“Хүүгийнхээ дэргэд бай,” Лиахона, 2023 оны 1-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Хүүгийнхээ дэргэд бай
Намайг санваарт томилогдох үед Сүнс аавд минь хандан ярьснаар аав минь амьдралаа өөрчилсөн юм.
Нагац ах Билл намайг хоёр эмэгтэй дүүтэй маань Хүүхдийн хэсэгт аваачсанаар би Сүмд идэвхтэй болсон юм. Манай Хүүхдийн хэсгийн багш Жийн Ричардсон бидэнд эхийн сэтгэлээр сайхан ханддаг байв. Надад хөрш хүүхдүүдээс маань илүү сайн ханддаг байсан болохоор би багшдаа болон сүмийн шинэ найзууддаа дуртай байдаг байлаа. Тиймээс би сүмд үлдэхээр шийдэв.
Миний 12 насны төрсөн өдөр болохын алдад бишоп Дал Гаймон намайг Аароны санваар авч, диконоор томилогдохыг урив. Юу гэсэн утгатай болохыг нь сайн мэдээгүй ч би зөвшөөрлөө. Дараа нь тэр “Чи дараагийн ням гарагт ааваасаа өөрийгөө сүмд авчрахыг гуйж яагаад болохгүй гэж? Мөн бид чамайг томилох болно” гэв.
Аав 13 орчим настай байхдаа гэрийнхэнтэйгээ сүмд явахаа больсон байв. Тэр насанд хүрсэн хүний хувиар ихэнх амралтын өдрөө орон нутгийн бааранд орж мөн спорт загасчлалд явж өнгөрүүлдэг байлаа. Тэрээр Дэлхийн II дайн болон Солонгосын дайны үед АНУ-ын Тэнгисийн цэрэгт алба хаасан юм. Тэр тамхи татдаг, архи уудаг, хараал хэлдэг байсан ч манай Монтана мужийн жижигхэн хотод үнэнч, шударга гэдгээрээ үнэлэгдсэн нэгэн байв.
Дараагийн ням гарагт аав намайг сүмд дагуулж явсан нь маш том үйл явдал байв. Цаг болоход бишоп Гаймон намайг дуудаж, сандал дээр суухад урилаа. Ааваас бусад хэдэн эрэгтэй миний толгой дээр гараа тавьж, ёслолыг гүйцэтгэв.
Би хэдэн том гарын хүнд жинг мэдэрсэн бол ганц, хоёр метрийн зайд түшлэгтэй сандал дээр сууж байсан аав цээжиндээ өөр төрлийн дарамт мэдэрсэн байв. Дотроос нь нэг дуу хоолой түүнтэй ярьж, “Дараагийн удаа ийм зүйл тохиолдоход чи хүүгийнхээ дэргэд байх хэрэгтэй” гэжээ.
Дараагийн долоо хоногуудад аав амьдралаа өөрчилж, ням гараг бүр сүмд явж эхлэв. Удалгүй сүм манай гэр бүлийн амьдралд гол зүйл болсон юм.
Аав маань миний дикон, багш, пристийн чуулгын зөвлөх, миний Ням гаргийн ангийн багш, сагсан бөмбөг, зөөлөн бөмбөг болон волейболын дасгалжуулагч болсон. Бид гэрийн багшийн хамтрагчид болсноор аав хэд хэдэн эрэгтэй хүнийг болон гэр бүлийг Сүмд эргэн авчрахад тусалсан юм.
Аавынхаа тусламжтайгаар би өөрийн хувийн болон хувиргалтын хөрвөлтөө хийсэн. Тэр цагаас хойш би аав шигээ хамгийн сайн аав болох урилгад хариу өгөх эрэгтэй хүмүүст мэдрэмжтэй байхыг хичээдэг болсон.
Би 60 жилийн өмнө нагац ах Биллийн болон Хүүхдийн хэсгийн сайхан сэтгэлт багшийн мөн ухаалаг бишопын болон аавынхаа миний төлөө хийсэн зүйлүүдэд үүрд талархаж явах болно.