Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 26: Елиа ба лацдалтын түлхүүрүүдийн сэргээлт


Бүлэг 26

Елиа ба лацдалтын түлхүүрүүдийн сэргээлт

“Бурхан энэ үеийнхнийг хэрхэн аврах вэ? Тэрбээр бошиглогч Елиаг илгээх болно.”

Иосеф Смитийн амьдралаас

Гэгээнтнүүд 1836 оны хавар, гурван жилийн хөдөлмөр, золиослолынхоо дараа өөрсдийнхөө үзэсгэлэн төгөлдөр, энэ эрин үеийн анхны ариун сүм Көртландад баригдаж дууссаныг харлаа. Гуравдугаар сарын 27-ны ням гарагт, ариун сүмийн ёслолын танхим болон үүдний өрөөнд онцгойлон адислах ёслолд 900 гаруй хүн цуглажээ. Олон хүн ойролцоох сургуулийн залгаа өрөөнд дүүрэн байснаас гадна бусад нь ариун сүмийн нээлттэй цонхнуудын гаднаас сонсож байжээ. Бошиглогч өөрөө онцгойлон адислах ёслолд оролцохоор ирсэн гишүүдэд суудал олж суухад нь тусалж байв.

Цугларагсад Тэргүүн Зөвлөлийн зөвлөх Сидней Ригдонгийн хэлсэн үгийг сонсож дараа нь Виллям В.Фелпсийн бичсэн “Бүгдээрээ хөгжилдөн баясацгаая,” “Адам-ондай-Аман” дуунуудыг дуулцгаав. Дараа нь Иосеф Смит онцгойлон адислалтын залбирлыг хэлэхээр босов. Тэрээр үүнийг илчлэлтээр хүлээн авчээ. Тэрээр залбиралдаа Бурханы ариун сүмд зохистойгоор ирсэн хүмүүст өгөгдсөн олон гайхамшигт адислалуудыг дүрсэлжээ (С ба Г 109-ийг үз). Найрал дуу “Бурханы Сүнс” дууллыг дуулсны дараа цугларагсад босч, “ариун сүмийн дээвэр бараг л ховхормоор тийм хүчтэйгээр”1 Хозанна, Хозанна хэмээн хашгирав.

“Таны өргөө хуйлрах хүчит салхи лугаа адил таны алдар суугаар дүүргэгдэг” (С ба Г 109:37) хэмээн Бошиглогч онцгойлон адислах залбиралдаа хэлжээ. Энэ нь үнэхээр биелэгдсэн аж. Учир нь онцгойлон адислах ёслолын үед тэнгэрлэг хүмүүн биес хүрэлцэн ирснийг олон Гэгээнтэн гэрчилсэн ажээ. Элиза Р.Снөү дурссан нь: “Онцгойлон адислалтын ёслолуудыг сургуулилсан байж болно. Гэвч тэрхүү дурсгалт өдрийн үйл явдлуудыг мөнх бус хүмүүний хэл дүрслэх чадваргүй юм. Зарим хүмүүст тэнгэр элчүүд харагдсан бол тэнд байсан бүх хүмүүс бурханлаг оршихуйг мэдэрсэн бөгөөд хүн бүрийн зүрх сэтгэл ‘хэлэхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр’ [1 Петр 1:8-ийг үз] дүүрсэн байжээ.”2

Тэр орой Бошиглогч ариун сүмд 400 орчим санваартныг цуглуулахад, “хүчтэй салхи хүнгэнэх лүгээ адил чимээ сонсогдож, Ариун сүмийг дүүргэхэд бүх цугларагсад үл үзэгдэх нэгэн хүчээр хөдөлгөгдөн аяндаа боссон ажээ.” Олон хүн олон янзын хэлээр ярьж, бошиглож эхлэв. Бусад нь алдар суут үзэгдлүүдийг харсан байв. Харин би тэнгэр элчүүдээр дүүрснийг хараад, үүнийг цугларагсдад мэдэгдэв“3 гэж Бошиглогч өгүүлжээ.

