Жинхэнэ мянган жилийнхэн мэт зогс
2016 оны 1-р сарын 10-нд Хавай дахь Бригам Янгийн Их Сургуульд болсон залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт дээр хэлсэн “Жинхэнэ мянган жилийнхэн болох нь” үгнээс авав. Бүрэн эхээр нь үзэх бол devotionals.lds.org хаягаар орно уу.
Та нар бол энэ дэлхийн хүмүүсийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх гайхалтай ажлыг хийж гүйцэтгэхээр Бурханы бүр урьдаас тодорхойлсон “сонгогдсон үеийнхэн” билээ.
Олон хүн та нарыг millennials буюу мянган жилийнхэн гэж нэрлэдэг. Судлаачид та бүхнийг энэ үгээр нэрлэж, хийсэн судалгаа нь та нарын дуртай, дургүй зүйлс, сэтгэлийн хөдөлгөөн, сонирхол, сул болон давуу талуудын талаар юу гэж илчилснийг тайлбарлахад үнэндээ надад эвгүй санагддаг. Би тэдний мянган жилийнхэн гэсэн энэхүү нэр томьёог хэрхэн хэрэглэж байгаад санаа зовдог. Үнэндээ шинжээчид та нарын талаар юу гэж хэлж байгааг би сонирхдоггүй, харин Их Эзэн та нарын талаар надад юу гэж хэлснийг илүүтэй сонирхдог.
Би залбирч, та нарын талаар Их Эзэний ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхийг Түүнээс хүсэхэд надад эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаас огт өөр мэдрэмж төрдөг. Та бүхний хүлээн авсан Сүнслэг мэдрэмж нь мянган жилийнхэн гэх энэхүү нэр томьёо үнэндээ шинжээчдийн ойлголтоос тэс өөр шалтгаанаар та нарт хамгийн төгс тохирно гэдэгт намайг итгүүлэхэд хүргэсэн юм. Гэхдээ шинжээчдийн ойлгож чадахаас огт өөр шалтгаан байгаа учраас юм шүү.
Мянган жилийнхэн гэх энэхүү нэр томьёо та нарын үнэхээр хэн болохыг, амьдралын тань зорилго үнэхээр юу болохыг сануулж өгч байгаа бол та нарт зохисон нэр гэж ойлгож болно. Жинхэнэ мянган жилийнхэн гэж мөнх бус байдлын өмнөх оршихуйд Есүс Христийн сайн мэдээг заалгаж мөн зааж, тэнд бидний Тэнгэрлэг Эцэгтэй энэ дэлхий дээр байхдаа хийхэд зориг, тэвчээр шаардагдах зүйлс, бүр ёс суртахууны талаар зориг гаргах шаардлагатай болох зүйлүүдийн талаар гэрээ байгуулсан хүмүүсийг хэлнэ.
Жинхэнэ мянган жилийнхэн бол энэ дэлхийн түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй, давж туулахад хамгийн хүнд эрин үед Бурханы дэлхий рүү илгээхдээ найдаж болно хэмээн үзсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс юм. Жинхэнэ мянган жилийнхэн гэдэг нь одоо амьдарч байгаа, энэ дэлхийн хүмүүсийг Есүс Христийн Хоёр дахь ирэлт болон Түүний мянган жилийн хаанчлалд бэлтгэхэд туслах эрэгтэй, эмэгтэй хүмүүс юм. Та нар бол жинхэнэ мянган жилийнхэн байхаар төрсөн хүмүүс гэдэгтээ бат итгэлтэй байгаарай.
Асуух зүйл юу вэ гэвэл, “Жинхэнэ мянган жилийнхний хувьд та нар хэрхэн бат зогсож, амьдарч чадах вэ? Надад та бүхэнд өгөх дөрвөн зөвлөмж бий.
Миний нэгдүгээр зөвлөмж: Өөрийгөө жинхэнэ хэн болох талаар суралц
Эдгээр зүйлийн талаар залбирч, тунгаан бодох цаг гарга.
