2022
Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх хүчирхэг загвар
2022 оны 9-р сар


“Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх хүчирхэг загвар,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх хүчирхэг загвар

Сайн мэдээний зарчмууд болон холбоотой судалгаан дээр үндэслэсэн энэхүү хүүхэд өсгөн хүмүүжүүлэх загвар нь танд гэр бүлдээ утга учиртай харилцааг бий болгож, итгэл, өсөлт хөгжлийг тэтгэж, эв нэгдэл, тэсвэр тэвчээрийг бэхжүүлэхэд чиглүүлэн туслах болно.

Охинтойгоо судар уншиж буй аав

Эцэг, эх байна гэдэг мөнхийн зорилготой бөгөөд урамшмаар, гэгээлэг, баяр баясгалантай туршлага байх боломжтой. Гэхдээ гэр бүлүүд янз бүрийн бүтэц, бүрэлдэхүүнтэй байхын зэрэгцээ өөр өөрийн гэсэн өвөрмөц сорилтуудтай тулгардаг тул хүүхэд өсгөх нь заримдаа хэцүү эсвэл ядаргаатай санагддаг байж болно.

Аз болоход, бид үүнийг ганцаараа хийх шаардлагагүй.

Тэнгэрлэг Эцэгийнхээ удирдамж, Аврагчийн болон Түүний сайн мэдээний дэмжлэг, сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөөг залбирч хэрэгжүүлснээр бид эцэг, эх болох аяллынхаа турш тусламж, найдвар олж авч чадна.

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх сайн мэдээгээр дэмжигдсэн загвар

Есүс Христийн сайн мэдээ, мөн хүүхэд өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой судалгааны эх сурвалжууд дээр тулгуурлан бид хүүхдийн сэтгэл хөдлөл, сүнслэг хөгжлийг дэмжих гурван үндсэн зарчмыг тодорхойллоо. Энэхүү харилцан уялдаатай онцлог чиглэлүүд нь хамтдаа дэлхий даяарх гэр бүлүүдэд тусалж чадах хүчирхэг загварыг бий болгосон.

Энэ загвар нь сайн мэдээний үнэнийг хүүхэд өсгөн хүмүүжүүлэхээс эхлээд хүүхэд хөгжлийн судалгааны үндсэн ойлголтуудтай хослуулсан учраас ихээхэн нөлөөтэй юм. Энэ загварт байгаа зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хувийн илчлэлт эрэлхийлэх нь гэр бүлдээ тэсвэр тэвчээртэй байдлыг бэхжүүлж, Есүс Христ дээр төвлөрсөн гэр орныг байгуулахад тань тусална.

Уг гурван үндсэн зарчим нь:

  1. Хайраар дүүрэн гэр бүлийн харилцааг бий болгох

  2. Сурч боловсорч, өсөж хөгжихийг дэмжих

  3. Үйлчлэлээр дамжуулан эв нэгдэл, хүч чадлыг бэхжүүлэх юм.

Хамгийн чухал асуудлуудад анхаарлаа төвлөрүүлэхэд энэ загвар бидэнд тусална. Уг загварын хэсэг бүр нь бидний гэр бүлийг бэхжүүлдэг чухал бүрэлдэхүүн юм. Хамтдаа үүн дээр ажиллах нь эерэг харилцаа, туршлагыг урамшуулж, гэр бүлүүдэд маань сорилт бэрхшээлийг даван туулах, чадавх, тэсвэр тэвчээрийг бэхжүүлэхэд тусалдаг.

Бид эцэг эх болж хөгжих явцдаа уг загварыг хүүхэд бүрд хэрхэн хамгийн сайнаар зааж, хүмүүжүүлэх талаар олж мэдэх гарын авлагаа болгон ашиглаж болно.

Амьдралдаа энэ загварыг хэрэгжүүлэхэд чиглүүлэх хэсэг тус бүрийн товч тоймыг мөн Аврагчийн амьдралаас авсан жишээг доор оруулав. Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх талаар илүү их мэдээлэл, бодит зөвлөмж, нийтлэг асуултуудын хариултыг family.ChurchofJesusChrist.org сайтаас авах боломжтой.

