2023
Би яагаад уучилж чадахгүй байгаа юм бэ?
2023 оны 1-р сар


“Би яагаад уучилж чадахгүй байгаа юм бэ?,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Би яагаад уучилж чадахгүй байгаа юм бэ?

Би Тэнгэрлэг Эцэгээс муу мэдрэмжүүдээ даван гарч, уучлахад минь туслаач гэж залбирсан.

Ариун сүмийн талбайн цэцэрлэгт ажиллаж буй эрэгтэй

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Би тойргийнхоо хэдэн ахтай нийлж, нэг эгчийг нүүлгэж туслахаар болов. Орон сууцны гадна ирэхэд буруу байрлуулсан байсан бүхээгт машин манай ачааны машиныг байр луу ороход саад болж байлаа.

Би машин дээрх утасны дугаар луу залгаж, тэр хүнийг ирээд ачааны машинаа хөдөлгөхийг хүсэв. Тэр удахгүй очно гэж хариуллаа.

15 минутын дараа намайг дахин залгахад тэр хариулсангүй. Дараа нь дахин нэг удаа залгасны эцэст тэр хоёр хүүхэдтэй хамт гарч ирэв. Тэр уурлаж, дургүй хүргэм үгс хэлэв. Нүүлгэлтийн үеэр би үүнийг мартах гэж оролдлоо.

Орой нь би болсон зүйлийн талаар бодож үзэв. Мэдэрсэн зүйлсээ мартаж, тэр хүнийг уучлахад туслаач гэж Тэнгэрлэг Эцэгтээ залбирав. Тэр залбиралд минь хариулсан.

Гэвч төд удалгүй би орон нутгийн сонин уншиж байгаад, тэр хүнтэй холбоотой нийтлэл байхыг олж харав. Түүний зураг сонин дээр нийтлэгдсэн байлаа. Түүний тухай дахиад л муу зүйлс бодогдож эхэлсэн болохоор би өмнөхтэй адил зүйлсийг хийв. Энэ ач холбогдолгүй зүйл намайг зовоохоо болиход мөн тэр хүнийг уучлахад туслаач гэж би Их Эзэнээс гуйсан. Сайхан мэдрэмж төрөв.

Удалгүй тэр хүнтэй дэлгүүрт тааралдахад муухай мэдрэмж дахин төрлөө. Би бүр мэл гайхаж орхив. Би Их Эзэнээс яагаад энэ болсон явдлаас салж чадахгүй байгаагаа асуув. Хэдэн өдрийн дараа Тэр надад нэгэн хичээл заасан юм.

Би Финландын Хельсинки ариун сүмийн талбайгаас машинтай гарч явахдаа, энэ хүнийг ариун сүмийн цэцэрлэгийн талбайд ажиллаж байхыг хараад, нүдэндээ ч итгэж чадсангүй. Миний оюун нээгдэж, тэр над шиг Их Эзэнд үйлчилж мөн над шиг л ажил нь бүтэлгүйтсэн хүндхэн өдрүүдийг туулдаг юм байна гэдгийг ойлгосон. Дараа нь би тэр хүнийг ах шигээ харах боломжтой болсон юм. Өөр нүдээр харснаар надад Түүнийг хүндэлж, хайрлах сэтгэл төрөв. Үүнээс хойш өмнөх бүх мэдрэмж алга болж, би дахин тэгж мэдрээгүй.

Бид бусдыг Их Эзэний биднийг хардаг шиг харах юм бол бүрэн уучлах Түүний зарлигийг дагаж чадна (Матай 6:14–15; Сургаал ба Гэрээ 64:9–10-ыг үзнэ үү). Энэ туршлага мартагдашгүй, Их Эзэний нигүүлсэл байсан гэдгийг би зүрх сэтгэлдээ одоо ч тунгаадаг.