-
Та нар бол Бурханы сонгогдсон хүү, охин мөн.
-
Та Түүний дүр төрхөөр бүтээгдсэн.
-
Та нар Сүнсний дэлхийд байхдаа энэхүү хожмын үеийн сүүлийн хэсэгт тулгарч болох аливаа мөн бүхий л зүйлтэй тулгарахад бэлтгэхээр заалгуулсан юм (С ба Г 138:56-г үзнэ үү). Тэнд заалгасан зүйлс та нартай хамт байгаа.
Та нар “арван нэг дэх цагт” амьдарч байна. Их Эзэн үүнийг дэлхийн өнцөг булан бүрээс сонгомол хүмүүсийг Өөрийн усан үзмийн талбайд цуглуулахаар үйлчлэгчдээ дуудах сүүлийн цаг хэмээн тунхагласан юм. (С ба Г 33:3–6-г үзнэ үү.) Мөн та нар ч гэсэн энэ цугларалтад оролцохоор илгээгдсэн. Жинхэнэ мянган жилийнхэн бусдыг үнэний мэдлэгт авчрахдаа тэдэнд хүчтэй нөлөөлж байгааг би нүдээрээ олонтоо харж байсан билээ. Абрахамын үр удмын хувьд энэ нь та нарын жинхэнэ байдал мөн бөгөөд та нарын зорилгын нэгээхэн хэсэг юм (Галат 3:26–29-ийг үзнэ үү)!
Хэдэн сарын өмнө Вэнди бид хоёрыг алс холын Сибирьт аялж байхад нэгэн гайхалтай явдал тохиолдсон. Бидний бэлтгэлийн өдрөөр Эрхүү хотоор хамтдаа аялсан хүмүүсийн дунд номлолын ерөнхийлөгч Грэгори С.Бринтон, түүний эхнэр Салли мөн тэдний Орост номлолд үйлчилсэн, буцаж ирсэн номлогч хүү Сэм нар байлаа. Бид үзэсгэлэнт Байгаль нууран дээр очиж, эрэг дээрх захаар орж үзэв.
Автобус руугаа буцахдаа бид Сэмийн байхгүй байгааг гэнэт мэдэв. Хэдэн хормын дараа тэр Валентина гэх нэгэн дундаж насны эмэгтэйтэй хамт буцаж ирлээ. Валентина төрөлх орос хэлээрээ “Би энэ залуугийн ээжтэй нь уулзмаар байна. Тэр сайхан харьцаатай, ухаантай, найрсаг залуу байна. Би түүний ээжтэй л уулзмаар байна” гэж их л өөдрөг байдалтай хэлэв. Валентина Сэмийн баяр хөөртэй, гэрэлтсэн дүр төрхөд татагдсан байлаа.
Сэм Валентинаг эцэг, эх хоёртойгоо танилцуулаад, түүнд Аврагчийн тухай товхимол өгч, номлогчдыг түүнтэй очиж уулзах талаар тохиролцож, зохицуулж өгөв. Дараа нь номлогчид түүн дээр Мормоны Ном авч очиход тэр уншина гэж амлажээ. Түүнтэй хамт зах дээр ажилладаг хэдэн эмэгтэй Валентинагийн хүлээн авсан шинэ номын талаар бас сонирхож эхэлсэн байна. Бид энэ түүхийн төгсгөлийг одоохондоо сайн мэдэхгүй ч Сэмээс цацарч байсан тод гэрлээс Валентина болон түүний найзууд сайн мэдээтэй танилцсаныг мэднэ.
Сэмийн адил жинхэнэ мянган жилийнхэн өөрсдийгөө хэн гэдгийг сайн мэддэг. Тэд Есүс Христийн итгэлтэй, дуулгавартай шавь нар бөгөөд бидний Аврагчийн мянган жилийн хаанчлалд өөрсдийгөө болон бусдыг бэлтгэхэд туслахаар зөн совингоороо аливаа боломжийг ашигладаг.
