“Их Эзэнээс надад ирсэн захиас,” Лиахона, 2024 оны 1-р сар.
Итгэлийн хөрөг
Их Эзэнээс надад ирсэн захиас
Би Мормоны Номоос заах нь үүний талаар гэрчлэл олж авах сайн арга зам гэдгийг мэдэж авсан юм.
1993 онд Өмнөд Африкийн Полоквэйн рүү намайг нүүж очсоноос хойш гурав хоногийн дараа хэн нэгэн манай хаалгыг тогшив. Хаалга нээтэл Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хоёр номлогч зогсож байлаа.
Би шашин шүтдэг гэр бүлд өссөн бөгөөд гэр бүлийнхэн маань намайг үргэлж номлогчдоос холуур байхыг сануулдаг байв. Гэвч тэд сайн хүмүүс шиг санагдсан төдийгүй тэдэнтэй шашны талаар ярихад таатай байсан учраас би тэднийг гэртээ оруулав.
Сайхан ярилцсаны эцэст тэд “Бид танд Мормоны Ном өгч болох уу?” гэж асуусан.
“Жаахан хүлээж байгаарай. Надад байгаа байх аа” гэж би хариулсан юм.
Тэдэнд өөрт байгаа хувиа үзүүлтэл тэд гайхаж хоцров. Хэдэн жилийн өмнө төрөлх хот Кэйптаунд нэгэн үзэсгэлэн дээр номлогчид Мормоны Ном өгсөн гэж би тайлбарлав. Би хадгалаад, хааяа нэг хуудас эргүүлдэг юм.
Тэр уулзалтын дараа би номлогчдыг дахин урилаа. Би хойд аавынхаа тохинуулдаг өөр сүмд өссөн. Дахин баптисм хүртэнэ гэдэг бодол миний хөрвөлтөд нөлөөлсөн тээглэгч чулуунуудын нэг болсон байв. Юутай ч би Сүмийн нэг жижиг салбарт цуглаанд явж эхлэв. Нэг жил хагасын хугацааны дараа салбарын ерөнхийлөгч намайг оффистоо дуудлаа.
“Бид таныг гэрчлэл олж аваасай гэж хүсэж байна”
“Дэйвид ээ, би танд нэг даалгавар өгье. Бид таныг үнэхээр Мормоны Номын тухай гэрчлэл олж аваасай гэж хүсэж байна. Таныг Сайн мэдээний сургаал заахаар дуудагдвал гэрчлэлтэй болж чадна гэж би мэдэрч байна. Та угаасаа их сургуульд заадаг. Бас та олон хүний өмнө зогсохоосоо айдаггүй” гэж салбарын ерөнхийлөгч ярив.
Өнөөдөр багш нар Сүмийн гишүүн байх ёстой байдаг.1 Тэр үед намайг заах дуудлагад дуудах сүнслэг өдөөлт салбарын ерөнхийлөгчид маань төржээ. Би үүнд талархдаг.
“Тэгье” гэж би хэлсэн.
Бямба гараг болгоны орой би хичээлээ ойлгох, мэдэж авах, Мормоны Номын түүх болон хүмүүсийг холбохын тулд маш нарийн судалдаг байв. Миний хувьд номоос заах нь үүний гэрчлэлийг олж авах сайн арга зам байсан юм.
Намайг жил орчим хичээлээ заасны дараа нэг ням гарагт Преториагаас номлолын ерөнхийлөгч чуулганд ирээд, миний зааж байсан Ням гаргийн ангид суув.
Дараа нь тэрээр “Баярлалаа, Бакстэр ах аа. Сайн хичээл байлаа. Та хаанаас ирсэн бэ?” гэв.
Намайг Кэйптаунаас ирсэн гэхэд, аль тойрогт явж байсныг асуув.
“Би тойрогт яваагүй.”
“Энэ юу гэсэн үг билээ?” гэж тэр асуув.
“Би та нарын хэлдгээр харь хүн. Би Сүмийн гишүүн биш” гэж би хэлэв.
Түүний царай хувьсхийн, салбарын ерөнхийлөгчтэй уулзахаар яарав.
“Та гишүүн биш хүнээр судар заалгаж байна уу?” гэж номлолын ерөнхийлөгч түүнээс асуув.
“Тэр муу заасан уу?”
“Үгүй.”
