бүхнийг тунгаан бодоосой хэмээн 5 үндсэн санааг санал болгож байна.

1. Мөнх амьдралд хүрэхэд минь бидэнд туслах төлөвлөгөө Бурханд байдаг

Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн сүнсэн хөвгүүд, охид болох эрэгтэй, эмэгтэйчүүдийг бүтээсэн. Ингэхлээр хүйс нь мөнхийн зүйл гэсэн үг юм. Түүнийг болон Түүний Хүү, Есүс Христийг дагахаар сонгосон хүн бүхэнд мөнх амьдралын өв залгамжлагчдын хувьд өөрсдийн хувь заяандаа хүрэхэд нь туслах төлөвлөгөөг Тэрээр бүтээжээ.

Хэрэв бидний эцсийн өргөмжлөл нь Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн туйлын чухал зорилго юм бол мөн хэрэв Тэд бидний мэддэгээр бүхнийг мэдэгч, төгс юм бол биднийг хэрхэн бэлтгэж, зааж мөн удирдахыг Тэд хамгийн сайн ойлгодог ба тэгснээр бид өргөмжлөлд хүрэхүйц зохистой байх хамгийн агуу боломжтой байх юм.

Ихэнх хүмүүсийн гэр бүл болон найзууд нь төрөл бүрийн нийгмийн асуудалтай байдаг бөгөөд уг асуудлын талаар маргалдах нь ямар ч шийдвэрт хүргэхгүй, харин ч сөргөлдөөнийг бий болгодог. Хэн нэгний сэтгэлд нийцэхээр хариулах тун хэцүү бөгөөд эмзэг асуудлаарх сүмийн байр суурийн талаар ч мөн зарим асуулт байдаг. Гэвч бид эдгээр нөхцөл байдлуудад Их Эзэнээс юу бодох, юу хийх талаараа эрэлхийлж залбирвал: “Та Есүс Христэд итгэдэг үү, та Түүнийг болон Эцэгийг дагадаг уу?” гэсэн бодол өөрт төрдөг. Сүмийн ихэнх хүмүүс хэзээ нэгэн цагт Их Эзэний асуусан бүх зүйлийг хийж чадах эсэхтээ эргэлзэх үе мэдээж гарна гэдэгт би итгэдэг. Харин бид үнэхээр Их Эзэнд итгэдэг л юм бол “Би Есүс Христэд итгэдэг ба Түүний надаас асуух юуг ч хийхэд бэлэн байна” гэсэн нотолгоо нь бидэнд ирэх болно. Тиймээс бид хичээсээр л байдаг. “Би Есүс Христэд итгэдэг” гэдэг үгс нь ямар хүчирхэг гээч!

Тэнгэр дэх Эцэг маань хамгийн сайн сайхан нь юу болохыг мэдэж байдаг гэдэгт бид итгэхэд бэлэн байснаар бидний гэрчлэл, оюун санааны амар амгалан болон аз жаргал эхэлдэг билээ.

2. Сүм санваарын түлхүүрүүдээр удирдагддаг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Их Эзэний сүм бөгөөд Түүний сүм нь санваарын эрх мэдэл хийгээд санваарын түлхүүрүүдээр удирдагддаг. “Санваарын түлхүүрүүд бол санваарын удирдагчдад Түүний санваарыг дэлхий дээр хэрэглэх, удирдах, хянах мөн засаглах Бурханаас олгосон эрх мэдэл юм.”1

Санваарын түлхүүртэй хүмүүс нь—чуулгынхаа түлхүүрийг атгадаг дикон, тойргийнхоо түлхүүрийг атгадаг бишоп, эсвэл санваарын бүх түлхүүрийг атгадаг сүмийн ерөнхийлөгчийн аль нь ч гэсэн чухамдаа өөрсдийнх нь удирдлага дор итгэлтэйгээр үйлчилдэг бүх хүмүүст санваарын эрх мэдлийг хэрэгжүүлж мөн санваарын хүчийг ашиглах явдлыг боломжтой болгодог билээ.

Бүх эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд нь санваарын түлхүүртэй тэдгээр хүмүүсийн удирдлага дор үйлчилдэг. Энэ бол Их Эзэн Өөрийн сүмээ удирддаг арга зам юм.

