“Та холбоотой гэдгээ нотол,” Лиахона, 2022 оны 9-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Та холбоотой гэдгээ нотол
Их Эзэн надаас боломжгүй зүйлийг хүсэж байна гэж бодсон ч миний буруу байсан.
Манайхаас хэдэн байшингийн цаана нэгэн настай эмэгтэй, хүүтэйгээ амьдардаг байлаа. Бид түүнтэй их дотно байв. Тэр эмэгтэй хүүгээ нас барсны дараа бие нь муудаж, хэвтэрт оров. Бид түүнийг асарсаар гурван сарын дараа тэр нас барсан юм.
Тэднийг нас барсны дараа би энэ гэр бүлийн төлөөх ариун сүмийн ёслолуудыг хийхийг хүсэв. Гэхдээ бид ямар ч хамааралгүй байсан тул тийм боломж байгаагүй. Нэгэн өдөр миний толгойд: “Та холбоотой гэдгээ нотол, тэгж чадвал тэдний төлөө ариун сүмийн ажлыг хийж чадна”1 гэсэн тодорхой бодол төрөв. Их Эзэн надаас боломжгүй зүйлийг хүсэж байна гэж бодсон ч нотлох гэдэг үг толгойд минь байсаар л байлаа.
Тэрхүү хөршийн маань хамаатнууд түүний орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн боловч тэдний харилцааг нотлох баримт бичиг төрийн архивд ч байсангүй.
Сүнс надад ямар нэг зүйл дутуу байна гэж хэлэв. Хамаатнуудынх нь зөвшөөрлөөр би түүний гэрээс бичиг баримт хайхаар болов. Байшингийн нэг булангаас би хэдэн цүнх дүүрэн хуучин баримтууд олох нь тэр. Уг цүнхнүүд чухал гэсэн мэдрэмж надад төрлөө.
Би хоёр цүнхийг үзээд, гурав дахийг нь уудалж эхлэв. Намайг цүнхний ёроолд хүрэх дөхөж байтал тэмдэглэлийн дэвтрийн хавтас гарт минь тэмтрэгдэв. Уг дэвтрийн хавтасны дотор талаас би тэр эгчийн төрсний гэрчилгээ, ээжийнх нь нас барсны болон гэрлэсний гэрчилгээ, эмээгийнх нь нас барсны гэрчилгээ, эцгийнх нь оршуулгын гэрчилгээ гэсэн таван чухал гэрчилгээг олов.
Манай хөршийн хамаатан бид хоёр бичиг баримтыг үзэж байтал баруун Сибирийн “Вагайский дүүрэг” гэсэн хоёр үг нүдэнд тусав. Гэнэт надад өөрийнхөө гэр бүлийн модыг харах ёстой юм шиг санагдсан. Тэгээд би аавын минь угийн модны холын мөчир дээр Вагайский гэж байгааг олж мэдэв. Цаашдын судалгаа нас барсан хөрш эмэгтэй бид хоёрыг хоорондоо холбоотой болохыг харуулсан!
Их Эзэн надаас огтхон ч боломжгүй зүйлийг хүсээгүй. Хөрш маань манай гэр бүлийн нэг хэсэг гэдгийг мэдээд, би ямар их баярлаж байна гээч. Энэ холбоос нь түүний ариун сүмийн ёслолууд гүйцэтгэгдсэн эсэхийг ирээдүйд шалгах боломжийг надад олгоно.
Их Эзэн Өөрийн хүүхдүүдийг хайрладаг билээ. Тэр миний хөршид болон түүний хүү гээд бүх хүнд авралын төлөвлөгөөг бэлдсэн.