“Тэр сүнсээр нөлөөлсөн үү?”
“Тийм ээ.”
“Тэр үнэн сургаал заасан уу?
“Тийм.”
Тэд намайг үргэлжлүүлэн заахыг зөвшөөрөв. Хэдэн сарын дараа би Христийн мэндэлсний баяраар гэрийнхэн дээрээ зочлохоор Кэйптаунд очив. Намайг тэнд байхад ээж минь хойд аавыг нас барсны дараа тэр сүмээс явах гэж байгаагаа ярьсан. Яг тэр мөчид ээждээ болон өссөн сүмдээ үнэнч байсан учраас буруутай санагддаг байсан мэдрэмжээс чөлөөлөгдөхөд минь Их Эзэн тусалсан юм.
Гэртээ хариад, би салбарын ерөнхийлөгч рүүгээ залгав.
Түүнд би “маргааш баптисм хүртмээр байна” гэлээ.
“Дэйвид ээ, чи итгэлтэй байна уу?” гэж түүнийг асуухад,
“Тийм ээ. Би Их Эзэнээс захиас авсан” гэж би хэлэв.
“Надад чамд өгөх нэг зүйл байна”
Би төрсөн аавдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон гэдгээ хэлэхдээ, аавын ер гайхаагүйг ойлгоогүй.
Тэр “Би чамд нэг түүх ярьж өгье” гэж хэлсэн.
Надтай хэзээ ч шашны талаар ярьж байгаагүй аав минь залуу байхдаа Кэйптауны Сүмийн Кумора тойрогт цуглаанд явдаг байснаа ярилаа. Тэрээр тойргийнхоо сагсан бөмбөгийн багт тоглодог байжээ. Аав минь хожмын үеийн гэгээнтэн хэд хэдэн найзтай байж. Сайн найзуудынх нь нэг нь номлогч байсан бөгөөд номлолынхоо дараа Вьетнамын дайнд амь үрэгджээ.
Хэрэв аав минь тэр найзаа алдаагүй байсан бол Сүмд нэгдэх байсан гэж би боддог. Түүний амьдрал огт өөр түүхтэй байх байв. Хэдэн жилийн дараа ч тэрээр хожмын үеийн гэгээнтнүүдийг ихэд хүндэтгэдэг хэвээр байлаа. Тэр өөрөө ямар ч шашинд нэгдээгүй ч миний Сүмд нэгдэх шийдвэрийг үнэхээр их дэмжсэн юм.
Хойд эцгээ нас барснаас хойш хэдэн сарын дараа би ээждээ баптисмынхаа тухай хэлэв. Яриа тийм ч сайн болсонгүй. Гэсэн хэдий ч би ээжийн талын Голландад байдаг гэр бүлийнхэнтэй уулзахаар очоод, хөрвөлтийнхөө тухай хуваалцаж билээ. Тэгэхэд Сүмтэй холбоотой өөр нэг гэр бүлийнхээ тухай мэдэж авсан.
Намайг зочилж байх үеэр нагац ах над руу ирээд, “Надад чамд өгөх нэг зүйл байна” гэж хэлэв. Тэр надад Мормоны Номын 1890 онд голланд хэл дээр хэвлэгдсэн анхны хувилбарыг өгсөн юм.
“Энэ ном манай гэр бүлд их олон жилийн өмнө байсан. Одоо чамайг үүнийг аваасай гэж би хүсэж байна” гэж тэр хэлсэн.
Сүмтэй холбоотой ийм гэр бүлийн хоёр холбоо намайг маш их тайвшруулсан юм. Өнөөдөр би голланд хэл дээр байгаа энэ Мормоны Номыг нандигнадаг. Энэ нь анх манайд зочилсон тэр номлогчдыг надад санагдуулдаг. Энэ нь Мормоны Номыг заах нь миний хөрвөлтөд хэчнээн чухал болохыг сануулдаг. Энэ нь миний талийгаач аав Сүмийг хүндэтгэдэг байсан, өвөг дээдсийн маань зарим нь сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсныг сануулдаг.
Энэ нь “бүх үндэстнүүдэд үзүүлэх тэр Есүс бол Христ, Мөнхийн Бурхан хэмээн иудейчүүд болон харийнханд”2 итгүүлэх хүч үнэхээр Мормоны Номд байдаг гэдгийг мөн сануулдаг.