Семинар
169-р хичээл—Судар дээрх Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх: Аврагчийн нэр, цол, зан чанарыг судлах


“169-р хичээл—Судар дээрх Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх: Аврагчийн нэр, цол, зан чанарыг судлах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Судар дээрх Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

169-р хичээл: Судар судлах ур чадвар

Судар дээрх Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх

Аврагчийн нэр, цол, зан чанарыг судлах

Судар дээрх Аврагч

Судруудын нэг гол зорилго бол Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар суралцахад бидэнд туслах явдал юм. Тэдний талаар илүү ихийг сурч мэдэхийн хэрээр Тэдэнд итгэх итгэл маань өсөн нэмэгддэг. Энэ хичээл судраас, ялангуяа Сургаал ба Гэрээг судалж байхдаа Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та юу харж байна вэ?

Судар судлахдаа Аврагчид анхаарлаа төвлөрүүлэх ур чадварыг суралцагчдад танилцуулахын тулд дараах эсвэл өөрийн бодсон нэг үйл ажиллагааг явуул. Суралцагчдыг бэлтгэлтэй байхад уриалахын тулд, орж ирэхдээ харж болох бүдэг зургийг тавьж болно.

Дараах бүдэг зургийг хараад, юу өрнөж байгааг тайлбарлахыг хичээ.

Аврагчийн тохинууллыг харуулсан бүдэг зураг

Дараа нь уг зургийг тодруулан хар.

Аврагчийн тохинуулал

Эртний Америкийн оршин суугчдад тохинуулж буй Аврагчийн зургийг суралцагчдад үзүүлэнгээ дараахтай адил асуултуудыг тавь. Тэднийг таны асуултад хариулж байх үед ойлгож, оролцож байгаад нь талархаж байгаагаа хэл.

  • Зургийг тодруулснаар та ямар нарийн ширийн зүйлийг олж харж байна вэ?

  • Энэ зургийг харахад танд Аврагчийн талаар ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

Өнөөдрийн хичээлийн зорилгыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил мэдээллийг хуваалцах талаар бодож үз.

Тодруулах гэдэг нь аливаа зүйлийг илүү тодорхой болгож, сонирхлын төвд аваачих, онцгой анхаарал хандуулах гэсэн утгыг илэрхийлдэг.

  • Судраас судлах явцдаа бид ямар арга замаар Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж болох вэ?

  • Яагаад Түүнд анхаарлаа төвлөрүүлэх нь бидэнд чухал вэ?

Энэ хичээлийг судлах явцдаа та Ариун Сүнснээс удирдамж эрэлхийлж, судраас судлахдаа Аврагчид анхаарлаа төвлөрүүлэх нь адислал байж болох шалтгаануудыг эрж хай. Судлахдаа Түүнийг анхаарлынхаа төвд байлгах арга замуудын талаар тунгаан бод.

Тодорхойлох: Есүс Христийн нэр, цолыг тодорхойл

Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхэд туслах нэг ур чадвар бол судраас судлахдаа Түүний олон нэр, цолыг хайж олох явдал юм. Эдгээр нэр, цол нь Тэнгэрлэг Эцэгийн Түүнд өгсөн үүргийг илэрхийлдэг.

Загвар

Дараах эсвэл өөрийн сонгосон судрын хэсгийг ашиглан энэ ур чадварыг жишээ болгон суралцагчдад үзүүлэхийг бодоорой. Мөн та самбарт хичээлийн эхэнд үзүүлсэн зургийг эсвэл Аврагчийн өөр нэг зургийг тавьж болно. Хичээлийн туршид Түүний өөр өөр нэр, цолыг тодорхойлохын хэрээр тэдгээрийг самбар дахь Аврагчийн зургийн эргэн тойронд бичээд, яагаад тухайн нэр, цол тэдний хувьд утга учиртайг тайлбарлахад суралцагчдыг урьж болно.

Сургаал ба Гэрээ 6:21-ийг уншаад, Есүсийн Өөрийгөө дүрслэн хэлсэн нэг юм уу хэд хэдэн нэр, цолыг ол.

  • Та юу олж мэдсэн бэ?

    Дээрх асуултын хариултууд нь “Есүс Христ,” “Бурханы Хүү,” “Би бол гэрэл” зэрэг байж болно. “Христ,” “Мессиа” гэх англи хэл дээрх цолууд нь грек болон еврей хэлний “тослогдсон нэгэн” гэсэн үгийн орчуулга гэдгийг мэдэх нь суралцагчдад сонирхолтой байж болох юм. Эрт дээр үед онцгой үүрэг даалгавар хүлээн авсан хаад, санваартнуудыг тосолдог байжээ (Судруудын удирдамж, “Тосолгоо,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Иймд бүхнээс чухал үүрэг гүйцэтгэсэн Аврагч Бурханы хүүхдүүдийн хувьд “тослогдсон Бошиглогч, Санваартан, Хаан түүнчлэн Чөлөөлөгч” юм (Судруудын удирдамж, “Мессиа”, scriptures.lds.org).

  • Бид эдгээр өөр нэр, цолоос Есүсийн талаар юу сурч мэдэж болох вэ?

  • Энэ цол таны хувьд яагаад утга учиртай вэ? Есүс Христийн тухай энэхүү ойлголт яг одоо таны амьдралд хэрхэн туслах вэ?

