2022
Нэг өдөрт нэг л удаа
2022 оны 9-р сар


“Нэг өдөрт нэг л удаа,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Нэг өдөрт нэг л удаа

Бид аутизмтай хүүд маань тусалсан тойргийнхоо гайхалтай гишүүдэд талархаж байна.

залуу эрэгтэй

Жош саяхан ариун сүм рүү явах үеэрээ.

Жошуагийн гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Хүү Жошуагаа 18 сартай байхад бид түүний зан авираас хачирхалтай зүйлийг анзаарсан юм. Тэр үзсэн телевизийн нэвтрүүлгүүдийнхээ дуу болгоны бараг бүх үгийг хэлж чаддаг байсан ч ярьж сурах нь оройтсоор байв. Нэг өдөр хадам ээж маань Жошт аутизмын шинж тэмдэг илэрсэн гэв. Мэргэжилтнүүд ч бидэнд тэр зүйлийг хэлсэн.

Миний эхнэр Элизабэт аутизмын тухай номуудыг өдөр шөнөгүй судалж, Жошт туслах хөтөлбөрүүдэд түүнийг хамруулав. Түүний амьдралыг хамгийн сайнаар эхлүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийх болно гэж тэр шийдсэн юм.

Ирээдүйн талаар сэтгэл түгших үед минь Элизабэт намайг тайвшруулдаг байлаа. Тэр надад бид аливаа зүйлийг нэг өдөрт нэг л удаа авч үзэх хэрэгтэй гээд,

“Бид ирээдүйд болох тодорхой бус бүх зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд Жошийн сурсан шинэ зүйл бүрд талархах хэрэгтэй” гэж хэлэв.

Жош өсөж томрох тусам Сүм дээр дэггүйтдэг боллоо. Хүүхдийн хэсгийг үймүүлэхгүйн тулд эсвэл хүүхдүүдэд хор хөнөөл учруулахгүйн тулд би түүнийг өвөр дээрээ авч суудаг байв. Тэр Сүмийн гурван цагийн турш надтай тэмцэлдэж, маажиж, ноцолддог байсан. Би гэртээ ихэвчлэн хөх няц болж, дээр нь ядарчихсан ирдэг байлаа.

“Бид Сүмд явахдаа түүнийг гэртээ үлдээгээд, ээлжлэн харж байж болохгүй гэж үү?” хэмээн би санал гаргав.

“Хэрэв бид түүнийг Сүмд үргэлжлүүлэн авч явахгүй бол тэр Сүмээс явах болно” гэж Элизабэт хариулав. Түүний зөв гэдгийг би мэдэж байлаа.

Нэгэн өдөр аутизмтай хүүхэдтэй өөр айлын ээж надад “Жош найман нас хүрээд, Ариун Сүнсний бэлэг хүлээн авмагцаа сахилга баттай болно!” гэж хэлсэн юм.

Би түүний үгэнд эргэлзэж байсан ч тэр найман нас хүрч, Ариун Сүнсийг хүлээн авснаар, бага зэрэг сахилга баттай болсон.

Жош том болоод, санваар хүлээн авав. Тэрээр ариун ёслол түгээж, үйлчлэлийн ач холбогдлыг олж мэдлээ. Түүний санваарын чуулгын гишүүд 80-аад оны дууны клипнээс бүжиг сурч, Жоштой хамт тойргийн үдэшлэг дээр бүжиглэсэн юм.

Манай тойргийнхон Жошт гайхалтай ханддаг байсан. Түүнийг 80-аад оны бүжгийн хэд хэдэн хөдөлгөөн хийнгээ ариун ёслол түгээх үед гишүүд инээмсэглэдэг байв.

Жош одоо 17 настай. Тэр одоо дуу зохиодог авьяаслаг хөгжимчин болсон. Тэрээр жүжиглэх дуртай бөгөөд сургууль, олон нийтийн театрт байнга жүжиглэдэг.

Бид Жошийн эцэг эх байгаадаа, амьдралынх нь аялалд хамт яваадаа талархаж байна. Бид ирээдүйд юу болохыг сайн мэдэхгүй ч түүнтэй хамт өдөр бүрийг бүрэн дүүрэн амьдрахыг хичээдэг.