Би 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээ давтан хэлмээр байна. “Тэнгэрлэг Эцэгийн маань санваараар адислагдсан агуу төлөвлөгөөнд санваарыг ашиглах онцгой үүрэг хариуцлага эрчүүдэд өгөгдсөн ч тэд өөрсдөө санваар биш юм аа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр үүрэгтэй боловч эдгээр нь үнэ цэнийн хувьд адил байдаг. Эмэгтэй хүн эр хүнгүйгээр үр хүүхэдтэй болж чадахгүйтэй адил эрэгтэйчүүд эмэгтэй хүнгүйгээр мөнхийн гэр бүлтэй болоход санваарын хүчээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. … Мөнхийн хэтийн төлөвийг авч үзэхэд хүүхэд төрүүлэх хүч болон санваарын хүчийг эхнэр, нөхөр хоёр хуваалцдаг.”2

Яагаад эмэгтэйчүүд биш харин эрэгтэйчүүд санваарын албанд томилогддог вэ? Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) “Их Эзэний сүмд эрэгтэй хүмүүсийг санваар атгахаар томилсон нь” хэн нэг хүн биш Их Эзэн байсан бөгөөд “Бурханы хаант улс ба сүм болох энэхүү агуу хийгээд гайхамшигт байгууллагыг төгөлдөржүүлэх чадварыг” эмэгтэй хүнд өгсөн нь мөн л Их Эзэн байсан юм” хэмээн тайлбарласан билээ.3 Эцэст нь Их Эзэн яагаад Өөрийн сүмийг ийнхүү зохион байгуулснаа илчлээгүй юм.

Сүмийн бүх хичээлийн тэн хагасыг эгч нар заадаг гэдгийг бүү мартаарай. Удирдлагын ихэнх нь мөн эгч нараас бүрддэг. Түүнчлэн үйлчлэлийн олон боломж болон үйл ажиллагаа нь эгч нараар төлөвлөгдөж, удирдагддаг. Тойрог, гадасны зөвлөл болон сүмийн удирдлагын ерөнхий зөвлөл дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь хэрэгцээтэй үзэл бодол, мэргэн ухаанаар болон тэнцвэртэй байдлаар хангаж байдаг.

Ямар ч хичээл зүтгэлээр бай, тэнгэрийн бүрэн дүүрэн адислалуудыг авчрахын тулд эмэгтэйчүүдийг хүндэлдэг болон тэдний онцгой сүнслэг бэлгийг нь хүндэтгэдэг эрэгтэйчүүд түүнчлэн эрэгтэйчүүдийг хүндэлдэг болон тэдний атгадаг санваарын түлхүүрүүдийг нь хүндэтгэдэг эмэгтэйчүүд сүмд шаардлагатай байдаг.

3. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь адилхан чухал

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь сүмийн болон Бурханы мэлмийд адил хэдий ч энэ нь тэд хоорондоо яг адилхан гэсэн үг биш юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бурханлаг бэлгүүд болон үүрэг хариуцлагууд нь мөн чанартаа ялгаатай ч тэдгээрийн ач холбогдол ба нөлөөлөл нь адилхан байдаг. Манай сүмийн сургаалд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү хэрнээ өөрөөр үздэг. Бурхан аль ч хүйсийг нэг нь нөгөөгөөсөө илүү дээр эсвэл илүү чухал гэж үздэггүй. Ерөнхийлөгч Хинкли эмэгтэйчүүдэд хандан, “Мөнхийн Эцэг маань… та бүхнийг Өөрийн бүтээлийн хамгийн гайхамшигтайгаас нь дорд байхыг хэзээ ч хүсээгүй”4 хэмээн тунхагласан юм.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь өөр өөр бэлэг, хүч чадалтай мөн өөр өөр үзэл бодол, хүсэл эрмэлзэлтэй. Бид бие биедээ яагаад хэрэгтэй байдгийн нэг үндсэн шалтгаан нь энэ юм. Гэр бүл бий болгоход эрэгтэй, эмэгтэй хүнийг шаарддаг бол Их Эзэний ажлыг биелүүлэхэд мөн л эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг шаардана. Зөв шударгаар хамтдаа ажилладаг эхнэр, нөхөр хоёр бие биенээ бүрэн нөхөн гүйцээдэг билээ. Бидний амьдрал дахь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг болон зорилгуудыг буруугаар ойлгогдохоос болгоомжилцгооё.

4. Бүх хүн санваарын хүчээр адислагддаг

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ариун сүмд очиход тэдэнд санваарын хүч буюу нэг ижил хүч өгөгддөг. Санваарын эрх мэдэл нь санваарын түлхүүрүүдээр удирдагддаг ба санваарын түлхүүрүүдийг зөвхөн зохистой эрэгтэйчүүд л атгадаг, харин санваарын хүч болон адислалууд нь Бурханы бүх хүүхдүүдэд боломжтой юм.