Жишээлбэл: Бидний амьдралд илүү их гэрэл хэрэгтэй гэж мэдэрч байвал Аврагчийг тэрхүү гэрэл гэдгийг санаж болно. Тэр бидний Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих замыг чиглүүлж чадна.

1:47

Дадлага

Дараах үйл ажиллагааг ганцаараа эсвэл жижиг бүлгээр хийх нь зөв эсэхийг шийдэхийн тулд суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг харж үз. Түүнчлэн суралцагчид хувиараа судлахдаа олж мэдсэн, өөрсдийнх нь хувьд утга учиртай цолуудаа хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээн дэх Есүсийн өөр нэр, цолуудыг тодорхойлох дасгалаа үргэлжлүүл. Таны судалсан зарим сударт нэгээс илүү нэр, цол байж болох юм. Хэрэв танд нэр, цолын утгыг ойлгоход тусламж хэрэгтэй бол ChurchofJesusChrist.org дээрх Судруудын удирдамж, Bible Dictionary зэрэг эх сурвалжуудыг ашиглаж болох юм.

Дараах судрын хэсгүүдийн заримыг юм уу бүгдийг уншаад, олж мэдсэн нэр, цолоо судлах тэмдэглэлдээ бич. Тэдгээр нэр, цолоос Есүсийн тухай та юу сурч мэдсэн бэ мөн Тэрээр таны амьдралд хэрхэн тусалж чадах талаар тунгаан бод.

  1. Сургаал ба Гэрээ 10:70

  2. Сургаал ба Гэрээ 19:1

  3. Сургаал ба Гэрээ 38:22

  4. Сургаал ба Гэрээ 45:3

  5. Сургаал ба Гэрээ 50:44

Судалж, тунгаан бодох хангалттай цаг гаргаж өгсний дараа эдгээр үйл ажиллагаанаас сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад суралцагчдыг урь. Аврагчийн нэрс бидэнд туслахын тулд гаргадаг Түүний хүчин чармайлттай хэрхэн нийцэж байгааг онцлох арга замуудыг хай.

Тодорхойлох: Аврагчийн бурханлаг зан чанарыг олж мэд

Судраас судалж байхдаа Аврагчид анхаарлаа төвлөрүүлэх өөр нэгэн арга замыг өгье. Хэрэв хичээлийн цаг хангалттай байвал та уг ур чадварыг жишээ болгон харуулж, суралцагчдыг дадлага хийхэд урьж болно.

Судраас судалж байхдаа Аврагчид анхаарлаа төвлөрүүлэх өөр нэгэн арга зам бол Түүний бурханлаг зан чанарыг олж мэдэх явдал юм. Зан чанар бол шударга, нинжин сэтгэл гэх мэт тухайн хүнд байдаг эсвэл хөгжүүлсэн чанар, зан байдал юм.

Загвар

Шаардлагатай бол дараагийн хэсэг дэх эсвэл өөрийн сонгосон судруудаас нэгийг нь ашиглан Аврагчийн зан чанарыг хэрхэн тодорхойлохыг суралцагчдад жишээ болгон үзүүлэхийг бодоорой. Сургаал ба Гэрээний шүлгүүдийг тусад нь цаасан дээр бичээд, өрөөн доторх өөр өөр газарт байрлуулах замаар дараах үйл ажиллагааг явуулж болно. Суралцагчид жижиг бүлгүүдэд хуваагдан, цаас бүр дээр очиж, шүлгээс нь Аврагчийн бурханлаг шинж чанарыг хамтдаа олж мэдэж болно.

Дадлага

Дараах судруудын заримыг эсвэл бүгдийг уншаад, Аврагчийн бурханлаг зан чанарыг олж мэд. Таны хувьд утга учиртай нэг зан чанарыг сонгоод, Аврагчийн энэ зан чанарыг таньж мэдэх нь Түүнийг илүү их хайрлаж, итгэхэд хэрхэн тус болохыг товчхон тайлбарла.

  1. Сургаал ба Гэрээ 19:24

  2. Сургаал ба Гэрээ 61:2

  3. Сургаал ба Гэрээ 62:6

  4. Сургаал ба Гэрээ 101:9

  5. Сургаал ба Гэрээ 133:52

Жишээлбэл: Суралцагчид 19-р хэсгээс Христ Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэхэд бэлэн байсныг тодорхойлж болно. Хэрэв суралцагчид самбар дээрх Аврагчийн зургийн эргэн тойронд нэр, цолыг нь бичиж байгаа бол олж мэдсэн зан чанаруудаа мөн бичихэд тэднийг урамшуул. Суралцагчдыг оролцсонд талархаад, бид яагаад Аврагчийг хайрлаж, Түүнд итгэх ёстойг онцлох арга замуудыг ол.

Хэсэг бүр дээр Аврагчид анхаарлаа төвлөрүүл

  • Өнөөдрийн сурч мэдсэн, дадлага хийсэн зүйл дээрээ үндэслээд, “Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх нь таны судраас судлах үйл явцыг хэрхэн өөрчилсөн бэ?” гэсэн асуултад хариул.

Судраас судлахдаа Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхийн ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцаж болох юм. Сургаал ба Гэрээний хэсэг бүрийг уншиж байхдаа Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд суралцагчдыг урь.

Дараагийн хичээлээр хувиараа болон гэр бүлээрээ судлахдаа Аврагчийн талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Дараа дараагийн хичээлээр ангид энэ ур чадвараараа дадлага хийхэд суралцагчдыг урамшуул.