Тиймээс өөрсдийнхөө хэн болохыг мэдэж ав гэдэг нь миний өгөх гэсэн эхний зөвлөмж юм. Тэнгэрлэг Эцэгээсээ Есүс Христийн нэрээр таны тухай болон таны энэ дэлхий дээрх үүрэг хариуцлагын тухай ямар бодолтой байдгийг асуугаарай. Хэрэв та чин сэтгэлээсээ хүсэж асуувал Сүнс амьдралыг тань өөрчлөх үнэнүүдийг танд цагаас цагт шивнэх болно. Тийм мэдрэмжийг сайтар тэмдэглэж аваад, ойр ойрхон эргэн харж байх хэрэгтэй. Тэгээд тэдгээрийг яг таг дагаж мөрдөөрэй.
Таныг Тэнгэрлэг Эцэг хэрхэн харж, Өөрийнх нь төлөө юу хийхийг танаас хүсэж найдаж байдгийн өчүүхэн хэсгийг та зурвасхан ч гэсэн харж эхлэх үед амьдрал тань өмнөх шигээ хэзээ ч байхгүй гэдгийг би та нарт амлаж байна.
Миний хоёрдугаар зөвлөмж: Боломжгүй гэсэн зүйлийг ч хийнэ гэж бодож, бэлтгэлтэй бай
Бурхан Өөрийн гэрээт хүүхдүүдээс үргэлж хүнд, хэцүү зүйлийг хийхийг хүсэж ирсэн. Та нар гэрээгээ сахидаг мөн хожмын өдрүүдийн сүүл үед амьдарч байгаа Бурханы хөвгүүд, охид учраас Их Эзэн та нараас хүнд хэцүү зүйлийг хийхийг хүсэх нь гарцаагүй. Та нар үүнд итгэж болно. Абрахамд ирсэн сорилт Абрахамыг зогсоогоогүй юм шүү (С ба Г 101:4–5-ыг үзнэ үү).
Таны чадавхаас хол давсан мэт санагдах зүйлийг хийхийг танаас шаардах нь ямар санаа зовмоор байдаг гэдгийг би мэднэ. Намайг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн болоод дөнгөж 19 сар болж байхад ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл нас барсан. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсонийг (1899–1994) албанд нь томилсны дараа Тэргүүн Зөвлөлийн болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын эхний хурлаар тэрээр Арванхоёрын чуулгад тодорхой үүрэг даалгавар хүлээлгэсэн байдаг. Түүний надад өгсөн үүрэг даалгаварт: “Ахлагч Нэлсон, та Зүүн Европын улс орнуудыг сайн мэдээ номлоход нээлттэй болгох хэрэгтэй” гэсэн даалгавар байсан юм.
Тэр бол 1985 он байлаа. Улс төрийн хувьд бэрхшээлтэй, бидний хүйтэн дайн хэмээн нэрлэдэг тэр он жилүүдэд Берлин хот ханаар тусгаарлагдаад зогсохгүй, Зүүн Европ тэр чигээрээ коммунизмын дарлалд байлаа. Сүмүүд хаагдаж, сүсэглэж бишрэхийг хатуу хориглодог байв.
Би амьдралынхаа ихэнх үеийг мэргэжлийнхээ дагуу хүмүүсийн амь насыг аврахаар зүрхийг нь нээн, мэс засал хийхэд зориулсан. Гэхдээ улс орнуудыг сайн мэдээний номлолд нээж чадна гэж итгэхэд хүргэх туршлага надад огт байгаагүй юм. Гэсэн хэдий ч бошиглогч надад ийм даалгавар өгсөн тул би энэ огт боломжгүй гэж санагдаж байсан зүйлийг хийхээр сэтгэл шулуудсан билээ.
