Суралцах туршлага 5
Суралцах загварыг турших нь
Тойм
Энэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:
-
Суралцах туршлагыг танилцуулах
-
Сайн мэдээг суралцагчдын зүрх сэтгэлд хүргэх
-
Суралцах загварыг ойлгох
-
Сайн мэдээг судлахад суралцах загварыг хэрэгжүүлэх
Үндсэн ойлголтууд
Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид шашны институт, семинарын суралцагчдад зааж байгаа багш нарыг судрууд болон бошиглогчдын үгс дэх сайн мэдээний сургаал, зарчмуудыг олж тогтоон, ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсдэг. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк (1871–1961) энэ үүргийн талаар:
“Та нар энэхүү сайн мэдээг Сүмийн жишиг бүтээлүүдээс мөн хожмын энэ өдрүүдэд Түүний хүүхдүүдийг удирдахаар Бурханаар дуудагдсан хүмүүсийн үгсээс ашиглан заана” (The Charted Course of the Church in Education, rev. ed. [1994], 10) хэмээн заасан юм.
Суралцах загварыг танилцуулах
Суралцагчид судраас болон бошиглогчдын үгсээс Есүс Христийн сайн мэдээг судалж байхдаа сайн мэдээний сургаал, зарчмуудыг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий суулгаж авах нь нэн чухал юм. Энэ үйл явцыг үр дүнтэй болгоход туслахын тулд шашны институт, семинар нь багш, суралцагчдад сайн мэдээний үнэнийг өөрсдийн амьдралд олж мэдэж, ойлгож, хэрэгжүүлэх боломжийг олгодог суралцах үндсэн загварыг тодорхойлсон. Энэ загвар дараах үндсэн зарчмуудаас бүрддэг. Үүнд:
-
Хам сэдэв ба агуулгыг ойлгох
-
Сургаал, зарчмуудыг олж тогтоох
-
Сургаал, зарчмуудыг ойлгох
-
Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх
-
Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх
Та сайн мэдээг судалж байхдаа эдгээр суурь зарчмыг ойлгож, ашигладаг болохын хэрээр эдгээрийг хэрэгжүүлэхэд суралцагчдадаа туслах илүү боломжтой болох болно.
Энэхүү суралцах туршлагын зорилго нь суралцах загварын таван суурь зарчмыг тоймлон харуулах явдал юм. Суурь зарчим бүр суралцах туршлагын 6-8 дээр илүү дэлгэрэнгүй байгаа.
churchofjesuschrist.org вэбсайт дээрх “The Parable of the Gems” (6:47) видео бичлэгийг үзнэ үү. Та видео бичлэгийг үзэж байхдаа “элсэн дундаас эрдэнийн чулууг хайж, олох нь судраас судалж, суралцахтай хэр адил болох”-ыг өөрөөсөө асуугаарай.
Видео бичлэгийг үзсэнийхээ дараа өөрт төрсөн бодол, сэтгэгдлийг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.
Сургаалт зүйрлэлийг суралцах загвар дээр хэрэгжүүл
Эрдэнийн чулууны сургаалт зүйрлэл нь суралцах загварын суурь зарчмуудыг ойлгоход бидэнд тусалдаг. Суурь зарчим бүрийн тухай илүү ихийг мэдэж авахын тулд доорх тайлбарыг уншина уу.
-
Хам сэдэв ба агуулгыг ойлгох:Элснээс эрдэнийн чулуу хайж буй залуу эмэгтэй нь судрын болон бошиглогчдын үгсээс мөнхийн үнэнийг хайж буй суралцагчийг төлөөлдөг. Элс нь судар эсвэл судруудын хэсгүүд—түүхэн үйл явдал, хүмүүс, газар, огноо гэх мэт зүйлсийг төлөөлдөг. Эрдэнийн чулуу хайж, элс шигшиж буй залуу эмэгтэй сургаал, зарчим, бусад үндсэн үнэнүүдийг эрж хайн, судрын хэсгүүдийг шигшиж буй суралцагчтай адил юм. Энэ үйл явцыг хам сэдэв ба агуулгыг ойлгох гэж нэрлэдэг.
-
Сургаал, зарчмуудыг олж тогтоох:Элснээс эрдэнийн чулуу олж авч байгаа залуу эмэгтэй судрын болон бошиглогчдын үгсээс сургаал, зарчмуудыг олж тогтоож буй үйл явцыг төлөөлдөг. Зарим эрдэнийн чулуу гадаргуу хавьд байхад, зарим нь элсний гүнээс олддог шиг зарим мөнхийн үнэнийг судраас амархан олж тогтоож болдог байхад, заримыг нь олж мэдэхэд ихээхэн хүчин чармайлт шаарддаг.
