2023
Архаг өвчнөөр өвдөх үед
2023 оны 1-р сар


“Архаг өвчнөөр өвдөх үед,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Нас ахисан ч итгэлтэй хэвээр

Архаг өвчнөөр өвдөх үед

Өдөр тутмын бэрхшээлээ даван туулах нь биднийг энэрэнгүй, өр зөөлөн, тэвчээртэй байж өсөж хөгжихөд тусалдаг.

Нэг хүн хоёр гараараа нөгөөгийнхөө гараас атгаж байгаа нь

Ээж нэлээн тамирдаж сульдан, нас барахынхаа өмнө байнга инээмсэглээд, “Бидний хэн нь ч эндээс амьд гарч чадахгүй, тиймээс бид байгаа зүйлээ хамгийн сайнаараа хийж байх ёстой” гэдэг байв.

Тэр сайн байгаа үедээ тэгж хэлдэг байв. Түүний амьдралд олон сайхан үе байсан ч

хүч тэнхээ сорьсон өдрүүд ч тохиодог байсан. Ийм үедээ тэр “Замдаа таарснаа аваад, дэлхийд сайныг үйлдэж чадах эсэхээ хараарай” гэдэг байлаа.

Дэлхий нийтээрээ хүмүүс өмнөх үеийнхнээсээ урт насалдаг болсон.1 Хэдий бид урт насалдаг болсон ч чихрийн шижин, Паркинсон, хорт хавдар, сэтгэл гутрал, Алцхаймэр гэх мэт архаг өвчнөөр өвдөх магадлал өссөн байна. Тиймээс архаг өвчнөөр өвдөх үед та яах ёстой вэ?

Итгэлээр урагшил

Хөгжлийн бэрхшээлтэй болсон нэгэн ах, гэр бүлээ тэжээхээр эхнэрээ ажилдаа эргэн ороход “Дарж чадахгүй ч хөгжмөө барь гэдэг шүү дээ” гэв. Бид баяр хөөртэй царайг олонтоо гаргадаг нь өөрсдийн мэдрэмжийг ялган таньж, үзэл бодлоо сайжруулахад саад болдог гэж тэр боддог. “Итгэлтэйгээр урагшлахын оронд бид гайхамшиг тохиохыг хүлээж эсвэл гайхамшиг тохиолдоогүйд гомдоллон гацдаг” гэж тэр хэлэв. Тэр энэ бүхнийг судар болон ерөнхий чуулганы үгсийг сонсож, найзууд болон гэрийнхэнтэйгээ утсаар холбогдон даван туулж байна.

“Өдөр бүр нэг хэвийн байх нь намайг сэтгэлээр унагадаг. Нөхрийн маань эрүүл мэнд нэгэнт сайжрахгүй гэдгийг би хүлээн зөвшөөрсөн. Гэвч нэгэн хэвийн, хар ажил хүний оюун санаа, бие махбод, сүнслэг байдлыг их туйлдуулдаг” гэж нөхөр нь хүндээр өвдсөн эмэгтэй хэлэв. Тэр тохинуулагч эгч нарыг айлчлан ирдэгт талархдаг. “Тэд ирж, миний өдрийг гэрэлтүүлдэг” гэж тэр хэлсэн юм.

“Заримдаа эхнэр бид хоёр мартамхай болж, бие биедээ цухалдах үе гардаг” гэж өөр нэг настай ах хэлэв. “Бид ийм мартамхай болсондоо бухимддаг. Ялангуяа нэг нэгэндээ уурласныхаа дараа гэмшдэг болсон.” Тэд юмаа санадаг болохын тулд тэмдэглэл хөтөлж сурсан ба ярихаасаа урьтаж нэг нэгэндээ тайвшрах цаг гаргадаг болсноос гадна ‘баярлалаа,’ ‘хайртай шүү’ гэдэг үгсийн ач холбогдлыг илүү их мэдэрдэг болсон тухай тэр ярив.

Өөр нэг хосын хувьд эмийн зардал нь хоёр дахин өсөх хүртэл тогтмол орлогоороо болгодог байжээ. Гэр бүлийн гишүүд болон тойргийнхоо тусламжтайгаар тэдний хэрэгцээ шийдэгдсэн байна. “Эхлээд тусламж хүснэ гэхээс, ялангуяа хүүхдүүдээсээ тусламж хүснэ гэхээс санаа зовж байсан. Гэвч хүн бүр туслахдаа баяртай байсан” гэж тэр ах хэлэв.

