2023
Гэр бүлүүд бол үүрдийнх
2023 оны 1-р сар


“Гэр бүлүүд бол үүрдийнх,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Сайн мэдээний үндсэн зарчим

Гэр бүлүүд бол үүрдийнх

Инээмсэглэж буй гэр бүл

Гэр бүл бол нийгмийн болон Сүмийн үндсэн нэгж юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд гэр бүлүүд мөнхөд хамт байж чадна гэдэгт итгэдэг. Бид дэлхий дээр гэр бүлээ хүчирхэгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөдөг. Бид бас мөнхийн гэр бүлийн адислалуудыг хүртэж чадна гэдэгт итгэдэг.

Бурханы гэр бүл

Бүх хүн тэнгэрлэг эцэг эхийн сүнсэн хөвгүүд, охид билээ. Бид бүгд Бурханы гэр бүлийн нэг хэсэг юм. Бид бүгд бурханлаг чанар мөн хувь тавилантай. Хэрэв бид зөв шударга амьдрах аваас Тэнгэрлэг Эцэгийн гэр бүлийн хувьд Түүнтэй мөнхөд хамт амьдрахаар эргэн ирж чадна.

Шинээр гэрлэсэн хос ариун сүмийн гадна

Хуримын гэрэл зургийг Жөүсэф Калуба

Мөнхийн гэр бүлүүд

Эрэгтэй, эмэгтэй хүн ариун сүмд гэрлэж, гэрээнүүдээ сахих үед гэрлэлт нь үүрд мөнх үргэлжлэх болно. Энэ ариун сүмийн ёслолыг лацдан холболт гэдэг. Эцэг эх нь лацдан холбогдсоны дараа төрсөн хүүхдүүд энэ гэрээнд төрдөг. Эцэг эх нь лацдан холбогдохоос өмнө төрсөн хүүхдүүд мөнхөд нэг гэр бүл болохын тулд эцэг эхтэйгээ ариун сүмд лацдан холбогдож болно. Сүмийн гишүүд гэр бүлээ бүх үр удамтай нь лацдан холбохын тулд гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажил хийдэг. Мөнхийн гэр бүлийн адислал нь Есүс Христийн болон Түүний Цагаатгалын ачаар боломжтой болдог.

Гэрлэлт

Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гэрлэлтийг Бурхан томилсон. Есүс Христийн сайн мэдээ нь эхнэр, нөхрүүдэд гэрлэлтийн гэрээндээ бие биедээ үнэнч, итгэлтэй байхыг заадаг. Тэд бодол, үг, үйлдлээрээ үнэнч байх ёстой. Гэрлэлт бол эрх тэгш түншлэл бөгөөд эхнэр, нөхөр хоёр бие биеэ дэмжиж, тайтгаруулж, туслах ёстой.

Балчир хүүхдээ тэвэрч буй эцэг эх

Эцэг эх ба үр хүүхэд

Бурхан Адам, Ева хоёрт хүүхэдтэй болохыг тушаасан. Сүмийн удирдагчид энэ тушаал одоо ч хүчинтэй гэдгийг заадаг. Эцэг, эх хоёр хүүхдүүдээ хайр, зөв шударга ёсонд хүмүүжүүлэхээр (Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг үзнэ үү) хамтдаа зүтгэдэг. Хүүхдүүдэд эцэг эхээ хүндэлж, тэдэнд дуулгавартай байхыг заадаг (Гэтлэл 20:12-ыг үзнэ үү).

Сургалт ба суралцахуй

Эцэг эх нь үр хүүхдэдээ Бурханыг хайрлаж, Түүний зарлигуудыг дуулгавартай дагахыг заадаг. Гэр бүлийн амьдрал бидэнд баяр баясгаланг мэдэрч, тэвчээр, аминч бус үзэлд суралцах боломж олгодог. Эдгээр зан чанар нь биднийг Бурхантай илүү адилхан болоход тусалж, гэр бүлээрээ үүрд мөнхөд аз жаргалтай амьдрахад биднийг бэлтгэдэг.

Гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх

Амжилттай гэр бүлийг бүтээхэд ажил хөдөлмөр, бүхнээ зориулах байдал мөн тэвчээр шаардлагатай. Итгэл, залбирал, уучлал, хайр, ажил хөдөлмөр, зөв зохистой зугаа цэнгэл зэрэг сайн мэдээний зарчмууд нь гэр бүлийн амьдралдаа баяр хөөртэй байхад маань тусалдаг. Бид гэр бүлээ хэрхэн хүчирхэгжүүлэхээ мэдэж авахын тулд хувийн илчлэлт хүлээн авч чадна.

Есүс Христийн хөрөг

Христийн дүр төрх, Хэйнрих Хофманн

Бүх хүн адислагдах боломжтой

Хүн бүрд энэ газар дэлхий дээр өв тэгш гэр бүлтэй байх боломж тохиодоггүй ч Бурхан зарлигуудыг нь дагадаг хүн бүр мөнхийн гэр бүлийн бүх адислалыг хүлээн авна хэмээн амласан. Бид Түүнд болон Түүний цаг хугацаанд итгэлтэй байж болно.