Суралцах туршлага 13
Хэрхэн заахаа шийдэх нь: Итгэлээ хөгжүүлэх нь
Тойм
Энэ суралцах туршлагад дараах ойлголтуудыг авч үзнэ. Үүнд:
-
Бурханы үгийн хүч чадалд итгэх
-
Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ хөгжүүлэх
-
Суралцагчдадаа итгэх
Үндсэн ойлголтууд
Гурван гол итгэл
Институт, семинарын зорилго дахь “заа” догол мөрөнд: “Бид суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг судрууд, бошиглогчдын хэлснээр нь заах үүрэгтэй. Сайн мэдээний энэхүү сургаал, зарчмууд нь ойлголт, сэнхрүүлэлт рүү хөтлөх арга замаар заагддаг болно. Бид суралцагчдад суралцах явцдаа өөрсдийн үүргийг биелүүлэхэд нь тусалдаг ба сайн мэдээг бусдад заахад бэлтгэдэг” гэсэн байдаг (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], x).
Энэ догол мөр нь амжилттай багшийн үйлдэл гурван гол итгэл үнэмшлийг харуулдаг болохыг өгүүлдэг. Тухайлбал:
-
Бид үгийн хүч чадалд итгэж чадна.
-
Бид Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ хөгжүүлж чадна.
-
Бид суралцагчдадаа итгэж чадна.
Энэхүү суралцах туршлагад эдгээр гурван гол зүйлийн талаарх таны ойлголт, итгэл үнэмшлийг гүнзгийрүүлэх зорилготой чухал ойлголтуудыг авч үзнэ.
Гурван хөлтэй сандлын хөлнүүдтэй адил гурван гол итгэл үнэмшлийн нэг бүр нь амин чухал юм. Багш нарын арга барил энэ бүх гурван гол итгэл үнэмшилтэй нийцсэн байвал амжилтад хүрэх нь гарцаагүй.
Зарим үед багш нарын арга барил тэдний сэтгэл зүрхэндээ итгэдэг итгэлтэй нийцдэггүй. Яг л гурван хөлтэй сандлын хөл нь хугарсан эсвэл алга болсон бол тэнцвэрээ олохгүйтэй адил Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага дээр өгүүлсэнчлэн дараах зүйлийн аль нэг нь дутуу байгаа учраас багш нар амжилтад хүрэхгүй байгаа гэсэн үг юм. Тухайлбал:
-
Үгийн хүч чадалд итгэх итгэл
-
Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэл
-
Суралцагчдадаа итгэх итгэл
churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Three Core Beliefs” (1:47) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Шашны институт, семинарын удирдах ажилтан Чад Вэбб, түүний заах арга барил үндсэн итгэл үнэмшилтэй нь нийцэхгүй байна гэж мэдэрч байсан үеийнхээ талаар ярьдаг. Тэрээр энэ туршлагаас үндэслэн, юу хийхээр шийдсэн болохыг олж хар.
Үгийн хүч чадалд итгэх
Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 4.1.3-р хэсгийн “Үгийн хүч чадалд итгэх” дэд гарчиг доорх хоёр догол мөрийг (47-48-р хуудас) уншина уу. Дараа нь дараах судрын хэсгүүдийг унш.
Гарын авлага ба судруудаас уншиж байхдаа дараах зүйлийг хий. Үүнд:
-
Таны болон суралцагчдын тань амьдралд судруудын авчрах адислалуудыг тодорхойлон бичсэн үг эсвэл хэллэгүүдийг ол.
-
Судрууд таны болон бусдын амьдралыг адисалж байсан тохиолдлуудын талаар тунгаан бод. Төрсөн бодол санаа, сэтгэгдлээ бичиж тэмдэглэхэд анхаар.
Багш, суралцагчдыг үгийн хүч чадалд итгэх үед судрууд нь заах, судлах үйл явцад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Scripture-Centered Teaching” (3:20) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Вэбб ах энэ нь ангид ямар байдлаар харагддаг болох, мөн яагаад чухал болохыг тайлбарладаг. Үзэж байхдаа дараах асуултуудад анхаарлаа хандуул. Үүнд:
-
Судрууд заах, судлах үйл явцын төвд байдаг ангиас та юу олж харах вэ?
