2022
Сүм тусламж, дэмжлэг үзүүлдэг
2022 оны 5-р сар


Сүм тусламж, дэмжлэг үзүүлдэг

Дэлхий даяар хожмын үеийн гэгээнтнүүд дүрвэгчдэд тусламж үзүүлэх ажилд идэвхтэй оролцдог. Тэд Европт дүрвэн ирсэн хүмүүсийг хоол хүнс, хувцас, хүүхдийн хэрэглэл болон орон байраар хангахад дэмжлэг үзүүлж байна. Сүм саяхан НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газарт хоёр сая ам.доллар, Дэлхийн хүнсний хөтөлбөрт бас хоёр сая ам.доллар буюу ойролцоогоор 6 тэрбум төгрөгийг тус тус хандивлажээ. Энэхүү хандив нь 11000 орчим хүнийг дөрвөн сарын турш хоол хүнсээр хангахад Дэлхийн хүнсний санд тусална.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх, Хожмын үеийн гэгээнтэн энэрлийн байгууллагын ерөнхийлөгч Шэрон Юбанк эгч “Гамшигт нэрвэгдсэн бүх улсад манай Сүмийн гишүүд бий” гэж хэлсэн юм. Сүм нөөцийн сантай учраас Украины хямралаас өмнө хоол хүнс, усыг урьдчилан бэлдэж чадсан бөгөөд гамшигт нэрвэгдсэн орнуудын урт хугацааны хэрэгцээг хангах үүргийг Сүм хүлээдэг гэдгийг тэр мөн дурдав.

Парагвай, Перу улсуудад Сүмийн сангаас эмнэлгүүдийг эмнэлгийн хэрэгслээр хангахад тусалсан ба Перу дахь Сүмээс хүүхэд, ахмад настнуудад үйлчилдэг байгууллагууд, шашин хоорондын зөвлөл, охидын хамгаалах байр зэрэгт сэнс, гэрэл, тавилга, вандан сандал, цахилгаан хэрэгсэл болон 7 ширхэг зөөврийн компьютерыг хүргэж өгчээ. Колумбид түргэн тусламжийн сангаас тусламж хэрэгтэй байгаа хүмүүст 1200 хайрцаг хоол хүнс, хэрэгцээт зүйлс хандивласан. Панамд Сүмээс КОВИД-19 вакциныг хадгалахад туслахын тулд тоног төхөөрөмжөөр хангажээ.

АНУ-ын 10 хотын хүмүүс 2021 оны Христийн мэндэлсний баярын үеэр Дэлхийг гэрэлтүүлэх хандивын машинд зочилж, нийтдээ 5.8 сая ам.доллар буюу 17 тэрбум гаруй төгрөгийг хандивласан байна. Эдгээр машин нь хүмүүст эд зүйлс (хувцас, хоол, цэвэр ус, мал зэрэг) худалдан авах боломжийг олгосон ба тэдгээрийг дараа нь АНУ-ын 44 буяны байгууллага болон дэлхийн таван агентлагаар дамжуулан тараах юм.

Мөн Сүм АНУ-ын баруун төв хэсэгт тохиосон хар салхи, Филиппинд болсон хүчтэй салхи шуурга, Тонга дахь галт уулын дэлбэрэлт, цунами зэрэгт нэрвэгдсэн хүмүүст тусалсан.