Бүр эхнээсээ л миний замд саад тотгор тулгарч байлаа. Би ихэнх улс оронд очихдоо хаашаа явахаа ч мэддэггүй байсан. Засгийн газрын холбогдох албаны хүний нэрийг олох боломж олдсон ч уулзалтыг сүүлчийн мөчид цуцлах эсвэл хойшлуулах нь хэвийн үзэгдэл байлаа. Нэг улсад уулзалтыг хоёр хоногоор хойшлуулах үед намайг шалгахаар хар зах дээр валют солиулах хавх мөн өөр бусад хууль бус үйл ажиллагаа явуулах уруу таталт тохиолдож байсан. Өөр нэгэн тохиолдолд уулзалтыг намайг нэн даруй яв гэсэн шаардлага тавьснаар эхлүүлж байсан удаа ч бий.
Гэвч Их Эзэн Өөрийн ажлыг хийж чаддаг (2 Нифай 27:20–21-ийг үзнэ үү) бөгөөд би гайхамшгууд ар араасаа цувран тохиолдохыг харах онцгой боломжтой байлаа. Намайг чадлынхаа хэрээр бодож, хамгийн зоригтой хичээл зүтгэлээ гарган, уг даалгаврын талаар хичээнгүйлэн залбирсны дараа л эдгээр гайхамшиг үргэлж тохиолддог байсан.
Тэдгээр улс орны зарим нь Берлиний ханыг нураахаас өмнө Сүмийг хүлээн зөвшөөрсөн байсан. Бусад нь хожим хүлээн зөвшөөрсөн. 1992 онд би ерөнхийлөгч Бэнсонд Сүмийг Зүүн Европын бүх улс оронд байгуулсан гэж илтгэх боломжтой болсон юм.
Их Эзэний итгэлийг хүлээсэн жинхэнэ мянган жилийнхний хувьд та нар ч гэсэн түүхийг бүтээх болно! Та бүхнээс бас бэрхшээлтэй үүрэг даалгавар хүлээн авахыг хүсэх бөгөөд та нар Их Эзэний гарт зэмсэг байх болно. Тэр та нарыг боломжгүй зүйлийг хийж гүйцэтгэх чадвараар хангана.
Та нар хэрхэн боломжгүй зүйлийг хийж гүйцэтгэх вэ? Та нар Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, Түүний сэргээгдсэн Сүмд заагддаг сургаалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхээр чадах бүхнээ хийснээр мөн үнэнийг цөхрөлтгүй хайснаар тэр бүхнийг хийж гүйцэтгэж чадна. Ариун сургаалд бөхлөгдсөн жинхэнэ мянган жилийнхний хувьд танаас боломжгүй зүйл хийхийг хүсэхэд та Их Эзэний зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд өөрийн чадах бүхнийг бууж өгөлгүй, урамтай, итгэлтэй хийхээр урагшилж чадах болно (С ба Г 123:17-г үзнэ үү).
Та бүхэнд бүрмөсөн шантрах өдрүүд ч тохиолдох болно. Тиймээс бууж өгөлгүй, зоригтой байхын төлөө залбирагтун! Та бүхэнд энэ хүч чадал хэрэгтэй, яагаад гэвэл хожмын үеийн гэгээнтэн байх нь улам бүр нэр хүндгүй зүйл болох үе гарна. Бас таны найзаа гэж бодож байсан хүмүүс ч та нараас урвах болно. Мөн нэлээд зүйл шударга бус мэт санагдах болно.
Гэвч та нар Есүс Христийг дагаснаараа тогтвортой амар амгалан, жинхэнэ баяр баясгаланг олох болно гэдгийг би амлаж байна. Та нарыг гэрээнүүдээ илүү чанд сахиж, өнөөгийн дэлхийд Сүмийг болон Бурханы хаант улсыг хамгаалах үед Их Эзэн та бүхнийг боломжгүй зүйлүүдийг бүтээх хүч чадал, мэргэн ухаанаар адислах болно.