-
Багш нар суралцагчдынхаа ангийн туршлагын төвд судруудыг байлгах нь яагаад чухал вэ?
Эдгээр асуултын хариултаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.
Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэл
Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 4.1.3-р хэсгийн “Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэл” дэд гарчиг доорх хоёр догол мөрийг (48-р хуудас) уншина уу. Уншиж байхдаа Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ хөгжүүлэх нь хэрхэн суралцагчдын тань амьдралыг өөрчлөхийг олж мэд.
Дараа нь churchofjesuschrist.org дээрх “The Lord Knows Every Need” (0:45) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ хөгжүүлэх нь таныг болон суралцагчдыг тань хэрхэн адисалдаг талаарх таны ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусална. Үзэж байхдаа дараах асуултуудад анхаарлаа хандуул. Үүнд:
-
Багшийн хувьд та Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ ямар арга замаар харуулж чадах вэ?
-
Их Эзэнд болон Сүнсэнд итгэх таны итгэл суралцагчдад тань хэрхэн адислал болж чадах вэ?
Эдгээр асуултын хариултыг судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.
Суралцагчдадаа итгэх итгэл
Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 4.1.3-р хэсгийн “Суралцагчдадаа итгэх итгэл” дэд гарчиг доорх эхний дөрвөн догол мөрийг (48-р хуудас) уншина уу. Уншиж байхдаа та суралцагчдынхаа сайн мэдээний сургаал, зарчмуудыг судалж, зааж, хэрэгжүүлэх чадварт яагаад итгэж болохыг харуулсан үг, хэллэгүүдийг ол.
churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Expecting More from Your Students” (2:21) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь нэгэн багшийн суралцагчдадаа итгэх итгэл нь хэрхэн тэдэнд “Сүнсний хөвчийг мэдрэхэд” тусалж, тэдний хөрвөлтөд нөлөөлсөн болохыг харуулдаг (Бонни Л.Оскарсон, “Greater Expectations” [Семинар ба институтийн хиймэл дагуулаар дамжуулан нэвтрүүлсэн нэвтрүүлэг, 2014 оны 8-р сарын 5], churchofjesuschrist.org/broadcasts). Үзэж байхдаа, дараах асуултад анхаарлаа хандуул. Үүнд:
-
Ангийнхаа суралцагчдын сайн мэдээг судалж, зааж, хэрэгжүүлэх чадварт итгэдэг багшийн анги нь суралцагчдадаа бага итгэдэг багшийн ангиас хэрхэн өөр байх вэ?
Төрсөн бодол санаагаа судлах тэмдэглэлдээ эсвэл өөртөө харагдах өөр газарт бичиж, сургалтын удирдагчтай эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.
Дүгнэлт ба хэрэгжүүлэлт
Санах зарчмууд
Үр дүнтэй заахын тулд таны заах арга барил дараах гурван гол итгэл үнэмшилтэй нийцсэн байх ёстой. Тухайлбал:
-
Бид Бурханы үгийн хүч чадалд итгэж чадна.
-
Бид Их Эзэнд болон Сүнсэнд итгэх итгэлээ хөгжүүлж чадна.
-
Бид суралцагчдадаа итгэж чадна.
Зарим үед анги дахь арга барил, үйлдэл тань эдгээр гол итгэл үнэмшлийг хэрхэн харуулж байгаа талаар өөрөөсөө асууж байх нь ашиг тустай байж болно.
“Өөрийнхөө төлөө мөн суралцагчдынхаа төлөө тэднийг судруудаа [Мормоны Номыг] унших хүсэлтэй болно гэдэгт итгэлтэй байхыг би танаас гуйж байна. Та тэднийг судрууд руу хөтлөх бус, харин судрууд тэднийг татах ёстой” (Хэнри Б.Айринг, “The Book of Mormon Will Change Your Life” [Мормоны Ном сэдэвтэй СБС-ийн симпозиум, 1990 оны 8-р сарын 17], 2, si.churchofjesuschrist.org).
“Тиймээс, яах вэ?”
Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.