2022
Би зорилгоо олохоор тэмцэж буй цорын ганц залуу хүн гэж үү?
2022 оны 9-р сар


“Би зорилгоо олохоор тэмцэж буй цорын ганц залуу хүн гэж үү?,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Залуучуудад зориулав

Би зорилгоо олохоор тэмцэж буй цорын ганц залуу хүн гэж үү?

Бурханы надад зориулсан төлөвлөгөөг мөн өөрийнхийгөө ч бусниулчихсан юм шиг санагдаж байлаа.

залуухан эмэгтэй хана руу авирч байгаа нь

Би 25 насныхаа төрсөн өдрөөр унтлагын өрөөгөө янзалж байв. Миний өрөө эмх цэгцгүй байсан ба амьдрал маань ч бас эмх цэгцгүй байгаа талаар би бодсоор байв. Би 25 нас хүрээд тийм байна гэж бодсондоо хүрч чадаагүй байлаа. Би байх ёстой газраа байсангүй.

Өсвөр насандаа патриархын адислал аваад, ямар мэдрэмжтэй байсан тухайгаа би бодов. Ирээдүйнхээ тухай унших бүрдээ би бараг л төгс хүнийг төсөөлдөг байв. Гэхдээ би өөрийнхөө төсөөлж байсан хүн болоогүй гэдгээ ухаарсан. Тэгээд би хэрэв тухайн үеийн би одоогийн намайг харж чаддаг байсан бол урам нь хугарах байсан болов уу гэж бодов.

Гэнэт би уйлж байгаагаа анзаарав. Амьдралынхаа төлөвлөгөөг бусниулчихсан юм шиг надад санагдсан. Би ямар нэгэн аймшигтай том алдаа гаргаагүй ч амьдралдаа хийж бүтээсэн гэж харуулах зүйлгүй мэт мэдрэгдэж байв. Надад зорилго байсангүй. Бусад бүх хүн учраа олоод, амьдарч байхад харин би унтлагынхаа өрөөнийхөө шалан дээр суугаад уйлж, бүхий л амьдрал минь дэмий хоосон өнгөрсөн мэт санагдаж байлаа.

Би төөрөлдөж, цөхөрч байхдаа ганцаардлыг мэдрэв. Гэхдээ тэр үед ч би замаа олохоор тэмцэж буй цорын ганц залуу хүн биш гэдгээ мэдэж байсан. Би бусадтай ярилцаж байхдаа маш цөөхөн хүний амьдрал тэдний төлөвлөснөөр төгсдөгийг олж мэдсэн юм. Энэ нь намайг ганцаараа биш гэдгээ мэдрэхэд тусалдаг.

Энэ нь бас Тэнгэрлэг Эцэг намайг бүтэлгүй гэж мэдрэхийг хүсдэггүй гэдгийг өөртөө сануулахад тусалдаг. Тэр намайг “найдварын төгс гэрэлтэйгээр, … Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл” (2 Нифай 31:20)-ээсэй хэмээн хүсдэг. Аврагчийн Цагаатгалын хүчээр дамжуулан миний өөрчлөгдөж, өсөж хөгжих чадварт Тэр итгэдэг. Зөвхөн Сатан л намайг Тэнгэрлэг Эцэгийн мэддэг хүн болох боломжоо алдсан гэж өөртөө хэлээсэй гэж хүсдэг.

Аз жаргалын төлөвлөгөөг ойлгох нь

Бидний ихэнхэд заримдаа ирээдүйнхээ талаар найдваргүй мэт санагддаг. Энэ нь бид Бурханы аз жаргалын төлөвлөгөөг буруу ойлгосонтой холбоотой байж болох юм. Магадгүй бид өөрсдийн амьдралыг ялахын тулд дагах ёстой тогтсон түүх бүхий видео тоглоомтой адил гэж боддог байх. Гэвч энэ нь тийм биш юм. Бид өдөр бүр сонголт хийж, өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Үүнд ямар нэг тогтсон эсвэл тогтоосон зүйл байхгүй. Бидний сонголтууд Тэнгэрлэг Эцэгийн хувьд хэзээ ч гэнэтийн зүйл байдаггүй ч бидэнд бидний сонгох эрх байсаар байдаг. Бид урагшлах үедээ Түүнтэй хамт өөрсдийнхөө түүхийг бичдэг.