Долоо хоногийн дараа дөрөвдүгээр сарын 3-ны ням гарагт ариун сүмд болсон цуглаан дээр ер бусын чухал үйл явдал болсон ажээ. Бошиглогч ариун ёслолыг гүйцэтгэхэд нь Сүмийн удирдагчдад тусалсны дараа Оливер Каудери тэр хоёр намхан хөшигний ар дахь индэр рүү очиж, хүндэтгэлтэй залбиралд өвдөг сөгджээ. Тэднийг залбирлаас босоход Аврагч Өөрөө тэдэн дээр хүрч ирэн ариун сүмийг сайшаан хүлээж авснаа мэдэгдсэн ажээ: “Учрыг болгоогтун, би энэ өргөөг хүлээж авлаа, мөн миний нэр энд байх болно; мөн энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно” (С ба Г 110:7).

Энэ үзэгдэл хаагдсаны дараа Иосеф, Оливер хоёр Их Эзэний хожмын үеийн ажилд шаардлагатай санваарын түлхүүрүүдийг сэргээхээр тэдэн дээр хүрч ирсэн эртний бошиглогчдыг харсан гурван тусгаар үзэгдлийг үзсэн ажээ. Бошиглогч Мосе хүрч ирэн “дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түхүүрүүдийг” тэдэнд өгчээ. Елиас хүрч ирэн “Абрахамын сайн мэдээний эрин үеийг” (С ба Г 110:11-12-ыг үз) тэдэнд өгсөн байна.

Дараа нь өөр нэгэн алдар суут үзэгдэлд Иосеф, Оливер хоёр бошиглогч Елиаг харжээ (С ба Г 110:13-16-г үз). Елиагийн ирэлтийн тухай эртний бошиглогч Малахи олон зууны тэртээ бошиглож байсан учраас энэ нь туйлын чухал байв. Аврагч бас эл бошиглолыг нифайчуудад давтан хэлж байжээ (Малахи 4:5-6; 3 Нифай 25:5-6; 26:1-2-ыг үз). Елиа дэлхий дээр гүйцэтгэгдсэн бүх ёслолыг тэнгэрт холбон, хүчинтэй болгох лацдалтын түлхүүрүүдийг Иосеф, Оливер хоёрт өгөхөөр ирсэн юм. Лацдалтын хүчийг сэргээсэн нь Аврагчийн Хоёр дахь Ирэлтэд дэлхийг бэлтгэхэд зайлшгүй шаардлагатай байлаа. Учир нь үүнгүйгээр “түүний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно” (Иосеф Смит-Түүх 1:39).

Иосеф Смитийн сургаалаас

Эртний бошиглогч Малахи Елиагийн ирэлтийг угтан хэлжээ.

1823 оны есдүгээр сарын 21-ний орой Моронай түүн дээр хүрч ирсэн тухай Бошиглогч Иосеф Смит дараах зүйлийг өгүүлсэн нь Иосеф Смит-Түүх 1:36-39-т цэдэглэгдсэн ажээ: “[Моронай] эхлээд Малахийн гуравдугаар бүлгийн хэсгийг эш татаж эхлэв; мөн тэрээр тэрчлэн уг бошиглолын дөрөвдүгээр буюу сүүлчийн бүлгийг Библид байдаг тэрхүү хэлбэрээс бага зэрэг өөрөөр эш татлаа. Бидний номуудад байдаг нэгдүгээр шүлгийн ишлэлийн оронд тэрээр үүнийг ийн эш татав:

“Учрыг болгоогтун, зуух мэт шатах тэрхүү өдөр ирэх бөлгөө, мөн бүх бардамнагчид, тийм ээ, ёс бусаар үйлдэгч тэд бүгд талбайд хаягдсан сүрэл мэт шатах болно; учир нь тэднийг шатаахаар ирэх тэд, тэдний үндсийг ч, мөн мөчрийг ч үлдээх нь үгүй хэмээн Түмний Их Эзэн айлдах ажгуу.