-
Сургаал, зарчмуудыг ойлгох:Эрдэнийн чулуу бүрийг анхааралтай шалгаж буй залуу эмэгтэй нь сургаал, зарчмуудыг илүү гүн гүнзгий ойлгохын тулд хичээнгүйлэн судалж буй суралцагчийг төлөөлдөг.
-
Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх:Эрдэнийн чулуу бүрийн онцлог, ач холбогдолд талархалтай байсан залуу эмэгтэйг судраас эсвэл бошиглогчийн үгсээс олсон сургаал, зарчмуудынхаа үнэн ба чухал ач холбогдлыг мэдэрч байгаа суралцагчтай адилтгаж болно.
-
Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх:Залуу эмэгтэй эрдэнийн чулуунуудаа ашиглах тодорхой аргыг эрэлхийлэн бодсон шиг суралцагчид ч бас Сүнс тэдний оюун ухаан, зүрх сэтгэлд хувийн удирдамж өгөх үед сургаал, зарчмуудыг хэрхэн өөрийн болгож, амьдралдаа хэрэгжүүлэх талаар бодож үзэж болно.
Сайн мэдээг судлахдаа суралцах загварыг хэрэгжүүлэх нь
Доорх мэдэгдлүүд нь жинхэнэ суралцагчдад сайн мэдээний үнэнүүдийг олж мэдэж, ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхээр судруудыг ашиглахад энэхүү суралцах загвар хэрхэн тусалж байгаа жишээнүүд юм.
-
“Би судруудыг илүү сайн ойлгож байгаа. Би хэрхэн асууж, хариулт авахаа мэддэг болсон. Би одоо үнэнийг олж, хэрхэн үйлдэх хэрэгтэйгээ илүү сайн ойлгохын тулд уншдаг болсон.”
-
“Би хэзээ ч ганцаараа сууж судар уншиж байгаагүй ч одоо орой бүр үүнийг хийх дадал хэвшилтэй болж байгаа. Танд хүрч мөн тэр даруй зүрх сэтгэл рүү нэвтрэх үнэнүүдийг олж мэдэж, ойлгоход үнэхээр агуу мэдрэмж төрдөг.
-
“Би судруудыг ойлгодоггүй байсан учраас тийм ч их уншдаггүй байсан. Харин одоо бол судрууд нь зарчмуудаар дүүрэн гэдгийг мөн би тэдгээрээс хариултуудаа хайж болно гэдгийг мэддэг болсон. Энэ жил би үүнийг бүхий л амьдралынхаа турш хийж байснаасаа ч олон удаа хийж үзсэн.”
-
Надад юунаас ч илүүтэй семинарын тусалсан нэг зүйл бол судруудыг хайрлах, ойлгох минь өсөн нэмэгдсэн явдал юм. Би олон залбирлынхаа хариултыг авсан. Би Аврагчтай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлсэн бөгөөд үүндээ маш их талархалтай байгаа. Би илүү юуг хүсэх билээ дээ?”
-
“Би судруудыг хэрхэн илүү сайн судалж болохыг үнэхээр мэдэж авсан бөгөөд судрууд надад уйтгартай санагдахаа больсон. Би үнэхээр тэдгээрийг судалж, Тэнгэр дэх Эцэгтээ эргэн очихын тулд хэрхэн амьдрах ёстойгоо тунгаан бодохыг хүсдэг.
-
“Заримдаа үүнийг уншихад хайр, халуун дулаан мэдрэмж мэдрээд зогсохгүй, хуудсууд ба хавтас нь бодитой хүчтэй мэдлэгийг олгож буй мэт санагддаг.”
Дүгнэлт ба хэрэгжүүлэлт
Санах зарчмууд
-
Та нар институт, семинарын багш нарын хувьд суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг судруудад болон бошиглогчдын хэлснээр ашиглан заах үүрэгтэй.
-
Багш, суралцагчид судрын хуудаснуудаас болон бошиглогчдын үгсээс сайн мэдээг зүрх сэтгэлдээ хэрхэн гүнзгий суулгахыг сурах ёстой.
-
Шашны институт, семинар нь багш, суралцагчдыг сайн мэдээний үнэнийг олж мэдэж, ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд урьсан суралцах үндсэн загварыг тодорхойлсон.
-
Та сайн мэдээг судалж байхдаа эдгээр суурь зарчмыг ойлгож, ашигладаг болохын хэрээр эдгээрийг хэрэгжүүлэхэд суралцагчдадаа туслах илүү боломжтой болох болно.
“Есүс Христийн сайн мэдээ биднийг ямар нэг зүйлийг мэддэг бол гэж заадаг дэлхийн сургалтын байгууллагуудтай адилгүй нь биднийг ямар нэг зүйл бий болоход урьдаг явдал юм” (Даллин Х.Өүкс, “The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 32).
“Тэгээд, яах вэ?”
Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн, хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.