Миний гуравдугаар зөвлөмж: Тэнгэрийн хүчийг ашиглаж сур
Бидний хүн бүр асуулт тавьдаг. Үнэнийг сурч, ойлгож авч, мэдэхээр эрэлхийлэх нь бидний мөнх бус аяны амин чухал хэсэг юм. Миний амьдралын ихэнх хугацаа судалгаа шинжилгээ хийхэд зарцуулагдсан. Та нар ч гэсэн сүнслэг өдөөлт бүхий асуулт тавьснаараа сайн суралцах болно.
Яг энэ мөчид та нарын зарим нь амьдралдаа юу хийх ёстойг мэдэх гэж зовниж байгаа. Та нарын зарим нь нүглээсээ уучлагдсан юм болов уу гэж санаа зовж байгаа. Мөн ихэнх нь мөнхийн хань минь хаана, хэн гэдэг хүн байгаа бол гэж бодож байгаа. Тэгж бодоогүй хүн байвал бодох ёстой шүү.
Зарим нь Сүм яагаад ийм зүйлүүдийг хийдэг юм бол гэж гайхширдаг байж болох юм. Магадгүй та нарын олонх нь залбирлынхаа хариултуудыг хэрхэн хүлээн авахаа мэдэхгүй байж болно.
Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёр Ариун Сүнсний тохинууллаар дамжуулан та бүхний асуултуудад хариулахад бэлэн байдаг. Харин тэдгээр хариултыг авахын төлөө хэрхэн зохистой болж мөн хүлээн авахад суралцах нь та нараас шалтгаална.
Юунаас эхэлж болох вэ? Юуны түрүүнд ариун газруудад илүү их цагийг өнгөрөөснөөр эхэлж болно. Ариун сүм бол ариун газар юм. Түүнчлэн та нарын ням гараг бүр ариун ёслолын шинэ гэрээнүүдийг хийдэг цуглааны байр ч гэсэн ариун газар мөн. Би та бүгдийг өөрсдийн орон сууц, оюутны байр, гэр орноо эсвэл өрөөгөө дэлхийн харанхуй анхаарал сарниулах зүйлсээс хол, аюулгүй орогнох ариун газар болгогтун хэмээн урьж байна.
Залбирал бол түлхүүр нь юм. Юу хийхээ болихоо мөн юу хийж эхлэх ёстойгоо мэдэхийн тулд залбир. Өөрийнхөө орчинд юуг нэмэх эсвэл юуг зайлуулах ёстойгоо мэдэхийн тулд залбир. Тэгснээр Ариун Сүнс та нартай элбэг дэлбэг байж чадна.
Ялгаж таних бэлэг өгөхийг Их Эзэнээс гуй. Тэгээд та нар уг бэлгийг хүлээн авахаар зохистой амьдарч, ажиллах юм бол дэлхийд самуун үйл явдлууд тохиолдох үед ч аль нь үнэн, аль нь худал гэдгийг тодорхой мэдэх болно (2 Нифай 31:13-ийг үзнэ үү).
Хайраа үзүүлэн үйлчил. Замаасаа төөрсөн эсвэл гэмтсэн сүнстэй хүмүүст хайраа үзүүлэн үйлчлэх нь та нарын зүрх сэтгэлийг хувийн илчлэлт хүлээн авахад нээж өгөх болно.
Сүнс байгаа газарт илүү их цагийг, бүр үлэмж их цагийг зарцуул. Энэ нь Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг хүсэж буй найзуудтайгаа илүү их цагийг өнгөрүүл гэсэн үг юм. Илүү их цагийг өвдөг сөгдөн залбирч өнгөрүүл мөн судрууд, гэр бүлийн түүхийн ажил, ариун сүм зэрэгт илүү их цагийг зарцуул. Хэрэв та нар Их Эзэнд өөрийнхөө цагаас илүү их хэсгийг өгөөмрөөр тогтмол өгвөл Тэр үлдэгдлийг нь үржүүлж өгөх болно гэж би амлаж байна.
