Суралцах туршлага 7
Сургаал, зарчмуудыг олж тогтоох нь
Тойм
Энэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:
-
Тодорхой сургаал, зарчмуудыг олж тогтоох
-
Далд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтоох
-
Зарчмын мэдэгдлүүдийг бичих
Үндсэн ойлголтууд
Суралцах туршлага 5 дээр танилцуулсан суралцах загвар нь сайн мэдээг бидний оюун болоод зүрх сэтгэлд суулгахад тусалдаг суурь зарчмуудыг хангаж өгдөг. Бид энэ суралцах зарчмаар сургаал, зарчмуудыг олж тогтоох талаар авч үзэх болно.
Энэ суралцах туршлагын зорилго нь энэхүү суралцах загварын хүчин зүйлсийг товч танилцуулах явдал юм. Та институт, семинарын багшаар үйлчлэх хугацаандаа эдгээр чадварын тухай мэдэж, дадлага хийх олон боломжтой байх болно.
Сургаал, зарчмуудыг олж тогтоох нь
-
Эрдэнийн чулууны сургаалт зүйрлэл дээр нэг залуу эмэгтэй агуу үнэ цэнтэй эрдэнийн чулууг олж байгаагаар зүүдэлдэг.
-
Үүнтэй адилаар бид судруудыг судалснаар амьдралыг маань адисалж чадах судрын эрдэнийн чулууг олж чадна.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004):
“Ах эгч нар аа, судрууд бидэнд маш олон сургаалын очир эрдэнийн чулуунуудыг санал болгодог. Сүнсний гэрэл талстууд дээр гэрэлтэх үед эдгээр нь селестиел ойлголтуудыг гялалзуулж, бидний дагах ёстой тэрхүү замыг гэрэлтүүлдэг” хэмээн заасан (“According to the Desires of [Our] Hearts,” Ensign, 1996 оны 11-р сар, 21).
Элсэн дээрх эрдэнийн чулуунууд нь судрын болон бошиглогчдын үгэнд агуулагддаг үнэний чухал сургаал, зарчмуудыг төлөөлдөг.
Сургаал, зарчмууд: Тодорхой ба далд утга
Эрдэнийн чулууны сургаалт зүйрлэлд залуу эмэгтэй үнэ цэнтэй эрдэнийн чулуу олж авахаар эрэлхийлдэг. Тэр хайсныхаа эцэст заримыг нь элсний гадаргуугаас, заримыг нь элсний гүнээс олдог. Үүнтэй адил, та зарим сургаал, зарчим судар дээр шууд тодорхой бичигдсэн байдаг бөгөөд олоход амар хялбар байдгийг мэдэх болно. Судруудад олон зарчмыг шууд тодорхой бичилгүй, битүү утгаар сануулсан байдаг. Эдгээрийг олж мэдэхэд ихээхэн хүчин чармайлт шаардагддаг.
Тодорхой сургаал, зарчмууд |
Далд утга бүхий сургаал, зарчмууд |
---|---|
Судрын бичвэр дээр шууд тодорхой бичигдсэн сургаал, зарчмууд |
Судрын зохиогчдын шууд тодорхой бичилгүй, битүү утгаар сануулсан сургаал, зарчмууд |
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) сургаал, зарчмуудыг олж тогтоох талаар ярихдаа:
“Зарчмуудыг эрж хай. Зарчмуудын тухай тайлбарыг зарчмуудаас нь анхааралтай ялгаж салга” хэмээн заасан (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, 1993 оны 11-р сар, 86).
Энэхүү суралцах туршлагын үлдсэн хэсэг нь таныг судлах явцдаа тодорхой ба далд утгатай сургаал, зарчмуудыг олж тогтоох чадвараа хөгжүүлэхэд туслах болно. (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт ба семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 27-г үзнэ үү.)
Тодорхой сургаал, зарчмуудыг олж тогтоох
Тодорхой сургаал, зарчмууд нь судрын бичвэр дээр шууд, тодорхой бичигдсэн тэдгээр зүйл юм.
