Лиахона
Есүс Христ Мормоны Номд
2024 оны 1-р сар


“Есүс Христ Мормоны Номд,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Есүс Христ Мормоны Номд

Их Эзэнийг Мормоны Номд хэдэн удаа дурдсан байдаг вэ?

Есүс Христ Америк дахь хүмүүст тохинуулж буй нь

Хэнийг Мормоны Номд дурдагдсан чухал нэгэн гэж хэлэх вэ? Зарим хүн Нифай, Алма, Мормон нарыг гэх боловч гол чухал нэгэн нь Есүс Христ юм. Нифай:

“Бид Христэд итгэж … байхыг хүүхдүүддээ … ятгахын тулд бичихээр хичээнгүйлэн хөдөлмөрлөв. …

Мөн бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглодог … болой” (2 Нифай 25: 23, 26) хэмээн бичжээ.

1978 онд Сюзан Ворд Ийстон Мормоны Ном дахь чухал нэгэн болох Есүс Христийг тоогоор харуулсан чухал ач холбогдол бүхий нэгэн нийтлэлийг хэвлүүлжээ. Тэрээр Есүс Христийн янз бүрийн нэрийг тогтоосноос гадна Мормоны Номд Түүнийг нэр, цолоороо 3925 удаа дурдсан байдгийг харуулсан юм. Энэ нь дунджаар 1,7 хуудас тутамд нэг удаа дурдсан гэсэн үг.1

Энэхүү үнэ цэнтэй судалгаа Аврагчийг Мормоны Номын төвд байдгийг онцолсон хэдий ч давтамжийг багасгасан тоо бөгөөд Түүнийг төлөөний үгээр илэрхийлснийг оруулаагүй аж.

Эцсийн эцэст, Есүс Христийн нэрийг Мормоны Номд хэдэн удаа дурдсан тоо нь энэхүү номыг судлахад хамгийн чухал зүйл биш ч Түүнд хамааралтай нэр бүр нь Түүний бурханлаг мөн чанар, номлолын талаар бидэнд зааж чадна. Бид нэр, төлөөний үгсийг оруулаад Есүс Христийг дурдсан бүх тохиолдлыг хайж, Мормоны Номыг хянуур судалсан. Нийт 7452 удаа, дунджаар шүлэг болгонд нэгээс дээш удаа дурдсан гэдгийг бид тогтоосон.2 Мормоны Номын Христийг дурдсан тохиолдлын ойролцоогоор 50 хувь нь Христийн цолоос бүрддэг бол үлдсэн нь төлөөний үгс байна.

Есүс Христийг хайх нь Түүний талаар судлах ер бусын арга юм. Дараах шүлэг хэрхэн Түүнийг онцлон хэлж байгааг эргэцүүлэн бодоорой. “Бурханы Хүүд, тэрээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно гэдэгт, мөн тэрээр тэдний нүглүүдийг цагаатгахаар зовж мөн егүүтгэгдэх болно гэдэгт, бүх хүмүүн эцсийн хийгээд шүүлтийн өдөр үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр түүний өмнө зогсохын тулд тэрээр амилуулалтыг улируулан тохиолгохоор нас барагсдын дундаас босно гэдэгт итгэж эхлэгтүн” (Алма 33:22; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Ийстон эгчийн анхдагч судалгаан дээр, энэ шүлэг Христийг “Бурханы Хүү” гэдэг цолоор нь дурдсанд тооцно гэж үзжээ. Гэтэл үүнээс гадна Аврагчийг дахин таван удаа дурдсан байдаг. Энэ шүлэгт Есүс Христийг зөвхөн Бурханы Хүү гэсэн төдийгүй Тэрээр Өөрийн үүрдийн Гэтэлгэл, Амилуулалтаар дамжуулан биднийг гэтэлгэх нэгэн бөгөөд бидний шүүгч байх болно гэдгийг онцолсон.

Хамгийн хүчирхэг зүйл нь Христ Мормоны Номд Өөрийгөө эш татсан явдал юм. Жишээлбэл: Аврагчийн “Хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27) хэмээн хэлснийг бид уншдаг. Энэ шүлэгт Христийн нэр гараагүй ч Аврагч Өөрийгөө найман удаа дурджээ. Бид энэ хэсэгт Аврагчийг хайхдаа Түүний үүргийг онцолж харсан.

Дараах шүлгүүд Аврагчийн хүн болгонтой тогтоосон хувийн холбоог төдийгүй тэд Түүний талаар ямар мэдрэмжтэй байсныг харуулдаг.

“Босогтун мөн хавирган талын сорвинд минь та нар гараа хүргэж болохын тулд, мөн түүнчлэн миний мутар дахь мөн хөлөн дэх хадаасны ормуудыг та нар тэмтэрч болохын тулд над дээр нааш ирэгтүн, тиймээс би бол Израилын Бурхан, мөн бүх дэлхийн Бурхан, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэнийг та нар мэдэж болно.

… Цугласан олон урагшилж, мөн гараа түүний хавирган талын сорвинд хүргэж, мөн түүний мутар дахь мөн түүний хөлөн дэх хадаасны ормуудыг тэмтэрч үзэв” (3 Нифай 11:14–15; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Хэдий бид Түүний сорвийг бодитоор хараахан тэмтэрч чадахгүй ч Мормоны Номоор дамжуулан Есүс Христийн тухай хувийн гэрчлэлээ гүнзгийрүүлэх боломжтой.

Мормоны Номд Их Эзэнийг олонтоо дурдсан нь энэхүү ариун нандин ажилд Түүний гол байр суурь эзэлдгийг харахад бидэнд тусалж чадна. Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээнээс Аврагчийг олж таних нь Түүн рүү илүү ойртох хүчирхэг арга зам юм.

Эх сурвалж

  1. Susan Ward Easton, “Names of Christ in the Book of Mormon,” Ensign, July 1978, 60–61-ийг үзнэ үү.

  2. Зарим шүлэгт Христийг олон удаа дурдсан байхад заримд нь огт дурдаагүй байдаг. Дунджаар Мормоны Номын 0.88 шүлэг тутамд Есүс Христийг нэг удаа дурддаг.