Лиахона
Габриэл В.Рийд ах
2024 оны 5-р сар


“Габриэл В.Рийд ах,” 2024 оны 5-р сарын Лиахона

Габриэл В.Рийд ах

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх

Габриэл В.Рийдийн хувьд номлолын удирдагч байхын хамгийн үр өгөөжтэй хэсгүүдийн нэг бол номлогчдыг “Христийн үгнээс зооглож,” судруудад хайртай болж, Аврагчтай илүү адилхан болохыг хүсэж байгааг нь харах юм.

Рийд ах 7-р сард Австралийн Сидней номлолын ерөнхийлөгчийн үйлчлэлээ дуусгахдаа “Хэрвээ чи сайн мэдээнээс суралцах явцаа хэрхэн ‘амттай’ болгохыг үнэхээр олж мэдвэл судруудад хэлсэнчлэн [Алма 32:28-ыг үзнэ үү] тэр үед чиний амьдрал өөрчлөгдөх болно” хэмээн хэлжээ.

Рийд ах Америкийн Самоагийн Паго Паго хотод төрсөн. Тэр самоа, испани, англи хэлээр ярьдаг. Тэрээр Мормоны Номон дахь зооглох гэдэг үг нь самоа хэл рүү “taumamafa fiafia,” испани хэл рүү “deleitar” хэмээн орчуулагддаг бөгөөд хоёулаа баяр цэнгэл гэсэн утгыг илэрхийлдэг хэмээсэн.

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар “би бусдад судруудыг задалж судалснаар ямар их баяр баясал ирдгийг харахад нь туслахдаа баяртай байна” гэжээ.

Габриэл “Гэйб” Волтэр По’ү Рийд 1977 оны 5-р сарын 28-нд Южийн, Түпү Рийд хоёрын гэр бүлд мэндэлж, Америкийн Самоа дахь Лионэ сууринд өсжээ. Бурханыг хайрлаж, бүхнээс тэргүүнд тавих хүсэл нь бага балчир наснаас нь төрсөн бөгөөд 1999-2002 онд Бригам Янгийн Их Сургуулийн америк хөл бөмбөгийн багт тоглож, 2003-2006 онд Үндэсний америк хөл бөмбөгийн лигт мэргэжлийн түвшинд тоглохдоо ч тэрхүү хүслээ улам бататгажээ.

Тэрээр амьдралынхаа тэрхүү цаг үед “Их Эзэн чамд ямар нэгэн юм хэлсэн л бол чи ‘хамаг бүгдээрээ’ зүтгэх хэрэгтэй” гэсэн нэгэн үнэ цэнтэй сургамжийг олж авсан байна.

Рийд ах 2000 оны 6-р сарын 24-нд Ютагийн Баунтифул ариун сүмд Хэдр Линн Сасстай гэрлэжээ. Тэд дөрвөн хүүхэдтэй. Тэр 2002 онд Бригам Янгийн Их Сургуулийг олон улсын харилцааны бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд одоо хувьдаа барилгын удирдлагын компанитай.

Рийд ах Австралийн Сидней номлолыг тэргүүлж байсны дээр гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, дээд зөвлөлийн гишүүн, бишоп, тойргийн залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, ариун сүмийн ажилтан, 1996-1998 онд Чилийн Сантьяго Өмнөд номлолд номлогчоор тус тус үйлчилж байсан.

Хэвлэх