Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 31: ‘Бурхан та нартай үүрд мөнх хамт байх болно’: Бошиглогч Либерти шоронд


Бүлэг 31

“Бурхан та нартай үүрд мөнх хамт байх болно”: Бошиглогч Либерти шоронд

“Бид сайн дайчид лугаа адил зовлон зүдгүүрийг Түүний хүчирхэг нэрээр эцсийг хүртэл тэвчихээр шийдсэн билээ.”

Иосеф Смитийн амьдралаас

1838 оны арванхоёрдугаар сарын 1-нд, Бошиглогч Иосеф Смит, түүний ах Хайрум болон бусад ах нарыг дүнзэн байшинд хорьж байсан Миссурийн Ричмондоос Миссурийн Либерти шорон уруу авч явжээ. Тэд тэнд Миссурид Гэгээнтнүүдийг мөрдөн хавчиж байснаас үүсгэсэн хилс хэргээр болох шүүх хурлыг хүлээн дөрвөн сар гаруй байжээ. Энэ үед Сүмийн гишүүдийг мөрдөн хавчигчид нь Миссури дэх гэр орноос нь хөөж, түмэн зовлон зүдгүүрт унагасан юм. Гэгээнтнүүдэд учирсан хүнд сорилт, удаан хугацаагаар шоронд хоригдсон үед нь Бошиглогч болон түүний хамтрагчдын санааг үлэмж зовоож байв.

Либерти шорон хоригдлуудыг хорьдог дээд давхрын өрөө, 14 шоо дөрвөлжин фут буюу 4.27 х 4.27 метр хэмжээтэй доод давхрын гяндангаас бүрддэг байж. Бошиглогч өөрсдийнхөө байдлыг дүрсэлсэн нь: “Бид өдөржин шөнөжингөө чанд харуул хамгаалалтан дор, давхар хана, хаалгатай шоронд, ухамсрынхаа дагуу үйлдэх эрх чөлөөгөө хязгаарлуулан хоригдож байна. Бидэнд нэг л янзын, амнаас унамаар амтгүй, хомс тарчигхан хоолорхуу юм өгнө. Өөрсдөө хоолоо хийгээд идчих боломж алга. Сүрэл дэвссэн шалан дээр унтахаас аргагүй, бие дулаацуулах олигтой хөнжил ч байхгүй. Тэгээд гал түлж дулаацах боллоо гэхэд утаа нь байж суухын аргагүй. Шүүгчид бидний гэм буруугүйг мэдэж, чөлөөлөх гэтэл, танхайрагчдаас айсандаа хуулийн шаардлагыг хэрэглэхээс зүрхшээж байгаагаа үе үе харамсан ярих юм.”1

Өрөө нь эрчүүд босоогоороо зогсож болохооргүй намхан байжээ. Хоол нь “өлсөхийн эрхэнд л аргагүй хоолой давуулахаас биш, идэхийн аргагүй муу байлаа”2 гэж хоригдлуудын нэг Александр МкРей хэлжээ.

Ах нарыг шоронд эргэж очсон Сүмийн гишүүн Мөрси Фиелдинг Томпсон хожим нь бичсэн нь: “Биднийг харгалзагч шорон уруу оруулж, ар тал дахь хаалгыг түгжихэд төрсөн сэтгэгдлийг дүрслэх нь миний хэрээс хэтэрсэн хэрэг байлаа. Зөвхөн хамгийн өөдгүй гэмт хэрэгтнүүдэд л тохирох тэрхүү харанхуй, дүнсгэр нүхэнд цоожлуулсан үед бидэнд яах ч аргагүй айдсын мэдрэмж төрж билээ. Тэгээд бид Бурханы сүмийг хүмүүсийн дунд үндэслэн байгуулахын тулд Түүнээс сүнслэгээр нөлөөлөгдсөнөө мэдэгдсэнээс өөр ямар ч шалтгаан буюу үндэслэлгүйгээр, дотор арзасхиймээр энэ муухай шоронд хоригдсон, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед газар дээрх Түүний хаант улсын түлхүүрүүдийг болон Бурханы чиглүүлснээр холбох болон тайлах хүчийг эзэмшсэн, Бурханаас сонгогдсон хүн-Бошиглогч Иосефыг харлаа.”3

