Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 12: Баярт мэдээг бүх дэлхийд тунхагла


Бүлэг 12

Баярт мэдээг бүх дэлхийд тунхагла

“Бодгалиуд Бурханы мэлмийд хэзээ ч байгаагүй тийм их үнэ цэнэтэй, мөн ахлагч нар „азар бүрийн хүмүүс авралыг өвлөгчид байхын тулд тэднийг наманчлахад итгүүлэн, урих ёстой.”

Иосеф Смитийн амьдралаас

1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Сүм зохион байгуулагдсаны дараа Иосеф Смит сайн мэдээний баярт мэдээг үргэлжлүүлэн тунхагласаар байв. Дөрөвдүгээр сард тэрээр, гэр бүлийнхээ хамт сайн мэдээг сонирхдог болсон найз Ахмад Жозеф Найтынд Нью-Йоркийн Колесвиллд очив. Бошиглогч ойролцоо газруудад олон цуглаан зохион байгуулахад “олон хүн Бүхнийг Чадагч Бурханд хандан Тэрээр тэдэнд үнэнийг ойлгох мэргэн ухаан соёрхохын төлөө чин сэтгэлээсээ залбирч байлаа.”1 Бошиглогч хоёр сар орчмын дараа Колесвиллд хоёр дахь удаагаа ирээд, олон хүн сайн мэдээ сонсож, баптисм хүртэхийг хүсч байгааг мэджээ. Сайн мэдээг хүлээн авсан эдгээр шинэ хөрвөгчид итгэл, зоригийг харуулсныг Бошиглогч ийн тэмдэглэсэн ажээ:

“Бид Хүндэтгэлийн өдөрт зориулан цуглаан товлосон байлаа. Ингээд бямба гарагийн үдээс хойш ирсэн хүмүүст баптисмын ёслол гүйцэтгэх зорилгоор ойролцоох нэг горхийн усыг хааж далан босгосон ч, шөнө нь эсэргүүцэгчид цуглаж, нөгөөх даланг маань нурааж, Хүндэтгэлийн өдөр болох ёстой байсан баптисмыг тасалдуулав. … Бид даваа гарагийн өглөө шаргуухан ажилласнаар бидний үйл хэрэг дайснуудын нүдэн дээр өрнөж, даланг засаад, Оливер Каудери дараах арвангурван хүнд, нэрлэвэл: Эмма Смит; Хезекиа Пек болон түүний эхнэр; эцэг Жозеф Найт болон түүний эхнэр; Виллям Стрингам болон түүний эхнэр, Жозеф Найт, Аарон Калвер болон эхнэрт нь; Ливай [Халл]; Полли Найт; Жюли Стрингам нарт баптисм хүртээв.”2

Тэр намар Их Эзэн Оливер Каудери, хүү Петр Витмер, Парли П.Пратт, Зиба Петерсон нар “леменчүүд уруу очиж, мөн миний сайн мэдээг тэдэнд заах” (С ба Г 28:8; 30:5-6; 32:1-3) ёстой хэмээн Иосеф Смитэд илчилжээ. Эдгээр номлогчид 2,400 орчим км аялж, индианчуудын олон овог, түүний дотор Нью-Йорк дахь Сенека, Огайо дахь Вейндот, Индианчуудын нутаг дахь Делаваре, Шомний овгуудад богинохон хугацаагаар номложээ. Гэвч номлогчид Огайогийн Көртландад зогссон үедээ хамгийн их амжилт олсон аж. Тэнд тэд ихэвчлэн Сидней Ригдонгийн Шинэчлэгдсэн Баптист цугларалтынхнаас 130 орчим хөрвөгчид баптисм хүртээснээр дараагийн жил нь Сүмийн хэдэн зуун гишүүний цугларалтын үүд хаалгыг нээсэн юм. Номлогчид Миссурийн Жаксон дүүргийн оршин суугчдын дотроос нэлээд хөрвөгчдийг олжээ. Энд хожим нь Сионы хот үндэслэн байгуулагдах ёстой байв.

