Лиахона
Ахлагч Патрик Кийрон: Их Эзэнээр бэлтгэгдэж мөн дуудагдсан нь
2024 оны 5-р сар


“Ахлагч Патрик Кийрон: Их Эзэнээр бэлтгэгдэж мөн дуудагдсан нь,” Лиахона, 2024 оны 5-р сар.

Шинэ дуудлагууд

Ахлагч Патрик Кийрон: Их Эзэнээр бэлтгэгдэж мөн дуудагдсан нь

Их Эзэн ахлагч Кийроныг онцгой арга замаар бэлдсэн бөгөөд “бүх дэлхийд Христийн нэрийн” онцгой гэрч байх ариун нандин дуудлагаараа дамжуулан бусдыг адислах боломжийг олгох сүнслэг бэлгүүдийг түүнд өгсөн юм.

Зураг
Ахлагч Патрик Кийрон

Ахлагч Патрик Кийрон Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсанаасаа хойш хэдэн жилийн дараа нэгэн бямба гарагт эхнэр Жэннифэртэйгээ супермаркет руу орж явахдаа ахлагч В.Ролф Кэррийг эхнэр Жанийлын хамт тэндээс гарч явахтай таарчээ. Тэнд тэд цөөн хэдэн үг сольсны дараа Кэррийнхэн машин руугаа явцгаав.

Тэр мөчид нэг хүн ахлагч Кийрон дээр ирээд, “Таны ярьж байсан хүн ерөнхий эрх мэдэлтэн байсан уу?” гэж сэтгэл нь хөдөлсөн байдалтай асуужээ. Ахлагч Кийрон: “Тийм ээ. Тэр Далын ахлагч В.Ролф Кэрр байсан” гэв. Нөгөө хүн толгой дохиод, ахлагч Кийроныг өөрийг нь танилгүй, өөдөөс нь харснаа “Ерөнхий эрх мэдэлтнийг харахад л танигдах юм аа, тийм ээ?” гэсэн гэдэг. Тэгээд мөнөөх хүн цааш яаран одсон аж.

“Надад ч гэсэн тэгж санагддаг учраас би энэ түүхэд дуртай. Өнөөдөр надад үүнтэй адил зүйл тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Тэр хүн одоо ч намайг олны дундаас ерөнхий эрх мэдэлтэн гэж танихгүй байж болох шүү дээ” гэж ахлагч Кийрон инээмсэглэн хэлж билээ.

Ахлагч Кийроны өөрийгөө дарсан наргианч зан, төлөв даруу байдал түүнийг таньдаг эсвэл хамт үйлчлэх боломж тохиож байсан хүмүүсийн хайрыг татдаг. 2023 оны 12-р сарын 7-нд Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдаж, гишүүнээр томилогдсон ахлагч Кийрон шинэ дуудлага нь өөрийнх нь төлөө гэхээс илүүтэй Их Эзэний үргэлжлэн явагдаж буй ажлын төлөө гэдгийг мэддэг.

“Бид бүгд хүмүүст Бурханы гэрэл, хайр, халамжийг мэдрэхэд туслахыг хичээн Түүний ажлын нэг хэсэг болох боломжтойг мэдэрдэг. Сүмийнх нь гишүүдийн хувьд биднээс Түүний хүсдэг зүйл бол бусдын амьдралыг адислах явдал юм” гэж тэр хэлдэг.

Их Эзэн ахлагч Кийроныг онцгой арга замаар бэлдсэн бөгөөд “бүх дэлхийд Христийн нэрийн” онцгой гэрч байх ариун нандин дуудлагаараа дамжуулан бусдыг адислах боломжийг олгох сүнслэг бэлгүүдийг түүнд өгсөн юм (Сургаал ба Гэрээ 107:23). 26 насандаа Сүмд хөрвөгдөж, ах эгч нараасаа ганцаараа Сүмийн гишүүн болсон ахлагч Кийрон хэрхэн Бурханы хүүхдүүдийг сонсох, тэдэнтэй холбогдох, тайтгаруулахаа мэддэг төдийгүй бусдыг ойлгох гүнзгий чадвартай хүн юм. Тэр угийн энэрэнгүй хүн бөгөөд бусдад үйлчилж баяр баясгаланг мэдэрдэг. Зовлон үзэж, хайртай хүмүүсээ алдсан тэрээр Аврагч Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан эдгээгч гаврыг санал болгодгийг мөн хэзээ нэгэн өдөр бүх зүйлийг сайхан болгоно гэдгийг гэрчилдэг.

