“Христ доторх найдвар ба тайтгарал,” Лиахона, 2022 оны 9-р сар.
Христ доторх найдвар ба тайтгарал
Их Эзэн итгэлтэй гэгээнтнүүдээ санаж, шагнадаг гэсэн амлалтад бат итгэцгээе.
Еэнс, Ан Катрин Андэрсэн нар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ үнэн гэсэн гүн гүнзгий, бат гэрчлэлтэй байв. Тэд балмад танхайрагч бүлэглэлийнхний болон нийгэм, шашны хавчлагыг үл харгалзан 1861 онд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгджээ.
Дараа жилийнх нь хавар тэд Сионы дуудлагыг сонсож, Солт Лэйк Валли руу 5000 миль (8 000 км) замыг туулав. Сионд цугларна гэдэг нь найз нөхөд, хамаатан саднаа мөн эцэг өвгөдөөс үе дамжин ууган хүүдээ өвлүүлсээр ирсэн сайн ферм гээд Дани дахь сайхан амьдралаа ардаа орхино гэсэн үг байв. Тэдний тэр үржил шимтэй томоохон ферм Дани улсын хойд хэсэгт, үржил шимт Жутландын хойгийн Аалборгийн ойролцоох Вэддум тосгонд байдаг байжээ. Олон арван хүн ажиллуулахын зэрэгцээ ашиг орлого ч сайн олж, олны хүндэтгэлийг хүлээсэн байв.
Еэнс, Ан Катрин нар Сүмд хамт хөрвөсөн хөрвөгчидтэй хөрөнгөнөөсөө хуваалцаж, Сион руу аялах 60 орчим гэгээнтний зардлыг төлжээ. 1862 оны 4-р сарын 6-нд Андэрсэны гэр бүл 18 настай Эндрю хүүгийнхээ хамт Данийн 400 гэгээнтэнтэй нэгдэн, Албион хэмээх жижиг усан онгоцоор Германы Хамбург руу явав. Хоёр хоногийн дараа тэд Хамбургт ирээд, өөр гэгээнтнүүдтэй нэгдэж, хөлөг онгоцонд суун Атлантын далайг гатлах аяллаа эхлүүлжээ.
Сионд цугларах баяр баясгалан удалгүй уй гашуу болон хувирав. Албион усан онгоцонд сууж явсан хэд хэдэн хүүхэд улаан бурхан өвчнөөр өвдсөн байжээ. Өвчин дүрвэгчдийн дунд тархан, 40 хүүхэд, хэд хэдэн том хүн нас барж, тэднийг далайд оршуулав. Тэдний дунд миний элэнц өвөө 49 настай Еэнс Андэрсэн байсан юм.
Данийн гэгээнтнүүдийн хамт гэр бүлээрээ Сионд хүрч, Сионыг байгуулах Еэнсийн мөрөөдөл Хамбургаас хөдлөөд, ердөө 10 хоногийн дараа замхарчээ. Нэгэн түүхч “Мосе шиг чөлөөлөгч амлалтын нутагт хэзээ ч хөл тавиагүйтэй адил Аалборг [Вэддум]-ын харьяат Еэнс Андэрсэн жараас цөөнгүй нөхдөө цагаачлахад туслаад, өөрөө 1862 онд [Германаас явсныхаа дараахан] Хойд тэнгист нас барсан юм”1 хэмээн бичжээ.
Мөнх бус амьдралын сорилт
Эрхэлж дассан фермээ орхиж, хайртай нөхөр, эцгээ алдсан Андэрсэны гэр бүлийнхний золиос үнэ цэнтэй байсан уу? “Үгүй” гэж дэлхий хариулна гэдэгт би итгэлтэй байна. Учир нь дэлхийд итгэл, алсын хараа, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний өгдөг “мөнхийн тал”2 дутагдаж байна.