Бошиглогч Иосеф Смит эргэн тойрон дахь хүмүүстээ номлосон ч, номлогчдыг дэлхийд илгээсэн ч ялгаагүй номлолын ажилд дуртай байлаа. Ахлагч Парли П.Пратт 1839 онд болсон дараах явдлыг тэмдэглэжээ: “Иосеф ахтай хамт Филадельфид [Пеннсильвани] очих үеэр номлоход нь зориулж нэг том сүм нээгдэж, түүнийг сонсохоор гурван мянга орчим хүн цугласан байлаа. Ригдон ах өөрийнхөө сургаалыг Библиэр дүрслэн Сайн мэдээний талаар эхлээд үг хэлэв. Түүнийг дуусахад Иосеф ах босч, арслан хүрхрэх лүгээ адил, Ариун Сүнсээр дүүрч, харсан өөрт нь үйлчилсэн тэнгэр элчүүдийн мөн Мормоны Номын ялтсуудыг хэрхэн олсон хийгээд Бурханы бэлэг болон хүчээр тэдгээрийг орчуулсан тухайгаа агуу хүчээр гэрчлэн ярьж билээ. ‘Хэрэв хэн нэгэн өөр хүнд тэнгэрийн энэхүү сүр жавхлант захиасыг гэрчлэх зориг байсан бол энэхүү алдар суут цэдгийг олсон бол үүний тухай гэрчилж, хүмүүст зөв зүйлийг хийж, гэрчлэл нь хэрхэн бий болох асуудлыг Бурханд үлдээх байсан биз ээ’ хэмээн тэрээр үгээ эхэлсэн юм.

“Цугларагсад нийтээрээ түүний ярьсан үнэн болон хүчийг мэдэрч, өгүүлсэн гайхамшгуудад сэтгэл ихэд догдлон, мэл гайхсан байлаа. Тийнхүү сэтгэл догдолсон нь удтал үргэлжлэв. Олон хүмүүн сүргийн хороонд нийлэв. Тийнхүү тэрээр өөрийн итгэл, хүчтэй гэрчлэлээр хувцсаа тэдний цусаар цэвэрлэсэн юм хэмээн би гэрчлэлээ хэлж билээ. Филадельфид бас зэргэлдээх бүс нутгуудад олон хүн баптисм хүртэв.”3

Иосеф Смитийн сургаалаас

Дэлхий сүнслэг байдлын хувьд харанхуйд байгаа учраас бид сайн мэдээг номлоход хичээл зүтгэл гаргах ёстой.

1834 онд, Иосеф Смит Көртланд дахъ Сүмийн ахлагч нар болон бусад нутгууд дахъ ах нарт дараах захидлыг яөуулсан ажээ: “Та бидний харилцаа тогтмол байгаагийн хамт энэхүү харилцаа та нарт ах дүү ёсны мэдрэмж төрүүлдэг гэдэгт бид итгэнэ. Мөн та нар харанхуйн хун тайжийн хүч болон эзэгнэл их хэмжээгээр өсч байгааг харж, бидний Их Эзэн Есүс Христийн Сайн мэдээний урам хайрлагч чимээг огтхон ч сонсолгүйгээр хадан гэртээ харих зам дээр үй олон хүмүүс хэрхэн шавааралдан буйг мэдэж байгаа үед өөрсдийн зохистой бус ах нар биднээс зүрх сэтгэлд тань байх ёстой нэг үг хэлэхийг зөвшөөрнө үү.