Ахлагч Кийрон бол Их Эзэнд найдаж итгэдэг Есүс Христийн жинхэнэ шавь. Тэр Аврагчийг дагаж, хүмүүсийг Түүн рүү удирдахын тулд бүхнээ зориулдаг нэгэн тул дагахад амархан удирдагч юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч Жэффри Р.Холланд: “Их Эзэн Патрикийг одоо хашиж буй албан тушаалд нь хүртэл удирдан чиглүүлсэн” гэжээ.

Хайраар дүүрэн, бүхнээ зориулсан эцэг эх

Патрик Кийрон 1961 оны 7-р сарын 18-нд Английн хойд хэсэгт орших Камбриа мужийн Карлайл хотод Падди, Патриша Кийрон хоёрын гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг эх танилцах үедээ дэлхийн II дайны үеийн Английн зэвсэгт хүчинд алба хааж байсан бөгөөд ээж нь Энэтхэг болон Мьянмарт армийн сувилагчаар, харин аав нь Франц, Хойд Африк, Сицил, Италид байрлах Хатан хааны нисэх хүчинд үүрэг гүйцэтгэж байжээ.

Зураг
Ахлагч Патрик Кийроны эцэг эх

Ахлагч Кийрон өөрийн эцэг эх Падди, Патриша хоёрыг үнэнч байдал, үйлчлэл, золиослолын үлгэр жишээ бүхий амьдралаар нь дурсан санадаг.

Тэд сүмд тогтмол явдаг хүмүүс байгаагүй ч таван хүүхдийнхээ отгон нь болох Патрикт гэр бүлийн үнэнч байдал, үйлчлэл, золиослолын үлгэр жишээ бүхий амьдралаараа үл мартагдах дурсамж үлдээжээ. Тэрээр ээжийгээ хайраар дүүрэн, ихэнхдээ үлгэрлэх арга замаар зөөлнөөр удирдан чиглүүлдэг, хэнийг ч огт шүүмжилдэггүй, “ер бусын эх хүн” байсныг дурсан санадаг. Түүний ээж өгөөмөр, тууштай, гайхалтай тайван дөлгөөн хүн байв. Тэрээр аавыгаа “эрч хүч, сайхан сэтгэл, мохошгүй халуун сэтгэл; … Арабын хуурай цөлд [мөн] Англи, Ирландын ургамал, моддоор дүүрэн үргэлжлэн тогтсон толгодод, түүнчлэн тэнгэр, мандах нар, далайг харах дуртайгаар нь дурсан санадаг. Гадаа, хээр талд, цэвэр агаарт, нарны гэрэлд байх дуртай болсон маань түүний нөлөө гэдгийг би эргэлзээгүй хүлээн зөвшөөрдөг.”

Хатан хааны нисэх хүчинд алба хаасныхаа дараа ахлагч Кийроны эцэг Саудын Арабын батлан хамгаалахын салбарт гэрээгээр ажиллахаар явжээ. Тэнд 7 настай Патрик дуулгавартай байдлын тухай чухал сургамж авсан ба ерөнхий эрх мэдэлтний хувиар үг хэлсэн анхны Ерөнхий чуулган дээрээ энэ тухай дурссан байдаг. Цөлийн нэгэн аялалд явахдаа тэр гутал өмсөхийг сануулсан эцэг эхийнхээ зааврыг үл тоон “углааш” өмсөж явснаар хилэнцэт хорхойд хөлийнхөө нумыг хатгуулсан гэдэг.

Зураг
Патрик Кийрон хүүхэд байхдаа

Саудын Арабт Патрик Кийрон хүүхэд байхдаа.

Гурван жилийн дараа залуу Патрик Англи дахь дотуур байртай сургуульдаа буцаж ирээд эцэг эхээ санан маш их ганцаарддаг байсан ба тэдний урмын үгтэй захидлууд л түүнд хань болдог байж.