“Мөн тавдугаар шүлгийг эш татав: Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө бошиглогч Елиагийн гараар санваарыг би та нарт илнлэх болно.

“Тэрбээр дараагийн шүлгийг өөр байдлаар эш татав: Мөн тэрээр эцгүүдэд нь хийсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно. Хэрэв энэ нь ийм биш байх аваас түүний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно.4

Елиа Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр Көртландын Ариун сүмд хүрч ирэв.

Эртний бошиглогч Елиа Оливер Каудери, Иосеф Смит хоёр дээр 1836 оны дөрөвдүгээр сарын 3-нд Көртландын Ариун сүмд хүрч ирсэн тухай Иосеф Смит дүрсэлснийг хожим нъ Сургаал ба Гэрээ 110:13-16-д цэдэглэжээ: “Өөр нэгэн агуу хийгээд алдар суут үзэгдэл бидэн дээр гэнэт эхлэв; учир нь үхлийг үзэлгүйгээр тэнгэрт аваачигдсан бошиглогч Елиа бидний өмнө зогсож байв, мөн хэлсэн нь:

“Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө тэр [Елиа] илгээгдэх болно хэмээн нотолж-Малахийн амаар яригдсан тэрхүү цаг бүрнээрээ ирлээ. Бүхэл дэлхий зүхлээр арчигдахгүйн тулд эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэх нь буюу. Тиймийн тул, энэ эрин үеийн түлхүүрүүд та нарын гарт даатгагдлаа; мөн үүгээр та нар Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ойрхон, бүр хаалган дээр ирээд байгааг мэдэж болох бөлгөө.”5

Елиа лаидалтын түлхүүрүүд-газар дээр гүйцэтгэсэн бүх ёслолыг тэнгэрт холбох хүч болон эрх мэдлийг сэргээв.

“ ‘ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.’ [Малахи 4:5-ыг үз]. Яагаад Елиаг илгээнэ гэж? Яагаад гэвэл тэрээр санваарын бүх ёслолыг гүйцэтгэх эрх мэдлийн түлхүүрүүдийг эзэмшдэг бөгөөд [хэрэв] тэрхүү эрх мэдэл өгөгдөхгүй бол ёслолууд зөв шударга байдалд гүйцэтгэгдэж чадахгүй юм.”6

Бошиглогч Иосеф Смит Гэгээнтнүүдэд бичсэн нэг захидалд дараах зүйлийг өгүүлснийг хожим нъ Сургаал ба Гэрээ 128:8-11-д цэдэглэжээ: “Энэхүү ёслолын [нас барагсдын өмнөөс хийх баптисмын] мөн чанар нь Есүс Христийн илчлэлтээр санваарын хүчнээс бүрддэг, та нар дэлхий дээр юуг ч холболоо гэсэн тэнгэрт холбогдох болно, мөн та нар дэлхий дээр юуг ч цуцаллаа гэсэн тэнгэрт цудлагдах болно. …

Газар дээр цэдэглэдэг буюу холбодог хүч нь бас тэнгэрт холбодог хэмээн бидний ярьдаг сургаал нь зарим хүмүүст их зоримог юм шиг санагдаж мэднэ. Гэвч, дэлхийн бүх эрин зуунд Их Эзэн үнэн бодит илчлэлтээр аль нэг хүнд эсвэл хэсэг хүмүүст санваарын эрин үеийг өгөхдөө энэ хүчийг үргэлж өгч байсан юм. Тэдгээр хүмүүс Их Эзэний нэрээр юуг ч хийлээ гэсэн, мөн үүнийг чин үнэнчээр, итгэл бишрэлтэйгээр хийж, үүний цэдгийг ном журмын дагуу итгэлтэйгээр хөтлөх юм бол энэ нь газар дээр ч тэнгэр дээр ч хууль болж, аугаа Иеховагийн тогтоолуудын дагуу цуцлагдахгүй байх болно. Энэ бол итгэмжит айлдвар юм. Үүнийг хэн сонсож чадах вэ?