Ах нар аа, бошиглогчийн үгс биелэгддэгийг хоромхон зуур бодоод үз л дээ. Учир нь газрыг харанхуй бүрхсэнийг, гүн харанхуй оршин суугчдыг нь хучсаныг [Исаиа б0:2-ыг үз], зүсэн бүрийн гэмт хэрэг хүмүүний дунд газар авч байгааг, нүгэл хилэнц уул овоо шиг өсч буйг, өсвөр үеийнхэн маань бардамнал, ихэмсэглэл дунд өсч байгааг, настай хүмүүс өөрсдөд нь нэгэнтээ байсан итгэл үнэмшлээ алдаж буйг, тэд шүүлтийн өдөр байх ёстой итгэл үнэмшил, бодол санаагаа алдаж буйг бид харж байгаа билээ. Салан задгай, ёс суртахуунгүй, хоосон ихэрхдэг, бардам зантай, зүрх сэтгэлээрээ харалган, хиймэл шүтээний өмнө бөхөлздөг, ухваргүй энэ дэлхийг хайрладаг, үүрд мөнхийн зүйлст хайхрамжгүй ханддаг хүмүүс тэнгэрийн шашинд итгэдэг хэмээн дүр эсгэгчдийн дунд улам олширч байна. Иймээс энэ бүхний балгаар, итгэлгүй байдал газар авч байна. Хүмүүс ариун зүйлсийг гутаан доромжлох, мөнгөний луйвар хийх, хөршүүдийнхээ нэр төрийг дайрч давшлах, хулгай, дээрэм, аллага үйлдэх, дутагдлаа хаацайлах, үнэнийг эсэргүүцэх, тэнгэрийн гэрээг умартан хөсөрдүүлэх, Есүст итгэх итгэлийг үгүйсгэх зэрэг хамгийн бузар булай нүгэл хилэнцүүдэд бууж өгч байна. Энэ бүхэн ийм байхад хуримын хувцас өмссөн хүмүүсээс өөр хэнийг ч Энхийн Жонон, Хүргэн Хүүгийн дэргэд хуримын зоогноос идэж уухыг эс зөвшөөрөх Их Эзэний өдөр түргэн ойртож байна!

“Эдгээр баримтууд сэтгэлд нь гүнзгий хоногшсон, тэнгэрлэг бэлгийг хүртэж, Бурханы сайн үг болон ирэх үеийн хүчийг биеэр амссан хүмүүсийн санаа бодол ямар байж болох вэ? [Еврей 6:4-5-ыг үз]. Хүн төрөлхтний энэ үеийнхэнд учирч буй аюулыг харж байгаа хүмүүс дэлхийн гашуудмаар байдлыг мэдрэхгүйгээр Их Эзэний жимсний цэцэрлэгт хөдөлмөрлөж чадна гэж үү? Бидний сүнсний Эцэг Өөрийн бүтээлүүдийг золиослол хийх боломжоор хангаж, гэтэлгэлийн төлөвлөгөө, цагаатгалын хүч, авралын төлөвлөгөө, түүний аугаа зорилгыг бидэнд өгсөн болохоор, хүмүүнийг тэнгэрийн Хааны дэргэд будаан аваачиж, селестиел алдар суугаар титэмлэн, ялзардаггүй, бузарлагдаагүй, онгож ганддаггүй өвийг Хүүтэй хамт залгамжлагчид болгохыг зорьдог хүмүүс -бүх хүмүүний өмнө биеэ төгс авч явахын чухлыг бас бүх хүмүүнийг эдгээр адислалуудаас хүртэхэд уриалан дуудахад хичээнгүй байхын чухлыг зохих ёсоор ойлгодог хүмүүс л ингэж чадах бус уу? Эдгээр зүйлс хүн төрөлхтөнд өгүүлэхийн аргагүй аугаа юм! Эдгээр нь бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээ билээ. Бас дэлхийг дүүргэж, үүнийг сонсох бүгдийн зүрх сэтгэлийг өргөн дэмжих баярт мэдээ юм.”4

“Бурханы үйлчлэгчид Харийн бүх үндэстэнд сэрэмжлүүлгийг номлохоос өмнө устгагч тэнгэр элч дэлхийн оршин суугчдыг сүйрүүлж эхлэх болно. Түүнчлэн нэгэн бошиглогчийн хэлснээр, ‘Энэ мэдээг ойлгох нь үнэхээр аймшигтай байх болно’ [Исаиа 28:19-ийг үз]. Би нөхдийнхөө төлөө өрөвч сэтгэлээр санаа тавьж байгаа учраас ийн ярьж байна. Би Ариун Сүнсээр нөлөөлөгдөн Их Эзэний нэрээр ийнхүү ярьж байна. Ай хөөрхий, тэд нүглээрээ өөрсдийгөө гай зовлон уруу түлхэж байгааг хараад тэднийг аврахын төлөө, сэрэмжлүүлэх дуу хоолойгоороо үнэн сэтгэлийн наманчлалд авчрахад зэмсэг болохын төлөө, тэд бузар муу өдөр эсэргүүцэн бат зогсох итгэлтэй байхын төлөө би ийн ярьж байна!”5

