“‘Төгс бус’ гэр бүлээс тэнгэрлэг загварыг олох нь,” Лиахона, 2023 оны 1-р сар.
Залуучуудад зориулав
“Төгс бус” гэр бүлээс тэнгэрлэг загварыг олох нь
Мөнх бус амьдралд “төгс бус” гэр бүлтэй байх нь зовлонтой байж болох ч бид бодит байдлаа Аврагчид улам ойртох арга зам болгон ашиглаж болно.
Бидний мөнх бус амьдралын хамгийн чухал харилцаа буюу гэр бүлийн харилцаа нь юу юунаас илүү утга учир, баяр баясгалан, хүсэл эрмэлзэл хийгээд зовлон шаналлыг бий болгодог билээ. Эдгээр харилцаа чухал учраас манай Сүмийн удирдагчид “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”1 гаргахаар сүнсээр өдөөгдсөн юм. Үүний үнэн нь биднийг гэр бүлийн амьдралын мөнхийн аз жаргалд хөтлөх тэнгэрлэг загварыг мэдэж аваасай хэмээн хүсдэг, хайраар дүүрэн Эцэгийн тухай гэрчилдэг.
Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Эцэг маань хүүхдүүддээ хайртай учраас бидний анхаарал аз жаргал авчрах эсвэл бидний хайхрамжгүй байдал уйтгар гуниг авчрах энэ амьдралд юу хамгийн чухал болохыг тааварлашгүй байдлаар үлдээхгүй”2 хэмээн заасан. Үүнд охин, хүү, ах, эгч, ээж, аав, нагац, авга, эмээ, өвөөгийн гэх мэт гэр бүлийн үй түмэн ариун нандин үүргүүд багтана.
Гэр бүлийн тунхаг дахь үнэнүүд нь ихэнх хүний чин сэтгэлээсээ хүсдэг “мөнхөд төгс” буюу хүчтэй, аз жаргалтай гэр бүлийн харилцаанд хүргэх замыг гэрэлтүүлдэг. Гэхдээ гол асуудал нь бид “мөнх бус бодит амьдралаар” амьдарч байгаад оршино. “Бодит” ба “төгс” байдлуудын ялгаа нь сэтгэл шаналгам байж болно. Бид заримдаа гэр бүлийн тунхгийг өөрсдийгөө удирдах гэрэл болгон харахын оронд “төгс” болох гээд “чадаагүй” зүйлсийн шаналгаатай сануулагч болгон харж болох юм.
-
Бид гэрлэхийг хүсдэг ч боломжгүй санагдаж болно.
-
Бид гэрлэсэн ч таагүй байдлаар салсан байж болно.
-
Бид хүүхэдтэй болохыг хүссэн ч хүүхэд төрүүлж чадахгүй байж болно.
-
Бид өөрсдийн итгэсэн гэр бүлийн харилцаанд хүчирхийлэлд өртсөн байж болно.
-
Бид хайртай гэр бүлийнхнийхээ сонголтоос болоод шаналж яваа байж болно.
-
Бид хайртай хүмүүсээ эвтэй байлгахыг хичээсэн ч хагаран сарниж болно.
-
Бид биелээгүй хүслүүд болон амлалтуудаасаа болоод урам хугарч байж болно.
Бодит байдал дээр бид бүгд гэр бүлийн амьдралдаа сорилт бэрхшээл, уй гашуу, шаналлыг— зарим үед бусдаас бүр илүүтэй мэдрэх болно. Бид бүгдээрээ тодорхой хэмжээнд гэр бүлийн тунхагт заасан төгс загварт хүрэхгүй байж болно.
Бид өөрсдийн бодит байдал дахь тэнгэрлэг загварыг ойлгохгүй байж болно.
Аврагчийг эрэлхийлж, Түүний хүсэлд захирагдах
Гэрлэж, үр хүүхэдтэй болохыг олон жил хүсэн хүлээсэн ганц бие эмэгтэйн хувьд би амьдралынхаа үндсэн зорилгыг гэр бүлийн тунхагт заасан гэр бүлийн байдалд хүрэх явдал гэж зорьж, итгэдэг байв. Гэвч чин сэтгэлээсээ хэчнээн хичээгээд ч би хүрэх ёстой гэж бодсон байдалдаа хүрч чадахгүй юм шиг санагдаж, үүндээ шаналж байлаа.
Тэр үед Их Эзэн миний асуудлаар дамжуулан зүрх сэтгэлд минь гайхамшгийг улируулан тохиолгох гэж байсныг би ойлгоогүй байсан.