Жишээ нь: Матай 16:18, 19-т: Би мөн чамд хэлъе. Чи бол Петр энэ хадан дээр Би өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нъ тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нъ тэнгэрт тайлагдах болно гэжээ.

“Эдүгээ бидний өмнө байгаа бүхэл асуудлын агуу хийгээд их нууц мөн бүхэл сэдвийн төгс сайн тал нъ Ариун Санваарын хүчнүүдийг олж авахад байдаг. Учир нь эдгээр түлхүүрүүд өгөгдсөн түүнд хүмүүний үрс, амьд байгаа хүмүүс болон нас барагсдын аль алиных нь авралтай холбогдсон баримтуудын мэдлэгийг олж авах нь хэцүү биш болой.”7

Гэр бүлүүд лацдалтын хүчээр дамжуулан энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулж болно. Мөн нас барагсдын өмнөөс ариун ёслолуудыг гүйцэтгэж болно.

Елиагийн сүнс, хүч болон дуудлага бол та нарт байдаг Мелкизедек Санваар болон дэлхий дээрх Бурханы хаант улсын бүрэн байдлаар ирдэг илчлэлт, ёслолууд, зөгнөл, хүч болон хишиг хүртээлтийн хүч, түүнчлэн Бурханы хаант улсад хамаатай бүх ёслолыг хүлээн авах, олж авах болон гүйцэтгэхийн тулд, бүр эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь, бүр тэнгэрт байгаа тэдэн рүү эргүүлэх түлхүүрийг эзэмшдэг хүч мөн.

Малахи хэлсэн нь, ‘ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирэхээс өмнө би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ. Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ. Эс бөгөөс би ирж, энэ нутгийг хараалаар цохино.’ [Малахи 4:5-6.]

Ингэхлээр, миний олж авахыг хүсдэг зүйл бол Бурханы тухай мэдлэг юм. Иймээс би үүнийг олж авах өөрийнхөө замаар явж байна. Энэ судраар бид эцсийн өдрүүдэд юуг ойлгох ёстой вэ?

Ноагийн үед Бурхан үерээр дэлхийг устгасан бол харин эцсийн өдрүүдэд дэлхийг галаар устгахаар амласан юм. Гэвч үүний өмнө Елиа эхлээд ирж, эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь эргүүлэх ёстой.

Эдүгээ энэ үе ирж байна. Елиагийн энэхүү алба, ажил нь юу юм бэ? Энэ бол Бурханы илчилсэн хамгийн агуу, чухал сэдвүүдийн нэг юм. Тэрээр хүүхдүүдийг эцгүүдтэй нь, зцгүүдийг хүүхдүүдтэй нь лацдан холбохын тулд Елиаг илгээх ёстой.

Энэ нь зөвхөн амьд байгаа хүмүүстэй, дэлхий дээрх гэр бүлүүдэд учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхтэй холбоотой юу? Мэдээжийн хэрэг үгүй! Энэ бол үүнээс хавьгүй агуу ажил. Елиа! Хэрэв та энд байгаа бол юу хийх вэ? Та өөрийнхөө ажлыг зөвхөн амьд байгаа хүмүүсээр хязгаарлах уу? Үгүй ээ: Би та нарыг энэ сэдвийг агуулдаг судруудад хандуулъя: Юув гэвэл, бидэнгүйгээр тэд, бас тэдэнгүйгээр бид, хүүдхүүдгүйгээр эцгүүд, бас эцгүүдгүйгээр хүүхдүүд төгс болж чадахгүй гэсэн гэсэн үг [Еврей 11:40-ийг үз].