“Бие биетэйгээ хийсэн тангараг болон гэрээнүүдээ Бурханы өмнө бүхий л чин сэтгэл, зөвт байдлаар биелүүлэх боломжийг Тэрээр бидэнд олгох болтугай. Бидний нөлөө дэлхийн үндэстнүүдийн дунд, бүр харанхуйн хаант улсыг устгаж, санваараар мэргэших болон тэнгэрлэг газар дахь бузар муу сүнсний хүчийг агуу хүчээр ялж, Христийн хаант улсыг эсэргүүцэгч бүх хаант улсыг хэдэн хэсэг болгон эвдэж, үүрдийн Сайн мэдээний гэрэл ба үнэнийг гол мөрнүүдээс газрын хязгаар хүртэл дэлгэрүүлэхээр хүчтэй байх болтугай.”6

Сүмийн дөрөв дэх Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф, Бошиглогч Иосеф Смитийн дараах үгсийг дурссан байдаг: “Дэлхий харанхуйгаар дүүрэн байна. Далай усаар дүүрдэг шиг дэлхий гэм нүгэл, ёс бус явдлаар бялхаад байна. Чөтгөр дэлхий дээр их хэмжээгээр ноёрхож байна. Дэлхий бидний эсрэг тулалдах болно. Чөтгөр, газар, там ч бас ийн тулалдах болно. Харин … та нар Сайн мэдээг номлож, үүргээ биелүүлбэл, Их Эзэн та нартай хамт байх болно. Дэлхий, там хоёр та нарыг дийлэхгүй.”7

Бидний үүрэг боч бүх хүн төрөлхтнийг наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авч, авралыг өвлөгчид болоход урих явдал мөн.

“Наманчлалын сургаалыг бүх хүн төрөлхтөнд заах нь бидний үүрэг гэдэгт бид итгэдэг. Үүнийг бид дараах эшлэлээс харж болно:

“ ‘Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв. Есүс тэдэнд хандаж, Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно. Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшил тунхаглагдах ёстой гэж бичигдсэн юм’ [Лук 24:45-47].

Наманчлал, нүглийн уучлалыг бүх ард түмнүүдэд номлох онцгой зорилгын учир Христ зовж, цовдлогдон, гурав дахь өдрөө амилан босч ирэх нь зайлшгүй байсныг бид үүгээр мэддэг билээ.

‘Петр тэдэнд, Гэмшигтүн, хүн бүр нүглийнхээ уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв’ [Үйлс 2:38-39].

“Ариун Сүнсний амлалт нь наманчлалын сургаал номлогдсон хүн болгонд, бүх ард түмнүүдэд хийгдсэнийг бид үүгээр мэддэг билээ. … Тиймээс бид наманчлалын сургаалыг бүх дэлхийд, өтөл болоод залуу, баян ба ядуу, боол болоод эрх чөлөөтэй бүхэнд номлоход итгэдэг.”8

“Хүмүүс Бурханы мэлмийд хэзээ ч байгаагүй тийм их үнэ цэнэтэй байна. Мөн ахлагч нар газар бүрийн бүх ард түмнийг там уруу доош туухад биш, харин тэд авралыг өвлөгчид байхын тулд наманчлахад итгүүлэх ёстой. Тэд Хозанна хэмээн дуулахын тулд олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглахад энэ жил Их Эзэний тааламжит жил юм [Исаиа б1:1-2-ыг үз].”9

“Христийн зорилгын төлөө зориггой зогсох нь, мөн нүглийн уучлалын төлөө, Ариун Сүнсний төлөө санал нэгдмэлээр наманчлахад [хүмүүсийг] сэрэмжлүүлэх нь Ахлагчийн үүрэг мөн.”10