Тодорхой бичигдсэн сургаал, зарчмуудын жишээнүүдийг харуулах дараах судруудыг уншина уу (тод хараар бичсэн). Үүнд:
-
Иохан 15:10—“Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно.”
-
Эхлэл 1:27—“Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.”
-
Сургаал ба Гэрээ 59:23—“Гэвч зөв шударгын үйлсүүдийг хийх тэрээр шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авагтун.”
-
Хиламан 3:27—“Зүрх сэтгэлийнхээ гүнээс, түүний ариун нэрийг дуудах бүгдэд Их Эзэн нигүүлсэнгүй байдгийг бид ийн үзэж болох ажгуу.”
-
Иов 36:5—“Харагтун, Бурхан хүчирхэг боловч жигшдэггүй, ухааны чадавхаар хүчирхэг билээ.”
Далд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтоох
-
Эрдэнийн чулууны сургаалт зүйрлэл дээр залуу эмэгтэй зөвхөн элсний гадаргууд байсан эрдэнийн чулуунуудыг олсондоо сэтгэл нь ханаагүй. Тэр элсийг илүү гүн ухаж, анхааралтай шигшсэнээр илүү агуу үнэ цэнтэй эрдэнийн чулуунуудыг олж авч чадна гэдгээ мэдсэн.
-
Үүнтэй адил та судруудыг судлах үедээ далд утга бүхий сургаал, зарчмуудыг олохын тулд судруудын хам сэдэв, агуулгаар нь “ухаж” мөн “шигших”-ийг сурч болно. Эдгээр нь таны судар судлах явцдаа хийж болох хамгийн эрхэм, чухал нээлтүүдийн зарим хэсэг юм. Далд утга бүхий сургаал, зарчмуудыг нээж илрүүлэхэд цаг хугацаанаас гадна анхаарал төвлөрүүлж, бодох хэрэгтэй байдаг.
Далд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтооход санал болгох зүйлс
Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага багш, суралцагчдад далд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтооход туслах дараах зөвлөмжүүдийг санал болгодог. Үүнд:
-
Шалтгаан ба үр дүнгийн харилцан хамаарлыг олох
“Сударт гардаг хувь хүн ба бүлэг хүмүүсийн үйлдэл, зан авир, харьцаанд дүн шинжилгээ хийж, адислалуудыг буюу үр дагавруудыг ойлгож мэдсэнээр сайн мэдээний зарчмуудыг илүү тодотгодог (Сайн мэдээг заах ба судлах нь 27).
“Би Матай 4:1–11-ийг уншиж байхдаа, Аврагчийн үйлдлүүд дээр болон Тэр ‘Бурхантай хамт’ байхын тулд хэрхэн мацаг барьж, залбирч байсанд анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Тэр Өөрт нь сорилт болж ирсэн уруу таталтуудыг эсэргүүцэхдээ хэрхэн судруудыг ашигласныг би дараа нь олж харсан. Түүний мацаг барьж, залбирч, судруудыг ашигласан нь (шалтгаан) уруу таталтыг даван туулахад хангалттай сүнслэг хүч чадлаар хангасан юм (үр дүн). Би энэхүү нээлтийг хийх үедээ: Бид мацаг барьж, залбирч, судруудыг ойлгосноор уруу таталтыг даван туулах илүү агуу сүнслэг хүч чадлыг олж авч чадна” гэсэн энгийн зарчмыг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсан.
“Би 1 Нифай 18:3 дээрээс нэг агуу далд утга бүхий зарчмыг олсон. Нифай ‘байн байн ууланд гарч, мөн би Их Эзэнд дахин дахин залбирсан бөлгөө.’ Үр дүнд нь Их Эзэн түүнд агуу зүйлийг үзүүлэв. Би энэ захиасыг тунгаан бодож байхдаа судрынхаа захад: Би Их Эзэнтэй хувийн залбирлаараа дамжуулан ярилцахыг эрэлхийлэх тусам Тэр надад илүү агуу зүйлүүдийг илчлэх болно гэсэн зарчмыг бичсэн юм.”