Энэ сэдвийг ойлгохыг би та нараас хүснэ. Учир нь энэ нь чухал юм. Хэрэв та нар үүнийг хүлээн авахыг хүсвэл, энэ бол Елиагийн сүнс билээ. Үүгээр бид өөрсдийнхөө нойрсогсдыг гэтэлгэж, тэнгэрт байгаа өвөг дээдэстэйгээ өөрсдийгөө холбон, өөрсдийнхөө нас барагсдыг эхний амилуулалтаар урагш гарч ирэхээр лацдан холболт хийлгэнэ. Ингэснээр бид дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийг тэнгэрт байгаа лацдан холбох Елиагийн хүчийг хүсч байгаа хэрэг юм. Энэ бол Елиагийн хүч бөгөөд Иеховагийн хаант улсын түлхүүрүүд мөн. …

“Дахин хэлье: Елиагийн лацдан холбох сургаал буюу хүч нь дараах зүйл мөн: -Хэрэв газар дээр болон тэнгэрт лацдан холбох хүч та нарт байх юм бол, бид ухаалаг байх болно. Таны хийх ёстой анхны зүйл бол явж, газар дээрх хөвгүүд, охидоо өөртэйгөө, харин өөрийгөө мөнхийн алдар суундаа байгаа өвөг дээдэстэйгээ лацдан холбуулах явдал мөн.”8

Елиагийн ирэлт бол Аврагчийн Хоёр дахь Ирэлтийн зайлшгүй шаардлагатай бэлтгэл байлаа.

“Амьд болон нас барсан хүмүүс Хүний Хүүгийн ирэлтэнд өөрсдийгөө бэлтгэхийн тулд хүмүүний үрсийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэж, эцгүүд нь хүүхдүүд рүүгээ эргэх болно. Хэрэв Елиа ирээгүй бол бүх дэлхий арчигдах болно.”9

“Елиас бол замыг бэлтгэхийн тулд өмнө нь ирэгч мөн. Харин Елиа бол дараа нь ирэх бөгөөд Ариун сүмийг оройн чулуунд нь хүртэл барих Мелкизедек Санваарын лацдалтыг Израилын угсаанд хийх түлхүүрүүдийг эзэмшигч, бүх зүйлийг бэлэн болгох хүч мөн. … Елиа Их Эзэний аугаа өдөр ирэхээс өмнө замыг бэлтгэж, хаант улсыг байгуулахын тулд ирэх ёстой.”10

“Дэлхий эцсийн өдрүүдэд шатаагдахаар хадгалагдаж байгаа юм. Тэрбээр бошиглогч Елиаг илгээх болно. Харин Елиа хүүхдүүдийнх нь талаарх гэрээнүүдийг эцгүүдэд нь, эцгүүдтэй нь холбогдох гэрээнүүдийг хүүхдүүдэд нь илчлэх болно.”11

“Бурхан энэ үеийнхнийг хэрхэн аврах вэ? Тэрбээр бошиглогч Елиаг илгээх болно.”. … Елиа эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүдтэй нь, хүүхдүүдийг эцгүүдтэй нь лацдан холбох гэрээнүүдийг илчлэх болно.”12

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-ыг үз.

  • Аврагч Көртландын Ариун сүмд хүрч ирсэн үедээ, “Энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно” (хуудас 348) хэмээн Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хэлсэн билээ. Лацдалтын түлхүүрүүдийг сэргээсэн нь Их Эзэний нигүүлслийг хэрхэн харуулсан бэ? Ариун сүмд Тэрээр Өөрийгөө бусад ямар арга замаар үзүүлдэг вэ?

  • Хуудас 349 дээрх нэг, хоёр дахь догол мөрүүдийг судал. Малахи 4:5-6-гаас бидний мэдээгүй Елиагийн үүрэг зорилгын тухай юуг энэ хоёр догол мөр зааж байна вэ? Эдгээр ялгаануудад юу нь чухал вэ?