Энэхүү мөнхийн тал нь бидэнд мөнх бус амьдралыг мөн үүний олон сорилтыг ойлгоход тусалдаг. Бид айдас, урвалт, уруу таталт, нүгэл, гарз, ганцаардалтай тулгардаг. Өвчин, гамшиг, сэтгэл гутрал, үхэл бидний мөрөөдлийг үгүй хийдэг. Заримдаа ачаа дарамт бидний дааж чадахаас хэтэрсэн мэт санагддаг.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн “Нарийн ширийн зүйл нь янз бүрийн зүйл байж болох хэдий ч эмгэнэлт явдал, төсөөлж ч байгаагүй сорилт, хүндрэл бэрхшээл гээд бие махбод, сүнслэг байдлын асуудлуудын аль аль нь бид бүгдэд ирдэг” гэж хэлсэн. Мөн тэрээр “Бид аз жаргалыг эрж хайдаг. Бид амар амгаланг хүсдэг. Бид хайранд найддаг. Мөн Их Эзэн бидний дээрээс арвин их адислалыг цутгадаг. Гэхдээ баяр баясал, аз жаргалтай зэрэгцэн нэг зүйл тодорхой байдаг нь таны бодгаль шархдах он жил, өдөр хоног, цаг, хором мөчүүд тохиосоор байх болно”3 хэмээн нэмж хэлсэн.
Бид чихэрлэгт баясахын тулд гашууныг хүлцдэг (Сургаал ба Гэрээ 29:39-ийг үзнэ үү). Бошиглогч Исаиагийн хэлснээр, бид бүгдийг “зовлон зүдүүрийн зуухан дотор” цэвэршүүлж мөн сонгосон” (Исаиа 48:10).
Цагаатгалын амлалт
Зовлон зүдүүр бол Эцэгийн “аз жаргалын агуу төлөвлөгөөний” нэг хэсэг юм (Алма 42:8; мөн 2 Нифай 2:11-ийг үзнэ үү). Харин энэ төлөвлөгөөний гол хэсэг нь “агуу бөгөөд алдар суут Цагаатгал”-аас ирдэг тайтгарал ба найдвар юм.4 Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан биднийг аврахаар ирсэн. (Алма 36:3-ыг үзнэ үү.)
Аврагч бидний хүнд хэцүү, гэм нүглийг Өөр дээрээ авахын тулд “бүх зүйлийн доор бууж ирсэн” (Сургаал ба Гэрээ 88:6). Тэр хаана яагаад өвдөж байгааг бүрэн ойлгож, бидэнд хэрхэн тохинуулахаа мэддэг.
Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) “Аврагч бидний мэдэрч, даван туулах бүхнийг даван туулсан учраас Тэрээр сул дорой хүмүүсийг хүчтэй болоход нь тусалж чадна” гэж хэлсэн. “Энэ бүхнийг Тэр Өөрөө туулсан. Тэр бидний зовлон шаналлыг ойлгож, хамгийн хүнд хэцүү цагт ч бидэнтэй хамт алхах болно.”5
Ийм учраас бид Түүнд болон Түүний Цагаатгалд эцсийн найдвараа бэхэлж болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Манай дэлхий бол Есүс Христэд ч, хүмүүний аз жаргалын төлөөх Бурханы төлөвлөгөөнд ч найддаггүй, гутранги, увайгүй газар юм” хэмээн хэлсэн. “Яагаад дэлхий даяар ийм зөрчилдөөн, бухимдал байгаа вэ? Шалтгаан нь тодорхой юм. Христэд найдвар үгүй аваас хүн төрөлхтнийг гэтэлгэх тэнгэрлэг төлөвлөгөөг ойлгох боломжгүй. Энэ мэдлэггүйгээр хүмүүс өнөөдрийн оршихуйг маргаашийн мөхөл дагаж, аз жаргал, гэр бүлийн холбоо зуурдынх гэж эндүүрдэг.”6
Би ариун сүмд очиж, амьд бошиглогчдын үгсийг сонсох үедээ Есүс Христэд найдах найдвар ба эдгэрэлтийг олж авдаг. Би Түүнийг болон Түүний Цагаатгалыг гэрчилсэн судруудыг судлахдаа тайтгарал олж авдаг. Мөнх бус байдал таны “амар амгаланг сарниулан”7 заналхийлэхэд миний “хамгаалах судрууд” гэж нэрлэдэг тэдэн рүү ханд. Тэдгээрийн дундаас би өөрийн дуртай заримыг дурдъя.
Хуучин Гэрээ
-
“Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина”(Исаиа 25:8).
-
“Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ. … … Тэр гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ” (Исаиа 53:4–5).
Шинэ Гэрээ
-
“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье” (Maтай 11:28).
-
Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33).
Мормоны Ном
-
“Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно (Алма 7:12).
-
“Мөн та нар юуны төлөө найдах билээ? Болгоогтун та нар Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэйн тань учир болой” (Моронай 7:41).