-
Aсуулт тавих
Дараахтай адил асуултуудыг тавьж, далд утга бүхий зарчмуудыг олж тогтоож болно. Үүнд:
-
Түүхийн сургамж эсвэл гол санаа нь юу вэ?
-
Зохиогч яагаад эдгээр үйл явдал эсвэл хэсгүүдийг оруулсан юм бол?
-
Зохиогч үүгээрээ бидэнд юу заахыг хүссэн бэ?
-
Энэ хэсэгт ямар чухал үнэнийг заасан бэ?
“Би Мормоны Номыг орчуулах оролдлого нь бүтэлгүйтсэн Оливер Каудерид Их Эзэний өгсөн зөвлөгөөг агуулдаг Сургаал ба Гэрээ 9-ийг уншиж байхдаа ‘Энэ түүхийн сургамж эсвэл гол санаа нь юу байсан бэ?’ гэж өөрөөсөө асуусан. Миний оюун ухаанд ирсэн далд утга бүхий зарчим нь илчлэлт хүлээн авч, үүнийг таньж мэдэхийн тулд өөрөөсөө шалтгаалах зүйлсийг хийх ёстой гэсэн үг байсан.”
“Би Алма 17-18-аас, ямар ч шагнал урамшуулал авах зорилгогүйгээр хаан Лемонайд үйлчилдэг байсан Аммоны тухай болон Аммоны итгэлтэй байдалд сэтгэл нь хөдөлсөн хаан Лемонайн тухай уншиж байлаа. Би ‘зохиогч яагаад эдгээр бүлэгт энэ хэсгүүдийг оруулсан юм бол?’ гэж гайхан бодов. Би энэ асуултад хариулан, Бид бусдад итгэлтэй үйлчилснээр тэдэнд сайн мэдээний үнэнүүдийг хүлээн авахад нь тусалж чадна гэсэн зарчмыг судар дээрээ бичсэн.”
-
-
Сургаал, зарчмуудыг тодорхой бөгөөд энгийнээр тодорхойлох
Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага дээр “битүү сануулсан [сургаал,] зарчмуудыг тодорхойлоход судрын үйл явдалд дүрсэлсэн үнэнийг олж таних, тэдгээрийг товч бөгөөд тодорхой тэмдэглэх зэрэг нь орно” хэмээн заадаг (Сайн мэдээг заах ба судлах нь, 27). Сургаал, зарчмуудын тухай тодорхой, бүрэн мэдэгдлүүдийг бичих нь өөрсдийн бодлыг тодорхойлж, Их Эзэний бидэнд өгөхийг хүсдэг судрын захиасыг олж авахад тусалдаг.
Далын ахлагч Б.Х.Робэртс (1857–1933):
“Үнэнийг мэдүүлэхийн тулд үүнийг тодорхой тайлбарлах ёстой бөгөөд ингэснээр Ариун Сүнс хүмүүний бодгальд тухайн ажил үнэн гэдгийг гэрчлэх боломжтой болдог” хэмээн заасан (New Witnesses for God, 3-р боть [1909], 2:vii, quoted in Жэймс Э.Фауст, “What I Want My Son to Know before He Leaves on His Mission,” Ensign, 1996 оны 5-р сар, 41).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015):
“Бид цуглуулсан үнэнээ энгийн зарчим болгож, нэгтгэн дүгнэх нь маш чухал юм” хэмээн онцлон хэлсэн (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, 1993 оны 11-р сар, 86).
“[Та] цуглуулсан үнэнээ энгийн зарчим болгож, нэгтгэн дүгнэ” хэмээн ахлагч Скоттын санал болгосныг хийснээр хамгийн тустай сургаалын эсвэл зарчмын мэдэгдлүүд дараах шинж чанаруудын заримыг хуваалцдаг гэдгийг мэдэж авах болно. Тухайлбал:
-
Тэдгээр нь бүрэн мэдэгдэл юм.