Эргээд харахад, биелээгүй хүслүүд маань зүрх сэтгэлээ Гэтэлгэгч рүү хандуулж, зөвхөн Түүний өгч чадах амар амгалан, удирдамжийг эрэлхийлж мөн Түүний төгс хайр болон боломжтой болгогч хүчинд илүү их итгэдэг болоход ариун нандин үүрэг гүйцэтгэсэн байв. Өдөр бүр залбирч, судраас ялангуяа Ерөнхий чуулганы үгсээс судлах нь найдвар болон удирдамж авах амин чухал арга зам байв. Тэнгэрлэг Эцэгийн намайг гэсэн хайр, удирдамжийг хүлээн авахын тулд би патриархын адислал болон санваарын бусад адислалдаа анхаарал хандуулахаар өдөөгдсөн юм.
Гашуудаж, гунигламаар санагдсан ч Их Эзэнд сэтгэлээ уудлах үед Тэр намайг хаана байгааг мэддэг мөн миний амьдралд гайхалтай төлөвлөгөө бэлдсэн бөгөөд Түүнд итгэж болно гэсэн нандин мэдрэмж оюун ухаан, зүрх сэтгэлд минь төрсөн. Гэтэлгэгчтэй гэрээгээр холбогдох нь3 амжилт, аз жаргалын ямар ч эх сурвалжаас илүү амар амгалан, баяр баяслыг авах суваг болов.
Амьдралын зорилго минь өв тэгш гэр бүлтэй болох мөрөөдөлдөө хүрэх явдал байсан хэдий ч Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын мөнх бус амьдралын үндсэн зорилго гэж хэлсэн зүйлийг Их Эзэн боломжтой болгож байгааг би ухаарсан юм. Тэрээр хаан Бенжаминаас эш татаад, “үндсэн зорилго нь Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэх4 явдал байж болох юм” хэмээн тайлбарласан.
Аврагчийн тусламж, дэмжлэг хэрэгтэй байсан учраас би хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн Түүний зүрх сэтгэлийг эрэлхийлж, мэдрэхэд хөтлөгдсөн билээ. Энэ үйл явц дунд би Түүний боломжтой болгогч хүчээр өөрчлөгдсөн. Үнэндээ энэ л миний хамгийн их хүсэж байсан зүйл юм. “Төгс” биш гэж санагдсан зүйлс үнэндээ хамгийн сайхан “төгс” байдлын замыг бэлтгэсэн байдаг.
Миний найз, хамт ажилладаг Тай Мансфийлд үүнтэй адил зүйл хэлсэн юм. Ижил хүйстэндээ татагддаг Тай амьдралаа Есүс Христ дээр тогтоон барьж, бүх зүрх сэтгэлээ Түүнд хандуулах хүсэлтэй байж, хэцүү туршлагаа сайн сайхныхаа төлөө ариулах боломжийг Түүнд олгосноор сүнслэгээр өсөж буйгаа харсан. Тайгийн хувьд “Гэрлэсэн, гэрлээгүй Бурхан надад хязгааргүй хайртай бөгөөд намайг хүлээн авдаг” гэдгийг Сүнс түүнд заах мөчид энэ үйл явц эхэлсэн. Миний үүрэг бол Сүнсний удирдамжийг эрэлхийлж, дагаж амьдрах зуураа нэг удаад нэг өдөрт анхаарах явдал байв.”5 Эцэст нь Бурханд итгэснээр Тай эхнэртэйгээ аз жаргалтай, гайхалтай, мөнхөд гэрлэх боломжтой болсон юм.
Аврагчтай харилцах харилцаагаа бэхжүүлэх
Би ч бас хэзээ ч гэрлэхгүй байх гэж бодож байсны эцэст гэрлэсэн. Гэвч Есүс Христэд илүү гүн бэхлэгдэх хэрэгцээ нөхөртэйгөө лацдан холбогдсоны дараах он жилүүдэд нэмэгдээгүй юм гэхэд үргэлжилсээр байв. Үргүйдэлтэй тэмцэж байхдаа би амар амгаланг олж авахын тулд Түүнийг дахин эрэлхийлж эхлэв. Үр хүүхэдгүй бол гэр бүлийн амьдралаас хүлээж байсан баяр баясгалангаа хэрхэн олж авахаа би мэдэхгүй байлаа. Гэтэл нөхөр бид хоёр хоёр хүүхдээр адислагдсан ч эх хүний хувьд би сул дорой байдал дээрээ төвлөрсөөр байв. Байнгын хүсэн хүлээж байсан бүхнээ авсан боловч надад “бодит” болон “төгс” байдлын ялгаа улам томорч байгаа мэт санагдах болсон.