1. Хайраар дүүрэн гэр бүлийн харилцааг бий болгох

Энэ зарчим нь Тэнгэрлэг Эцэг, Аврагч, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ харилцах хайраар дүүрэн харилцааг эн тэргүүнд тавихыг бидэнд сануулдаг. Эдгээр гэр бүлийн харилцаа нь амин чухал юм. Бидний хүүхдүүдийн мөнхийн өвөрмөц байдал, харилцаа нь “Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай”1 гэсэн үндсэн үнэнээс урган гардаг.

Бид тэднийг итгэл, залбирал, судраас судлах, Ариун Сүнснээс ирэх хувийн илчлэлтээр дамжуулан Бурханыг болон Есүс Христийг мэдэхэд урамшуулж чадна (Иохан 17:3-ыг үзнэ үү). Бид хүүхдүүдийнхээ “итгэх хүслийг” (Алма 32:27) тэтгэж, Бурханы хайрыг мэдрэхэд нь тусалснаар итгэлийг хөгжүүлж чадна. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр тэднийг бүрэн ойлгож, төгс хайрлаж, амжилтад хүрэхэд нь туслахыг хүсдэг гэдгийг хүүхдүүд маань ойлгох нь чухал (Ром 8:38–39-ийг үзнэ үү).2

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд бүртэй халуун дулаан, нигүүлсэнгүй, хайраар дүүрэн харилцааг бий болгох нь чухал юм. Хүүхдүүдийнхээ үзэл бодлыг ойлгож, тэдний хэлсэн зүйлийг хүндэтгэлтэй сонсох нь амар тайван, хайраар дүүрэн харилцааг бий болгодог. Бид тэднийг анхаарч, тэдний мэдрэмжид санаа тавьж, туслахад бэлэн байдаг гэдгийг хүүхдүүд маань мэдэх хэрэгтэй. Хүүхдүүддээ санаа тавих нь тэдэнд өөрсдийгөө эергээр харж, мөнхийн үнэ цэнээ танин мэдэж, Бурхантай болон Есүс Христтэй итгэлтэй харилцаа тогтооход тусалдаг.

Үүнээс гадна гэр бүлийн гишүүд бие биедээ асар их дэмжлэг болдог. Бид гэр бүлээрээ цуглараад, хоорондоо холбоо тогтоож, залбирч, зөвлөлдөж, хөгжилдөж байхдаа харилцаагаа хөгжүүлж чадна.

Христийг даган дуурайх

Харьяалал, найдвар, эдгэрлийг агуулдаг харилцаагаар дамжуулан Есүс Христ Өөрийн хайрыг нэг нэгээр хуваалцдаг. Аврагч нифайчуудад хандан ярьж дууссаныхаа дараа нэг бүрчлэн эдгээж, адислахаар өрөвдөх сэтгэлээр гараа сунган, Өөрийн биеэр тохинуулсан. Тэр хайраар “[уг] бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав” (3 Нифай 17:21).

Эцэг, эхийн хувьд та хүүхдүүдтэйгээ нэг удаад нэг утга учиртай холбоог тогтоох замаар хайраар дүүрэн харилцааг бий болгож тэднийг адисалж чадна.

Хайраар дүүрэн гэр бүлийн харилцааг бий болгох санаанууд

  • Хүүхдийнхээ хэрэгцээг хангахын тулд анхааралтай сонсож, хайраар хариулж, үзүүлж буй дохиог нь дагах замаар тэдэнтэй харилц.

  • Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг тэтгэж, эдгээр бурханлаг харилцааг бэхжүүлэхийн тулд залбирах, хувийн илчлэлт хүлээн авахыг урамшуул.

  • Өөртөө болон гэрлэлтдээ санаа тавь. Энэ нь таныг эцэг, эхийн хувьд хүүхдүүдтэйгээ илүү сайн холбоо тогтоож, эрх тэгш хамтрагчийн хувьд хань ижилтэйгээ эв нэгдэл, хайраар аж төрөхөд туслах болно. Хэрэв та ганц бие бол гэр бүлээ итгэлээр зоригтой удирд. Нэмэлт дэмжлэгийг итгэж найддаг хүмүүсээсээ эрэлхийл.

