2022
Гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой
2022 оны 5-р сар


12:59

Гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой

(1 Нифай 8:33)

Гэрээ, ёслолууд маань биднийг гэрээний замаар урагшлах явцад Их Эзэн Есүс Христтэй харилцаа холбоо тогтооход чиглүүлж, энэ холбоогоо үргэлж санахад тусалдаг.

Миний эхнэр Сюзан, миний гурван хүү болон тэдний эхнэрүүд, бүх ач, зээ маань, бас индэр дээр бараг 15 жил хамт суусан Арван хоёрын чуулгын ахлагч Квинтин Л.Күк намайг сайн дуулдаггүй гэдгийг батална. Дуу дуулах авьяас надад байхгүй ч би Сэргээлтийн дууллыг дуулах маш дуртай. Урам өгөх дууны үг, сүр жавхлант аялгууны хослол нь надад сайн мэдээний үндсэн зарчмуудыг сурахад тусалж, бодгалийг минь сэргээдэг.

“Тэмүүлж урагшилцгаая” дуулал миний амьдралыг гайхамшигтай арга замаар адисалсан юм. Сүүлийн үед би тэр дууллын дахилт дээр гардаг тодорхой хэсгийн талаар тунгаан бодож, судалж байна. “Өөрсдийг маань тохуурхах тэднийг үл тоож, Өөр хэнийг ч биш Бурханыг бид дагана.”1

Үл тооно.

Би “Тэмүүлж урагшилцгаая” дууллыг дуулах үедээ Лихайн үзэгдэлд гардаг амьдралын модны зүг удирдах тэрхүү замаар урагш зүтгэж байгаа хүмүүсийг үргэлж боддог. Тэд зүгээр нэг “барьсаар”2 байх биш, харин “урагшлан, доош унаад мөн уг модны жимснээс хүртэх хүртэл төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар урагш зүтгэ[сэн].”3 Лихай “жимснээс хүртэх [түүнийг] болон тэднийг хуруугаараа занган тохуурхацгаах”4 агуу хийгээд нүсэр барилга дахь олныг дүрсэлжээ. Доог тохуу, доромжлолын хариуд “Гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой5 хэмээн Түүний хэлсэн нь гайхалтай бөгөөд мартагдашгүй юм.

Биднийг амьдарч буй эдүгээ цагийн дэлхийн хилэнцэт нөлөө, элэглэн тохуурхах дуу хоолойг “анхаарахгүй” байхын тулд хэрхэн хүчирхэгжиж болох талаараа хамтдаа бодох үед Ариун Сүнс бидний хүн нэг бүрийг адисалж, гэгээрүүлээсэй гэж би залбирч байна.

Анхаарах нь үгүй

Анхаарах гэдэг үг нь хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг анзаарах юм уу түүнд анхаарлаа хандуулах гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс “Тэмүүлж урагшилцгаая” дууллын үг бидэнд “Тохуурхах тэдний үг”-нд анхаарлаа хандуулахгүй байх баттай шийдвэр гаргахыг сануулдаг. Лихай болон түүнтэй хамт модны жимснээс хүртэж байсан хүмүүс агуу хийгээд нүсэр барилгаас байнга ирэх тохуурхалд анхаарлаа хандуулахгүй байхын тод жишээг харуулдаг.

“Амьд Бурханы Сүнсээр … махбодын [зүрхэн] самбарт”6 бичигдсэн Христийн сургаал нь унасан дэлхийн анхаарал сарниулах, дооглох, төөрөлдүүлэх олон зүйлийг “анхаарахгүй” орхих чадварыг нэмэгдүүлдэг. Жишээ нь: Их Эзэн Есүс Христ дээр мөн Есүс Христ дотор төвлөрсөн итгэл биднийг сүнслэг хүчээр хүчирхэгжүүлдэг. Гэтэлгэгчид итгэх итгэл бол үйлдэл болон хүчний зарчим мөн. Бид Түүний сайн мэдээний үнэний дагуу үйлдэх үедээ Аврагчийн бидэнд санал болгодог баяр баясгаланд анхаарлаа хандуулан, зуурдын амьдралын сорилтыг даван туулах сүнслэг чадавхаар адислагддаг. Үнэхээр, “зөвийг хийх аваас айх зүйл бидэнд үгүй, Хүчит Эзэн маань биднийг огт орхихгүй.”7