Есүс хүнийг эдгээж байгаа нь

Тэрээр төрөл бүрийн өвчнийг эдгээсэн, Ж.Көрк Ричардс, хуулбарлахыг хориглоно.

Зөвлөгөө болон ажиглалт

Архаг өвчтэй хүмүүсийн өгч буй зөвлөгөө болон ажиглалтууд:

  1. Аврагч руу ханддаг хүмүүс итгэл найдвар олох болно. “Миний туулж байгаа бүхнийг хэн ч ойлгохгүй байх гэж би боддог байсан ч нэгэн ням гарагт ариун ёслолоос хүртэж байгаад Аврагч миний зовлонг ойлгодог гэдгийг би ухаарсан. Би Түүнд ойртсоноор эцсээ хүртэл тэвчиж чадна гэдгээ ойлгосон” гэж архаг ядаргааны хам шинжтэй ах хэлэв. (Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 121:8; 122:8-ыг үзнэ үү.)

  2. “Үүнийг дажгүй давсан” (Сургаал ба Гэрээ 121:8) хүмүүст хайр энэрэл өсөн нэмэгдэх болно. “Бид гашуудлын, гай зовлонтой өдрүүддээ тусламж, тайтгарал эрж хэн рүү хардаг вэ? … Тэд бол зовлон үзсэн эрэгтэй, эмэгтэйчүүд бөгөөд өөрсдийн зовлон зүдгүүрийн туршлагаас одоо тусламж хэрэгтэй байгаа хүмүүст өр нимгэн сэтгэлээр хандаж адислал болох болно. Тэд энэ бүгдийг туулаагүй байсан бол үүнийг хийж чадах байсан болов уу?”2

  3. Нэг удаад тухайн өдөртөө л анхаар. “Хэдэн жилийн өмнө би маш хүчтэй өвдөлт мэдэрч байсан болохоор цаашид хэрхэн даван туулахаа мэдэхээ больж, амиа хорлох бодол төрж эхэлсэн гэж тархмал склероз өвчтэй эгч хэлэв. Тэрээр эмнэлгийн сэтгэцийн эрүүл мэндийн тасагт өөрийгөө үзүүлжээ. Зөвлөгөө авах үеэр, түүний зорилго зөвхөн “эцсээ хүртэл тэвчих” (1 Нифай 22:31) бус, харин “тухайн өдрөө эцсээ хүртэл тэвчих” болж хувирсан юм.

  4. Шинэ сонирхлуудаа хөгжүүлж, үйлчлэх шинэ арга замуудыг ол. Дахин хийж чадахгүй болсон зүйлдээ харамсахын оронд шинэ хүсэл тэмүүлэлтэй бол. Тархмал склерозтой эмэгтэй морь унах, зөөлөн бөмбөг тоглох гэх мэт өмнө нь дуртай байсан зүйлсээ хийж чадахгүй болсноо олж мэдэв. Тэр энэ бүхний оронд уран гоё бичиж (каллиграф) сурсан байна. Тэрээр одоо шинээр хөгжүүлсэн авьяасаа ашиглан гэрийнхэндээ Мормоны Номын чимэглэсэн гар бичмэл хийж өгдөг болжээ.

Архаг өвчинд нэрвэгдвэл энэ нь үнэндээ сорилт болдог ч, Христэд итгэж, найдаж мөн үргэлжлүүлэн үйлчлэх хүсэлтэй байж, өдөр тутмын бэрхшээлээ даван туулах нь биднийг энэрэнгүй, өр зөөлөн, тэвчээрт өсөж хөгжихөд тусалдаг.

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

Эх сурвалж

  1. See Susanne Reiff, “Increasing Life Expectancy: People Are Getting Older and Older,” Alumniportal Deutschland, Sept. 2017, alumniportal-deutschland.org/en/global-goals/sdg-03-health/increasing-life-expectancy-age-ageing.

  2. Orson F. Whitney, “A Lesson from the Book of Job,” Improvement Era, Nov. 1918, 7.