Ирээд, Намайг дага
3-р сарын 16–22. Иаков 5–7: “Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг”


“3-р сарын 16–22. Иаков 5–7: ‘Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 16–22. Иаков 5–7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Чидун жимсний цэцэрлэгт ажиллаж буй хүмүүс

Чидуны модны ёгтлол, Брэд Тиэр

3-р сарын 16–22

Иаков 5–7

Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг.

Ганцаараа эсвэл гэр бүлээрээ Иаков 5–7-оос уншсанаар заах хувийн бэлтгэлээ эхэл. Та зааж буй хүмүүст тань юу хамгийн их хэрэгтэй гэж мэдэж авсан бэ? Энэ тоймд танд туслах нэмэлт санаануудыг өгсөн.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд Иаков 5–7-оос, амьдардаг газрынхаа “усан үзмийн талбайд хөдөлмөрлөхөд” урамшуулсан юуг олж мэдсэн бэ? (Иаков 5:15).

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Иаков 5

Их Эзэн зарц нараа Өөрийнхөө усан үзмийн талбайд Өөртэй нь хамт хөдөлмөрлөхөд урьдаг.

  • Чидуны модны ёгтлол нь урт бөгөөд бага зэрэг төвөгтэй учраас та ангиараа хамтарч ажиллан, ёгтлолын тухай товч тойм гаргаж болно. Жишээ нь, та ёгтлолд гарч буй гол зүйлүүдийг самбарт зурж, эсвэл үйл явдлуудын тухай цаг хугацааны хүснэгт гаргаж болно (жишээлбэл, энэ тоймын төгсгөлд байгаа диаграммыг үзнэ үү.) Ангийн гишүүд зурган дээр судрын эшлэл эсвэл тайлбаруудыг нэмж болох ба таримал болон зэрлэг чидуны модод, талбайн Эзэн, зарц болон сайн, муу жимс гэх мэт зарим бэлгэдлийн утгыг ярилцаж болно. Ярилцлагынхаа үеэр өнөө үед Их Эзэний ажлыг дүрсэлсэн 61–75-р шүлгийг уншина уу. Бид Их Эзэний талбайд хэрхэн үйлчилж байна вэ? Эдгээр шүлэг бидний хийж буй ажилтай хэрхэн холбогдож байна вэ?

  • “Талбайн Эзэний” үг төөрөн одсон хүүхдүүдийн эцэг эхийг хэрхэн тайтгаруулах вэ? Жишээ нь, Иаков 5:41, 46–47-д бидний Тэнгэр дэх Эцэг төөрсөн хүүхдүүдийнхээ талаар юу гэж боддог талаар юу хэлж байна вэ? Тэрээр тэднийг хэрхэн аврах гэж оролддог вэ? (61–75-р шүлгийг үзнэ үү).

  • Иаков 5:61–75 нь Их Эзэн талбайдаа зарц нартайгаа мөр зэрэгцэн ажилладаг тухай заадаг. Ангийн гишүүд эдгээр шүлгийг жижиг бүлгүүдэд хуваагдан уншаад, Их Эзэн Өөрийн ажлыг урагшлуулахын тулд зарц нартайгаа хамт ажиллаж байгааг харуулсан туршлагуудаасаа ярилцаж болно. Ангийн гишүүд ямар нэмэлт санаануудыг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Их Эзэн Өөрийн Сүмийг удирддаг” гэх үгээс нэмж болох вэ? (Ensign, Nov. 2017, 81–84 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 76–79).

    Зураг
    Хүмүүстэй хамт компьютерийн ард сууж буй ахмад хос

    Бид дэлхий дээр “талбайн Эзэнтэй” хамт хөдөлмөрлөж чадна.

Иаков 6:3–13

Их Эзэн хайрлаж, нигүүлсэх сэтгэлээр Өөрийн хүмүүсийг санадаг.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав сургалтын материал нь биднийг Иаков 6:3–5-аас Иаковын онцлохыг хүссэн захиасуудыг уншиж, дараа нь эдгээр захиасыг чидуны модны ёгтлолоос хайж олоход урьдаг (Иаков 5-ыг үзнэ үү). Энэ үйл ажиллагааг хийсэн хүмүүсээс сонсох эсвэл энэ үйл ажиллагааг ангиараа хийх нь ангийн гишүүдэд тустай байж болно. Тэд бас Иаков 6-аас олсон сайн мэдээний үнэнүүдээ самбарт жагсаан бичиж болно. Дараа нь тэд Иаков 5 дээрх ёгтлолоос энэ захиасыг илэрхийлсэн шүлгүүдийг үнэн бүрийн доор жагсааж болно. Ангийн гишүүд эдгээр захиасыг өөрсдийн амьдралаас хэрхэн харж байсан бэ?