“Надтай харьцуулахад Хогвартст байх нь Харри Поттэрт амар байсан нь тодорхой. Надад бол хэцүү байсан. Би Христийн мэндэлсний баяр, Христийн амилсны баяраар болон зун л гэртээ харьдаг байсан. Би цаасан дээр жижиг хуанли зураад, гэртээ харих хүртлээ хоног тоолон өдөр бүрийг тэмдэглэн явдаг байсан” гэж тэр дотуур байртай сургуульд байсан үеэ ярьдаг.

Хэдэн жилийн дараа Патрикийг Англид дотуур байртай хоёр дахь сургууль дээрээ байх үед Ирландын тэнгисээс хүчтэй шуурга дэгджээ. Энэ шуурганы давлагаанд тэр орчмын 5000 айл үерт автсан байлаа. Патрик болон түүний ангийнхан их цэвэрлэгээнд дэмжлэг үзүүлэхээр дайчлагдав.

Тэр: “Би нойтон, хүнд хивснүүд мөн тэдгээрийн таагүй үнэрийг, түүнчлэн сургуулийн найзуудтайгаа даалгасан ажлыг дуусгахаар шаргуу зүтгэж байснаа одоо ч санадаг. Би тэнд байсан хүмүүсийг мөн тэдний талархаж байсныг мартдаггүй” гэсэн юм.

Энэ туршлага Патрикийн хувьд үйлчилсэн, үйлчлүүлсэн хоёрын аль аль нь адислагддагийг цухас боловч анзаарсан тохиолдол байсныг үгүйсгэхгүй. Хожим нь тэрээр “хөршүүддээ тусалсан тэрхүү томоохон ажилд оролцох үеэр” өсвөр насных нь өөртөө итгэлгүй байдал үгүй болсныг ухаарчээ.

Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Патрик Саудын Араб руу буцаж очин, хоол хүнс, ус ундааны үндэстэн дамнасан нэгэн корпорацтай хамтран менежментийн сургалт явуулж эхэлсэн байна. Энэ туршлага нь түүнд хэд хэдэн салбарт орж ажиллах эхлэл болсон бөгөөд улмаар Англид харилцаа холбооны зөвлөх үйлчилгээний салбарт Кийрон эгчтэй хамт ажиллах боломжийг олгожээ.

“Дэлхий ертөнц хөмрөх шиг болов”

19 настай байхдаа Патрик аав, хүргэн ах хоёроо Саудын Арабт зам тээврийн эмгэнэлт ослоор алдав. “Тэднийг алдахад дэлхий ертөнц хөмрөх шиг л болсон” гэж тэр дурсдаг. Аавынх нь удирдан чиглүүлэгч гар, хайр шингээсэн урмын үгс, дэлхий ертөнцийг баяр баясгалантай нүдээр хардаг дүр бүгд үгүй болов. Хэсэгтээ гашуудаж, сэтгэл нь хоосорсон Патрик Англи руу ээжтэйгээ буцсан ч эцэст нь Саудын Арабт ажиллахаар эргэн иржээ.

“Надад суралцах, өсөж хөгжих, бизнес хэрхэн явагддагийг харах үнэ цэнтэй бүхий л боломж гарч ирсэн” гэж тэр хэлэв. Ялангуяа тэр “өөрийг нь дасгалжуулж, удирдан чиглүүлж, эрхэм найз нь болсон гайхалтай даргадаа” талархаж явдаг. Аавыг нь нас барснаас хойш аав хүний үлгэр дуурайллыг үзүүлсэн хэдэн хүн амьдралд нь адислал болж ирсний нэг нь дарга нь байв.

Хожим нь Патрик Лондон руу буцаж, тэнд ажиллаж байхдаа Сүмийн хэдэн гишүүнтэй танилцжээ.

“Тэд манай шашны гайхалтай үлгэр жишээ хүмүүс байсан. Тэдний нэг нь Калифорниагийн хүн байсан бөгөөд тэнд ажиллах хугацаандаа би тэднийд байрладаг байлаа” гэж тэр дурсан ярив.