Бид 15 хүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгч байхаар томилогдоход дэмжин баталсан. Хүнд хэцүү асуудал тулгарч, тэдгээр нь өдөр ирэх тусам улам бүр ширүүссээр байвал эдгээр 15 хүн уг асуудалтай тэмцэж эхэлдэг бөгөөд авч болох арга хэмжээнүүдийн чиглэлийг цэгнэж, Их Эзэний дуу хоолойг сонсохыг хичээнгүйлэн эрэлхийлдэг юм. Мацаг барин, залбирч, судалж, тунгаан бодож, ах нартайгаа хүнд асуудлуудын талаар зөвлөлдсөний дараа санаа зовоож буй асуудлынхаа талаарх нэмэлт өдөөлтүүдийг шөнө дунд авч нойрноосоо сэрэх нь миний хувьд хэвийн үзэгдэл байдаг. Ах нарт маань ч үүнтэй адил зүйл тохиолддог.
Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга хоорондоо зөвлөлдөж, Их Эзэн биднийг хувиараа болон хамтдаа юу ойлгож, мэдрэхэд чиглүүлснийг хуваалцдаг юм. Энэ бүгдийн дараа бид Их Эзэн Сүмийн ерөнхийлөгч дээр ирж, Өөрийн хүслийг тунхаглахыг хардаг.
Энэхүү бошиглолын үйл явцыг 2012 онд номлогчдын насны доод хязгаарыг өөрчлөх үед баримталсан мөн зарим улс оронд ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх болсонтой холбогдуулж Сүмийн гарын авлагад саяхан нэмэлт өөрчлөлт хийх үеэр дагаж хэрэгжүүлсэн билээ. Бид бүх хүнийг, нэн ялангуяа хүүхдүүдийг хайрлах энэрлээр дүүргэгдэж, тухайн асуудлуудын талаарх Их Эзэний хүслийг ойлгохын тулд ихээхэн тэмцэлдсэн юм.
Бид Бурханы авралын төлөвлөгөө, Түүний Өөрийнхөө хүүхэд бүрд зориулсан мөнх амьдралын найдварын талаар санан, гарч болох тоолж баршгүй олон шийдэл, өөрчлөлт, хувилбарыг авч үзсэн. Бид ариун сүмд мацаг барин, залбирч, ойр ойрхон цугларан, нэмэлт удирдамж, сүнслэг өдөөлтийг эрэлхийлсэн. Тэгээд Их Эзэн бошиглогч Томас С.Монсонд Сүнсээр нөлөөлж, Их Эзэний бодол, хүслийг тунхаглахад бидний хүн нэг бүр тэрхүү ариун цаг мөчид сүнслэг баталгааг мэдэрсэн юм. Ерөнхийлөгч Монсоноор илчлэгдсэн зүйлийг дэмжин батлах нь төлөөлөгч бидэнд өгөгдсөн онцгой эрх байлаа. Их Эзэнээс Өөрийнхөө үйлчлэгчдэд өгдөг илчлэлт нь ариун үйл явц байдаг. Мөн хувийн илчлэлт хүлээн авах нь ч бас та нарын онцгой эрх юм.
Хайрт ах, эгч нар аа, Түүний Сүмийн талаар юу хийхээ мэдэх боломж төлөөлөгч бидэнд байдаг шиг, амьдралынхаа талаар Их Эзэний бодол хүслийг мэдэх тийм их боломж та нарт ч бас байдаг шүү. Их Эзэн биднээс хүнд асуудлуудынхаа тухайд хайж, тунгаан бодох, мацаг барьж, залбирах, судалж, тэмцэхийг шаарддагтай адил Тэрээр та нарыг өөрсдийнхөө асуултын хариултыг хайж олохын тулд адил зүйл хийхийг шаарддаг юм.
