2022
Эцэгийн төлөвлөгөөн дэх тэнгэрлэг хайр
2022 оны 5-р сар


14:47

Эцэгийн төлөвлөгөөн дэх тэнгэрлэг хайр

Энэхүү сэргээгдсэн Сүмийн сургаал, бодлого журам нь Бурханы хүүхдүүдийг селестиел хаант улс дахь авралд мөн хамгийн дээд зэрэглэл дэх өргөмжлөлд бэлтгэх зорилготой.

Сайн мэдээний төлөвлөгөө нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдээ хайрлах хайрыг харуулдаг. Үүнийг ойлгохын тулд бид Түүний төлөвлөгөөг мөн зарлигуудыг ойлгохыг эрэлхийлэх ёстой. Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ маш их хайрладаг учраас Өөрийн Цорын Ганц Төрсөн Хүү Есүс Христийг бидний Аврагч, Гэтэлгэгч болгохоор өгсөн бөгөөд Христ бидний төлөө зовж, нас барсан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сэргээгдсэн Сүмд бид Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний талаар онцгой ойлголттой байдаг. Энэ ойлголт нь бидэнд мөнх бус амьдралын зорилго, үүний дараах тэнгэрлэг шүүлт, Бурханы бүх хүүхдийн эцсийн сүр жавхлант хувь тавиланг харах өөр арга замыг өгдөг.

Ах, эгч нар аа, би та нарт хайртай. Би Бурханы бүх хүүхдэд хайртай. Есүсээс “Хуулийн аль тушаал нь агуу вэ?” гэж асуухад, Тэрээр Бурханаа болон хөршөө хайрлах нь Бурханы агуу зарлигуудын анхных нь мөн хэмээн заасан.1 Эдгээр зарлиг нь Бурханы биднийг хайрлах хайрыг үлгэрлэн дуурайж, сүнслэгээр өсөж хөгжихөд маань урьдаг учраас хамгийн анхных нь юм. Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд тогтоосон хайрын сургаал, бодлого журмыг бид бүгдээрээ илүү сайн ойлгодог байгаасай гэж би хүсэж байна. Бурханы хайр энэхүү сургаалыг болон Сүмийн сүнслэгээр өдөөгдсөн бодлого журмыг хэрхэн тайлбарладгийг би үгэндээ тодруулахыг хичээе.

I.

Мөнх бус амьдралын дараах шүүлтийн талаарх нийтлэг нэг буруу ойлголт бол сайн хүмүүс тэнгэр гэж нэрлэгддэг газарт, муу хүмүүс там гэгддэг мөнхөд үргэлжлэх газарт очдог гэдэг ойлголт юм. Эцсийн зорьсон газарт хоёрхон газар байдаг тухай энэхүү алдаатай таамаглал нь тэнгэрт ороход шаардлагатай бүх тушаалыг сахиж чадаагүй хүмүүс үүрд тамд орох нь зайлшгүй гэсэн утгыг агуулдаг.

Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгт маань Өөрийн хүүхдүүдэд зориулсан илүү сайн төлөвлөгөө бий. Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн илчлэгдсэн сургаалаар, маш цөөн онцгой хэдэн тохиолдлыг эс тооцвол, Бурханы бүх хүүхэд эцэст нь алдар суугийн хаант улсад орно гэж заадаг.2 “Миний Эцэгийн гэрт орон байр олон бий”3 хэмээн Есүс заасан. Хожмын үеийн илчлэлтээс бид эдгээр орон байр нь алдар суугийн гурван өөр хаант улсад байдгийг мэднэ. Эцсийн шүүлтийн үеэр бидний хүн нэг бүр өөрсдийн үйлийн дагуу мөн зүрх сэтгэлийнхээ хүслийн дагуу шүүгдэх болно.4 Ийн шүүгдэхээсээ өмнө бид наманчлаагүй нүглүүдийнхээ төлөө зовох хэрэг гарна. Энэ талаар судруудад тодорхой бичсэн байдаг.5 Дараа нь бидний шударга Шүүгч тэрхүү алдар суугийн хаант улсуудын нэгэнд бидэнд орон байр гаргаж өгнө. Энэ тухай бидний мэддэг хожмын үеийн илчлэлтэд, бүгд “шүүгдэх болно, мөн хүн болгон бэлтгэгдсэн харшуудад өөрийн ажлуудын дагуу, өөрийн эзэгнэлийг хүлээн авах болно”6 гэсэн байдаг.

