2014
Зохистой байдлаас ирдэг итгэл үнэмшил
дөрөвдүгээр 2014


Зохистой байдлаас ирдэг итгэл үнэмшил

2006 оны 12 дугаар сарын 31-нд болсон өсвөр үеийнхэнд зориулсан галын дэргэдэх ярилцлага дээр хэлсэн үгээс.

Ахлагч Жэффри Р. Холланд

Би нэгэн төрлийн онцгой итгэл үнэмшлийг хэрхэн олж авах талаар зориуд ярихыг хүсэж байна.

Миний захиас та нарт одоо төдийгүй насан туршид тань найдвар ба урам зориг өгөх болно. Дэлхий дээр хангалттай олон асуудал байгаа бөгөөд бүхий л цаг үед түвэгтэй асуудлууд үргэлж байсаар ирсэн юм. Тэдгээрийн талаар сэтгэл түгшин зовох юм уу санаагаар унах хэрэггүй. Ирэх он жилүүд гайхалтай боломжуудаар болон агуу адислалуудаар дүүрэн байх болно. Бидний амьдралыг баялаг агуулгатай болгодог шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд ба харилцаа холбоо зэрэг бүх салбаруудад дэвшил гарсаар байх болно. Та нар энэ дэлхийн хамгийн агуу цаг үед амьдарч байгаа бөгөөд түүхийн аль ч үед байгаагүй илүү олон адислал дэлхий даяар улам олон хүнд ирсээр байна. Таны эмээ та нарын насан дээр цахим таблетын талаар ямар ч төсөөлөлгүй байсныг, өвөө тань мессеж яаж бичиж, илгээхийг одоо болтол мэддэггүйг санаарай. Тиймээс аз жаргалтай, эрүүл энх, өөдрөг өрнүүн байцгаа.

Миний саяхан уншсан нэгэн өгүүлэлд өнөөгийн залуу хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тохиолддог өвчин бол чихрийн шижин юм уу зүрхний өвчин эсвэл хорт хавдар биш хэмээн өгүүлсэн байв. (Эдгээр өвчнүүд та нарт бус, харин миний насны хүмүүст тохиолддог юм.) Харин өсвөр үеийнхэнд болон 20 дөнгөж гарсан залууст хамгийн их тохиолддог өвчин бол өөртөө эргэлзэх, ирээдүйгээсээ айх болон өөрийгөө дутуу үнэлэх мөн өөртөө болон хүрээлэн буй орчиндоо итгэлгүй хандах явдал мөн хэмээн тэмдэглэсэн байлаа.

Би хэдийгээр та нараас насаар ахмад боловч эдгээр санаа зовоосон зүйлүүдийг ойлгодог шүү. Учир нь би залуу байхдаа олон ч нөхцөл байдалд өөртөө итгэх итгэл муутай байдаг байсан. Надад сайн дүн авч тэтгэлгээр сурах найдлага байсан ч бусад хүмүүс энэ тал дээр яагаад илүү амжилттай байдаг юм бол хэмээн гайхдаг байснаа санаж байна. Олон жилийн турш ахлах болон их сургуулийн спортын тэмцээнүүдэд оролцож, амжилтад хүрэхийн тулд итгэлтэйгээр тоглож, шийдвэрлэх тоглолтуудад ялалт байгуулахыг эсвэл өдрийн бодол, шөнийн зүүд болсон цомыг багтаа авчрахыг юу юунаас илүү их хүсдэг байснаа би санаж байна. Ялангуяа охидын тухайд өөртөө итгэлтэй байж чаддаггүй байснаа мөн санадаг. Энэ нь залуу эрэгтэйчүүдийн санааг багагүй зовоодог зүйл юм. Холланд эгч надад боломж олгосонд би маш их талархалтай байна. Тийм ээ, би та нарын санаж буй бүх зүйлийг—өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун бус байх болон бусдаар хүлээн зөвшөөрөгдөх эсвэл ирээдүй надад зориулж юу бэлтгэсэн бол гэх мэтийн зүйлсэд эргэлздэг байснаа санаж байна.

