Семинар
3 Нифай 17: “Та нарыг өрөвдөх сэтгэл надад буй”


“3 Нифай 17: ‘Та нарыг өрөвдөх сэтгэл надад буй,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 17,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 17

“Та нарыг өрөвдөх сэтгэл надад буй”

Христ нэгэн эмэгтэйг эдгээж байгаа нь

Аврагч явах цаг нь болсныг мэдэгдэхэд нифайчуудын хувьд аль хэдийн урт өдөр болсон байлаа. Гэсэн хэдий ч, Түүнийг хэсэгхэн зуур ч гэсэн үлдэхийг гуйх мэт олны хүсэл мөн нулимс Түүний зүрх сэтгэлийг дүүргэв. Тэрээр гайхалтай өрөвдөх сэтгэлээ гарган, тэднийг эдгээж, тэдэнтэй хамт залбирч, хүүхдүүдийг нь нэг нэгээр нь адислав. Энэ хичээл Есүс Христийн таныг гэсэн өрөвдөх сэтгэлийг мэдрэхэд тань тусална.

Мормоны Номын видеонуудыг ашиглах нь. Мормоны Номын видеонууд нь суралцагчдад бичвэрээс утга учиртай туршлага олж авахад туслах зорилготой. Эдгээр видео нь судар уншихыг орлох зориулалттай биш болно. Суралцагчдын судруудтай холбоотой туршлагыг сайжруулахын тулд видеог хэзээ, хэрхэн ашиглахаа ухаалгаар шийд.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханы нигүүлсэл, өрөвдөх сэтгэл болон хайрыг мэдэрсэн үеэ бодоход урь. Суралцагчид эдгээр туршлага нь тэдний Түүнтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлснийг хуваалцахад бэлтгэж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврагчийн ойлголт

Та өөрийгөө Аврагчтай нэг өдрийг өнгөрүүлээд байтал Тэрээр явах цаг нь болсныг мэдэгдлээ хэмээн төсөөл.

ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Christ and Angels Minister with Compassion (Есүс Христ болон тэнгэр элч нар өрөвдөх сэтгэлээр тохинуулав)” (11:59)-ийг (цагийн код 0:12-оос 1:30 хүртэл үзнэ үү).

11:60
  • Та энэ нөхцөл байдалд юу мэдэрч болох вэ?

Суралцагчдыг 3 Нифай 11–16-аас Аврагчийн талаар юу сурч мэдсэнээ эргэн санахад тусал. Тэд “Есүс Христийн тухай 3 Нифайгаас суралцах нь” сэдвээр судлах тэмдэглэлдээ бичсэн зүйлээ давтаж болно.

Суралцагчдыг дараах асуултад хариулахын өмнө Аврагчийн хийсэн зүйлийг дүрсэлсэн үйл үгсийг самбар дээр жагсаан бичихийг хүсэх нь тустай байж болох юм.

  • Аврагчийн үйлдэл нифайчуудыг хайрлах Түүний хайрыг хэрхэн харуулсан бэ?

Өнөөдөр та Аврагч нифайчуудын дунд хайраар өрөвдөх сэтгэлээ хэрхэн харуулсан талаар илүү ихийг унших болно. Судалж байхдаа Түүний үйлдэл Түүний зан чанарын талаар юу хэлж байгааг бод. Түүний талаар ямар мэдрэмж төрж байгаад анхаарлаа хандуул.

3 Нифай 11–17-д цэдэглэгдсэн бүх үйл явдал нэг өдрийн дотор болсон гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

3 Нифай 17:1–6-г уншаад, Есүс Христийн үг, үйлдлээс Түүний талаар юу сурч мэдэж болохыг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс юу олж мэдсэн бэ?

Суралцагчид дараахтай төстэй зарчмыг олж мэдэж болох юм: Бид тунгаан бодож, Эцэгт хандан залбирснаар илүү агуу ойлголтыг хүлээн авахад оюун ухаанаа бэлддэг.

Хэрэв та энэ зарчмаар илүү ихийг хийхийг хүсвэл “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийг үзнэ үү.