Энэ үе Патрикт Сүмийн тухай ойлгож авах гайхалтай суурийг тавьж өгчээ. Тэрхүү гэр бүл үзүүлсэн үйлчлэлээсээ баяр баясгаланг мэдэрч байгаа нь Патрикийн сэтгэлийг хөдөлгөж байсан ч түүнд Сүмийн сургаал, итгэл үнэмшлийн талаар олон асуулт байв. Англид буцаж очоод хоёр жил болсныхоо дараа тэр Лондонгийн гудамжинд хэдэн “онцгой номлогчтой” таарчээ. Тэд түүнд хэдэн сар сайн мэдээг заасан боловч түүнийг баптисм хүртэхэд бэлэн болоогүй байна гэж үзсэн тул түүнээс адислал авмаар байгаа эсэхийг асуусан байна.

“Би нэг таньдаг ахмад номлогчоосоо адислал авахаар болов. Тэр адислалаар мэдэрсэн зүйл миний хөрвөлтийн эргэлтийн мөч болсон юм. Энэ мөч үгээр илэрхийлж бас үгүйсгэхийн аргагүй гэрэл, баяр баясгалант мэдрэмж төрүүлж билээ. Уг адислалын үгс сүнслэг бас үнэхээр ойлгомжтой байсан” гэж тэр хуваалцсан.

Энэ туршлага нь “баптисм хүртэх түүний ахиц дэвшилд нөлөөлсөн олон зүйлийн” хамтаар Патрикийг Аврагчийн болон Түүний сэргээгдсэн Сүмийн талаар гэрчлэлтэй болоход хүргэжээ. Хоёр сарын дараа буюу 1987 оны Христийн мэндэлсний баярын өмнөх орой тэрээр баптисм хүртэн, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон юм.

Гэрчлэлтэй болохоор эрэлхийлж буй хүмүүст ахлагч Кийрон: “Итгэхийг сонго, дараа нь Алма 32 дээрх урилгыг хүлээн ав. Сүнслэг мэдрэмжүүдээ дага. Тэдгээр нь таныг удирдаж, та мэдлэг хүлээн авах болно” хэмээн зөвлөдөг.

“Хүч чадлын эх сурвалж”

Баптисмаасаа хойш хоёр жилийн дараа Калифорниа мужийн Саратогагаас ирсэн Бригам Янгийн Их Сургуулийн оюутан Жэннифэр Хюүмтэй танилцах үедээ Патрик Лондоны ганц бие залуучуудын тойрогт явж байлаа. Жэннифэр уран зургийн түүх, английн утга зохиол судлахаар Лондонд зургаан сарын хугацаагаар ирсэн байв. Тэр найман хүүхдийн отгон нь байсан ба Сүмд өссөн байлаа.

Бараг тэр даруй, Патрик түүний харцыг булаав.

“Би түүнийг тойргийнхоо хүмүүстэй харьцахдаа тэдэнд хэрхэн хандаж байгааг нь ажигладаг байлаа. Шинэ эсвэл эргэн ирж буй гишүүн, бэрхшээл тулгарсан нэгэн эсвэл дотны найз нь эсэхээс үл хамааран тэр хүн бүрд жинхэнэ хайраар чин сэтгэлээсээ адилхан ханддаг байв. Тэр чанар нь бүхнээс түрүүнд намайг түүнд татагдахад хүргэсэн. Гэрлэлтийнхээ 33 жилийн хугацаанд би түүнийг энэ чанараа хөгжүүлэхийг нь харсан. Бурхан сайныг үйлдэхдээ тэр чанарыг нь ашиглаж ирсэн” хэмээн Жэннифэр Патрикийн тухай хуваалцсан юм.

Зураг
Ахлагч Кийрон ба Кийрон эгч

Ахлагч Кийрон, Кийрон эгч хоёрын бие биеэ гэсэн хайр, хүндлэл тэднийг итгэлдээ хамтдаа хөдөлмөрлөх боломжийг олгодог.

