2022
Амьдралаа Их Эзэнээр удирдуулах
2022 оны 9-р сар


“Амьдралаа Их Эзэнээр удирдуулах” Лиахона, 2022 оны 9-р сар.

Залуучуудад зориулав

Амьдралаа Их Эзэнээр удирдуулах

Бүх зүйл хэрхэн бий болсныг байнга харж чадаагүй ч итгэлээр үйлдэх үед минь Их Эзэн намайг адисалсан.

уулан дээр зогсоод, нар жаргахыг харж байгаа нь

Эцэг, эх хоёр маань амьдралынхаа ихэнх хугацааг шашин шүтэж өнгөрүүлсэн боловч олон сорилт, тэр дундаа аавын минь өвчний эцсийн онош тэднийг өсөхөөс шүтсэн шашнаа орхиход хүргэсэн. Тиймдээ ч намайг хүүхэд байхад манай гэрт шашны талаар яриа өрнөж байгаагүй юм. Аавыг хорт хавдраар нас барахад би дөрвөн настай, дээрээ 12 ах эгчтэй байсан бөгөөд бэлэвсэрч хоцорсон ээж маань Бурхан манай гэр бүлд ийм зүйл тохиолдохыг зөвшөөрсөн гэдэгт итгэж чадахгүй байв.

Би 14 настай байхдаа миний амьдралд ямар нэгэн зүйл дутуу байгааг мэдэрсэн юм. Миний мэдээгүй ямар нэг илүү том зорилго надад байгаа болов уу хэмээн гайхширдаг байлаа. Иосеф Смитийн нэгэн адил “миний оюун буурь суурьтай бясалгал хийгээд их хүндрэлд учраад байв” (Иосеф Смит—Түүх 1:8). Хэдийгээр би тэр үед Иосеф Смитийн талаар огт сонсож байгаагүй ч үнэнийг олно хэмээн найдаж, олон сүмд явж байхдаа түүний хийсэнтэй тун төстэй эрэл хайгуулыг хийж эхэлсэн билээ.

Тэгээд нэг өдөр хослол өмссөн хоёр залуу хөршийн маань гэр рүү явж байхыг харав. Би сониучирхан тэдний уулзалтад орж болох эсэхийг асуулаа. Ээжээсээ зөвшөөрөл авсны дараа би номлогчидтой уулзаж эхэлсэн ба эцэст нь Сүмд нэгдсэн.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн нь зорилгоо олоход, ялангуяа залуу насандаа эргэн тойрны хүмүүсийн санал нийлээгүй олон шийдвэр гаргах шаардлагатай болох үед надад тусалсан юм. Надад зорилго, чиглэл байсан ч бүх зүйл хэрхэн ажиллахыг би тэр бүр мэддэггүй байв.

Гэсэн хэдий ч би мэдэхгүй, тодорхойгүй зүйлс, маш олон өөрчлөлттэй тулгарахдаа Тэнгэрлэг Эцэгт хандан, Түүний удирдамжийг тогтмол хүлээн авдаг байсан. Би Түүнд болон Түүнд итгэх итгэлдээ найдах хэд хэдэн аргыг сурсан ба тэдгээр нь надад урагшилж, зорилгоо үргэлжлүүлэн олоход минь тусалсан юм.

Зорилготой урагшлах

Үе тэнгийнхэн маань коллежид орохоор бэлтгэж байх үед би хэрхэн номлолд явах талаараа бодож байлаа. Чилид хүн бүр их сургуульд орохын өмнө шалгалт өгөх ёстой. Жилд нэг л удаа болдог тул хэрэв би номлолд явбал боловсролоо хоёр жилээр хойшлуулаад зогсохгүй, дараа нь сургуульд орохын тулд дахиад нэг жил хүлээх хэрэгтэй байв.

Манай гэр бүл, ялангуяа ээж маань номлолд явахыг минь эсэргүүцэв. Миний коллежийн боловсрол эзэмших нь түүнд маш чухал байсан. Гэхдээ Их Эзэн надад шаардлагатай зүйлийг хийхэд тусална гэдэгт би итгэж байсан учраас ямартай ч залбирч бэлдэж эхлэв.