Бошиглогчийг шоронд хоригдсон үеэр эхнэр Эмма нь ердөө гурван удаа л түүнтэй очиж уулзсан аж. Үүнээс гадна тэр хоёр захидлаар харилцдаг байв. 1839 оны дөрөвдүгээр сарын 4-нд, Бошиглогч бичсэн нь: “Хайрт хань минь. Пүрэв гарагийн шөнө бид энэ дүнсгэр шоронгийн цонхны сараалжин төмөр хаалтаар гадагш шагайн харж байх үед би чамд захидал бичиж, өөрийнхөө байдлыг мэдэгдэхийн тулд жаргаж буй наран лугаа адил гундуухан суулаа. Би гэдэг хүн харанхуй дүнсгэр, бохир шоронгийн хана, цонхны сараалжин төмөр хаалт, хяхатнан дуугарах төмөр хаалгануудын дунд атгаг санаа нүүрэнд нь тодхон харагдах харгалзагчдаар өдөржин шөнөжин мануулан байдаг болсноос хойш эдүгээ таван сар, зургаан хоног өнгөрчээ гэж бодож байна. Зөвхөн Бурхан л мэдэх тийм сэтгэл хөдлөлөөр би энэ захидлыг бичиж байна. Ийм нөхцөлд оюун ухаанаар бясалгахад үзэг ч хөдлөхгүй, хэл ч гацчихаад байх юм. Эсвээс тэнгэр элчүүд дүрслэх юм уу бидэнд тулгараад байгаа зүйлийг хэзээ ч биеэр үзээгүй хүмүүн илэрхийлэх аргагүй юм.… Иеховагийн мутрын тухай мэдэх бөгөөд биднийг өөр юу ч чөлөөлж эс чадна.”4

Бошиглогч Либерти шоронгоос Гэгээнтнүүдэд өөрийнхөө хайрыг болон Бурханд итгэдэг хүмүүсийг Тэрээр үргэлж дэмжих болно гэдэгт итгэх итгэлээ илэрхийлэн бас захидал бичдэг байжээ. Дараах материалын ихэнх нь 1839 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Сүмийн гишүүдэд бичсэн түүний захидалд агуулагдсан, Гэгээнтнүүдэд өгсөн Бошиглогчийн зөвлөгөө, Бурханд өргөсөн түүний гуйлт залбирлуудад өгсөн Бурханы хариу юм. Энэ захидлын хэсгүүд хожим нь Сургаал ба Гэрээний 121, 122, 123-р хэсэг болжээ.

Иосеф Смитийн сургаалаас

Ямар ч гай зовлон Бурханыг хайрлах хайр болон бие биетэйгээ нөхөрлөх нөхөрлөлөөс биднийг салгаж чадахгүй.

Та бүхний даруухан үйлчлэгч, Их Эзэн Есүс Христийн төлөө бас Гэгээнтнүүдийн төлөө шоронд хоригдогч Бага Иосеф Смит миний бие өөрийн нөхөд, хайрт ах нар Калеб Балдвин, Лайман Вайт, Хайрум Смит, Александр МкКрей нарын хамт захирагч Лилбурн Боггсын харгис дарангуйлал дор танхайрагч бүлгийн толгойлогчдоор баривчлагдан, хоригдсоор байна. Та нартаа халуун мэндчилгээ илгээе.5 Бурхан Эцэгийн болон бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн нигүүлсэл та бүгдэд ирж, та нартай үүрд хамт байх болтугай. Бурханы нигүүлслээр мэдлэг тань арвижих болтугай. Та нар ашиг ч үгүй, үр жимс ч үгүй байхгүйн тулд та нарын дотор болон эргэн тойронд чинь итгэл, ариун журам, мэдлэг, өөрийгөө захирах чадвар, тэвчээр, бурханлаг чанар, ах дүүсэг энэрэл байх болтугай. [2 Петр 1:5-8-ыг үз].

Бидэн дээр хэрэгжүүлж буй буруу, санаанд багтамгүй шударга бус явдал, харгислалыг та нарын олонх нь сайн мэдэж байгаа нь бидэнд тодорхой байна. Бидэнд зүсэн зүйлийн хилс хэрэг тулган, бат бөх хамгаалагдсан шоронд чанд хамгаалалтын дор өдөр шөнөгүй нүд цавчилгүй харгалзан хорьж, Бурханы хүмүүст чөтгөр шулам лугаа адил урхи занга тавьж, өдөөн хатгаж байна:

Тиймээс, эрхэм хүндэт ах нар минь, та нарын нөхөрлөл болон хайрыг бид бүр илүү ихээр хүсч, улам их найдлага тавьж байна. Учир нь бидний байдал юм бүхнийг ариунаар санахад бидний сүнсийг өдөөн сэрээж байгаа бөгөөд та нарынх ч бас тийм байгаа. Тиймээс Бурханы хайраас мөн бие биетэйгээ нөхөрлөх нөхөрлөлөөс биднийг юу ч салгаж чадахгүй гэж бид бодож байна. [Ром 8:39-ийг үз]. Бидэн дээр хэрэгжүүлж буй зүсэн бүрийн ёс бус явдал, харгислал бидний зүрх сэтгэлийг гагцхүү улам ойртуулж, хайраар лацдан холбох болно.