Хэрэв бид “Христийг [өөрсдийн] түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсөгч болго”1-вол мөнхийн аз жаргалтай төгсгөл рүү үргэлж итгэлтэй харж чадна.

Заримдаа бид алдаа гаргаж эсвэл чиглэлээ алдаж, үүрд зорилгогүй тэнүүчилдэг.

Гэхдээ энэ бол найдварын сайн мэдээ юм. Алдагдсан зүйлс олддог. Энэ бол суралцах, өршөөх, дахин хичээх тухай сайн мэдээ юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний заасанчлан, “Наманчлал бол нөөц төлөвлөгөө биш; харин энэ бол цор ганц төлөвлөгөө юм.”2

Тэнгэрлэг Эцэгийн биднийг хайрлах хайр төгс бөгөөд бидэнд зориулсан Түүний төлөвлөгөө ч төгс юм. Энэ бол бидний хэрэгцээ, чадавхыг анхаарч, ойлгож боловсруулсан, төгс бус хүмүүст зориулсан төгс төлөвлөгөө билээ. Бидний шударга алдаа, зөрүүд нүгэл, аглаг буйд дахь тэнүүчлэл зэрэг алдаа дутагдалд зориулсан орон зай Түүний төлөвлөгөөнд бий. Мөн бид Түүн рүү харж, дахин оролдох болгондоо олж авдаг бидний ялалтад зориулсан орон зай ч Түүний төлөвлөгөөнд бий.

Зорилгоо олох нь

Тэр төрсөн өдрөөс хойш би зорилгынхоо тухай бодоход их цаг зарцуулсан. Би одоог хүртэл бүх зүйлийн учрыг олоогүй л байгаа. Гэхдээ би тийм ч их санаа зовохгүй байна. Бурхан намайг мэддэг бөгөөд хэрэв би Түүнд хандвал Тэр надад одоо байгаа орон зайдаа утга учрыг бий болгоход тусална гэдгийг би мэднэ.

Магадгүй хэн нэгэн хэзээ нэгэн цагт хорт хавдар эмчлэх арга олж, дэлхийг өлсгөлөнгөөс салгах эсвэл энх тайвныг тогтоох байх. Гэвч хэн нэгэн өнөөдөр гашуудаж буй найзыгаа тайвшруулж, зовж буй танихгүй хүнд тусалж эсвэл олон жилийн дараа анх удаа залбирч болно. Энэ бүхэн ямар нэгэн, бүр бүх зүйлийн утга гэж би бодож байна.

Бидний ихэнх нь энэ амьдралдаа агуу алдар суут эсвэл дэлхийг сүйрүүлэх зүйлсийг хийхгүй гэдэг нь үнэн. Гэхдээ энэ нь бидэнд зорилго байхгүй гэсэн үг биш. Бурханы хүүхдүүдийн хувьд бидний эцсийн зорилго бол Түүнтэй адил болох явдал билээ. Мөн бид Есүс Христийг дагахын тулд өдөр бүр жижиг зүйл хийснээр энэ зорилгодоо хүрдэг.

“Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг” (Алма 37:6) гэсэн сайн мэдээний сургаалыг би эрхэмлэх болсон. Амьдралаа эргээд харахад надад ямар ч агуу зүйл харагддаггүй. Гэхдээ би маш их өөрчлөлт авчирсан “өчүүхэн мөн энгийн зүйлүүд”-ийг олж хардаг. Мөн миний бат итгэлтэй өчүүхэн хичээл зүтгэл Аврагчийн нигүүлслээр дамжуулан Түүнтэй адил болох замыг минь засаж байгааг би мэднэ.

Хэний ч зам таныхтай адилгүй. Гэхдээ хэрэв та Христ рүү очихоор чадахаараа хичээж байгаа бол таны зам сайн юм. Төгс Хүчит Бүтээгч танд итгэдэг. Тиймээс зоригтой зогсож, өөртөө итгээрэй. Хэдий танд өчүүхэн бөгөөд энгийн санагдсан ч Бурхан танд гайхалтай зүйлсийг бэлдэж байгаа ба Тэр “таныг боломжтой гэж бодож байснаас чинь илүү агуу нэгэн болоход туслах болно.”3