Та дараахтай төстэй үнэнийг тодорхойлсон байж болно: Есүс Христийн зүрх сэтгэл өрөвдөх сэтгэлээр дүүрэн. Энэхүү үнэнийг 6-р шүлэг-ийн хажууд бичиж тэмдэглэ.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.

Есүсийн өрөвч нигүүлсэнгүй үйлдэл тохиолдлын эсвэл гүйцэтгэх ёстой даалгавруудын жагсаалтад суурилсан үүргийн илрэл байгаагүй. Харин энэ нь Бурханыг мөн Түүний хүүхдүүдийг хайрлах Аврагчийн цэвэр хайрын, тэдэнд туслах хувиршгүй хүсэл эрмэлзлийнх нь бодит байдлын өдөр тутмын илрэл гэдгийг анзаарах нь ач холбогдолтой. (Үлиссэс Соарэс, “Аврагчийн хувиршгүй нинжин сэтгэл,” Лиахона, 2021 оны 10-р сар, 14)

  • Үлиссэс Соарэс Аврагчийн өрөвч сэтгэлийн талаар юу заасныг өөрийн үгээр тайлбарла.

Аврагчийн өрөвч сэтгэл

3 Нифай 17-ийн үлдсэн хэсэг нь Аврагчийн өрөвч нигүүлсэнгүй мөн чанарыг харуулдаг. Есүс Христ нифайчуудын зөв шударга хүслийг ухаарч, тэдэнтэй хамт байж, адислахыг хүссэн учраас 3 Нифай 17 дээрх зүйлийг хийсэн гэдгийг санаарай.

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад Аврагчийн өрөвч нигүүлсэнгүй мөн чанарыг дүрслэн харуулах замаар Түүнийг хайрлах агуу их хайрыг хөгжүүлэхэд туслах зорилготой. Суралцагчид энэ ур чадварыг 3 Нифай 11-ийг судалж байхдаа давтсан. Ур чадварыг давтсанаар суралцагчдын үүнийг ашиглах чадвар нэмэгдэнэ.

Суралцагчдад дараах асуулт болон хэсгүүдийг үзүүл. Суралцагчдыг судлахыг хүсэж буй хэсгээ сонгоход уриад, судлах явцдаа асуултуудын талаар эргэцүүлэн бодохыг хүс. Суралцагчид эдгээр асуултад судлах тэмдэглэл дээрээ “Есүс Христийн тухай 3 Нифайгаас суралцах нь” сэдвийн доор хариулж болно.

Суралцагчдад ганцаараа эсвэл хамтрагчтайгаа чимээгүй суралцах боломжийг олго.

  • Таны хувьд аль хором мөч нь хамгийн онцгой байх байсан бэ? Яагаад?

  • Есүсийн тохинууллын арга замын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Түүний үг, үйлдэл Түүний талаарх таны сэтгэгдэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

11:60

Дараах асуултуудыг суралцагчдад үзүүлээд, хариулахын өмнө бодох цаг гаргаж өг.

  • Хэрэв та тэнд байсан бол энэхүү туршлага таны Аврагч Есүс Христтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх байсан бэ?

  • Өнөөдөр Есүс Христ бидэнд хэрхэн өрөвдөх сэтгэлээ харуулдаг гэж та бодож байна вэ?

  • Есүс Христийг хайрлах хайраа харуулахын тулд юу хийх сэдэл танд төрж байна вэ?

Цаг гарвал Аврагчийн хайр, өрөвдөх сэтгэлийн тухай дуулал дуулах талаар бод. Зарим жишээнд “Есүс Таныг бодохуй дор” (Дуулал 69), “Сүнсний минь Гэтэлгэгч, Аврагч” (Дуулал 55), “Аврагчийн хайр” (Дуулал 56) зэрэг орно.

Тохиромжтой гэж үзвэл өнөөдрийн хичээлийн үеэр юу мэдэрснээ хуваалцахад суралцагчдыг урь. Аврагчийн өрөвдөх сэтгэл тэдний амьдралд хэрхэн илэрч байгааг үргэлжлүүлэн олж мэдэхэд урамшуулан дэмж.