“Хүчирхийлэл, үрчлэлт, эдгэрэлт,” Лиахона, 2023 оны 1-р сар
Залуучуудад зориулав
Хүчирхийлэл, үрчлэлт, эдгэрэлт
Гэр бүл маань хүчирхийлэлтэй, тогтворгүй байсан ч би Христээр дамжуулан ирээдүйн гэр бүлдээ найдаж чадах болсон.
Би маш тогтворгүй орчинд өсөж торнисон. Төрсөн эцэг эх маань надад догшин ширүүн хандаж, үл тоомсорлодог байсан бөгөөд би хүнд хүчир сорилтуудтай нүүр тулсан юм. Би сэтгэл түгшүүр, биеийн үзэмжийн асуудал, хооллохоос дургүйцэх эмгэг болон нөхцөл байдлаас үүдсэн сэтгэл гутралтайгаа тэмцэж, олон жил эрх чөлөөгөө хязгаарлуулж байв.
Төрсөн эцэг эх маань ариун сүмд лацдан холбогдсон ч намайг 8 настайдаа баптисм хүртээд удаагүй байхад сүмээс хөндийрч эхэлсэн. Тэднийг гэрээнээсээ холдох тусам нөхцөл байдал маань улам дордож байв.
14-тэй байхдаа би ээж, аутизмтай дүү хоёроо харж хандан, асардаг байлаа. Би хаягдаж, хяналтаас гарсан байсан. Би өөрийгөө болон нөхцөл байдлаа үзэн ядаж, амьдралд минь өөрчлөлт хэзээ ч гарахгүй байх гэж боддог болсон байв.
Гэвч нэгэн гайхамшиг тохиолдож, ээж маань намайг харж хандаж чадахгүйгээ ойлгон, Сингапурт амьдардаг ахтайгаа утсаар ярьж, намайг үрчилж авахыг хүслээ. Цүнхээ баглаад, нүдэндээ нулимстайгаар би хүчирхийллээс холдон, шинэ амьдралаа эхлүүлэхээр онгоцонд суув. Гэвч үрчлэгдсэн айлдаа болон шинэ соёлд дасах амаргүй байсан ба би урагшлахын тулд тэмцдэг байсан.
Үрчилсэн эцэг эх маань надад туслахын тулд чадах бүхнээ хийдэг байв. Би сэтгэл засалч болон эмч нартай уулзсан. Би Сүмдээ дахин явж эхэлсэн ч үзэж туулсан бүхнээсээ болоод итгэлээ алдсан байсан тул Тэнгэрлэг Эцэг надад хайртай бас Түүнд надад зориулсан зорилго байгаа гэдэг талаар мэдэж авахад хэцүү байв.
Би аз жаргалгүй байлаа. Би өнгөрснөөсөө хэрхэн эдгэрэхээ мэдэхгүй байсан ба ирээдүйдээ найдахаа больсон байв.
Эдгэрэх хүсэл
Нэг өдөр би мөнх бус амьдрал хэчнээн богино болохыг бодож суулаа. Тэгээд би амьдралаа аз жаргалгүй өнгөрүүлэхийг хүсээгүй юм. Би зовлонгоосоо суралцаж, заалгуулсан сайн мэдээний зарчмуудаараа амьдарч, Христийг амьдралдаа урих хэрэгтэй байв.
Би итгэлийн үсрэлт хийж, өдөр бүр өвдөг сөгдөж, Тэнгэрлэг Эцэгээс төрсөн эцэг эхээ уучилж, айдсаа итгэл болгон, эдгэрэл, аз жаргалыг олж, амьдралдаа хайрыг олж харах хүч чадал гуйж эхлэв. Би институтэд явж, судраас судалж, сайн мэдээний үнэнүүдийг амьдралдаа хэрэгжүүлж эхэллээ.
Би Есүс Христийн болон Түүний Цагаатгалын эдгээгч хүчийг чин сэтгэлээсээ эрэлхийлж байсан. Амьдрал минь аажим аажмаар өөрчлөгдөж эхлэв. Би тэвчээртэй байж, сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хийлгэж, өдөр бүр амьдралаа Сүнсээр бялхуулж, эдгэрч эхэлсэн. Би тусгаарлагдмал хөндий биш, илүү өөрийн болж эхэлсэн. Би аюулгүй байгаагаа мэдэрч, бусдад үйлчилсэн. Би өөрийгөө хайрлаж, уучилж бас хүлээн зөвшөөрөв. Би эрүүл, хайраар дүүрэн харилцаануудыг тогтоосон. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ намайг гэх хайрыг мэдэрч эхэлсэн. Би амьдралдаа анх удаа жинхэнэ баяр баяслыг мэдэрч эхэлсэн юм.
Христ бидний ирээдүйд итгэл найдвар өгдөг.
Би өнгөрснөө өөрчилж чадахгүй ч Сургаал ба Гэрээ 122:7 дээр өгүүлснээр, “эдгээр бүх зүйл [надад] туршлага суулгах болно, мөн [миний] сайн сайхны төлөө байх болно.” Аврагч намайг зовж зүдэрч байхад дэмжсээр ирснийг би мэддэг болсон. Зовлон зүдгүүрээсээ үл хамааран би өөрөө өөрчлөгдөх хүсэлтэй байж мөн Түүнд хандсан учир маш их өсөж хөгжсөн байв.
Хэрэв та гэр бүлийн хүнд хэцүү орчин нөхцөлд байгаа бол Тэнгэрлэг Эцэг танд хайртай, таныг мэддэг бөгөөд гэрэлт ирээдүйн үүдийг нээж өгнө гэдгийг мэдэж ав. Би үрчлэгдэхээсээ өмнө, нөхцөл байдал маань хэзээ ч өөрчлөгдөхгүй байх, би хэзээ ч гэрлэхгүй бас үр хүүхдээ өөр шигээ зовох вий гэсэндээ хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэж өөртөө хэлдэг байв. Гэвч би гэр бүлдээ үзэж туулсан зовлон зүдгүүрээс үл хамааран, бид Христийг эрэлхийлснээр ирээдүйн болон мөнхийн гэр бүлээ найдвар, сайн мэдээний үнэн болон хайр дээр үндэслэж чадна гэдгийг сурсан.
Далын ахлагч Кларк Г.Гилбэрт: “Бид … өөр өөр амьдрах орчноос эхэлдэг” гэж заасан. Зарим хүний эхлэх цэг өндөрт байдаг ба тэд төрөхдөө л олон боломжтой төрдөг. Бусад нь хэцүү … нөхцөл байдалтай нүүр тулгардаг. … Тэгээд бид хувийн өсөлтийн налуу шугамын дагуу өсөж хөгждөг. Бидний ирээдүй эхлэх цэгээр маань бус, өсөлтийн налуу шугамаар илүү тодорхойлогдоно. Бидний хаанаас эхэлснээс үл хамааран, Есүс Христ бидний бурханлаг боломж бололцоог олж хардаг. … Тэр бидний налуу шугамыг тэнгэр лүү чиглүүлэхэд бидэнд туслахын тулд бүхнийг хийх болно”1 гэж заасан.
Нөхцөл байдал тань ямар ч байлаа гэсэн Есүс Христэд найдвар, эдгэрэл байдаг! Тэр тантай хамт байж, Өөрийг нь үргэлж эрэлхийлэх юм бол амар амгалан, баяр баясал руу таныг удирдах болно.