“Их Эзэн бүх хүмүүс, дээдчүүл болон борчууд, баячууд болон ядуус, эрэгтэй ба эмэгтэй, сайд ба ард иргэд, шүтлэгтэй ба шүтлэггүй хүмүүс Бурханы бүрэн Ариун Сүнстэй байж, дэлхийн үндэстнүүд дээр ирэх нь хариугүй дөхөөд байгаа Бурханы шүүлтээс зайлсхийхийн тулд тэдэнд юу шаардлагатайг би ярья. Бүх нүглээ наманчилж, нүглийн уучлалын төлөө Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр усаар баптисм хүртэн, Бурханы Ариун Сүнсийг хүлээн авахын тулд, энэхүү хүчинд томилогдож лацдагдсан хүний гар тавилтаар уг ёслолыг хүлээн авагтун. Энэ нь Судрууд болон Мормоны Номын дагуу бөгөөд хүн селестиел хаант улсад орж чадах цорын ганц арга зам юм. Эдгээр нь шинэ гэрээний эсвэл Христийн Сайн мэдээний анхдагч шаардлагууд мөн.”11

“Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлтэй байж, бүх нүглээ наманчлан нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэж (эрх мэдэлтэй хүнээр), Ариун Сүнсний бэлгийн төлөө гар тавиулан, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болох нь хүн бүхнээс шаардагдана.”12

Их Эзэний үйлчлэгчид Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахыг хүсдэг хүмүүсийг олохын тулд дэлхий даяар явдаг.

“Хүмүүсийг Төв Америк уруу мөн Өмнөд Америкийн испаниар ярьдаг орнуудад илгээ. Дэлхийн нэг ч өнцөг булан номлолгүйгээр бүү үлдэг.”13

“Өөрсдөдөө байгаа аливаа сайн зүйлийг хая хэмээн бид хүмүүсээс хүсэхгүй. Тэднийг ирж, илүү ихийг мэдэхийг л бид хүснэ. Бүх дэлхий энэ Сайн мэдээг хүлээн авбал юу болох бол? Тэгвэл хүмүүс бие биедээ ойртож, бүхий л бодгалийн минь хүслэн болсон Бурханы олон адислал тэдэн дээр цуггагдана.”14

“Сайн мэдээг сонссон мянга мянган хүн үүнд дуулгавартай болж, бэлэг болон адислалуудыг нь эдэлж байна. Атгаг санаа зуршмал байдаг хилэнцийн хүч алс холын орнуудад нөлөө нь эхлэн мэдрэгдэж байгаа үнэний хүчээр улам хумигдаж байна. … Биднийг хууран мэхлэгчид гэж үздэг, ‘Мормоны шашин’ удахгүй байхгүй болж, юу ч биш болоод мартагдана гэж боддог үе байсан юм. Гэвч богино настай энэ зүйл хөөс мэт замхран алга болсноор тэр цаг өнгөрсөн ч, биеэрээ туулж өнгөрүүлсэн тэрхүү атгаг санааг хойш тавьж, энэ сэдвийг чин үнэнээсээ, хоёргүй сэтгэл гарган судалж байгаа уужуу сэтгэлтэй бүх хүмүүсийн зүрх сэтгэл, хайр энэрэлд энэ нь гүнзгий ул мөрөө үлдээсэн юм.”15