Гэрээгээр холбогдсон хувийн харилцаа холбоо

Ариун гэрээнд нэгдэж, санваарын ёслолыг зохистойгоор хүлээн авах нь биднийг Их Эзэн Есүс Христтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй холбож, Христийн буулгаас үүрэлцүүлдэг.8 Энгийнээр ойлговол, бид Аврагчийг өөрсдийнхөө өмгөөлөгч,9 зууч10 хэмээн итгэж, амьдралын аян замдаа Түүний сайн үйл, нигүүлсэл, ач ивээлд11 найддаг гэсэн үг юм. Бид Христэд тууштайгаар ирж, Түүний буулгаас үүрэлцэх үедээ Түүний хязгааргүй, мөнхийн Цагаатгалын ариусгах, эдгээх, хүчирхэгжүүлэх адислалыг хүлээн авдаг.12

Гэрээний амлалтаа хайрлаж, үүний дагуу амьдарснаар бид Их Эзэнтэй гүн гүнзгий хувийн, сүнслэг хүчирхэг холбоо тогтоодог. Бид ариун гэрээ, ёслолуудын шаардлагыг хүндэтгэснээр Түүнд аажмаар, алхам алхмаар ойртож,13 Түүний бурханлаг чанар, бодит байдлын нөлөөг амьдралдаа мэдэрдэг. Тийнхүү Есүсийн үлгэр жишээ, сургаал бидний хүсэл, бодол, үйлдэл болгонд нөлөөлж, Тэрээр судрын түүхүүд дээр гардаг гол дүрээс илүү бодит болдог юм.

Бурханы амилсан, амьд Хүүтэй байгуулсан гэрээт харилцаа холбооны нарийн тодорхой мөн чанар, хүчийг би хангалттай сайн дүрсэлж чадахгүй нь. Гэвч Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй холбогдох тэр холбоо бодит бөгөөд бидэнд “Өстөн [маань] элэглэвч … бүү айх” боломжийг олгодог баталгаа, амар амгалан, баяр баясгалан, сүнслэг хүчний үндсэн эх сурвалж гэдгийг би гэрчилж байна.”14 Гэрээ байгуулж мөн сахидаг Есүс Христийн шавийн хувьд бид “Өөдрөг бай чи, Эзэн бидний талд”15 гэсний адил адислагдаж, хилэнцэт нөлөө, дэлхийн тохуурхлыг анхаарахгүй байж чадна.

Би дэлхийн өнцөг булан бүрд буй Сүмийн гишүүдтэй уулзахдаа, тэдэнд дараах асуултыг үргэлж тавьдаг. Дэлхийн нөлөөлөл, элэглэл, тохуурхлыг “анхаарахгүй” байхад танд юу тусалдаг вэ? Тэд хамгийн сургамжтай хариултуудыг хэлдэг.

Эр зоригтой гишүүд ихэвчлэн судраас утга учиртай судлах, чин сэтгэлээсээ залбирах, ариун ёслолын ёслолд оролцох зохих бэлтгэлээрээ дамжуулан Ариун Сүнсний хүчийг амьдралдаа урихын ач холбогдлыг онцолдог. Мөн гэр бүлийн итгэлтэй гишүүд болон найз нөхдийн сүнслэг дэмжлэг, Их Эзэний сэргээгдсэн Сүмд тохинуулж, үйлчилснээр олж авсан чухал сургамж, агуу хийгээд нүсэр барилга доторх эсвэл түүнээс гарч буй аливаа зүйлсийн туйлын хоосон чанарыг ялган таних чадварыг тэд байнга дурддаг.

Би эдгээр гишүүний хариултаас чухал ач холбогдолтой тодорхой нэг загварыг онцолж харсан юм. Нэгдүгээрт, эдгээр шавьд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний талаар мөн Есүс Христ бол Гэтэлгэгч, Аврагч гэсэн Түүний үүргийн талаар баттай гэрчлэл байдаг. Хоёрдугаарт, тэдний сүнслэг мэдлэг, итгэл үнэмшил ерөнхий, хийсвэр төдий биш харин хувийн шинж чанартай, нарийн тодорхой байсан юм. Гэрээнүүд эсэргүүцлийг даван туулах хүчийг хэрхэн өгдөг талаар мөн амьд Их Эзэнтэй харилцах харилцаа холбоо нь сайн, муу аль ч цагт тэднийг хэрхэн дэмждэг талаар эдгээр үнэнч шийдэмгий гэгээнтний ярихыг би сонсдог. Энэ хүмүүсийн хувьд Есүс Христ үнэхээр хувийн Аврагч нь юм.