Залуу хүнд эргэлзээ болоод өөртөө үл итгэх байдлыг авчирдаг бүх асуудлыг ярих нь миний зорилго биш, харин бидний амьдралын бүх л талуудад, ялангуяа өөрийгөө үнэлэх бидний үнэлэмжид мөн ирээдүйг угтан харах бидний үзэл бодолд гайхамшгуудыг бүтээж, өөртөө итгэлтэй болгож чаддаг нэгэн онцгой итгэл үнэмшлийн тухай ярихыг би хүсч байна. Үүнийг тайлбарлахын тулд би нэгэн түүх ярья.

Хувийн зохистой байдлын үнэ цэнэ

Олон жилийн өмнө би ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө залуучуудын нэгэн чуулганд оролцож, үг хэлж билээ. Уг чуулган гэрчлэлийн цуглаанаар өндөрлөв. Энэ үеэр нэгэн царайлаг, залуухан буцаж ирсэн номлогч гэрчлэлээ хуваалцахаар бослоо. Тэрээр буцаж ирсэн номлогч ямархуу харагддаг билээ—тийм л царайлаг, цэвэр цэмцгэр, өөртөө итгэлтэй харагдаж байлаа.

Ярьж эхлэнгүүт түүний нүдэнд нулимс цийлэгнэж, гайхалтай сайн хожмын үеийн гэгээнтэн залуусын бүлэгт байсандаа талархаж, тэр үеийн амьдралдаа сэтгэл хангалуун явдгаа хэлсэн юм. Гэвч энэхүү мэдрэмж нь хэдэн жилийн өмнө түүнд тохиолдсон нэгэн туршлагаар, амьдралыг нь үүрд мөнхөд өөрчилсөн тэрхүү үйл явдлын ачаар түүнд ирсэн байна.

Тэгээд тэрээр 18 настайдаа, ахлагчийн албанд томилогдоод удаагүй байхдаа нэгэн болзоонд яваад ирсэн тухайгаа ярилаа. Энэ болзооны үеэр тийм ч таатай бус нэг явдал болсон байна. Тэрээр үүнийг дэлгэрэнгүй яриагүй бөгөөд олны өмнө тийнхүү ярих хэрэг ч байгаагүй юм. Тэр үед яг юу болсныг би өнөөг хүртэл мэдээгүй ч энэ нь түүний сүнсэнд болон өөрийгөө үнэлэх үнэлэмжид нь хүчтэй нөлөөлсөн зүйл байсан нь тодорхой юм.

Тэрээр гэрийнхээ урд талын зам дээр машин дотроо сууж, болсон явдлыг эргэцүүлэн бодоод хийсэн зүйлийнхээ төлөө жинхэнэ харууслыг мэдэрч байтал сүмийн гишүүн бус ээж нь гэрээсээ маш их сандарсан байдалтай гарч, машин руу нь гүйж ирээд эрэгтэй дүү нь гэртээ унахдаа толгойгоороо ямар нэг юм хүчтэй мөргөж, ухаан алдсан тухай хэлжээ. Гишүүн бус аав нь тэр даруй түргэн тусламж дуудсан байсан ч хараахан ирээгүй л байв.

“Ирээд ямар нэгэн юм хийгээч дээ. Танай сүмд ийм үед хийдэг зүйл байдаггүй юм уу? Чамд тэдний санваар байгаа шүү дээ. Орж ирээд ямар нэг юм хийгээч” гэж ээж нь хашгирчээ.

Ээж нь тэр үед сүмийн тухай тийм их зүйл мэддэггүй ч харин санваарын адислалуудын талаар бага сага мэддэг байжээ. Гэвч хайртай хүнд нь өөрийнх нь итгэл, хүч нөлөө хэрэгтэй болчихоод байхад сайхь залуу яаж ч чадсангүй. Тэрээр өөрт нь төрсөн таагүй мэдрэмж болон үйлдсэн буруу зүйлийнхээ улмаас Их Эзэнд хандаж, хэрэгтэй байгаа адислалыг гуйх боломжгүй болсон байлаа.