Их Эзэн тэдгээр алдар суугийн хаант улсаас хоёрынх нь талаар харьцангуй бага зүйлийг илчлэхээр сонгосон бол харин эсрэгээрээ “нарны алдар суу” гэж Библид дүрсэлсэн хамгийн дээд алдар суугийн хаант улсын талаар олон зүйлийг илчилжээ.7

“Селестиел” алдар сууд8 гурван тэнгэр буюу зэрэглэл буй.9 Эдгээрийн хамгийн дээд нь селестиел хаант улс дахь өргөмжлөл бөгөөд тэнд бид Эцэгтэйгээ төдийгүй Түүний Хүү Есүс Христтэй адилхан болж чадна. Бурханлаг зан чанаруудаа хөгжүүлж, тэнгэрлэг чадавхаа олж авахын төлөө эгэл байдлаа өөрчлөхөд маань туслахаар Их Эзэн мөнхийн хуульд суурилсан сургаалыг илчилж, зарлигуудыг тогтоосон. Энэхүү сэргээгдсэн Сүмийн сургаал, бодлого журам нь Бурханы хүүхдүүдийг селестиел алдар суу дахь авралд, ялангуяа хамгийн дээд зэрэглэл дэх өргөмжлөлд бэлтгэх зорилготой учраас бид үүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд заадаг.

Бурханы ариун сүмүүдэд байгуулдаг гэрээнүүд болон тэдгээрийг итгэлтэй дагасан хүмүүст амлагдсан адислалууд бол гол түлхүүр нь билээ. Энэ нь найрал дуучдын гайхалтайгаар дуулсантай адил дэлхий даяар ариун сүм барих бидний зүтгэлийг харуулдаг. Зарим хүн ариун сүмийн гэрээ болон ёслолууд биднийг өргөмжлөлд хүрэхэд чиглүүлдэг гэдгийг ойлголгүй, ийн чухалчилдагт гайхдаг. Үүнийг гагцхүү алдар суугийн гурван зэрэглэлийн тухай илчлэгдсэн үнэний хүрээнд л ойлгож болно. Тэнгэрлэг Эцэг маань бүх хүүхдээ агуу хайраар хайрладаг тул бидний ойлголтоос давж гарсан гайхамшигтай өөр өөр алдар суугийн хаант улсуудыг бэлтгэсэн тухай ахлагч Квинтин Л.Күк өчигдөр тайлбарласан.10

Есүс Христийн Цагаатгал энэ бүхнийг боломжтой болгодог. Тэрээр “Эцэгийг алдаршуулж мөн түүний гарын бүх ажлыг тэрээр авардаг хэмээн илчилсэн.”11 Энэхүү аврал нь алдар суугийн өөр өөр хаант улсуудад өгөгддөг. “Бүх хаант улс өгөгдсөн хуультай”12 гэдгийг бид хожмын үеийн илчлэлтүүдээс мэдэж авдаг. Юу чухал вэ гэвэл:

“Селестиел хаант улсын хуулийг мөрдөх боломжгүй тэд селестиел алдар сууг тэсэн гарч чадахгүй.

Мөн террестриел хаант улсын хуулийг мөрдөж чаддаггүй тэд террестриел алдар сууг тэсэн гарч чадахгүй.

Мөн телестиел хаант улсын хуулийг мөрдөж чаддаггүй тэд телестиел алдар сууг тэсэн гарч чадахгүй.”13

Өөрөөр хэлбэл, Эцсийн шүүлтээр бидний хүлээн авах алдар суугийн хаант улс нь Тэнгэрлэг Эцэгийн маань хайраар дүүрэн төлөвлөгөөн дэх бидний дагахаар сонгосон хуулиудаар тодорхойлогддог. Тэрхүү төлөвлөгөөний дагуу олон хаант улс байдаг бөгөөд ингэснээр Түүний бүх хүүхэд “тэсэн гарч” чадах хаант улсуудад хуваарилагдаж чадах юм.

II.