“Арванхоёрын зарим нь болон бусад хүмүүс аль хэдийн Европыг зорин гарсан [1839 оны есдүгээр сард] бөгөөд эл номлолд дуудагдсан хүмүүсийн үлдсэн нь хэдхэн хоноод явах гэж байна. … Их Эзэний ажил энэ оронд бас хуучин нутагт ихэд баярлууштайгаар урагш ахиж байна. Англид сүүлийн үед олон зуун хүн манай сүмийн гишүүн боллоо. Бүр тэр ч байтугай ‘Бфраим өөрийгөө ард түмнүүдтэй хольсон’ [Хосеа 7:8] болохоор энэ нь ч бас тохиох ёстой. Аврагч, ‘Миний хонин сүрэг дууг минь сонсдог’ [Иохан 10:27]; ‘Та нарыг сонсдог хүн Намайг сонсдог’ [Лук 10:16]; ‘Үзэгтүн, би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна. Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулна’ [Иеремиа 31:8] гэж хэлсэн билээ. ‘Миний ард түмэн, түүнээс гарагтун’ [Илчлэлт 18:4] хэмээн хэлэх дууг Иохан сонссон юм. Бүр тийн бүх зүйл гүйцэлдэнэ. ‘Агуу Вавилон нурсан’ [Илчлэлт 18:2] ч Их Эзэний ард түмэн амьдарсаар байх болно.”16

Бошиглогч Иосеф Смит Либерти шоронгоос 1839 оны 3-р сард бичсэн захидалдаа дараах зүйлийг бичсэн нь хожим Сургаал ба Гэрээ 123:12-т цэдэглэгджээ: “Дэлхий даяар бүх бүлэглэлүүд, намууд хийгээд сүсэг бишрэлүүдийн дунд хүмүүний овжин заль мэхээр харалган болж, үүгээр тэд мэхлэхийг хүлээн худал хэлдэг; мөн тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг нь олон буй.”17

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 169-170 дээрх догол мөрийг нэгтгэн дүгнэ. Зарим үед Сэргээлтийн болон Мормоны Номын тухай гэрчлэлээ хуваалцахад бидэнд яагаад зориг хэрэгтэй байдаг вэ? Бид хэрхэн ийм зоригийг хөгжүүлж чадах вэ?

  • Иосеф Смит дэлхийн сүнсний харанхуйг дүрсэлж, дараа нь сэргээгдсэн сайн мэдээн дэх “агуу баяслын баярт мэдээг” гэрчилжээ (Хуудас 171-173). Энэхүү хоёр санаа амаа нээж, сайн мэдээгээр хуваалцахад бидэнд хэрхэн сүнслэгээр нөлөөлж болох вэ?

  • Хуудас 175 дээрх эхний догол мөрийг унш. Номлол болон хүч чармайлтыг чинь Их Эзэн дэмжин дэргэд чинь зогсож байсан бэ?

  • Сайн мэдээг бүх үндэстэнд заах бидний үүргийн тухай сануулахын тулд Иосеф Смитийн эш татсан судрын хэсгүүдийг тунгаан бод (хуудас 174-175). Сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд чи өөрөө болон гэр бүл чинь юу хийж болох тухай бодох буюу ярилц.

  • Хуудас 175 дээрх дөрөв дэх догол мөрийг унш. Энд Бошиглогч номлолын ажлыг боолчлогдогсдыг чөлөөлөх хүч чармайлт гэж үзжээ. Зарим хүмүүсийг ямар байдлаар боолчлогдогсод гэж үзэж болох вэ? (Зарим жишээг хуудас 172-174-аас үз.) Сайн мэдээний анхдагч зарчмууд болон ёслолууд ямар байдлаар тэднийг чөлөөлж чадах вэ?

  • Хуудас 176 дээрх гурав дахь догол мөрөн дэх Бошиглогчийн урилгыг нэгтгэн дүгнэ. Энэхүү урилга сэргээгдсэн сайн мэдээнээс суралцахад нь хүмүүсийг хэрхэн уриалж болох вэ? Хуудас 176 дээрх дөрөв дэх догол мөрийг болон бүлгийн сүүлчийн догол мөрийг нэгтгэн дүгнэ. Сүмийн талаарх “атгаг санаа[гаа] хойш тавихад” нь хүмүүст туслахын тулд бид юу хийж болох вэ? Бидний үйл ажиллагаа үнэнийг олж мэдэхэд нь хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

  • Сайн мэдээг тунхаглахад гаргасан хүч чармайлтын чинь ачаар ямар адислалууд амьдралд чинь ирсэн бэ?

