Лиахона
Яагаад Бурхан миний амьдралыг өөрчлөхгүй байсан бэ?
2024 оны 1-р сар


“Яагаад Бурхан миний амьдралыг өөрчлөхгүй байсан бэ?,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Залуучуудад зориулав

Яагаад Бурхан миний амьдралыг өөрчлөхгүй байсан бэ?

Гэрлэлт маань хар дарсан зүүд болж хувирахад би сонгох эрх ямар хүчтэйг мэдэж авсан билээ.

Үзгээр номон дээр бичиж буй гар

Би 23 настай байхдаа мөрөөдлийнхөө залуутай ариун сүмд гэрлэв. Амьдралынхаа туршид ийм их аз жаргалыг мэдэрч байснаа санахгүй юм.

Гэтэл амьдралдаа үргэлж хүсэн хүлээж байсан бүх зүйл толгой эргэм хурдаар нурж эхэллээ. Нөхөр минь намайг сэтгэл санаа, бие махбодоор хүчирхийлэх нь улам ихсэв.

Би төөрөлдөж, шаналж байв. Яагаад итгэлтэй байдал минь гэрлэлтийг өөрчлөхгүй байгааг би ойлгоогүй. Би номлолд үйлчилж, гэрээгээ сахин, зарлигуудыг дагаж, тэр бүү хэл ариун сүмийн ажилтнаар үйлчилж байсан. Гэвч намайг Есүс Христ рүү илүү ойртохыг хичээх тусам нөхөр бид хоёрын харилцаа улам дордож байв.

Эргээд бодоход, би нөхөртэйгөө гэрлэх эсэх, асуудлуудаа хамтдаа шийдэх итгэлтэй эсэх тухай залбирч бодож үзэж байсан ч дараа нь гэрлэсэн хойноо үүсэх асуудлын дохиог үл тоомсорлож байснаа ухаарсан юм.

Хариулт олж ав

Ганцаардал, хүчирхийлэл дунд таван жил өнгөрсний дараа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа минь муудаж байв. Амьдралдаа хүлээж байсан бүхэн минь нурж, бүтэлгүйтэв.

Би маш их шаналж байлаа.

Нөхөр минь өөрчлөгдөх хүсэлгүй нь ойлгомжтой болоход би Бурханаас намайг нөхцөл байдлаас минь чөлөөлж эсвэл явах зөв замыг харуулж өгөөч гэж гуйж эхлэв. Гэвч надад хэрэгтэй хариулт ирэхгүй байсан тул би Тэнгэрлэг Эцэгийг миний шаналлын шалтгаан гэж буруутгаж эхэллээ.

Би үргэлжлүүлэн сүмдээ явж, гэрээнүүдээ сахиж байсан ч зүрх сэтгэл минь хаашаа хандахаа мэдэхгүй, үзэн ядалтаар дүүрэн байв.

Тэгээд нэг л өдөр би нөхцөл байдалдаа хариулт авч; үйлдэх, нөхцөл байдлаа өөрчлөхөөр сонгох эрхээ ашиглах хэрэгтэй болсон юм. Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очих эцсийн зорилготой миний хувьд ямар шийдвэр хамгийн сайн бэ гэдгийг би мэдэж авсан.

Эцэст нь би урагшлах алхам хийхээр шийдэв. Нөхөртэйгөө ярилцлаа. Гайхамшигтай нь, бид харилцаагаа эв найртай дуусгавар болгосон юм.

Сонгох хүч

Энэ хэцүү явдал надад Бурханы өгсөн сонгох эрхийн хүч болоод чухал ач холбогдлын талаар суралцахад тусалсан.

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Эргээд бодоход, бидний зарим сонголт амьдралыг маань ямар их өөрчилснийг бид харж болдог. Бид өөр өөр хувилбарыг харж, тэдгээр нь юунд хүргэх бол гэж тунгаан бодох үедээ сайн сонголт хийх буюу сайн шийдвэр гаргадаг. Үүнийг хийх үедээ бид төгсгөлийг нь харан эхлүүл гэсэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зөвлөгөөг дагадаг. Бидний хувьд төгсгөл нь Бурханы бүх бэлгээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдрал руу хөтөлдөг гэрээн дээр байдаг”1 хэмээн заажээ.