Их Эзэний сэргээгдсэн Сүмийн сургаал, бодлого журам нь зөвхөн Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэдээ зориулсан хайрын төлөвлөгөөний хүрээнд л бүрэн ойлгогдож байж эдгээр мөнхийн үнэнийг хэрэгжүүлдэг.

Тиймээс бид хувь хүний сонголтыг хүндэлдэг. Энэ Сүм шашны эрх чөлөөг дэмжихийн тулд асар их хүчин чармайлт гаргаж байгааг та нарын ихэнх нь мэднэ. Эдгээр хүчин чармайлт бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг урагшлуулдаг. Бид зөвхөн гишүүддээ төдийгүй Түүний бүх хүүхдэд сонгох үнэт эрх чөлөөг эдлэхэд нь туслахыг эрмэлздэг.

Үүний нэгэн адил, биднээс яагаад номлогчдоо тийм олон орон руу, бүр Христийн шашинтай улс орон руу хүртэл явуулдаг талаар заримдаа асуудаг. Түүнчлэн биднээс яагаад Сүмийн гишүүн бус хүмүүст асар их хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлдгийг мөн яагаад энэ тусламжаа номлолын ажилтайгаа холбодоггүйг асуудаг. Их Эзэн бидэнд Өөрийн бүх хүүхдийг ах, эгч шигээ хүндэл гэж заасан тул мөн бид өөрсдийн сүнслэг болон материаллаг эд баялгаас бүх хүнтэй хуваалцахыг хүсдэг тул ийнхүү үйлддэг.

Түүнчлэн мөнхийн сургаал нь үр хүүхдүүдийн талаар онцлог үзэл санааг заадаг. Энэхүү үзэл санаагаар дамжуулан, бид үр хүүхэдтэй болох, тэднийг өсгөн хүмүүжүүлэх нь тэнгэрлэг төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд үүнд оролцох хүч чадал өгөгдсөн хүмүүсийн хувьд энэ нь баяр баясгалант, ариун нандин үүрэг хэмээн үздэг. Тиймээс бидэнд Бурханы төлөвлөгөөний дагуу хүүхдүүдийн хөгжил дэвшил, аз жаргалын хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлдэг зарчим, дадал зуршлыг зааж мөн хамгаалахыг зарлигласан.

III.

Үндсэндээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол гэр бүлд төвлөрсөн Сүм гэдгээрээ сайн танигдсан байдаг. Гэвч өөрсдийн гэр бүлд төвлөрөх энэ байдал маань мөнх бус амьдралаар хязгаарлагдахгүй гэдгийг тийм ч сайн ойлгодоггүй. Мөнхийн харилцаа холбоо бол манай шашны номлолын үндэс суурь. Сэргээгдсэн Сүмийн эрхэм зорилго бол Бурханы бүх хүүхдэд Түүний тэдэнд хүсдэг эцсийн хувь тавиланд тэнцэхэд нь туслах явдал юм. Ева эхийн “дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн”14 хэмээн тунхагласан мөнх амьдралд (селестиел хаант улс дахь өргөмжлөл) бүгд Христийн Цагаатгалаар өгөгдсөн гэтэлгэлээр дамжуулан хүрч чадна. Энэ бол авралаас ч илүү зүйл. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурханы мөнхийн төлөвлөгөөнд аврал нь хувь хүмүүсийнх бол [харин] өргөмжлөл нь гэр бүлийн хэрэг явдал”15 гэж бидэнд сануулсан.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс мөнхийн гэрлэлтийн гэрээндээ үнэнч байснаар л өргөмжлөлд хүрч болно гэсэн Бурханы илчлэлт бидний үндсэн зарчим юм.16 Энэхүү тэнгэрлэг сургаалын улмаас бид “хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм”17 хэмээн заадаг.

Тийм ч учраас Их Эзэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын гэрлэлтийн тухай Түүний сургаалаас ухрахыг хүсэх нийгмийн болон хууль эрх зүйн дарамт шахалтыг эсэргүүцэж, эрэгтэй, эмэгтэй хүний ялгааг арилгасан, хүйсээ өөрчилсөн эсвэл сольсон зэрэг өөрчлөлтийг эсэргүүцэхийг Өөрийн сэргээгдсэн Сүмээс шаарддаг.