  • Хуудас 350-351 дээрх лацдалтын хүчний тухай тайлбарыг судал. Лацдалтын хүч гэж юу вэ? Энэ хүч танд бас гэр бүлд чинь яагаад чухал вэ?

  • Елиагийн ажлын тухай Иосеф Смитийн тайлбарыг (хуудас 351-352) унш. Елиагийн Сүнс гэж юу вэ? Эдгээр эцсийн өдрүүдэд Елиа ирж, ажлаа гүйцэлдүүлэх нь яагаад маш чухал вэ?

  • Зүрх сэтгэлээ гэр бүлийнхээ нас барсан гишүүд рүү хандуулах талаар танд ямар туршлага тохиолдсон бэ? Зүрх сэтгэлээ өвөг дээдэстээ хандуулахад нь хүүхдүүддээ туслахын тулд эцэг эхчүүд юу хийж болох вэ?

  • Хуудас 309-ийн-ийн доод талаас эхэлж байгаа догол мөрийг мөн хуудас 313 дээрх эхний догол мөрийг унш. Дэлхий яагаад лацдалтын хүчгүйгээр “зүхлээр арчигдана” гэж та нар боддог вэ?

Холбогдох судрууд: Хиламан 10:4-10; С ба Г 132:45-46; 138:47; Bible Dictionary, “Елиа,” х. 664

Эшлэл

  1. Элиза Р.Снөү, Edward W. Tullidge, The Women of Mormondom-д эш татжээ (1877), x. 94.

  2. Элиза Р.Снөү, The Women of Mormondom-д эш татжээ, x. 95.

  3. History of the Church, 2:428; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book B-1, хавсралт, x. 3-4, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  4. Иосеф Смит-Түүх 1:36-39.

  5. Сургаал ба Гэрээ 110:13-16; хаалтан дахь үг эх баримт бичигт байгаа; 1836 оны дөрөвдүгээр сарын 3-нд Огайогийн Көртландад ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгөгдсөн үзэгдэл.

  6. History of the Church, 4:211; Иосеф Смит бэлтгэж, 1840 оны аравдугаар сарын 5-нд Иллинойн Наувуд болсон Сүмийн чуулган дээр уншсан лекцнээс.

  7. Сургаал ба Гэрээ 128:8-11; Иосеф Смитээс Гэгээнтнүүдэд бичсэн захидал, 1842 оны есдүгээр сарын 6, Науву, Иллиной.

  8. History of the Church, 6:251-253; ЗӨВ бичгийн дүрэм шинэчлэгдсэн; Иллинойн Наувуд 1844 оны гуравдугаар сарын 10-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  9. History of the Church, 3:390; Иллинойн Коммерст 1839 оны долдугаар сарын орчимд Иосеф Смитийн уншсан лекцнээс; тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  10. History of the Church, 6:254; ЗӨВ бичгийн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1844 оны гуравдугаар сарын 10-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  11. History of the Church, 5:530; Иллинойн Наувуд 1843 оны наймдугаар сарын 10-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  12. History of the Church, 5:555; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1843 оны наймдугаар сарын 27-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Виллям Клейтон.

Elijah appearing to Joseph and Oliver

“Өөр нэгэн агуу хийгээд алдар суут үзэгдэл бидэн дээр гэнэт эхлэв; учир нь үхлийг үзэлгүйгээр тэнгэрт аваачигдсан бошиглогч Елиа бидний өмнө зогсож байв.”

family at temple

“Бид ухаалаг байх ёстой. Таны хийх ёстой анхны зүйл бол явж, газар дээрх хөвгууд, охидоо өөртэйгөө, бас өөрийгөө мөнхийн алдар суундаа байгаа өвөг дээдэстэйгээ лацдан холбуулах явдал мөн.”