Холбогдох судрууд: Марк 16:15-20; 2 Нифай 2:8; Нифай 26:1-9, 26-37; С ба Г 42:6-9, 11-14; 88:77-83

Эшлэл

  1. History of the Church, 1:81; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 39-40, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. History of the Church, 1:86-88; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 42-43, Сүмийн Архив.

  3. Parley P. Pratt, Autobiography of Parley P. Pratt, хянан тохиолдуулсан Parley P. Pratt Jr. (1938), x. 298-299; том үсгийн дүрэм шинэчлэгдсэн.

  4. History of the Church, 2:5-6; цэг тэмдэг шинэчлэгдсэн; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 2-р сар, х. 135.

  5. History of the Church, 2:263; Иосеф Смигээс Сүмийн ахлагч нарт бичсэн захидлаас, Огайогийн Көртланд, 1835 оны 11-р сар, Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1835 оны 11-р сар, х. 211.

  6. History of the Church, 2:375; 1836 оны 1-р сарын 16-нд Огайогийн Көртландад болсон Тэргүүн зөвлөл, Арванхоёрын хамтарсан зөвлөлийн хурлын тэмдэглэлээс; тэмдэглэлийг хийсэн Уоррен Парриш.

  7. Вилфорд Вудрафф, Deseret News-д эш татжээ, 1884 оны долдугаар сарын 30, х. 434.

  8. History of the Church, 2:255-256; догол мөр өөрчлөгдсөн; Сүмийн ахлагч нарт Иосеф Смитийн бичсэн захидлаас, 1835 оны 9-р сар, Огайогийн Көртланд, Messenger and Advocate-д нийтлэгдсэн ажээ 1835 оны 9-р сар, х. 180-181.

  9. History of the Church, 2:229, зүүвэр тайлбар; “To the Saints Scattered Abroad-”aac, Messenger and Advocate, 1835 оны зургадугаар сар, x. 138.

  10. History of the Church, 2:263; Сүмийн ахлагч нарт Иосеф Смитийн бичсэн захидлаас, 1835 оны 9-р сар, Огайогийн Көртланд, Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1835 оны 11-р сар, х. 211.

  11. History of the Church, 1:314-315; Иосеф Смитээс Н.К.Сакстонд бичсэн захидлаас, 1833 оны 1-р сарын 4, Огайогийн Көртланд; Ноён Сакстоны нэрийг “Н.Е.Сеатон” гэж History of the Church-д буруу бичжээ.

  12. Ричард Саварийн захидалд өгсөн эрхлэгчийн хариулт, Times and Seasons, 1842 оны 3-р сарын 15, х. 732; том үсгийн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смит эл тогтмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  13. History of the Church, 5:368; 1843 оны 4-р сарын 19-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн өгсөн заавраас; тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  14. History of the Church, 5:259; Иллинойн Наувуд 1843 оны 1-р сарын 22-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  15. History of the Church, 4:336-337; ЗӨВ бичгийн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смит болон Тэргүүн зөвлөл дэх түүний зөвлөхүүдийн илтгэлээс, Apr. 7, 1841 оны 4-р сарын 7, Иллинойн Науву, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны 4-р сарын 15, х. 384.

  16. History of the Church, 4:8-9; цэг тэмдэг шинэчлэгдсэн; Иосеф Смитээс Айзик Галландад бичсэн захидлаас, 1839 оны 9-р сарын 11, Иллинойн Коммерс.

  17. Сургаал ба Гэрээ 123:12; Иосеф Смит болон бусад хүмүүсээс Эдвард Партриж болон Сүмд бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 20, Либерти шорон, Либерти, Миссури.

Joseph preaching

Бошиглогч Иосеф Смит эргэн тойрон дахь хүмуүстээ номлосон ч, номлогчдыг дэлхийд илгээсэн ч ялгаагүй номлолын ажилд дуртай байлаа.

missionaries teaching

Бошиглогч Иосеф Смит Сайн мэдээний адислалуудыг хуртэхэд бүх ард түмнүүдийг уриалан дуудахыг Гэгээнтнүудэд зөвлөсөн. “Эдгээр зүйлс хун төрөлхтөнд өгүүлэхийн аргагүй аугаа юм!”