Тэнгэрлэг Эцэг хэний ч сонгох эрхэд хөндлөнгөөс оролцдоггүй бөгөөд надад нөхөртэйгөө гэрлэх шийдвэрийг өөрөө гаргах боломжийг өгсөн гэдгийг би ухаарсан. Гэрлэсэн хоёр хоёул Есүс Христийг дагах үедээ мөнхийн гэрлэлтийнхээ төлөө сүнслэг, материаллаг хүчин чармайлт гаргах шаардлагатай учраас хэдийгээр би гэрээгээ сахиж байсан ч Тэрээр нөхрийг минь мөн хүчээр өөрчлөөгүй юм.

Хүнд хэцүү үедээ бид харах өнцөг болон хандлагаа, бүр өөрсдийгөө өөрчлөхийн тулд сонгох эрхээ ашиглах боломжтой. Энэ бол сонгох эрхийн тэнгэрлэг бэлэг юм. Тэнгэрлэг Эцэг биднээс Түүнийг болон Сүнсийг эрэлхийлээсэй, дараа нь амьдралынхаа төлөө хамгийн сайн шийдвэр гаргахын тулд өөрсдөдөө итгэдэг байгаасай хэмээн хүсдэг.

Аврагчид ханд

Анхандаа би эдгэрэхийг мөн хүчирхийлэгчтэй гэрлэсэн гэрлэлтээсээ хурдхан холдохыг хүлээж байсан ч явц нь удаан бөгөөд хэцүү байв. Бошиглогчдын захиасыг сонсох, судар унших, залбирах, гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө хайр, дэмжлэг мэдрэх, сэтгэл заслын арга зэргээр дамжуулан би ирээдүй минь илүү сайн сайхан байна гэсэн найдвар мэдэрдэг. Би эдгэрэл олохын тулд сонгох эрхээ ашиглан уучлал, Аврагчтай болон бусадтай харьцах сайхан харилцаа бүхий амьдралыг тэсэн ядан хүлээж байна.

Амьдралдаа сонгох эрхээ хэрхэн ашиглахаа илүү сайн ойлгосон учраас Бурханд хорссон сэтгэл минь ойлголцол болон хувирч, Түүнтэй харилцах харилцаагаа эдгээх боломжтой болсон юм.

Энэ бол Христ рүү ирэхийг сонгох, Их Эзэнд итгэн найдахын тулд сонгох эрхээ ашиглахад урамшуулан дэмждэг бошиглогчдоос өгдөг зөвлөгөөний дагуу үйлдэх, итгэл дүүрэн сайхан амьдрал бүтээх зэрэг сайн мэдээ юм.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон эгч: “Сонгох эрх чөлөөний эрхэм зарчим бидэнд өөрийн түүхийг бичих боломжийг олгодог. … Гэхдээ Есүс Христ биднийг Өөрийн мутар дахь бурханлаг зэмсэг … болгон ашиглаж, бүтээл туурвихад бэлэн байна. Хэрэв [бид] Түүнийг зөвшөөрөх итгэлтэй байж, Түүнд [бид] өөрийнхөө түүхийн зохиогч байхыг зөвшөөрвөл …2 гэж заасан.

Гэрлэлтээ дуусгавар болгосон минь надад тохиолдсон хамгийн их шаналж зовсон явдлуудын нэг байсан. Гэхдээ бид амьдралдаа төсөөлж ч байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үедээ сүнслэг удирдамж эрэлхийлэн, гэрээний зам руу урагшлах шийдвэр гаргах боломжтой. Бид Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг дагаснаараа сайн зүйлс болон Тэдний амар амгалан, баяр баясгалангийн амласан адислалууд ирнэ гэдэгт үргэлж итгэж найдах боломжтой.

Зохиогч нь Чилид амьдардаг.