Энэ бүхэн намайг мөнх бус амьдралын зорилгоо болон өсөж хөгжиж буй тэнгэрээс томилогдсон үйл явцаа дахин авч үзэхэд хүргэсэн юм. Амьдралын зорилго нь төгс гэр бүлтэй болох биш ч байж болно. Өв тэгш байдал мөнх бус амьдралд байдаггүй ч байж мэднэ. Харин эсрэгээрээ гэр бүл бол өсөж хөгжих боломж байж болох юм.
Харин “төгс биш” гэж бидний дотроо шаналдаг бодит байдал нь бидэнд “өв тэгш” харилцаагаар амьдрахад бидэнд хэрэгтэй өсөлтийг авчрах ариун зорилгыг гүйцэлдүүлдэг байж болно. Бодит болон төгс байдал хоёрын хоорондох эрс ялгаа нь Есүс Христтэй илүү гүн гүнзгий харилцаатай болж, тэгснээр Тэр эвдэрснийг эдгээж, ариусган, мэргэн ухаан, хүч чадал, хайрыг хөгжүүлдэг харилцаатай болоход биднийг урьдагт энэ хүч оршиж болох юм. Хамгийн гайхалтай нь бид Түүний ач ивээл, гэтэлгэлээр мөн зөвхөн Түүгээр дамжуулан тэнгэрт бий болгохыг эрэлхийлдэг тийм харилцаатай хүмүүс болж чадна.
Төгс төгөлдөр байдал бол гэр бүлийн харилцаан дээр, тэр тусмаа энэ амьдралд хэнд ч боломжгүй юм байна гэдгийг би мэдэж авсан. Харин үнэнч, шударга байх мөн жинхэнээсээ ойр дотно байх боломжтой. Үнэн хэрэгтээ төгс төгөлдрийн дүр эсгэж эсвэл үүнд найдах нь Бурханд төдийгүй гэр бүлдээ болон бусдад жинхэнээсээ ойр дотно хандахад саад болдог. Үүний оронд бид “төгс биш” бүх зүйлдээ Христэд, гэр бүлдээ болон бусдад өөрийгөө яг байгаагаар нь харагдахыг зөвшөөрснөөр Түүний ариусгах хүчийг амьдралдаа урьж чадна. Бид шийдвэрлэгдэхгүй зүйлстэй эвлэрч, Түүний хайраар дүүргэгдэж, Түүнтэй болон хайртай хүмүүстэйгээ харилцаагаа бэхжүүлж, өөрчлөгдөхдөө Түүний гайхамшигт хүчийг хүлээн авч чадна.
Гэр бүлийн тунхгийн хамгийн ариун зорилго нь Есүс Христийн ачаар бид бүгд “төгс” гэр бүлтэй байх мөнхийн хувь заяатай гэдгийг харуулах явдал байсан болов уу.
Тэнгэрлэг эцэг эхийн хайртай охид, хөвгүүдийн хувьд бид бүгдээрээ мөнхийн гэр бүлд харьяалагддаг. Бидний мөнх бус амьдралын онцгой туршлага нь Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг бөгөөд биднийг хөгжин дэвжихэд мөн мөнх амьдралыг6 буюу одоо бидний хэлээд байгаа өв тэгш амьдралаас өөр мэт боловч Түүний амьдарч буй гайхалтай сайхан гэр бүлийг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухаарахад тусалдаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Есүс Христэд итгэл найдвараа тавьсан хүмүүсийн хувьд Цагаатгал нь шударга бус бүх зүйлийг засах болно гэдгийг бид итгэлтэй гэрчилж байна. Эцэгийн хүүхдүүддээ [зориулан] бэлтгэсэн бүхнээс багыг хүлээн авахаар сонгогдсон хүн гэж байхгүй”7 хэмээн тунхагласан.
Их Эзэн Иаковын “төгс бус” гэр бүлийг соригдож байх үед түүнд амлалт өгсөнтэй адил, бидэнтэй байгуулсан гэрээ нь “Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлэх хүртэл чамайг орхихгүй” (Эхлэл 28:15) хэмээн биднийг тайвшруулдаг. Бид Түүнийг дагаснаар төгс бус байдал маань ямар байгаагаас үл хамааран, гэр бүлийн харилцаандаа хамгийн дээд баяр баясгаланд мөнхөд умбаж, хүссэн хүн нь болтол Тэр “биднийг орхихгүй.”