  • Үнэнч байх гэдэг үгийн нэг утга бол ямар нэг зүйлээс чанга, бат бөх, гуйвалтгүй зууран барих гэсэн утгатай. Та энэ тодорхойлолтыг ангийнхантайгаа хуваалцаж, энэ нь Иаков 6:5-ын талаар тэдэнд ямар ойлголт өгч байгааг асууж болно.

Иаков 7:1–23

Хүмүүс бидний итгэлийг сорих үед бид бат бөх зогсож чадна.

  • Шеримтэй уулзах үед Иаковт тулгарч байсантай адил итгэлийн сорилт бидний ихэнхэд тохиолдож байсан. Ангийн гишүүдийн ийм сорилтод бэлтгэхэд нь туслах нэг арга зам бол тэднээр Иаков 7:1–23-аас Иаковт бат бөх зогсоход нь тусалсан зарчмуудыг хайлгуулах явдал юм. Судар, гэр бүлийн түүх эсвэл өөрсдийн амьдралаас итгэлдээ бат бөх зогсохтой холбоотой өөр ямар жишээнүүдийг хуваалцаж болох вэ? Бусад хүн бидний итгэлийг гуйвуулахыг хичээх үед бидэнд тус болж байсан Сүмийн удирдагчдын захиасууд байгаа (жишээ нь, Квинтин Л.Күк, “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь,” Ensign, Nov. 2016, 40–43 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28-ыг үзнэ үү). Ангийн гишүүдийг хэрэгтэй гэж бодсон захиасуудаа хуваалцахад урамшуул.

  • Иаковыг Шеримтэй уулзахад Шерим түүний итгэлийг гуйвуулна гэж бодсон ч Иаковын итгэл гуйвшгүй байв (Иаков 7:5-ыг үзнэ үү). Иаков 7:1–23-ыг ашиглан Иаков, Шерим хоёрын харилцан яриаг жүжигчлэн үзүүлэх нь ангийн гишүүдэд таалагдаж болно. Эдгээр шүлгээс Бурханы ажлыг эсэргүүцдэг хүмүүсийн арга барил, сургаалуудын талаар бид юу мэдэж болох вэ? Бид итгэлээрээ илүү гуйвшгүй болох талаар Иаковаас юу сурч болох вэ?

Иаков 7:24–25

Бид Бурханд найдаж чадна.

  • Нифайчууд леменчүүдийн халдлагын байнгын дарамтад байдаг байв. Хэдийгээр өнөө үед бид бие махбодын халдлагад өртөхгүй байж болох ч сүнслэг байдлын хувьд ямар аюул бидэнд тулгарч болох вэ? Иаков 7:24–25 дээр цэдэглэснээр, энэ нөхцөл байдалд хандсан нифайчуудын хандлагаас бид юу сурч болох вэ? Та “Onward, Christian Soldiers” эсвэл “Behold! A Royal Army” (Hymns, nos. 246, 251) гэх мэт тулааныг зүйрлүүлэн ашигласан Сүмийн дууллуудыг дуулж, уншаад, дараа нь ярилцаж болно.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Иносын номыг уншихад ангийн гишүүдийг урамшуулахын тулд энэ нь залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгох талаар зааж болно гэдгийг тэдэнд хэл.

Заах чадвараа сайжруулах

Заах зүйлээ сургаал дээр төвлөрүүл. Таны хичээлийн ярилцлагууд сударт байгаа үндсэн сургаалууд дээр төвлөрөхөд анхаар. Судруудыг уншаад, олж мэдсэн үнэнүүд болон эдгээр үнэний дагуу амьдарснаар олж мэдсэн туршлагаасаа хуваалцахад ангийн гишүүдийг урих замаар та үүнийг хийж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 20–21-р хуудсыг үзнэ үү.)

Хэвлэх