Тэнгэр дэх Эцэг маань Өөрийн хүчийг харамгүй өгдөг бөгөөд бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс амьдралд нь туслах энэхүү хүчийг авах боломжтой юм. Их Эзэнтэй ариун гэрээ хийж, тэдгээр гэрээнүүдээ хүндэлдэг хүн бүр хувийн илчлэлт хүлээн аван, тэнгэр элчүүдийн үйлчлэлээр адислагдаж, Их Эзэнтэй харилцан, сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч мөн эцэст нь Есүс Христтэй хамт Эцэгт байгаа бүгдийн өв залгамжлагчид болох эрхтэй.

5. Бид сургаалын талаар мэдэж авч мөн гэрчлэлээ хуваалцах хэрэгтэй

Зураг
A Sunday school class of teenagers. One of the youth is in front talking to the class while the teacher is standing to the side.

Сүмийн эмэгтэйчүүд Христийн сургаалыг мэдэж авч мөн бүх л арга замаар сэргээлтийн тухай гэрчлэлээ хуваалцаж байх нь бидэнд хэрэгтэй байна. Дэлхийн түүхэнд хэзээ ч ийм нарийн түвэгтэй цаг үе байгаагүй билээ. Сатан болон түүний дагалдагчид мянга мянган жилийн турш өөрсдийн арга барилыг төгөлдөржүүлж байгаа бөгөөд тэд хүн төрөлхтний Бурханд болон Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг нь устгах талаар мэргэшсэн юм.

—Эрэгтэй, эмэгтэйчүүд болон залуучууд мөн өсвөр үеийнхэн болон охид, хөвгүүд—бид бүгдэд өмгөөлж хамгаалах мөн дэлхий даяар түгэх Их Эзэн болон Түүний сүм байгаа билээ. Бидэнд эмэгтэйчүүдийн онцгой бөгөөд үр нөлөө бүхий дуу хоолой мөн тэдний итгэл илүү их хэрэгтэй байна. Та бүхэн сургаалаас суралцаж, бидний итгэдэг зүйлсийг ойлгож, тэгснээрээ залуу эмэгтэйчүүдийн аялалын галын дэргэдэх болон гэрчлэлийн цуглаан дээр эсвэл блог болон фэйсбүк дээр аль нь ч бай, та бүхэн бүх зүйлийн үнэний талаар гэрчлэлээ хуваалцаж чадна. Гагцхүү та нар л Бурханы гэрээ хийсэн эмэгтэйчүүд чухам ямар харагдаж мөн юунд итгэдэг гэдгийг дэлхийд харуулж чадна.

Эгч нар аа, та бүхний бусдад нөлөөлөх чадвар онцгой бөгөөд эрэгтэй хүн үүнийг хийж чадахгүй. Бурханы охид та нараас өөр хэн ч Аврагчийг маань илүү хүчтэйгээр эсвэл илүү итгэлтэйгээр хамгаалж чадахгүй, гагцхүү та нарт л энэ агуу дотоод хүч болон итгэл үнэмшил байгаа. Хөрвөсөн эмэгтэйчүүдийн дуу хоолой хэмжээлшгүй үнэ цэнэтэй бөгөөд сүмд та бүхний дуу хоолой хэзээ ч байгаагүй ихээр одоо хэрэгтэй байна.

Бид эв нэгдэлтэй байх ёстой тийм цаг үед амьдарч байгаа гэсэн гэрчлэлээ би үлдээж байна. Бид—эрэгтэй, эмэгтэйчүүд; залуу эрэгтэйчүүд ба залуу эмэгтэйчүүд мөн охид, хөвгүүд хамтдаа зогсох ёстой. Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний төлөө зогсох ёстой. Бид Түүнийг хамгаалах ёстой. Түүнийг бусад нь бүгд эсэргүүцэж байна. Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд үүнийг зүгээр хараад зогсож болохгүй бөгөөд өөрсдийн дуу хоолойг өргөх зүрх зориггүйгээр, энэ бүхнийг үргэлжлэхийг зөвшөөрч болохгүй.

Та бүхэн сайн мэдээний энгийн үнэнүүдээс суралцан, мэдэж авч, тэдгээрийг боломж гарах бүрдээ хуваалцах зоригтой байхаар Бурхан та нарыг адислах болтугай.

Эшлэлүүд

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 2.1.1.

  2. М. Рассэлл Баллард, “Энэ нь Миний ажил болон Алдар Суу бөлгөө,” Лиахона, 2013 оны 5-р сар, 19.

  3. Гордон Б.Хинкли, “Women of the Church,” Ensign, 1996 оны 11-р сар, 70.

  4. Гордон Б.Хинкли, “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 98.