“Төгс эзэмших сургаалын дадлага 3: Сүнслэг мэдлэг олж авах ба цээжлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Төгс эзэмших сургаалын дадлага 3,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал нь Есүс Христ болон Түүний сайн мэдээн дээр амьдралаа суурилуулахад суралцагчдад тусална. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болон тэдгээрийн зааж буй сургаалыг давтах боломжийг суралцагчдад олгоно. Мөн энэ нь сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлэхэд тэдэнд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалыг давтах: Цээжлэх
Өнөөдөр цээжлэхийг хүссэн төгс эзэмших сургаалын судрын нэг хэсгийг сонгоорой. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах бүтээлч аргыг бодож ол.
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэх
Ням гаргийн анги эхлэхийн өмнө танай найз Ноэлл хажууд чинь суулаа. Тэр самбар луу харж, уншиж буй зүйлдээ сэтгэл дундуур харагдав. Өнөөдрийн хичээл бошиглогчийг дагахад төвлөрч байсан юм. Ноэлл бошиглогчид сэтгэл дундуур байгаа хүмүүсийн тухай саяхан уншсан гэдгээ хэллээ. Тэр яагаад бошиглогч хүмүүсийн хэрэгцээг илүү сайн мэддэггүй, хүмүүсийн гаргаж буй саналд яагаад хариу үзүүлдэггүй талаар гайхаж байв.
Ноэллын санаа зовж буй зүйлийнхээ хариуд итгэлээрээ үйлдэж болох дор хаяж хоёр үйлдлийг гаргаж ир.
Та яагаад тэдгээр үйлдлийг санал болгож байгаагаа тайлбарла эсвэл өөрт тохиолдсон туршлагаасаа хуваалц.
Илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх үедээ Их Эзэнд болон Түүний үйлчлэгчдэд илүү их итгэдэг болоход нь тус болох, Ноэллын мэддэг байж болох бошиглогчдын тухай зарим үнэнийг жагсаа.
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд бошиглогчид ямар үүрэг гүйцэтгэдгийг бич.
Бошиглогчдод зориулсан Их Эзэний зорилгыг Ноэлл болон бусад хүн тэдний үүргийг юу гэж боддогтой зэрэгцүүлэн харьцуул.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахаар эрэлхийлэх
Найдваргүй эх сурвалжуудаас үүдэн хэн нэгэнд гарах сөрөг нөлөөллүүдийг жагсааж бич.
Сургаал ба Гэрээнээс (эсвэл тэнгэрээс томилогдсон бусад эх сурвалжаас) Ноэллд тус болох нэг эсвэл хэд хэдэн судрын хэсгийг ол.
Хэрэв Ноэлл Бурхан яагаад бошиглогчдыг дууддагийг ойлгосон бол түүний хүлээж авч болох дор хаяж хоёр адислалыг бич.