Тэд үерхэж байгаад 1991 оны 1-р сард Калифорниагийн Өүкланд ариун сүмд гэрлэсэн. Тэд ахлагч Кийроныг гадасны ерөнхийлөгч, Бүсийн дал зэрэг удирдлагын хэд хэдэн дуудлагад үйлчилснийх нь дараа 2010 онд Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах хүртэл 19 жилийн турш хүүхдүүдээ Англид өсгөн хүмүүжүүлсэн байна. Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдах үедээ тэрээр Далын ахлах ерөнхийлөгчөөр үйлчилж байсан.

Ахлагч Кийрон эхнэрээ өөрийн жинхэнэ мөн чанарыг мэддэг итгэлтэй шавь гэж хэлдэг. “Тэр аз жаргалтай, эерэг, бүтээлч, тусч, баяр баясгалантай амьдралаар амьдардаг ба Аврагчийг энэ бүхнийхээ төвд нь байлгадаг. Бидний танилцсан мөчөөс эхлэн тэр миний хүч чадлын эх сурвалж, агуу их адислал байсаар ирсэн” гэж тэр хэлдэг.

Тэдний гурван охины хоёр дахь нь болох Сюзанна: “Ээж маань өөрийгөө аливаад зориулах дуртай. Тэр амьдралын эрч хүч, гэрлээр дүүрэн бас сайн мэдээнд туйлын их хайртай” гэв. Ээж нь аавынх нь адил “тун сайн сонсогч” ажээ.

Сюзанна болон түүний эгч, дүү хоёр эцэг эхийнх нь бие биеэ гэсэн хайр, хүндлэл ижил зорилго өөд хамтдаа зүтгэх боломжийг тэдэнд олгодог талаар ярьсан юм. Тэд бие биеэ сонсож, нэг нэгнийхээ санаа бодлыг хүндэтгэж, талархан ханддаг.

Тэдний отгон охин Эмма эцэг эх нь хоорондоо эв найртай байж, үр хүүхдүүдээ илүү их хайраар хайрладаг байсан нь “аз жаргалаар дүүрэн, халуун дулаан уур амьсгал бүхий гэр орныг цогцлоосон” гэв.

Ууган охин Лиззи Кийрон Стахэли эцгийнхээ тухай: “Аав хүмүүсийг Христийнхтэй адил нүдээр хардаг. Тэр үргэлж хүмүүсийг урамшуулж, хүчирхэгжүүлэхэд санаа сэтгэлээ зориулдаг. Тэр нөхцөл байдлаас нь үл хамааран хүн бүрийн чадавхыг олж хардаг.

Аав итгэлээр дүүрэн хүн бөгөөд сайн мэдээний өөрт нь авчирдаг баяр баясгаланд хайртай. Тэр насанд хүрсэн хойноо сэргээгдсэн сайн мэдээг олсон учраас хүний амьдралд сайн мэдээний гэрэл, баяр баясгалангийн эх сурвалжаас бий болох өөрчлөлтийн үнэ цэнийг мэддэг” гэж хэлэв.

Зураг
Ахлагч Кийрон ба Кийрон эгчийн гэр бүл

Ахлагч Кийрон өөрийн охид болох Лиззи (зурган дээр нөхөр Жонатаны хамт авхуулсан), Сюзанна, Эмма нарыг амьдралынх нь хамгийн сайхан гэрэл гэгээ, агуу үнэт эрдэнэс гэдэг.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жийн Б.Бингам ахлагч Кийроныг аливаа бэрхшээлд буурь суурьтай ханддаг нэгэн гэж тодорхойлсон юм. Хилийн чанад дахь улс төрийн нэгэн жагсаал, цуглааны үеэр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, ахлагч Кийрон болон бусад хүний хамт тэрээр явах боломжгүй гацсан байсан үеэ дурсан ярив. Тэндээс явах арга замыг гаргаж ирэхийн тулд ахлагч Бэднарын удирдлаган доор ахлагч Кийрон хиймэл дагуулын утсаар орон нутгийн албаныхан болон Сүмийн төлөөлөгчидтэй олон цагийн турш ярилцаж, хамтран ажиллажээ.

Түүний төлөв даруу зан, хичээнгүй хүчин чармайлт, сүнсээр хөтлөгдсөн санаанууд бидэнд тэндээс аюулгүй гарах шийдлийг авчирсан гэж Бингам эгч хуваалцсан юм.