Та нар Их Эзэний дуу хоолойг Ариун Сүнсний шивнээгээр дамжуулан сонсож сурч чадна.1 Гүүгл, твиттер, фэйсбүк зэрэг нь тус нэмэртэй байж болох мэт санагдах ч тэдгээр нь хамгийн чухал асуултуудад хариулт өгч чаддаггүй.
Миний хайрт залуу анд нөхөд минь, та нар амьдралынхаа талаар Их Эзэний бодол, хүслийг мэдэж авч чадна. Та нар өөрсдийгөө Их Эзэний хүссэн газарт байгаа эсэх эсвэл Түүний та нараар хийлгэх хэрэгтэй зүйлийг хийж байгаа эсэхдээ гайхширах хэрэггүй юм. Та нар мэдэж чадна! Ариун Сүнс та нарын “хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3).
Миний дөрөвдүгээр зөвлөмж: Бошиглогчдыг дага
Би 1979 онд Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа Бүсийн төлөөлөгчдийн семинарт оролцохоор уригдсан бөгөөд энэ үеэр ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл тухайн үедээ Сүмийн хувьд хаалттай Хятад зэрэг зарим улс үндэстний хаалгыг нээх тухай сүнслэг өдөөлт бүхий үг хэлсэн юм. Ерөнхийлөгч тухайн арга хэмжээнд оролцож байсан бүх хүнийг хятад хэл сурахад уриалсан бөгөөд тэгснээр Хятадын ард түмэнд өөрсдийн мэргэжлийн дагуу дэмжлэг үзүүлж болох юм хэмээн хэлжээ.
Надад ерөнхийлөгч Кимбаллын урилга бошиглолын зарлиг мэт санагдсан. Тэр оройдоо би эхнэр Данцэлээс надтай хамт хятад хэл сурах уу гэж асуув. Тэр ч зөвшөөрч, бид заах цагийн багш олсон юм. Мэдээж, бид хятадаар тийм сайн ярьж сураагүй боловч дараагийн жил нь (урьдчилан төлөвлөөгүй байсан олон үйл явдлаас болж) намайг Хятадад зүрхний нээлттэй мэс заслын талаар заах айлчлагч профессороор урьсан урилгыг хүлээн авах үед би арай дээр бэлтгэгдсэн байлаа.
Зургаан жилийн дараах үе буюу 1985 оны талаар яривал энэ нь намайг Арванхоёрын чуулгад дуудагдсаны дараах жил байлаа. Нэг өдөр би яаралтай Хятад руу явж, тэдний дуурийн алдартай од, жүжигчин, Хятад даяар үндэсний баатар болох нэгэнд зүрхний нээлттэй мэс засал хийх хүсэлт хүлээн авсан юм. Би бүрэн цагийн шашны үүрэг хариуцлагаасаа болоод очих боломжгүй байна гэдгээ тайлбарласан. Гэтэл хятадын эмч нар амь насыг нь аврах мэс засал хийж өгөхөөр даруй ирэхийг гуйв.
Би чуулгын ерөнхийлөгч болон Тэргүүн Зөвлөлтэй энэ асуудлыг хэлэлцсэн. Намайг Хятадын ард түмэнд туслахын тулд тийш явж, мэс засал хийх хэрэгтэй юм байна гэсэн мэдрэмж тэдэнд төржээ.
Би тэр мэс заслыг хийсэн. Хамгийн баярлууштай зүйл нь мэс засал маш амжилттай болж билээ. Хачирхалтай нь тэр бол миний хийсэн хамгийн сүүлчийн зүрхний нээлттэй хагалгаа байлаа. Энэ нь 1985 оны 3-р сарын 4-ний өдөр Хятадын Жинанд болсон юм.