Биднийг ямар ч үндэслэлгүйгээр гинжлэн хорьж байгааг та нар мэднэ, мөн та нарыг шударга бусаар гэр орноос чинь хөөж, харгислаж байгааг бид мэднэ. Миссури муж улсын оршин суугчид өөрсдөө амар тайван аж төрөхийг хүсдэг шигээ Гэгээнтнүүдийг зүгээр байлгавал энэ үед тус муж улсад амар амгалан, энх тайвнаас өөр юу ч байхгүй байсныг та бид аль аль нь ойлгож байгаа. Ариун нандин бүхнийг гутаан доромжилсон зүхэл занал, үг яриаг албадлагаар сонсож, архидан согтуурах, хоёр нүүр гаргах, зүсэн бүрээр сэтгэлийн хэт хөөрөлд автахыг харахаас өөр юу ч байхгүй энэ тамд,… мөн дахин хэлэхэд, бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүдийн гуйлт тэдний эсрэг Бурханд дээш очихгүйн тулд, бас гэм зэмгүй хүмүүс Миссурийн хөрсөнд шингэн үлдэхгүйн тулд.… бид байх ёсгүй. Миссурийн гэгээнтнүүдэд тохиолдсон явдал бол гай зовлонгийн түүх юм. Гашуудлын түүх, тийм ээ, уй гашуугийн түүх, өгүүлэхэд хэтэрхий сунжруу, тунгаан бодоход хэтэрхий их, хүмүүний бодгальд хэтэрхий ахадсан түүх юм.…

“[Биднийг мөрдөн хавчигчид] өөрсдөд нь буруу юм хийгээгүй, гэм зэмгүй, ариун журамтай, Их Эзэн Бурханаа хайрладаг, Христийн төлөө бүх зүйлийг орхих хүсэлтэй Гэгээнтнүүдэд ийм зүйлсийг үйлдэж байна шүү дээ. Эдгээр зүйлсийн тухай өгүүлэхэд ч аймшигтай боловч яах аргагүй үнэн юм. Бүдрүүлэх саад ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ [Матай 18:7-г үз].”6

Бэрхшээл зөвхөн богинохон хугацаагаар үргэлжилдэг. Бид үүнийг амжилттай давбал Бурханы оршихуйд өргөмжлөгдөнө.

Ай Бурхан минь! Та хаана байна вэ? Мөн Таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ? Таны гар хэчнээн удаан тэвчих юм бэ, мөн таны мэлмий, тийм ээ, Таны цэвэр ариун мэлмий өөрийн хүмүүсийн мөн өөрийн үйлчлэгчдийн буруу зүйлүүдийг мөнхийн тэнгэрээс болгоогооч, мөн тэдний гуйлтууд сонорт тань хэчнээн удаан нэвтрэх юм бэ?

Тийм ээ, Ай Их Эзэн минь, тэдэн уруу Таны зүрх сэтгэл зөөлөрч, мөн Таны дотор тэдэн уруу өрөвч сэтгэлээр хөдөлсөн байхаас өмнө тэд эдгээр буруу зүйлүүдийг мөн хууль бус доромжлолуудыг хэчнээн удаан тэвчих юм бэ?

Ай Бүхнийг Чадагч Бурхан, Тэнгэр, Газар мөн далай тэнгисүүд, мөн тэдгээр дэх бүх зүйлийг би болгогч, мөн чөтгөрийг, Шеолын харанхуй хийгээд хар бараан эзэгнэлийг хянаж, захирдаг Их Эзэн минь мутраа урагш сунгаач! Мэлмий тань нэвт хараг; Асраа босгооч; Байгаа газар тань дахиад бүү халхлагдаг; Сонор тань нааш хандаг; зүрх сэтгэл тань зөөлрөг; дотор тань биднийг өрөвдөх сэтгэлээр дүүрэг. Уур тань бидний дайснуудын эсрэг дүрэлзэг; мөн зүрх сэтгэлийнхээ догшин хилэнд, бидний эсрэг үйлдсэн буруугийн төлөө өс хонзонг илдээрээ аваач; Ай бидний Бурхан Та зовсон гэгээнтнүүдээ санаач! Мөн Таны үйлчлэгчид нэрэнд тань үүрд баясах болно.…

“… Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно; Мөн тэгээд хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно.”7 [Энэ хэсэг дэх догол мөр С ба Г 121:1-8-д бас байдаг.]