Залуу машинаасаа үсрэн гараад хоёр, гурван жилийн өмнө баптисм хүртсэнээс хойш өөртэй нь нөхөрлөж ирсэн тойргийнхоо нэгэн зохистой, ахимаг насны эрийн гэр рүү гүйсэн ажээ. Залуу юу болсныг тайлбарласнаар нөгөөх хүн түргэн тусламж ирэхээс өмнө түүнтэй хамт тэднийд иржээ. Гэрчлэлийн цуглаан дээр яригдсан энэхүү түүхийн төгсгөл тун сайхан болсон бөгөөд настай эр тэр даруй санваарын гайхалтай, хүчтэй адислалыг өгч, бэртсэн хүүхдийн биеийг хэвийн байдалд оруулж, амраагаад явсан байна. Эмнэлэгт очиж, бүрэн үзлэг хийсний дараа ямар нэг ноцтой гэмтэл бэртэлт байхгүйг тогтоожээ. Уг гэр бүлийн хувьд тэднийг сандаргасан айдастай үе ийнхүү өнгөрсөн юм.

Миний ярьж буй буцаж ирсэн номлогч залуу: “Тэр орой надад тохиолдсон зүйлийг биеэр амсаагүй ямар ч хүн миний мэдэрсэн ичгүүрийг болон зохисгүй байдлаасаа болж санваараа ашиглаж чадахгүйд хүрсэн харууслыг минь хэзээ ч ойлгохгүй. Миний эрэгтэй дүүд мөн айж тэвдэн, надаас ихийг хүсэн хүлээх сүмийн гишүүн бус аав, ээж хоёрт маань гагцхүү миний тусламж хэрэгтэй байсан учраас л энэ нь надад сэтгэлийн илүү их шаналгаатай дурсамж болон үлдсэн юм. Гэвч би өнөөдөр та нарын өмнө зогсох энэхэн мөчид та бүхэнд нэг л зүйлийг амлаж чадна. Би төгс биш боловч тэр өдрөөс хойш өөртөө итгэлтэйгээр Их Эзэнд хандахад мөн хэрэгтэй үед Түүний тусламжийг авахад саад болох ямар ч зүйлийг хийгээгүй. Хувийн зохистой байдал бол бидний амьдардаг энэ дэлхий дээрх тулаан бөгөөд би энэ тулаанд ялж байна. Би өөрийн үйлдсэн гэм буруугийн мэдрэмжийг амьдралдаа нэг л удаа мэдэрсэн бөгөөд үүнийг дахин хэзээ ч мэдрэхгүйн тулд ямар ч зүйлийг хийх болно. Би энэ тал дээр бүх зүйлийг хийж чадна” хэмээн хэлсэн юм.

Тэр гэрчлэлээ хуваалцаж дуусаад суув. Түүний дүр төрх одоо ч надад харагдсаар байна. Бидний орчин ямар уур амьсгалтай болсон байсныг ч бас санаж байна. Түүнийг үг хэлсний дараа өрөөнд нам гүм болж, тэнд байсан бүх хүн дотроо илүү ихийг эргэцүүлж, Их Эзэнээр өгөгдсөн дараах хүчирхэг үгсийн дагуу амьдрах илүү шийдвэр төгс болсон байсныг би санаж байна:

“Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг, тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болох болно, мөн санваарын номлол тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно.

Ариун Сүнс чиний байнгын хамтрагч мөн чиний очирт таяг, зөв шударга ёс хийгээд үнэний хувиршгүй очирт таяг байх болно” (С ба Г 121:45–46; налуу бичлэг нэмэгдсэн).

Бурханы Сүнсийг мэдрэх нь

Хайрт залуу найз нар минь, гайхалтай сайхан амьдарцгаа. Хамгийн сайн зүйлийг бодож, хамгийн сайхан зүйлд найдаж, ирээдүйдээ итгэж амьдарцгаа. Та нарыг агуу амьдрал хүлээж байна. Тэнгэрлэг Эцэг тань та нарт хайртай. Хэрэв та нар ямар нэгэн алдаа гаргасан бол яг дээрх залууд тохиолдсоны адил алдаагаа наманчилснаар уучлагдаж чадна. Та бүхэнд амьдралаас хүсэн хүлээх, найдах бас итгэх зүйл их байна. Ухамсрын амар амгаланг мэдрүүлэх дурсамжуудтай байх нь Бурханы Сүнсийг нэн хувийн арга замаар мэдрэх боломжийг бидэнд олгодог. Би та нарыг тэрхүү Сүнсийг мэдэрч, Бурханы оршихуйд тэрхүү итгэлтэй байдлыг үргэлж мэдрээсэй хэмээн хүсч байна. Сайн сайхан бодлууд бидний үйлдлүүдийг өнөөдөр, маргааш болон үүрд цэвэр ариун байлгах болтугай.