Семинар
Алма 33: Аврагчийн сайн мэдээг заах нь


“Алма 33: Аврагчийн сайн мэдээг заах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 33,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 33

Аврагчийн сайн мэдээг заах нь

суралцагч семинарын ангид зааж буй нь

Танд Их Эзэнд илүү ойртон дагах хүсэл төрж байсан ч юу хийхээ мэдэхгүй үе байсан уу? Зорамчуудын дундах ядуус бошиглогч Алмагаас хэрхэн “итгэлээ хөгжүүлж эхлэх” (Алма 33:1) талаар асуув. Алмагийн хариултыг ойлгох нь Есүс Христийн бүх шавь нарт чухал. Энэ хичээл таны Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд хийж болох алхмуудын ойлголтыг гүнзгийрүүлж чадна.

Суралцагчдад заах боломж олго. Суралцагчдад хичээлийн хэсгийг заах боломж олгохыг эрэлхийл. Семинарыг заах дадлага хийх чөлөөт орчин гэж үзэхэд тэднийг урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 33-ыг гэртээ уншиж, илүү сайн ойлгохыг хүсэж буй шүлгээ эсвэл шүлгүүдээ сонгоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сайн мэдээний асуултууд

Суралцагчдыг дараах асуултыг хамтрагчтайгаа хамт эсвэл жижиг бүлгээр хариулахад урь.

  • Хэрэв танд Бурханы бошиглогчоос ганц, хоёр асуулт асуух боломж олдсон бол та юу мэдэхийг хүсэх байсан бэ? Яагаад?

Алмагийн 32-р бүлэг-т бошиглогч Алма зорамчуудыг Бурханы үгийг зүрх сэтгэлдээ арчилж, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд урьсан. Тэд түүнээс хэд хэдэн чухал асуулт асууж хариулав.

Алма 33:1-ийг уншаад, тэдний бошиглогчоос асуусан асуултуудыг олж мэд.

  • Өнөөгийн өсвөр үеийнхэн “ямар маягаар итгэлээ хөгжүүлж эхэлбэл зохих вэ?” гэсэн асуултыг хэрхэн өөрсдийнхөөрөө хэлнэ гэж та бодож байна вэ?

  • Та Есүс Христийн сайн мэдээний талаар мэддэг зүйл дээрээ тулгуурлан энэ асуултад хэрхэн хариулах вэ?

Итгэлээ хөгжүүлэх нь Есүс Христэд ердөө итгэхээс илүү зүйл юм. Бид Аврагчийн хүссэн зүйлийг хийж мөн Түүнийг зориуд дагахыг эрэлхийлснээр итгэлээ хөгжүүлдэг. Алма Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх олон арга замыг зорамчуудад зааж, асуултад нь хариулсан.

Алмагийн хариултаас илүү сайн ойлгохыг хүсэж буй дараах гурван сонголтоос аль нэгийг нь сонго. Сонгосон хувилбарынхаа талаар таваас долоон минутын хичээл заах гэж байгаа юм шиг бэлд. Таньдаг хүнийхээ тухай бодоод, түүнд хичээлээ хуваалцах гэж байгаа мэт бэлд. Та бэлдэхийн тулд хичээлийн дараа “Хичээлд бэлтгэх санаанууд” хэсэгт жагсаасан зарим санааг ашиглаж болно.

Суралцагчдад бэлтгэсэн хичээлээ ангийнхаа жижиг бүлэгт заах боломж тэдэнд гарна гэдгийг мэдэгд. Чанга ярьж заахдаа санаа зовж байгаа суралцагчдад өөр боломж санал болго. Үүнд хичээлийнхээ тоймыг өгөх эсвэл илүү өөртөө итгэлтэй, туршлагатай хамтрагчтай ажиллах гэх зэрэг орно. Хэрэв та суралцагчдаар хичээл заалгахаар бэлдүүлэхгүй байхаар шийдсэн бол хичээлийн өөр хэсгүүдийг хэрхэн заах талаар судлах сонголт олгох санааг ашигла.

Та богино хичээлд хэрхэн бэлтгэх талаар товч загварчлан үзүүлснээр суралцагчдад тусалж болно. Эсвэл та дараах асуултуудыг асууж, туршлагатай суралцагчдыг санал бодлоо хуваалцахад урьж болно: “Таны туршлагаас харахад хичээлээ бэлтгэх эхний алхам юу байх вэ?”, “Ердийн хичээлийн төлөвлөгөө таны хувьд ямар харагдах вэ?” эсвэл “Та өөрийн сэдвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд хаана ханддаг вэ?”

Суралцагчдадаа дараах гурван сонголтоос сонгоход зориулан сонголтыг самбарт бич.