Одоо цаашлаад, энэ удаад 2015 оны 10-р сар буюу гуравхан сарын өмнөх байдлын талаар ярья. Вэнди бид хоёр Жинан дахь Шандоны Анагаах Ухааны Их Сургуульд очихоор уригдсан юм. Намайг Хятадын “хуучин анд” мэт маш халуун дотно хүлээн авахад мөн 35 жилийн өмнө миний заасан мэс засалч эмч нартай дахин уулзуулахад эхнэр бид хоёр ихэд гайхаж билээ. Очсон өдрийнхөө орой бид дуурийн тэрхүү алдартай жүжигчний хүүтэй болон ачтай нь уулзсан явдал айлчлалын маань баярт мөч байлаа. Эдгээр бүх гайхамшигтай үйл явдал болоход нөлөөлсөн цорын ганц шалтгаан бол би бошиглогчийн хятад хэл сур гэсэн зөвлөгөөг дагасан явдал байсан юм.
Бошиглогчид ирээдүйг урьдаас хардаг. Тэд дайсны бидний замд тавьсан эсвэл тавих гэж байгаа аймшигт аюул заналыг хардаг. Бошиглогчид дуулгавартай байх зорилготойгоор сонсдог хүмүүст ирэх агуу боломж, эрх мэдлийг урьдчилж хардаг. Энэ нь үнэн гэдгийг би мэднэ! Үүнийг би өөрөө ахин дахин мэдэрсэн билээ.
Их Эзэн бошиглогч биднийг төөрөгдүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг амласан. Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973): “Та нар Сүмийн эрх мэдэлтнээс ирж буй зүйлд дургүй байдаг байж магадгүй. Энэ нь та нарын улс төрийн үзэлтэй нийцэхгүй байж болно. Энэ нь та нарын нийгмийн талаарх үзэл бодолтой мөн нийгмийн амьдралтай зарим талаараа зөрчилдөж магадгүй. Гэхдээ та нар эдгээр зүйлийг Их Эзэний Өөрийнх нь амнаас гарсан хэмээн үзэж, тэвчээртэй, итгэлтэй сонсох аваас ‘тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно’ гэж амласан байдаг (С ба Г 21:6)” хэмээн хэлжээ.2
Та нар амьд бошиглогчийн хийж буй мэдэгдэл бүрийг үргэлж ойлгодоггүй байж болно. Гэхдээ та нар бошиглогчийг бошиглогч мөн гэдгийг мэдэх юм бол Их Эзэнд даруухан, итгэлтэй хандаж, Түүний бошиглогчийн тунхагласан юуны ч талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болохыг гуйж болно.
МЭӨ 40 оны үед нифайчуудаас олон нь Сүмд нэгдэж мөн Сүм өсөж хөгжсөн. Гэвч нууц хуйвалдаанууд ч бас өсөж эхэлсэн бөгөөд тэдгээрийн зальт удирдагчид хүмүүсийн дунд нуугдаж, тэднийг илрүүлэхэд хэцүү болсон байлаа. Хүмүүс улам бүр бардам болохын хэрээр нифайчуудаас олон хүн “ариун нандиныг элэг доог болгосон, бошиглолын болон илчлэлтийн суу билгийг үгүйсгэсэн” (Хиламан 4:12) гэдэг.
Үүнтэй яг адилхан аюул занал эдүгээ бидэнд тулгараад байна. Нийгэмд “Сатаны зарц нар” (С ба Г 10:5) нуугдсан байдаг нь бодит ноцтой байдал юм. Тиймээс хэний зөвлөгөөг анхаарч байгаадаа сэрэмжтэй ханд (Хиламан 12:23-ыг үзнэ үү).
Миний хайрт ах, эгч нар аа, та бүхэн жинхэнэ мянган жилийнхэн болохоор төрсөн. Та нар бол “сонгогдсон үеийнхэн” (1 Петр 2:9) бөгөөд энэ дэлхийн хүмүүсийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх гайхалтай ажлыг хийж гүйцэтгэхээр Бурханы бүр урьдаас тодорхойлсон үеийнхэн билээ.