Бурханы хүч аливаа хилэнцээс илүү агуу юм. Сайн мэдээний үнэнүүд гарцаагүй ялна.

Ах нар аа, харанхуй бүдүүлэг байдал, мухар сүсэг, хийрхэл байх ёсгүй газраас гарч ирэн, хамгийн цэвэр цэнгэг, болор мэт горхийн тунгалаг усыг шавар шавхайтай холин, бүх бохир ус, шавар шавхайг нийлүүлэн нэг том үер болгон, уулнаас буух аадар бороо лугаа адил, энэ Сүмийн хөгжил дэвшилд олонтаа чөдөр тушаа болж байгааг хэлэхийг надад зөвшөөрнө үү. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр байдал өөрчлөгдөх болно. Ийнхүү бид одоохондоо үерийн шалбааг дотор хөвж яваа ч, цаг хугацаа өнгөрөхөд, дараагийнх нь биднийг болор лугаа адил тунгалаг, цас лугаа адил цэвэрхэн булаг уруу авчрах тэр үед үерээр авчрагдсан бузар буртаг, хог новш бүхэн замын дагуу хаягдаж, цэвэрлэгдэх биз ээ.

Хуйлрагч уснууд хэр зэрэг удаан цэвэр биш үлдэж чадах билээ? Ямар хүч тэнгэрийг зогсоох билээ? Түүнчлэн Миссури мөрний жам ёсны урсгалыг хүмүүн өчүүхэн гараа урагш сунган зогсоох буюу эсвээс үүний урсгалыг эргүүлэх лүгээ адил Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн тэргүүн дээр тэнгэрээс доош юүлэгдэх Бүхнийг Чадагчийн тухай мэдлэгг саад учруулж чадна гэж үү? [Энэ догол мөр бас С ба Г 121:33-т байдаг.]

[Захирагч Лилбөрн B.] Боггс болон түүний алуурч бүлгийн үйл ажиллагаа эрэг дээр ургасан бургас голоор урсан ирэх модыг шүүрч авахаас юугаараа ялгаатай юм бэ? Үүнчлэн уулын урсгал шавар шавхайг болор мэт тунгалаг горхи уруу урсгадаг ч дараа нь энэ нь өмнөхөөсөө илүү цэвэр болдог учраас бид усыг гал дээр асгахаар ус биш болдог гэж, галыг унтрааж болох учраас энэ нь гал биш хэмээн маргах нь тэнэг хэрэг болохсон. Бас урвагч, худал хэлэгч, санваартан, хулгайч нар болон алуурчид бүхий л бусармаг ажил явуулгаасаа амь бөхтэй зууралдан, үүнийгээ тэнгэрлэг газар дахь бузар муугийн сүнснээс, чөтгөрийн түшиц газраасаа бидний тэргүүн дээр шавар шавхай, хог буртаг лугаа адил цутгаж байна.

Үгүй! Бурхан үүнийг хориглосон юм. Там уур хилэнгээ Везувий, Этна эсвэл хамгийн аймшигтай галт уулс халуун хайлмал нурмаа урсгах лугаа адил цутгаж байгаа ч, ‘Мормоны шашин’ тэссээр байна. Ус, гал, үнэн болон Бурхан бүгд бодитой юм. Үнэн бол ‘Мормоны шашин.’ Бурхан бол зохиогч нь. Тэрбээр бидний бамбай мөн. Түүгээр бид төрсөн билээ. Цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн эхэнд Түүний Сайн мэдээний эрин үед Түүний дуу хоолойгоор бид дуудагдсан юм. Бид Түүнээс Мормоны Номыг хүлээн авсан. Бид Түүгээр энэ өдрийг хүртэл хадгалагдан үлдсэн билээ. Түүгээр хадгалагдан үлдэх аваас энэ нь бидний алдар суу болно. Бид сайн дайчид лугаа адил зовлон зүдгүүрийг Түүний хүчирхэг нэрээр эцсийг хүртэл тэвчихээр шийдсэн билээ.