Сонголт 1: Бид залбиралдаа Бурханыг шүтэн биширснээр Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж чадна. Алма 33:3–11

Унших нэмэлт судрууд: Алма 34:17–27

Хэрэв та суралцагчдыг үүнийг заахад бэлтгэхийн оронд 1-р сонголтыг ангиараа судлахаар шийдсэн бол суралцагчдыг эдгээр шүлгээс залбирлын талаар олж мэдсэн үнэнийхээ жагсаалтыг гаргахад урь. Мөн та эдгээр шүлэг дэх үнэний засаж, залруулдаг залбирлын талаарх хүмүүсийн зарим буруу ойлголтын талаар ярилцаж болно.

Суралцагчдыг дууллын номоос өөрт нь утга учиртай санагдсан залбирлын тухай үг хэллэгүүдийг хайхад урих нь тустай байж болно. Тэд дууллын үг хэллэгтэй холбоотой туршлагаасаа хуваалцаж болно.

Сонголт 2: Бид Бурханы Хүүд итгэснээр итгэлээ хөгжүүлж чадна. Алма 33:12–18

Унших нэмэлт судрууд: Иохан 3:16; 2 Нифай 2:6–8

Хэрэв та суралцагчдыг үүнийг заахад бэлтгэхийн оронд 2-р сонголтыг ангиар нь судлуулахаар шийдсэн бол суралцагчдыг Алма 33:14, 18-ыг тэмдэглэхэд урь. Дараа нь суралцагчдаас судрын аль ч номоос Бурханы Хүүгийн талаарх дуртай хэсгүүдээ олж, хуваалцахыг хүс. Тэд шаардлагатай бол бүх дөрвөн хичээлийн төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн жагсаалтыг эх сурвалж болгон ашиглаж болно.

Сонголт 3: Бид Есүс Христээс эдгэрлийг хайснаар итгэлээ хөгжүүлж чадна. Алма 33:18–23

Унших нэмэлт судрууд: Тооллого 21:4–9; Хиламан 8:14–15

Хэрэв та суралцагчдыг үүнийг заахад бэлтгэхийн оронд 3-р сонголтыг ангиар нь судлуулахаар шийдсэн бол суралцагчдыг дээрх хэсгүүдийг уншиж байх хооронд Сайн мэдээний уран зургийн номын “Мосе ба хүрэл могой”, “Цовдлолт” зургуудыг үзүүл. Өнөөдөр хүмүүс сүнслэг эдгэрэлтийг Есүс Христээс хайхгүй байж болох шалтгаан, оронд нь хайж болох эх сурвалжуудын талаар ярилцахад тэднийг урь. Суралцагчдаас Есүс Христ үнэхээр өөрсдөд нь тусалж чадах эсэхэд гайхаж байгаа хүнд юу гэж хэлэхийг нь асуу.

тараах материалын дүрс Хэрэв суралцагчид хичээлээ бэлдэж, заах гэж байгаа бол бэлтгэлд нь туслахын тулд дараах тараах материалыг өг.

Мөн шаардлагатай бол “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дэх холбогдох материалыг суралцагчдад өг.

Хичээлд бэлтгэх санаанууд

Та аль сонголтод төвлөрөхөөр сонгосон бэ?

Дараах санаануудын заримыг тоймоо бэлдэж, туслахад ашигла.

Зааж буй хүмүүстээ санал болгож болох шүлгүүдийн түлхүүр үг хэллэгийг тэмдэглэж болно:

Зааж буй хүмүүст тань Тэнгэрлэг Эцэгийн тухай болон Есүс Христийн талаар ойлгож эсвэл мэдрэхэд эдгээр шүлэг юугаар тусалж болох вэ?

Энэ үнэн зааж буй хүмүүсийн тань амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

Биет хичээл эсвэл энэ үнэнээр амьдарч буй хүмүүсийн сайн жишээнүүд:

Зааж буй хүмүүстээ Алмагийн заасан зүйлийг тунгаан бодоход туслахын тулд асууж болох асуултууд:

Алмагийн заасан зүйлтэй холбоотой танд тохиолдсон туршлага:

Нэмэлт судрууд эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үг:

Сурч мэдсэн зүйлийнх нь дагуу та зааж буй хүмүүсээ юунд урьж болох вэ?

Суралцагчдыг хамтрагчдаа эсвэл жижиг бүлгүүдэд ээлжлэн хичээлээ заахад урь. Чанга ярьж заахдаа санаа зовж байгаа суралцагчдыг албадахаас болгоомжил. Зарим заах хүсэлтэй суралцагчдыг ангийнхандаа заахад урь.

Энэ хичээлийг бэлтгэхдээ бодож байсан хүнтэйгээ сурч мэдсэн зүйлээ хэрхэн хуваалцаж болох талаар залбиран бод.

Суралцагчдыг Алма 33-аас авсан ойлголтоо дараахтай адил асуултыг ашиглан ангийнхандаа хуваалцахад урь.

  • Та өнөөдөр Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх талаар ямар ойлголттой болсон бэ?

  • Энэ талаар хичээл бэлтгэх нь эдгээр ойлголтыг олж авахад тань хэрхэн тусалсан бэ?

Та Алма 33-ыг заахад бэлтгэж байхдаа хүлээн авсан утга учиртай ойлголтоо хуваалцаж болно.