2022
Ахлагч Эзра Тафт Бэнсон Польш дахь гэгээнтнүүд дээр очсон нь
2022 оны 9-р сар


“Ахлагч Эзра Тафт Бэнсон Польш дахь гэгээнтнүүд дээр очсон нь,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Гэгээнтнүүдийн түүхүүд, дугаар 3

Ахлагч Эзра Тафт Бэнсон Польш дахь гэгээнтнүүд дээр очсон нь

Ахлагч Эзра Тафт Бэнсон Польшийн Варшав хотод

Тэргүүн зөвлөлөөс томилсны дагуу Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Бэнсон дэлхийн 2-р дайны дараа Европ дахь Сүмийн тусламжийн ажлыг удирдаж байв. Тэнд байх 11 сарын хугацаанд тэрээр 60,000 миль (96,000 км) гаруй замыг туулжээ. Түүний ард Польшийн Варшав хотын балгас харагдаж байгаа нь.

Гэрэл зургийг Солт Лэйк Сити дэх Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв

1946 оны зуны нэгэн ням гаргийн сэрүүхэн орой Эзра Тафт Бэнсон аяллын хоёр хамтрагчийнхаа хамт Польшийн Зэлваги хотын нам гүм гудамжаар автомашинаар явж байжээ. Бартаатай зам, аадар бороо аялагчдыг өдөржин түгшээсэн ч тэднийг зорьсон газраа ойртоход цаг агаарын таагүй байдал арилав.

Зэлваги хот нэгэн цагт Германы нэг хэсэг байсан бөгөөд Сэлбонгэн хэмээн нэрлэгддэг байжээ. Дайны дараа улс орнуудын хилийн зурвас өөрчлөгдөж, төв болон зүүн Европын ихэнх хэсэг ЗХУ-ын нөлөөнд орсон байна. Хурдтай хөгжиж байсан Сэлбонгэн салбар 1929 онд Германд анхны Хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглааны байрыг барьжээ. Гэвч зургаан жил үргэлжилсэн дайны дараа тус тосгоны гэгээнтнүүд арайхийн амь зууж байв.1

Ахлагч Бэнсон Польшид очсон нь үнэхээр гайхамшиг байлаа. Польшид утасны сүлжээ байгаагүй учраас ахлагч Бэнсонд болон түүний хамтрагчдад тус улсад нэвтрэх бичиг баримт бүрдүүлэхэд туслах албаны хүмүүстэй холбоо тогтооход бэрхшээлтэй байв. Маш их залбирч, Польшийн засгийн газартай дахин дахин холбоо барьсны үндсэн дээр төлөөлөгч шаардлагатай визийг авчээ.2

Тэдний машин Зэлваги дахь хуучин цуглааны байр луу ойртоход гудамжинд байсан ихэнх хүн тарж нуугдав. Ахлагч Бэнсон болон түүний хамтрагчид барилгын өмнө машинаа зогсоогоод, бууж ирлээ. Тэд ойролцоо зогссон нэгэн эмэгтэйд өөрсдийгөө танилцуулаад, Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн байрыг мэддэг эсэхийг асуув. Эмэгтэй тайвшран, нүд нь нулимсаар дүүрч, “Ах нар энд байна!” хэмээн германаар хэлээд уйлжээ.

Тэр даруй хүмүүс түгжээтэй хаалганы цаанаас уйлсаар бас баярласаар гарч ирэв. Зэлваги дахь гэгээнтнүүд гурван жилийн турш Сүмийн ерөнхий удирдлагуудтай холбоогүй байсан ба тэр өглөө тэдний олонх нь номлогч эсвэл Сүмийн удирдагчийг тэдэнд дээр ирүүлэхийн төлөө мацаг барин, залбирч байжээ. Хэдхэн цагийн дотор зуу орчим гэгээнтэн төлөөлөгчийн үгийг сонсохоор цугларав.

Ахлагч Бэнсоныг гэгээнтнүүдэд хандан ярьж байтал зэвсэглэсэн хоёр польш цэрэг цуглааны байранд орж иржээ. Цугларсан хүмүүс айсандаа хөшсөн бол төлөөлөгч цэргүүдийг танхимын урд талын суудалд суухыг урив. Тэрээр хэлсэн үгэндээ эрх чөлөө, чөлөөт байдлын чухлыг онцолж байв. Цэргүүд түүнийг яриаг анхааралтай сонсож, хаалтын дуу дуустал суудалдаа сууцгаасан бөгөөд дараа нь зүгээр л гарч явжээ. Тэгээд ахлагч Бэнсон салбарын ерөнхийлөгчтэй уулзаж, гэгээнтнүүдэд зориулан хоол хүнс, мөнгө үлдээгээд нэмэлт тусламж ирж яваа хэмээн батлан хэлсэн аж.3

Удалгүй ахлагч Бэнсон Тэргүүн зөвлөлд хандан захидал бичжээ. Тэрээр уг захидалдаа Сүмийн тусламжийг Европ дахь гэгээнтнүүдэд хүрч байгааг харахдаа урамтай байгаа ч тэдэнд тулгарч байгаа бэрхшээлд санаа нь зовж байгаагаа илэрхийлсэн байв.

“Эдгээр болон Европ дахь манай бусад гэгээнтэн Сүмийн агуу халамжийн хөтөлбөрийн ач тусыг хэзээ ч мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ олон хүний амь аврагдсан нь дамжиггүй бөгөөд манай үнэнч гишүүдийн итгэл, эр зориг ихээхэн хүчирхэгжлээ”4 хэмээн бичжээ.

Сүмийн гадаа цугларсан хүмүүс

Германы Сэлбонгэн (дайны дараа Польшийн Зэлваги нэртэй болсон) хотын сүмийн гишүүд 1930 онд Сүмийн байрныхаа гадаа цуглараад байгаа нь.

Эх сурвалж

  1. Ezra Taft Benson, “European Mission Report #19,” Aug. 7, 1946, 1, 3, First Presidency Mission Files, CHL; Benson, Journal, Aug. 1 and 4, 1946; Babbel, Oral History Interview, 6; “Elder Benson Reports First Visit to Poland,” Deseret News, Aug. 17, 1946, Church section, 1, 8, 12; Minert, In Harm’s Way, 310; “Selbongen during World War II,” Global Histories, history.ChurchofJesusChrist.org/global-histories.

  2. Babbel, On Wings of Faith, 131–134; Benson, Journal, July 29 and 30, 1946; Aug. 1 болон 4, 1946; мөн Frederick Babbel, “‘And None Shall Stay Them,’” Instructor, Aug. 1969, 104:268–269-ийг үзнэ үү. Сэдэв: Польш.

  3. Benson, Journal, Aug. 4, 1946; Ezra Taft Benson, “European Mission Report #19,” Aug. 7, 1946, 1, First Presidency Mission Files, CHL; Ezra Taft Benson to First Presidency, Aug. 7, 1946, 2, Ezra Taft Benson Correspondence Files, CHL; Selbongen Branch, General Minutes, Aug. 4, 1896; “Selbongen during World War II,” Global Histories, history.ChurchofJesusChrist.org/global-histories.

  4. Ezra Taft Benson, “European Mission Report #20,” Aug. 24, 1946, 2, First Presidency Mission Files, CHL; мөн “Red Cross to Cooperate in Distribution of Supplies,” Deseret News, Sept. 7, 1946, Church section, 1, 9-ийг үзнэ үү.