Бүх дэлхийд сайн мэдээг түгээх
Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн хувиар тохинууллаа үргэлжлүүлж, сайн мэдээний сэргээлт болон Аврагчийг дагахаас ирдэг адислалуудын талаар дэлхий даяар гэрчлэв. Өнгөрсөн Ерөнхий чуулганаас хойш тэдний хийж гүйцэтгэсэн ажлуудаас заримыг дурдъя.
Тэргүүн зөвлөлийн гишүүд
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны өмнөх Ерөнхий чуулганаас хойших үйл ажиллагааны тоймыг 135-р хуудаснаас үзнэ үү.
Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Италийн Ром хотын нэгэн их сургуульд үг хэлэхдээ, шашин шүтэх эрх чөлөө нь нийгэмд олон ашиг тус авчирдаг гээд, итгэл үнэмшилтэй хүмүүсийг “бие биеэсээ суралцах арга замыг хайж, биднийг нэгтгэж буй нийтлэг ойлголтыг бататгахад” уриалав.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М.Рассэлл Баллард, ахлагч Жэффри Р.Холланд, Квинтин Л.Күк нар Их Британи даяарх номлогчид болон Сүмийн гишүүдтэй уулзаж, тохинууллаа. Тэд гурвуулаа залуудаа Их Британид номлолд үйлчилж байсан бөгөөд ахлагч Холланд, ахлагч Күк нар хамтрагч байжээ.
Ахлагч Дэвид А.Бэднар Йорданд болсон онцгой цугларалтын үеэр үг хэлэв. Арабын Нэгдсэн Эмират улсад тэрээр Абу Даби гадасны удирдагчидтай уулзахын сацуу нэгэн өдөр ариун сүм баригдах экспогийн талбайд зочилжээ. Бахрэйнд тэрээр Манама тойргийн гишүүдтэй уулзаж, залуучуудад зориулсан онцгой цугларалтыг зохион байгуулав.
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон Бүгд Найрамдах Гамби улсад айлчилсан анхны төлөөлөгч болов. Тэрээр Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, дэд ерөнхийлөгч нартай уулзаж, тусламж хэрэгтэй хүмүүст туслах, Сүм болон тэргүүн хатагтайн сангийн хамтын хүчин чармайлтын талаар ярилцав. Мөн ахлагч Кристоффэрсон Зааны ясан эрэг, Нигери, Гана улсад айлчилсан.
Колумб, Эквадорт болсон цуглаан, сургалтын үеэр ахлагч Нийл Л.Андэрсэн КОВИД-ын улмаас нас барсан Сүмийн олон гишүүнийг дурсан санав. Тэрээр номлогчид, номлолын 36 ерөнхийлөгч болон тэдний эхнэр, гадасны удирдагчидтай уулзсан ба уулзалтууд ихэвчлэн испани хэлээр явагдсан юм. Колумбид болсон онцгой цугларалтын үеэр тэрээр гэрлэлт гэр бүлийг бэхжүүлэх талаар ярьжээ.
Ахлагч Гари И.Стивэнсон Панам хотоос хоёр цаг хагасын зайд орших Гуна Ялад уугуул иргэдийн дүүрэгт байрладаг Сан Блас Арчипэлаго дахь Карти Түпилэ арал дээр очсон анхны төлөөлөгч болов.
Ахлагч Гэррит В.Гонг Филиппиний өсвөр үеийнхэнтэй ухаалаг шийдвэр гаргаж, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах талаар ярилцсан. Тэрээр номлогчидтой уулзаж, Филиппин даяар дамжуулсан арга хэмжээний үеэр ганц бие залуучуудад хандан үг хэлэв.
Өөрийн уугуул нутаг Бразилд ахлагч Үлиссэс Соарэс залуучуудад амьдралаа Аврагч дээр төвлөрүүлэхийг зөвлөв. Тэрээр номлогчдод Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, үнэнд тулгуурлахыг захисан. Хэдэн сарын дараа ахлагч Соарэс шашин шүтэх эрх чөлөөний талаарх чуулга уулзалтад үг хэлэхээр Бразилд буцаж иржээ. Мөн тэрээр Доминиканы Бүгд Найрамдах Улсын дэд ерөнхийлөгч, Куба улсаас тус улсад суугаа элчин сайд нартай тус тус уулзсан байна. Кубад Сүмийн нэг дүүрэг, дөрвөн салбар байдаг.
Алсын зайн уулзалтууд дээр ахлагч Дийтр Ф.Угдорф Ази дахь өсвөр үеийнхэн, номлогчид, Сүмийн удирдагчдад, ахлагч Квинтин Л.Күк Европ, Зүүн Европ, Африк, Ойрх Дорнодын залуучуудад, ахлагч Д.Тодд Кристоффэрсон португал хэлээр ярьдаг залуучуудад, ахлагч Нийл Л.Андэрсэн Латин Америк болон Испанид амьдардаг залуучуудад, ахлагч Роналд А.Расбанд англиар ярьдаг залуучуудад, ахлагч Дэйл Г.Рэнланд франц хэлээр ярьдаг залуучуудад тус тус хандан ярьсан юм.