Сэргээгдсэн Сүмийн эдгээр үндсэн зарчмын талаарх байр суурь эсэргүүцэлтэй олонтоо тулгардаг. Бид үүнийг ойлгодог. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө “бүх зүйлд сөрөг тал байх”18-ыг зөвшөөрдөг бөгөөд Сатаны хамгийн хүчтэй эсэргүүцэл тэрхүү төлөвлөгөөний хамгийн чухал гэсэн зүйл рүү чиглэдэг. Иймээс тэрээр гэрлэлтийг гажуудуулж, хүйсийг төөрөгдүүлж, хүүхэд төрүүлэхийг дэмжихгүй байх замаар өргөмжлөлд хүрэх үйл явцыг эсэргүүцэхийг эрмэлздэг. Гэсэн хэдий ч хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн маань бурханлаг зорилго, төлөвлөгөө цаашдаа өөрчлөгдөхгүй гэдгийг бид мэднэ. Хувийн нөхцөл байдал өөрчлөгдөж болох ч гэрээгээ сахидаг итгэлтэй хүмүүс амлагдсан адислал бүрд тэнцэх боломжтой гэдгийг Бурханы төлөвлөгөө баталдаг.19

“Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох”20 мөнх амьдралд бэлтгэхэд бидэнд туслах онцгой үнэ цэнтэй сургаал бол 1995 онд гарсан гэр бүлийн тунхаг21 билээ. Энэ тунхаг хамтран амьдрах, ижил хүйстний гэрлэлт зэрэг одоогийн зарим хууль тогтоомж, хэрэгжүүлж буй арга зүй, ухуулга сурталчилгаанаас илэрхий өөр байдаг нь мэдээж. Эцэгийн хүүхдүүддээ зориулсан хайраар дүүрэн төлөвлөгөөг бүрэн ойлгодоггүй хүмүүс энэхүү гэр бүлийн тунхгийг өөрчлөх боломжтой жирийн нэг мэдэгдэл гэж үзэж магадгүй. Харин бид хөдөлшгүй сургаал дээр суурилсан энэхүү гэр бүлийн тунхаг нь бидний мөнхийн өсөлт хөгжлийн хамгийн чухал хэсэг тохиож болох гэр бүлийн харилцааны төрлийг тодорхойлдог гэж баталдаг.

Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сэргээгдсэн Сүмийн онцлог сургаал, бодлого журмын агуулга юм.

IV.

Бидний хүн нэг бүр мөнх бус амьдралд тохиолдох олон төрлийн, ялгаатай харилцаа холбоо, нөхцөл байдалд амьдрах нь зайлшгүй. Хөршөө хайрлах ёстой Христийн дагалдагчдын хувьд бид өөр итгэл үнэмшилтэй хүмүүстэй эв найртай амьдрах ёстой. Бид бүгдээрээ хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд. Тэрээр хүн бүрд үхлийн дараах амьдралыг, эцэст нь алдар суугийн хаант улсыг бэлтгэсэн. Дэлхий даяар баригдаж буй Түүний ариун сүмүүдэд хүлээн авдаг дээд тушаал, гэрээ, ёслолуудыг сахиснаар, Түүний хамгийн дээд боломжит адислалуудыг авахыг хичээхийг Бурхан бид бүгдээс хүсдэг. Бид эдгээр мөнхийн үнэнийг бусадтай хуваалцахыг эрэлхийлэх ёстой. Гэсэн хэдий ч бид бүх хөршөө хайрладаг учраас тэдний шийдвэрийг үргэлж хүлээн зөвшөөрдөг. Мормоны Ном дахь бошиглогчийн зааснаар, бид “Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг”22 агуулан урагш тэмүүлэх ёстой.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон сүүлийн чуулган дээр “Дэлхийн түүхийн цаг үеүдээс чухам өнөө үед л бидний Аврагчийн тухай мэдлэг хүмүүний бодгаль бүрд илүү хамаатай, илүү зайлшгүй хэрэгтэй байна. … Христийн цэвэр сургаал бол хүчирхэг сургаал. Үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийлдэг хүн бүрийн амьдрал өөрчлөгддөг”23 гэж тунхагласан билээ.

Бид бүгдээрээ тэрхүү ариун нандин сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.