“Зөв долгион,” Лиахона, 2024 оны 1-р сар
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Зөв долгион
Төөрсөн нисгэгчийг яагаад бидэнтэй холбоо барихгүй байгааг ойлгохгүй байв.
Намайг Мексикийн Тихуана дахь нисэх онгоцны буудлын агаарын замын дадлагажигч хянагчаар ажиллаж байх үед зааварлагч бид хоёр далайгаас ирсэн манан хотын ихэнх хэсгийг болон нисэх буудлыг бүрхсэн байхыг анзаарав. Гэхдээ харагдац агаарын зурвасаас хөөрөх, буух зөвшөөрсөн хэмжээн дотор байлаа.
Удалгүй бид эргийн дагуу урд зүгээс ирж буй Cessna 172 онгоцыг ил харааны нислэгийн дүрмээр (VFR) нисэж байгааг радар дээр илрүүлэв. Ил харааны нислэгийн дүрмээр нисгэгчид буух газартаа хүрэхийн тулд газар дээрх тодорхойлогч тэмдгээр өөрсдийгөө харагдахуйц байршуулдаг.
Харамсалтай нь, нисгэгч мананд төөрчихсөн байв. Тэрээр эргийн ойролцоо эргэлдэн нисэж; онгоцны буудалтай холбогдож, өөрийгөө байршуулахыг хичээсэн ч харагдац муу байснаас үзэгдэх орчин нь хязгаарлагдсан байлаа. Би зааварлагчаасаа түүнд туслахын тулд юу хийж болохыг асуув.
“Тэр онгоцоо цамхгийн агаарын зурвасын долгионд тохируулаад, бидэнтэй холбогдох хэрэгтэй байна. Өөрөөр бид түүний төлөө юу ч хийж чадахгүй” гэж тэр хариулав.
Төөрсөн нисгэгчийг яагаад бидэнтэй холбоо барихгүй байгааг ойлгохгүй юм. Радиод нь асуудал гарав уу? Аюулаас өөрөө гарчихна гэж бодов уу?
Хэдэн минут өнгөрлөө. Эцэст нь, нисгэгч цамхгийн долгионд орж ирэв. Санаа зовсон хоолойгоор тэр тусламж хүслээ. Тэр даруй бид түүнд нисэх буудлын хөөрөх, буух зурвас руу аюулгүй газардах, удирдах зааврыг өгсөн юм. Тэр бидний өгч буй заавар, нислэгийн багаж хэрэгсэлдээ найдах хэрэгтэй болов.
Онгоцыг цөөн хэдэн минутын дараа манангаас гарч ирээд, аюулгүй газардахад бид үгээр дүрслэхийн аргагүй баяр хөөрт автаж билээ.
Би гэртээ харих замдаа нисгэгчид юу тохиолдсоныг тунгаан бодов. Биднийг агаарын замын зөв долгионоор дуудсан нь тусламж авах уу эсвэл эргэлдэн нисэх үү эсвэл бүр тэрнээс ч дор байдалд орох уу гэдэгт нөлөөлсөн.
Би “харанхуй манан” (1 Нифай 8:23)-тай үед энэ нисгэгч шиг төөрдөг. Надад Бурханы удирдамж хэрэгтэй үед Тэрээр миний дуу хоолойг тэвчээртэй хүлээдэг.
Би радар дээр төөрсөн онгоцыг харж чадсан шиг бидний Тэнгэрлэг Эцэг биднийг болон бидний асуудал бэрхшээлийг хардаг. Түүний бидэнд удирдамж өгдөгт би талархалтай байна. Тэрээр залбирал, судар, амьд бошиглогчид, Ариун Сүнсний бэлэг зэргээр дамжуулан тусламж өгдөг. Хэрэв бид зөв долгионд тохируулж, удирдамж хүсэн, Түүний дуу хоолойг сонсвол Тэрээр биднийг бие махбодын болон сүнслэг аюулаас удирдаж гаргах болно.