-
Эдгээр нь энгийн, тодорхой бөгөөд товч юм.
-
Энэ үнэнүүд нь суурь зарчимтай, хувирч өөрчлөгддөггүй бөгөөд түүхийн туршид байсан.
-
Эдгээр нь заримдаа үйлдэл, үүнтэй холбоотой үр дагавруудыг санал болгодог.
-
Эдгээр нь хувийн хамааралтай.
Та сургаал эсвэл зарчмын тухай дараах мэдэгдэл бүрд эдгээр шинж чанарын алийг нь харж чадах вэ?
-
Би Их Эзэнтэй хувийн залбирлаараа дамжуулан ярилцахыг эрэлхийлэх тусам Тэр надад илүү агуу зүйлүүдийг илчлэх болно.
-
Би мацаг барьж, залбирч, судруудыг ойлгосноор уруу таталтыг даван туулах илүү агуу сүнслэг хүч чадлыг олж авч чадна.
-
Есүс Христ миний нүглүүдийн төлөө зовж шаналсан.
-
Илчлэлт хүлээн авч, үүнийг таньж мэдэхийн тулд өөрөөсөө шалтгаалах зүйлсийг хийх ёстой.
-
Би бусдад итгэлтэй үйлчилснээр сайн мэдээний үнэнүүдийг хүлээн авахаар бэлтгэхэд нь тэдэнд тусалж чадна.
churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Identifying Doctrine and Principles” (7:09) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт гурван багш тоймлон харуулсан дээрх гурван зөвлөмжийг ашиглан Лук 5:1–11-ийн сургаал, зарчмуудыг олж тогтоохоор хичээн чармайж буй тухай хэлэлцдэг.
Энэ видео бичлэгээс танд чухал санагдсан хоёр юм уу гурван санааг судар судлах тэмдэглэл дээрээ эсвэл тэдгээрийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.
Сургаал, зарчмуудыг олж тогтоосны үр нөлөө
churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Identifying Doctrine and Principles: Students’ Testimonies” (2:39) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт институт, семинарын суралцагчид сургаал, зарчмуудыг тодорхойлж сурах нь тэдэнд судар судлахад нөлөөлсөн тухай хуваалцдаг. Та үзэхдээ, энэ чадвар ангидаа судар судлах, заах, судлах үйл явцад тань хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.
Дүгнэлт ба хэрэгжүүлэлт
Санах зарчмууд
-
Судруудын нэг гол зорилго бол Есүс Христийн сайн мэдээний сургаал, зарчмуудыг заах явдал юм.
-
Сургаал нь Есүс Христийн сайн мэдээний өөрчлөгдөшгүй үнэн болох суурь зарчмуудаас бүрддэг.
-
Зарчим гэдэг нь мөнхийн үнэн буюу хувь хүмүүс шийдвэр гаргахдаа ашиглах журам юм.
-
Зарим сургаал, зарчим сударт шууд тодорхой бичигдсэн байхад, зарим нь далд утга бүхий байдаг.
-
Далд утга бүхий сургаал, зарчмуудыг олж тогтоох нь тэднийг тодорхой, товч гаргахыг хэлдэг.
-
Судрууд дахь сургаал, зарчмуудыг тодорхойлохыг хичээж зүтгэн, дадлага хийх хэрэгтэй.
“Хүн сайн мэдээний зарчмуудыг судлахгүйгээр судруудыг сайн судална гэж үгүй юм. Учир нь бидний тусын тулд зарчмуудыг судруудад бичсэн байдаг” (Марион Ж.Ромни, “The Message of the Old Testament” [Church Educational System symposium on the Old Testament, 1979 оны 8-р сарын 17], 3, si.churchofjesuschrist.org).
“Тэгээд, яах вэ?”
Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн, хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.