  • Гэр орондоо аюулгүй байдал, харьяалал, баяр баясгаланг нэмэгдүүл.

2. Сурч боловсорч, өсөж хөгжихийг дэмжих

Охинтойгоо ярилцаж буй эцэг эх хоёр

Хүүхдүүдийнхээ өвөрмөц зан чанарыг нь үнэлж, гуйвшгүй хайрыг үзүүлэн, хичээл зүтгэлийг нь дэмжих замаар тэдний өсөлт хөгжлийг дэмж. Хүүхдүүдийн тань хөгжил ямар шатанд байгааг олж мэдээд, тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэн тусламж дэмжлэгээ тохируул. Таны үлгэр жишээ, заавар, чиглүүлэг, урам зориг хүүхдийн тань ур чадвар, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхэд амин чухал байдаг. Хүүхдүүдээ аливааг туршин, суралцаж байх үед нь сониуч мөн энэрэнгүй бай.

Эцэг эхийн хувьд та хэт их шаардлага тавих, хэт дураар нь тавих эсвэл хүссэн болгоныг нь өгөхөөс зайлсхий. Тохиромжтой хил хязгаар, тогтмол дэг журам, боломжийн хүлээлтийг тавих нь таны хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжинэ. Тэнгэрлэг Эцэгийнхээ нэгэн адил эцэг эхчүүд үр хүүхдийнхээ тав тухыг хангахаас илүүтэй өсөж хөгжихөд нь туслахад анхаарах ёстой (2 Нифай 28:30; Сургаал ба Гэрээ 50:24, 40-ийг үзнэ үү).

Хүүхдүүдээ Есүс Христийг дагаж сурахад нь хөтлөн удирд.3 Тэдэнд туслахын тулд хэрхэн Аврагч руу хандаж, Түүний Цагаатгалд найдахыг заа. Хүүхдүүд тань өөрсдийг нь уучилж мөн хүчирхэгжүүлдэг “Христээр бүгдийг хийж чадна” гэдгээ таны үлгэр жишээнээс болон өөрсдийн туршлагаас аажим аажмаар олж мэдэх болно (Филиппой 4:13). Өсөлт хөгжил, өөрчлөлт нь хэцүү бөгөөд маш их оролдлого шаарддаг. Зөв шударга, зорилготой эцэг, эхчүүд хүүхдүүддээ зөвхөн хэрхэн “үнэний замуудаар алхахыг” (Мозая 4:15) заагаад зогсохгүй яагаад гэдгийг нь зааж өгөхийг хичээдэг. Тэдний ойлголтыг тэтгэж, хийж буй зүйл бүрдээ сонгох эрхээ зөв зохистой ашиглахыг дэмж.

Христийг даган дуурайх

Есүс Христ таны зүрх сэтгэлийн зөвт хүслийг харж, тэдгээрийг биелүүлэхэд туслах замаар өсөлтийг тань хүчирхэгжүүлдэг (1 Самуел 16:7; Инос 1:12-ыг үзнэ үү). Их Эзэн шавь нараасаа “нэг нэгээр … та нар надаас юу хүсэх вэ?” хэмээн асуусан. (3 Нифай 28:1-ийг мөн 1 Нифай 11:1–3-ыг үзнэ үү.) Энэ асуултыг тунгаан бодох нь танд хамгийн эрхэм зүйлээ олж тогтоон, хөгжүүлэхэд тусална. Аврагч Жаредын ахын сонгох эрхийг хүндэтгэн, “Намайг хэрхэхийг та нар хүснэ вэ?” хэмээн асуусан ба энэ нь хэрхэн сурч боловсорч, өсөж хөгжихийг дэмжиж байгаа талаар бодоод үз. (Ифер 2:23). Их Эзэн шаардлагатай үед нь түүнд тодорхой зааварчилгаа өгч мөн зарим зүйлийг өөрөө шийдэхэд нь урамшуулан дэмжсэн. Аврагч таныг албаддаггүй, хянадаггүй, харин оронд нь хувь хүний сонгох эрхээ сайн зүйлийн төлөө ашиглахыг зааж, ятгадаг (Сургаал ба Гэрээ 58:26–28-ыг үзнэ үү).

Хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийн зөвт хүслийг дэмжих замаар тэдний өсөлт хөгжлийг урамшуулан дэмж.

Сурч боловсорч, өсөж хөгжихийг дэмжих санаанууд

  • Хүүхдүүдээ Есүс Христ рүү чиглүүлж, Түүний Цагаатгалын хүчийг хэрхэн олж авахыг тэдэнд заа.

  • Хайр, удирдамж, дэмжлэг, нигүүлслийг үзүүлж Есүс Христийг даган дуурайснаар хүүхдүүд тань Түүнийг дагаж сурах болно.

  • Хүүхдийнхээ ойлголт, ур чадвар, сонгох эрх, өөртөө итгэх итгэлийг нь дэмжих замаар тэднийг хүмүүжүүл.

  • Гэрээний замаар урагшлахдаа Түүний сайн мэдээнээс суралцан, үүний дагуу хамтдаа амьдрах дадлага хийж, Христ рүү ир.

3. Үйлчлэлээр дамжуулан эв нэгдэл, хүч чадлыг бэхжүүлэх

Гэр бүлээрээ нэгэн гэр бүлд хоол хүнс аваачиж байгаа нь

Есүс Христ Өөрийн дагалдагчдад ‘Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун’ (Иохан 13:34) хэмээн заасан. Та нар бие биеэ тайтгаруулж, өргөж, үйлчилж байхдаа Христийн цэвэр хайрыг түгээж, Түүнтэй илүү адил болдог. Мөн Бурхан таны хүүхдүүдэд Өөрийнх нь ажилд нэгдэж, бусдад үйлчлэх амлалтаа биелүүлснээр суралцаж, өсөж хөгжих олон үнэ цэнтэй боломжийг олгодог (Мосе 1:39; Мозая 18:7–11-ийг үзнэ үү). Христийн хайрыг хуваалцаж, Түүний гэрлийг цацруулах нь тэднийг болон тэдний үйлчилдэг хүмүүсийг өөрчилдөг.

Мөн хүүхдүүд тань хайр, дэмжлэгийг хүлээн авдаг бас өгдөг тойрог, салбарт харьяалагдах нь таны гэр бүлд дэм тустай. Зүрх сэтгэлээ “эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд” (Мозая 18:21) нэгтгэх нь таны гэр бүлийг хүчирхэгжүүлэх сайхан харилцаа, эерэг туршлагуудын хэлхээг бий болгодог. Та Христийнхтэй адил хайраар бусдад үйлчлэх үедээ гэр бүлдээ болон нийгэмд бүхэлд нь Сионыг байгуулахад тусалж чадна (Мосе 7:18-ыг үзнэ үү).

Үйлчлэл нь бие даасан ажил гэхээсээ илүү өдөр тутмын дадал байж болно гэдгийг хүүхдүүдэд заа. Бие биедээ үйлчлэхийг хичээх нь хүүхэд, өсвөр үеийнхэнд өөрсдийн хэрэгцээнээс илүү бусдын хэрэгцээг эрэлхийлж, илүү сэтгэл хангалуун амьдрахад нь тусална. Сионы хүмүүсийг бэхжүүлснээр бид хэрхэн Сионыг байгуулдаг нь гайхалтай.

Христийг даган дуурайх

Аврагч бидэнд бие биеэ хайрлаж мөн нэг нэгэндээ үйлчлэхийг заасан (Мозая 13:34–35-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэгийнхээ авралын ажилд оролцох нь биднийг хүчирхэгжүүлж, өөрчилдөг. “[Өөрийн] Эцэгийнхээ гэрт” (Лук 2:49) байсан нь Есүсийн өсвөр насандаа олж авсан өсөлт хөгжлийн нэг хэсэг байсан бөгөөд Түүний “мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа” (Лук 2:52).

Танай гэр бүл Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих, гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх арга замуудаар Бурханы авралын болон өргөмжлөлийн ажилд оролцдог.4

Бурханы “агуу ажилд” (Сургаал ба Гэрээ 64:33) нэгдэж, нэг удаад нэг хайрын үйлдэл үзүүлэх замаар хүүхдүүдийнхээ өсөлт хөгжлийг дэмжиж тэтгэ.