Бишоп маань миний бөглөж дуусгасан номлолын бичиг баримтыг бариад, манай гэрт ирж, ээжээс гарын үсгийг нь авахаар хүсэхэд ээж их гайхсан ба би түүнд үйл явц энэ хүртэл өрнөснийг хэлээгүй байсан юм. Түүнийг нэлээн ятгах шаардлага гарсан ч Их Эзэн ээжийн минь зүрх сэтгэлийг зөөлрүүлж, намайг үйлчлэхийг хүсэж байгааг ойлгуулж тусалсан.

Хэдий асуултууд, тодорхойгүй байдал байсан ч зөвхөн итгэлээр алхам алхмаар урагшлах үед би ахиж дэвшин, сайн мэдээ надад зөв зүйл хийж байгаа гэсэн баталгааг өгсөн.

Ар араасаа ирэх илчлэлтүүд

Номлолоосоо буцаж ирэх нь мөн л тодорхойгүй байдал руу буцах гэсэн үг байв. Би залбирч, мацаг барин, Тэнгэрлэг Эцэгээс удирдамж эрэлхийлснээр АНУ руу нүүж, Бригам Янгийн Их Сургуульд суралцах хэрэгтэй гэсэн илчлэлт хүлээн авсан ба энэ нь бараг боломжгүй даалгавар мэт надад санагдсан.

Би чадах бүхнээ хийж, дараа дараагийн хамгийн сайн алхмуудыг дагасан. Би чадах чинээгээрээ шаргуу хөдөлмөрлөж байсан ч миний хичээл зүтгэл зорилгодоо хүрэхэд маань тусалж чадах эсэх минь эргэлзээтэй, заримдаа хаашаа ч явахгүй юм шиг санагддаг байв. Гэсэн хэдий ч миний гол зорилго Их Эзэний надаас хийгээсэй хэмээн хүссэн зүйлийг дагах явдал байсан бөгөөд энэ нь надад үнэ цэнтэй байсан.

Би ийнхүү хичээж зүтгэж байхдаа нэг өдөр манай хотод амьдардаг АНУ-аас ирсэн сайн найзтайгаа холбоо барих урам зоригийг мэдэрсэн. Тухайн үед бүх зүйл хэрхэн өрнөхийг би мэдээгүй боловч Сүнс намайг чиглүүлсэн учраас би юу ч бодолгүй түүнд хандсан ба эцэст нь миний найз болон түүний аав БЯИС-д суралцахад шаардлагатай визийг мэдүүлж, авахын тулд юу хийх хэрэгтэйг мэдэхэд туслах зэмсэг болсон юм. Тэдний тусламж мөн онгоцны зардлыг минь төлөхийн тулд хийсэн ээжийн маань асар их золиосоор би тэнд очсон. Энэ бол гайхамшиг байлаа.

Миний амьдрал ийм байдлаар ахиж дэвшсээр байв. Би чадах бүхнээ хийж, дараа нь юу хийх ёстой талаар нэг бүрчлэн, нэг нэгээр нь сүнслэг нөлөөг хүлээн авдаг байсан. Ийм маягаар би номлогчийг бэлтгэх төвд ажилд орж, сургалтын төлбөрөө төлөх арга зам олж, мэргэжлээ сонгож, эцэст нь төгсөж мөн гэрлэсэн юм.

Миний асуултын хариулт тэр дороо ирээгүй мөн би хэзээ ч төгс нарийн төлөвлөгөө хүлээн авч байгаагүй ч явж байсан чиглэл маань Их Эзэний таалалд байсан гэсэн баталгааг хүлээн авсан.

цонхоор харж байгаа нь

Илчлэлт ойлгомжгүй санагдах үед

Хэдэн жилийн дараа би сайн мэдээний дагуу амьдрахад золиос ямар чухал болохыг олж мэдсэн. Хэрэв бид Их Эзэнээс зорилго, чиглэл өгөхийг хүсэж байгаа бол энэ чиглэлийг авахад бэлэн байх ёстой.