Сургаал ба Гэрээ
-
“Иймийн тул, зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно; мөн та нар миний тухай бүр Есүс Христийг, би бол амьд Бурханы Хүү, би байсныг, би байгааг, би байх болно гэдгийг гэрчлэх ёстой” (Сургаал ба Гэрээ 68:6).
-
Иймийн тул, бүр үхэлд ч бүү эмээ. Учир нь энэ дэлхийд та нарын баясал бүрэн биш болой, харин миний дотор та нарын баясал бүрэн болой” (Сургаал ба Гэрээ 101:36).
Эдгээр болон бусад номын шүлэг нь Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын (1924–2015) хэлснээр “Христийн цагаатгалын амлалт”8-ыг гэрчилдэг.
Бошиглогчийн уриалгууд
Аврагчийн бидний одоогийн болон ирэх дэлхий дэх аз жаргалд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг ойлгох үед ерөнхийлөгч Нэлсоны яагаад Түүнийг амьдралынхаа сүнслэг суурь болгохыг биднээс гуйсныг ойлгох болно.
“Их Эзэнд зориулан цаг гаргахыг би та нараас гуйж байна! Та нар үргэлж Ариун Сүнстэй хамт байлгах зүйлсийг хийснээр сүнслэг сууриа цаг хугацааны шалгуурт бат бөх байхаар тавь. Ерөнхийлөгч Нэлсон Их Эзэнд зориулан цаг гаргах гэдэгт ариун сүмийн үйлчлэл, шүтлэгээр дамжуулан “Их Эзэний ариун өргөөнд Түүнд зориулан цаг гаргах” багтдаг гэдгийг нэмж хэлсэн.9
“Ариун сүмийн гэрээ байгуулсан та бүхнээс би ариун сүмийн гэрээ, ёслолуудыг ойлгохын төлөө залбирч байгаад, тууштай эрэлхийлэхийг гуйж байна. …
…Таны амьдралд ямар нэгэн үймээн самуун гарах бүрд сүнслэг байдлын хувьд хамгийн аюулгүй газар бол ариун сүмийн гэрээнүүд дотроо амьдрах явдал юм!
Сүнслэг суурь тань Есүс Христ дээр бат бөх тавигдсан үед та айх хэрэггүй гэсэн миний үгэнд итгээрэй.10
Алгандаа сийлсэн
Ан Катринд болон түүний хүү Эндрюд юу тохиолдсон бэ? Тэд Нью-Йорк хот руу зургаан долоо хоног гунигтай аялсныхаа дараа цөхрөнгөө барж, Дани руу буцсан уу? Үгүй. Тэд Аврагчийн талаар болон авралын төлөвлөгөөний тухай гэрчлэлдээ суурилан, Бурханд найдаж, галт тэрэг, усан онгоц, гар тэргээр зоригтой урагшилсан. Тэд 1862 оны 9-р сарын 3-нд Солт Лэйк Валлид хүрч, Сионыг барих ажилд нэгдсэн билээ.
Тэд Юта мужийн Ефраим хотод суурьшсан бөгөөд Эндрю гэрлэж, гэр бүлтэй болжээ. Дараа нь Эндрю ээжийгээ болон гэр бүлийнхнээ аваад, Юта мужийн Лихай хот руу нүүж, тэндээ амжилттай фермер, банкир, хотын дарга болсон юм. Тэрээр эх орондоо гурван жилийн турш номлолын ажил хийсэн бөгөөд бишопын зөвлөлд хорь гаруй жил, дээд зөвлөлд буюу дээд санваартны чуулгад гуч гаруй жил үйлчилсэн. Түүний гурван хүү Дани, Норвегт номлол хийжээ.
Мөнх бус нүдээр бид нулимстай эхлэлээс алдар суут төгсгөлийг хүртэл харж чадахгүй. Харин Христэд итгэснээр бид ирээдүйг найдлагаар харж чадна. Мөн Их Эзэн Еэнс, Ан Катрин, Эндрю шиг итгэлтэй гэгээнтнүүдээ санаж, шагнадаг гэсэн амлалтад бид бат итгэж чадна. Их Эзэн тэднийг санасан мөн Тэр биднийг ч санадаг. Тэр дараах зүйлсийг амласан:
“Би чамайг мартахгүй.
Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн” (Исаиа 49:15).