“Сургаал ба Гэрээ 14: Та нар мөнх амьдралтай байх болно,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага(2025)
“Сургаал ба Гэрээ 14: Та нар мөнх амьдралтай байх болно,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 12–17; Иосеф Смит—Түүх 1:66–75
Сургаал ба Гэрээ 14
Та нар мөнх амьдралтай байх болно
Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номыг орчуулж дуусгахаар Нью-Йоркийн Фейетт дэх Витмерийн гэр рүү нүүжээ. Давид Витмер Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээний хүчийг мэдэрч, уг ажилд оролцохыг хүсэв. Аврагчийн тааллыг мэдэх гэсэн Давидын хүслийн хариуд Сургаал ба Гэрээ 14-ийг өгсөн юм. Энэ хичээл нь дуулгавартай байж, Аврагчийн боломж олгогч хүчний тусламжтайгаар эцсээ хүртэл тэвчихэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Мөнх амьдралын адислал
Нэгэн залуу эмэгтэй семинарын хичээл дээр мөнх амьдралын тухай мэдэж авсныхаа дараа “Би Тэнгэрлэг эцэг эх болон Есүс Христтэй амьдарч, Тэдэн шиг байх хангалттай сайн хүн биш. Би ч чадахгүй юм байна даа” гэж боджээ.
-
Тэр яагаад ийн бодсон байж болох вэ?
-
Тэр өөр юунд санаа зовж байсан байж болох вэ?
Витмерийн гэр бүл
Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номыг Пеннсильваний Хармонид орчуулж байхдаа ширүүн хавчлагатай тулгарчээ. Тэд Витмерийн гэр бүлд захидал бичиж, Нью-Йоркийн Фейетт дэх гэрт нь нүүж очин орчуулгын ажлаа дуусгаж болох эсэхийг асуув. Их Эзэний бурханлаг илэрхийллийн дараа Мэри, Петр Витмер хоёр болон тэдний гэр бүлийнхэн Иосеф, Эмма, Оливер нарыг гэртээ урихаар шийджээ. Тэднийг орчуулга дээрээ ажиллаж байхад тэд дэмжин тусалж байлаа. Ялангуяа Давид Витмерт Сэргээлтийн үйл хэрэг урам зориг өгч, Аврагчийг өөрөөс нь юу хүсэж байгааг мэдэхийг хүсэв. Ийнхүү Иосеф одоо Сургаал ба Гэрээ 14-т байгаа илчлэлтийг хүлээн авсан ба Аврагч Давидыг энэхүү “агуу хийгээд гайхамшигт ажил[д]” (Сургаал ба Гэрээ 14:1) нэгдэхийг урьсан юм. Тэрээр Давидыг “[Түүний] Сионыг урагш авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийл” (Сургаал ба Гэрээ 14:6) хэмээн урьжээ. Эдгээр урилга, Сургаал ба Гэрээ 14 дэх Аврагчийн удирдамж болон амласан адислалууд нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд хамаатай.
Зарлигуудыг сахиж, эцсээ хүртэл тэвчих
Сургаал ба Гэрээ 14:5–7-г уншаад, мөнх амьдралыг хүртэхийн тулд Аврагч биднээс юу хийхийг хүсдэгийг олж мэд.
-
Та юу олж мэдсэн бэ?
-
Та ямар зарчмыг тодорхойлсон бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф эцсээ хүртэл тэвчих нь юу гэсэн үг болохыг ийн тайлбарласан.
Эцсээ хүртэл тэвчих буюу амьдралынхаа туршид Есүс Христийн сайн мэдээний хууль, ёслолуудад итгэлтэй хэвээр үлдэх нь Бурханы хаант улсад аврагдахад тавигддаг үндсэн шаардлага юм.
… Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг зүгээр л тэсэх эсвэл ‘байгаад л байх’ гэсэн үг биш юм. Бидний шашин бол Бурханы хүүхдүүдэд энэ амьдралын турш бүрэн чадавхдаа хүрч мөн хэзээ нэг өдөр Түүнд эргэн очихын тулд нарийн бөгөөд шулуун зам дээрээ үлдэхэд тусалдаг идэвхтэй шашин билээ. (Dieter F. Uchtdorf, “Have We Not Reason to Rejoice?,” Liahona, Nov. 2007, 20)
-
Бид яагаад мөнх амьдралыг хүлээн авахын тулд зарлигуудыг сахиж, эцсээ хүртэл тэвчих ёстой гэж та бодож байна вэ?
-
Есүс Христ хэрхэн зарлигуудыг сахиж, эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчихийн үлгэр жишээ вэ?
-
Энэхүү мэдлэг нь хэрхэн бидэнд амьдралын сорилт бэрхшээлийг мөнхийн талаас харахад тусалж чадах вэ?
Сургаал ба Гэрээ 14:8–11-ийг уншаад, Аврагч Бурханы мөнх амьдралын бэлгийг хүлээн авахад туслах ямар зүйлийг Давид Витмерт заасныг олж мэд.
-
Энэ зөвлөгөө өнөөгийн бидэнд ямар хамаатай гэж та бодож байна вэ?
Дуулгавартай, тэвчээртэй байх сэдлийг төрүүлдэг Аврагчийн хүч
Аврагчийн тусламж таны амьдралд ямар их хэрэгтэй болох талаар бод. Түүний туслах хүчинд найдах арга замуудыг заадаг судрын эшлэлийг ол. Шаардлагатай бол та дараах судрын эшлэлүүдээс нэг юм уу хэд хэдийг уншиж болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгийг уншаад, Их Эзэн биднийг дуулгавартай байж, эцсээ хүртэл тэвчихийг эрэлхийлэх үед хэрхэн адислахыг олж мэд.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
Хэрэв бид зүрх сэтгэлээ Бурханд өгч, Их Эзэн Есүс Христийг хайрлаж, сайн мэдээний дагуу амьдрахаар чадахынхаа хэрээр хичээх юм бол хэдийгээр бидэнд үргэлж тэгж санагдахгүй ч маргааш болон цаашдын бүх өдөр гайхамшигтай байх болно. Яагаад? Учир нь Тэнгэрлэг Эцэг үүнийг хүсдэг учраас! Тэр биднийг адислахыг хүсдэг. Өгөөжтэй, элбэг дүүрэн мөнх амьдрал бол Түүний хүүхдүүддээ өгсөн нигүүлсэнгүй төлөвлөгөөний гол зорилго билээ. Энэ төлөвлөгөө нь “Бурханыг хайрладаг … хүмүүст тохиолддог, бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг” [Ром 8:28] хэмээх үнэнд суурилсан байдаг. Тиймээс үргэлжлүүлэн хайрла. Үргэлжлүүлэн зүтгэ. Үргэлжлүүлэн найд. Үргэлжлүүлэн итгэ. Үргэлжлүүлэн өсөж хөгж. Тэнгэр таныг өнөөдөр, маргааш, мөнхөд уухайлан дэмжих болно. (Жэффри Р.Холланд, “Маргааш Эзэн та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114.)
-
Энэ мэдэгдлийн ямар үг, хэллэг танд зарлигуудыг сахиж, эцсээ хүртэл тэвчих сэдлийг төрүүлж байна вэ?
Аврагчийн тусламжтайгаар бид мөнх амьдралыг хүлээн авч чадна
-
Дуулгавартай байж, эцсээ хүртэл тэвчихийн тулд хийж болох нэг эсвэл хоёр зүйл юу байж болох вэ?
-
Дуулгавартай байх, эцсээ хүртэл тэвчихэд аливаа зүйл саад болбол та юу санаж эсвэл хийж болох вэ?
-
Түүний зарлигуудыг сахиж, эцсээ хүртэл тэвчихийг хичээхдээ та хэрхэн Аврагчийн хүчинд найдаж болох вэ?