Намайг сургуулиа дүүргэсний дараа миний ажиллаж байсан компанийн ажил төлөвлөсний дагуу болоогүй тул эхнэр бид хоёр АНУ-д үлдэх эсвэл Чили рүү буцах гэсэн хоёр сонголттой болов. Бид хоёулаа Чили рүү буцах хэрэгтэй гэдгээ тов тодорхой мэдэрсэн. Гэртээ харихыг хүсэх нь ердийн зүйл мэт санагдаж болох ч тухайн цаг үе маш хүнд байсан юм. Чилид тийм ч их ажлын байр байгаагүй. Надад байшингаа зарахад хүндрэл үүсэв. Санхүү, логистикийн хувьд энэ нь хамгийн алсын хараатай үйлдэл шиг байгаагүй ба манай гэрийнхэн хүртэл биднийг ухаангүй гэж бодож байлаа.

Илчлэлт нийтлэг ойлголттой зөрчилдөх үед та юу хийдэг вэ? Хэдий хэцүү байсан ч эхнэр бид хоёр юу хийхээ мэдэж байсан. Сайн мэдээ биднийг өдий зэрэгт хүргэсэн гэдгийг бид өөрсдөдөө сануулсан. Их Эзэн байгаагүй бол номлолд үйлчлэх, боловсрол эзэмших, эхнэртэйгээ уулзахад тусалсан сүнслэг нөлөө миний амьдралд байхгүй байх байсан. Ямар ч шалтгаантай бай, бид Чилид хэрэгтэй гэдэгтээ итгэх хэрэгтэй байв.

Бид байшингаа бишоптоо үлдээн зарагдах хүртэл нь түрээсэлж байхыг түүнээс хүсээд нүүв. Хэцүү байсан ч бид Их Эзэний дуудлагыг сонссоноор маш олон адислал, гайхамшгийг мэдэрсэн. Их Эзэн биднийг хаана хэрэгтэйг, Түүний зорилгод хаана хамгийн сайнаараа үйлчлэх боломжтойг мэддэг бөгөөд дуулгавартай байсны төлөө биднийг адисалдаг.

Их Эзэнтэй хамт шийдлийг олох

Өнөөгийн залуучууд Жаредын ахын үлгэр жишээг дагана гэж би найдаж байна. Жаредчууд амласан нутаг руу аялах хэрэгтэйгээ мэдэж байсан ч тэнд яаж хүрэхээ сайн мэдэхгүй байв. Жаредын ахыг “Их Эзэний нэрийг дуудах” үед (Ифер 2:15) Тэрээр түүнд хэд хэдэн шийдлийг санал болгосон. Их Эзэн түүнд усан онгоц барихыг хэлж, хөлөг онгоцонд байгаа хүмүүсийг агаараар хэрхэн хангах талаар зааварчилгаа өгсөн.

Гэхдээ Их Эзэн Жаредын ахаас “Та нар хөлгүүд дотроо гэрэлтэй байхын тулд намайг хэрхэхийг та нар хүснэ вэ?” хэмээн асуусан. (Ифер 2:23). Жаредын ахад яг юу хийхийг хэлэхийн оронд Их Эзэн түүнийг явж, өөрөө шийдэл олоосой гэж хүссэн.

Миний амьдрал ийм арга замаар явж ирсэн. Заримдаа Их Эзэн надад тодорхой заавар өгдөг. Бусад үед Тэр намайг өөрийнхөө санааг олоод, Өөр дээр нь ирэхийг хүлээдэг. Ямар ч байсан Түүнийг уг үйл явцад татан оролцуулах нь чухал юм. Мацаг барин, залбирч, Их Эзэнтэй зөвлөлдөх нь амьдралынхаа талаар шийдвэр гаргахыг оролдож буй хэн бүхэнд зайлшгүй шаардлагатай алхам юм.

Илүү их зорилгыг эрэлхийлж буй аливаа залуучуудад би дараах зөвлөгөөг өгч байна: Хувийн илчлэлт авахаар Их Эзэнд ханд. Патриархын адислалаа тогтмол унш. Мөн хэрэв Их Эзэнийг танд зориулсан илүү агуу зорилго бий гэж хэлбэл амьдралынхаа ач холбогдол багатай зүйлсийг золиослоход бэлэн бай.

Би Их Эзэнд хайртай. Сайн мэдээ бол миний хувьд бүх зүйл минь юм. Их Эзэн таны чадавхыг харж, тэнгэрлэг зорилгодоо хүрэхэд тань туслахыг хүсдэг гэдгийг би мэднэ.