2021 оны 12-р сард түүний гэр бүлийнхэн Кийрон эгчийг хөхний хорт хавдартай гэж оншлогдсоныг сонсоод цочирджээ.

Кийрон эгч: “Би өөрийгөө ч бас гэрийнхнээ ч хорт хавдартай учирна гэж огт төсөөлж яваагүй” гэж хэлэв. Тэрээр дагалдах эмчилгээнүүд туйлын хэцүү байсан ч Аврагч бүхий л зүйлийн туршид түүний хүч чадлын эх сурвалж болж байсныг хуваалцсан юм. “Би одоо хорт хавдрын эсрэг эм уусаар байгаа ч эмч нарын хэлснээр хорт хавдаргүй болсондоо талархаж байна” гэж тэр хэлсэн.

Ахлагч Кийрон: “Жэн энэ бүхнийг туулахдаа тууштай, цуцашгүй итгэлтэй байсан. Бид өдөр бүр түүний эрүүл мэндийн төлөө мөн хүлээн авч байсан онцгой асаргаа, сувилгаанд нь талархдаг” гэв.

Кийрон эгч нөхөртэйгөө хамт туулсан сорилт бэрхшээлүүдтэй холбон: “Амьдрал бидэнд хүсээгүй зүйлсийг маань өгдөг. Тэдгээр нь бидэнд таалагддаггүй. Бид ч тийм зүйлс тохиолдоосой гэж хүсдэггүй. Гэвч бид тэдгээртэй нүүр тулахаас өөр аргагүй болдог. Хүнд хэцүү зүйлийг даван туулах хамгийн зөв арга зам бол Есүс Христэд болон Түүний ач ивээл, хүчинд итгэж, Их Эзэнд хандан, Түүний хүч чадлыг гуйх явдал юм. Олон жилийн өмнө би Аврагч хамгийн хэцүү, хүнд цаг үед бидэнд хэрхэн тусалдаг талаар олон зүйлийг сурч билээ” гэв.

Ахлагч Кийрон, Кийрон эгч хоёр өөрсдийн анхны хүүхэд Шоныг мэндэлсний дараа энэ ариун нандин мэдлэгийг олж авчээ.

“Есүс Христийн Цагаатгалын хад”

Ахлагч Кийрон: “Бид анхны хүүгээ амь насанд аюултай зүрхний хүнд гажигтайг хэт авиан шинжилгээгээр эрт үед нь олж мэдсэн. Жирэмслэлтийн үлдсэн хугацааг бид хамгийн сайн эмч нар, зүрх судасны мэргэжилтнүүд болон уг асуудлыг засаж чадах тоног төхөөрөмж бүхий зүрхний мэс засалчдыг хайж олоход зарцуулсан. Бид Лондонд байх дэлхийн хэмжээний мэргэжилтэн багийг олсон ба тэд уг асуудлыг шийдэж чадна гэдэгтээ итгэлтэй байсан.

Мэс заслын баг Шоныг 19 хоногтой байхад хагалгаа хийсэн. Хагалгаа удаан үргэлжилж, нарийн хяналтан доор явагдсан боловч Шоны бяцхан зүрх дахин цохилоогүй юм. Ингээд бид түүнийг алдсан. Үнэхээр элэг эмтрэм байсан. Энэ нь бидний мацаг барьж, залбирч, гуйсан шиг үр дүн байгаагүй ч тэнгэрийн мутар энэ бүхэнд хамт байсныг бид мэдэж байв” гэж дурсав.

Кийрон эгч: “Бурхан биднийг жирэмсний тэр саруудад төдийгүй хүүгийнхээ хайр татам, богино амьдралын төлөө чадах бүхнээ хийснээ сүүлд нь ухаарсан мөчүүдийн турш удирдаж байсан юм. Энэ нь асар их тайтгарлыг өгч байсан” гэв.