Луужин

Сайн мэдээний гэрээ, ёслолууд бидний амьдралд луужин мэт ажилладаг. Луужин бол газрын чиг баримжаа олгох зорилгоор хойд, өмнөд, зүүн, баруун үндсэн зүгүүдийг заадаг төхөөрөмж юм. Үүний адилаар, гэрээ болон ёслолууд маань биднийг гэрээний замаар урагшлах явцад Их Эзэн Есүс Христтэй холбогдох харилцаа холбоо рүү чиглүүлж, энэ холбоогоо үргэлж санахад тусалдаг.

Христийн хөшөө

Зуурдын амьдрал дахь бид бүгдийн үндсэн чиглэл бол Христэд ирж, Түүн дотор төгс болгогдох явдал юм.16 Ариун гэрээ, ёслолууд бидэнд Аврагчид анхаарлаа төвлөрүүлж, Түүний ач ивээлээр17 Түүнтэй илүү адилхан болохыг хичээхэд тусалдаг. “Үнэний байр суурийг дэмжин тогтооход, үл үзэгдэх хүч надад болон танд туслах”18 нь гарцаагүй.

Төмөр бариулаас тууштай зуурах

Бурхан, Есүс Христ хоёртой тогтоосон бидний гэрээт харилцаа холбоо нь “анхаарахгүй” байх чадавх, хүчийг бидэнд өгөх суваг юм. Бид төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар байвал энэ холбоо хүчирхэг болдог. Харин Нифайн ах нарын асууснаар, “бидний эцгийн үзсэн, … тэр төмөр бариул ямар утгатай вэ?

Мөн [Нифай] тэдэнд хандан энэ нь Бурханы үг байсныг хэлэв; мөн Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд, тэднийг устгал уруу удирдахаар тэднийг харалган болгож давамгайлах нь ч үгүй.”19

Хортны уруу таталтууд хийгээд галт сумнуудыг эсэргүүцэх чадвар нь Бурханы үгээс зүгээр л “барих” биш, харин “тууштай зуурах” хүмүүст амлагдсан гэдгийг анхаарна уу.

Сонирхолтой нь, төлөөлөгч Иохан Есүс Христийг Үг хэмээн дүрсэлжээ.20

“Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурханых байв. …

Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. …

Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.”21

Тиймээс Есүс Христийн олон нэрийн нэг нь “Үг”22 юм.

Үүнээс гадна Итгэлийн тунхгийн наймдугаарт: “Библи зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг; тэрчлэн Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг”23 гэсэн байдаг.

Тиймээс ариун судруудад бичигдсэн Аврагчийн сургаал мөн “үг” юм.

Бурханы үгээс тууштай зуурах гэдэгт (1) сэргээгдсэн сайн мэдээний гэрээ, ёслолуудаар дамжуулан Аврагчтай болон Түүний Эцэгтэй тогтоосон хувийн харилцаа холбоогоо санаж, хүндэтгэн, хүчирхэгжүүлэх; (2) Ариун судруудыг болон амьд бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг илчлэгдсэн үнэний баттай эх сурвалж гэж үзэн чин сэтгэлээсээ, залбирч, тууштай ашиглах нь багтана. Бид холбогдож, Их Эзэнээс “тууштай зуурч,” Түүний сургаалаар амьдарч өөрчлөгдөх үед24 “ариун газруудад амьдарсаар байх болно, мөн шилжин нүүлгэгдэх нь үгүй” гэсэн адислалаар нэг бүрчлэн мөн хамтдаа адислагдах болно гэдгийг би амлаж байна.”25 Хэрэв бид Христ дотор байх аваас Тэр бидний дотор байж, бидэнтэй хамт алхах болно.26 “Зовлонт цагт гэгээнтнүүдээ зоригжуулж, хамаг үнэнийг Тэр хамгаална”27 гэдэг нь гарцаагүй.

Гэрчлэл

Урагшилцгаая. Тууштай зуурцгаая. Анхаарахгүй байцгаая.

Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээний гэрээ, ёслолуудад үнэнч байх нь Их Эзэний ажлыг урагшлуулж, Бурханы үг хэмээн Түүнээс тууштай зуурч мөн хортны ятгалгыг анхаарахгүй байх боломжийг бидэнд өгдөг гэдгийг би гэрчилж байна. Үнэний тулаанд тулалдахдаа, бидний хүн нэг бүр сэлмээ агсъя, тэр тусмаа “зөвхөн үнэний илд[ээ] агсъя.”28 Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр, амен.