Үйлчлэлээр дамжуулан эв нэгдэл, хүч чадлыг бэхжүүлэх санаанууд

  • Бурханы хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд үйлчлэх замаар Түүнийг хайрладаг гэдгээ харуулж, Түүнийг илүү сайн таньж мэд.

  • Эргэн тойрныхоо хүмүүст үйлчилж, тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах замаар бие биеэ хайрла.

  • Сайн мэдээг хуваалцаж, гэр бүлийнхээ түүхийг судалж, ариун сүмд үйлчилж, бусдад ариун нандин гэрээ байгуулж сахихад нь туслах замаар Израилыг цуглуул.

  • Хайрыг түгээж, харьяалагддаг гэсэн мэдрэмжийг бий болгож, бие биеэ дэмжин эв нэгдэл, хамтын хүчийг бий болго.

Уг загварыг гэр орондоо хэрэгжүүлэх

Эдгээр үндсэн зарчим нь өдөр бүр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээр төвлөрөхөд тань тусална. Жишээлбэл: Өнөөдөр та хэрхэн илүү хайраар дүүрэн харилцааг зориуд бий болгох, сурч боловсрохыг дэмжих, бусдыг бэхжүүлэх талаар бодож болно. Энэхүү загварыг хэрэгжүүлснээр сайн мэдээнээс суралцах байдал сайжирч, хүүхдийн тань хувийн өсөлт хөгжил дээшилж, эргэн тойрноо гэгээлгээр харан, гэр бүлээ өргөж, адислахаар урамшдаг. Эдгээр зарчмыг хэрэгжүүлснээр Ирээд, Намайг дага, Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр зэрэг гэр оронд төвлөрсөн Сүмийн эх сурвалжийг сайтар хэрэгжүүлэх боломжтой.

Энэ загварын зарчмуудыг хэрэгжүүлэх олон арга бий. Уян хатан байж, гэр бүлийнхээ хэрэгцээнд нийцүүлэн хувийн илчлэлт эрэлхийл. “Бий болгох, дэмжих, бэхжүүлэх” загвар нь илүү ихийг хийхийг шаарддаггүй. Хэдийгээр та одоо хийж байгаа зүйл дээрээ өөр зүйл нэмж хийх урам зориг мэдэрсэн байж болох ч энэ загвар нь хамтдаа байх цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд тань туслах зорилготой юм.

Та хайраар дүүрэн харилцааг бий болгох, сурч боловсорч, өсөж хөгжихийг дэмжих, үйлчлэлээр дамжуулан эв нэгдэл, хүч чадлыг бэхжүүлэх ямар ч үйл ажиллагаа хийсэн энэ нь та гэр орондоо бүх зүйлийн суурийг бат бөх тавьж байна гэсэн үг юм.

Сайн эцэг эх төгс биш харин найдвартай байдаг

Сайн эцэг эх байхын тулд төгс байх шаардлагагүй гэдгийг санаж явах нь чухал. Үүний оронд хүүхдүүдээ хайрлаж, дэмжих найдвартай эх сурвалж болохыг эрэлхийл. Зүгээр л хүүхэдтэйгээ бага багаар харилцаж эхлэх нь том өөрчлөлт авчирна.

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь урам хугарам санагдаж байвал амьсгаа авч, амсхийгээд, үргэлжлүүлэн хичээ. Аврагч танд болон таны хүүхдүүдэд маш их санаа тавьдаг бөгөөд чин сэтгэлийн хичээл зүтгэл, зөвт хүслийг тань нэмэгдүүлэх болно гэдгийг мэдсэнээрээ та итгэлээр урагшилж чадна.

Христэд найдах

Хүүхэд бүрийг нэг нэгээр нь хайрлаж, өсгөн хүмүүжүүлж, хүчирхэгжүүлэхийн тулд чадах бүхнээ тууштай хийхийг хичээх үедээ та болон таны гэр бүлийнхэн Христийн та нарт өгсөн: “Бяцхан хүүхдүүд бүү эмээ, учир нь та нар минийх болой, мөн бибээр дэлхийг ялсан” (Сургаал ба Гэрээ 50:41) хэмээх мөнхийн амлалтын учир Түүнд найдаж болно.