Кийрон эгч 1 Нифай болон 2 Нифайг илүү гүнзгий судалж Аврагчийн Цагаатгал болон Амилуулалтын талаар илүү ихийг ойлгосноор түүнд эдгэрэл ирж байжээ. Кийрон эгч: “Хүүгээ алдаад гашуудаж байх үед надад гашуудлын ангал руу доош унаж буй мэт санагдаж байсан. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам тэрхүү чөлөөт уналтыг Есүс Христийн Цагаатгалын хад зогсоосон. Учир нь Цагаатгал бол үнэн. Түүний ач ивээл болон Түүний амьд оршин байгаа нь хамгийн өр өвтгөм хагацлыг ч тэвчихээр, найдаж болохуйц болгодог” гэв.

Тэдэнд гурван охин төрснөөр шарх нь эдгэрчээ. Ахлагч Кийрон: “Тэд ирэхдээ эдгэрлийг авчирсан. Тэд бол бидний амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээ, хамгийн агуу үнэт эрдэнэс юм” гэж хэлдэг.

Сүмийн сүнсээр өдөөгдсөн удирдагчдын үгсээс эдгэрэл ирж байв. Ахлагч Ланс Б.Викмэний бяцхан хүүгээ нялхсын өвчний улмаас алдчихаад эмнэлгийн хоосон хонгилоор алхаж явах үеийн зовлон шаналлаа хуваалцсан Ерөнхий чуулганы захиас үүнд багтдаг. Ахлагч Кийрон: “Ахлагч Викмэн ‘Харах түр зуурын итгэл’ ирдэг бол жинхэнэ итгэл найдвар Их Эзэнээс ирдэг юм гэж заасан. “Ийм нөхцөл байдлын талаарх бүрэн дүүрэн ойлголтынх нь учир надад Түүний захиас тун үнэ цэнтэй туссан. Би түүний захиасыг дахин дахин уншиж, сонссоноор улам гүнзгий ойлгож авсан юм” гэв.

Түүнчлэн эдгэрэл нь зовж буй хүмүүст тохинуулснаар ирсэн. Тэдний дунд Европ дахь дүрвэгсэд, хүчирхийлэл, хавчлагад өртсөн хүмүүс мөн 2015 онд Европын бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд ахлагч Кийронтой хамт үйлчилж эхлэхээсээ хоёр сарын өмнө охиноо хорт хавдраар алдсан Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ахлагч Пол В.Жонсон зэрэг Сүмийн бусад удирдагч байв.

Ахлагч Жонсон: “Ахлагч Кийрон, Кийрон эгч хоёр гашуудаж байхад ч мөн эдгэрэх цаг үед маань ч бидэнд гайхалтай тусалсан. Тэд бидний нөхцөлд байдалд маш мэдрэмжтэй хандаж байсан. Би үүнийх нь төлөө тэднийг үргэлж хайрлан хүндэтгэдэг” гэв.

Энэ бол шавь байх зам. Бид нэг нэгнийхээ ачааг үүрэлцдэг. Бид гашуудах тэдний хамт гашууддаг. Бид тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг. Бид Бурханыг гэрчлэн зогсдог. Ийнхүү Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан баяр баясгалантайгаар дахин нэгдэх мөнхийн амлалт боломжтой болсон билээ. (Moзая 18:8–9-ийг үзнэ үү.)

Зураг
Ахлагч Кийрон гишүүдтэй мэндчилж байгаа нь

Ахлагч Кийрон Европын Зүүн бүсийн гишүүдтэй мэндчилж байгаа нь.

Бидэнд сорилтын цаг ирэх үед эдгээгч хайр болон тохинууллын гавар хамтдаа эдгээх болно. Ахлагч Кийрон Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд итгэл найдвар, эдгэрэл, амар амгалангийн энэхүү сайн мэдээний захиасыг бүх дэлхийд хуваалцахаар бэлтгэгдсэн юм.

“Бидэнд яагаад хэцүү сорилт тохиолддог вэ?” хэмээн ахлагч Кийрон асуув. “Яагаад гэвэл бид дэлхийд суралцаж, өсөж хөгжиж, ариусгагдаж мөн Тэнгэр дэх Эцэг болон Аврагчаа хайрлаж, тэдэнд итгэхийн тулд ирсэн. Одоо бид Тэднийг харж, Тэд биднийг тэвэрч чадахгүй ч Аврагчийн Цагаатгалын адислалууд хязгааргүй—дуусашгүй юм!”

Хэвлэх