… Шоронгийн хана болон гав дөнгө, хаалга болон чахрах нугас, зүрхэнд шар ус хурж, үнхэлцэг хагармаар шоронгийн хуяг харгалзагчид хэрэг дээрээ шударга хүмүүний сэтгэлийн хатыг тамын хүчнээс илүү болгон бэхжүүлдгийг… та нар үүнийг унших үеэр мэдэх болно.… Та нар үүнийг мэдэхгүй бол мэдэх хэрэгтэй.…

“… Бид бол та нарын ахан дүүс, анд нөхөд, зовлон эдлэгчид, Сайн мэдээний төлөө Есүс Христийн хоригдлууд бөгөөд алдар суугийн төлөөх найдварынхаа учир энд хоригдож байгаа билээ.”8

Аврагч бидний бүх зовлонг ойлгодог. Тэр бас бидэнтэй үүрд мөнх хамт байх болно.

Их Эзэн дараах үгсээр Бошиглогчийг тайтгаруулсан юм: “Дэлхийн хязгаарууд чиний нэрийг асууж сураглах болно, мөн мунхгууд чамайг элэг доог болгоно, бас там чиний эсрэг уурлан хилэгнэнэ. Нөгөө талаар зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд мөн ухаалаг бас шударга, мөн ариун журамтай зөвлөгөө, эрх мэдэл бас адислалуудыг чиний гар дороос байнга эрэлхийлэх болно. Мөн чиний хүмүүс чиний эсрэг урвагчдын гэрчлэлээр хэзээ ч эргэх нь үгүй. Мөн тэдний нөлөө чамайг төвөг бэрхшээлд, мөн торонд болон хананд хаях хэдий ч чи нэр төртэй байх болно; харин багахан хугацаанаас бусад үед мөн чиний дуу хоолой, зөв шударгын чинь улмаас дайснуудын чинь дунд догшин арслангаас илүү аймшигтай байх болно; мөн чиний Бурхан дэргэд чинь үүрд мөнхөд зогсох болно.

“Хэрэв чи гай зовлон дундуур туулахаар дуудагдсан аваас; хэрэв чи хуурамч ах дүүсийн дунд зовлон зүдгүүрт байгаа аваас; хэрэв чи дээрэмчдийн дунд зовж байгаа аваас; хэрэв чи газраар эсвээс далайгаар зовлон зүдгүүрт өртөөд байгаа аваас; хэрэв чамд бүх төрлийн хуурмаг ял тулгаж байгаа аваас; хэрэв дайснууд чинь чамайг дайрах аваас; хэрэв тэд чамайг эцэг, эх, ах, эгч дүүсээс чинь салгах аваас; хэрэв илдээ сугалсан дайснууд чинь чамайг эхнэрийн чинь цээжнээс, мөн өмсгөлд чинь наалдан, Аав аа, аав аа та яагаад бидэнтэй үлдэж болохгүй билээ? Ай, аав аа, тэр хүмүүс таныг яах гэж байгаа юм бэ? гэж асуух ердөө зургаахан настай, ууган хүүгээс чинь салгах аваас, мөн тэгээд тэрээр зэвсгээр чамаас тас цохигдох аваас, бас хурганы цусны төлөө чононууд лугаа адил дайснууд чинь чиний эргэн тойронд хөлхөлдөх болно. Мөн хэрэв чи нүхэнд, эсвээс чи алуурчдын гараар тохиох үхлийн яланд хаягдах ёстой аваас; хэрэв хүрхрэх далайн давалгаа чиний эсрэг хуйвалдах аваас; догшин салхи чиний дайсан болох аваас; тэнгэр хар барааныг цуглуулж, мөн бүх элементүүд замыг хүрээлэн хаахаар нэгдэх аваас; мөн бүхний дээгүүр, тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах аваас, энэ бүх зүйлс чамд туршлага суулгах болно мөн чиний тусын төлөө байх болно гэдгийг чи мэдэх болно, хүү минь.

Хүний Хүү бүхнээс доогуурт бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?

“Тиймийн тул, зам дээрээ зогсогтун, мөн санваар чамтай хамт үлдэх болно, учир нь тэдний хязгаар тогтоогдож, тэд өнгөрч чадахгүй. Чиний өдрүүд мэдэгдсэн билээ, мөн чиний он жилүүд багаар тоологдох нь үгүй, тиймийн тул, хүний хийж чадах юмнаас бүү ай, учир нь Бурхан чамтай үүрд мөн мөнхөд хамт байх болно.”9 [Энэ хэсэг дэх догол мөр бас С ба Г 122:1-9-д байдаг.]

Намуун, зөөлхөн дуу хоолой гай зовлонгийн гүнд бидний бодгальд тайтгарлыг шивнэдэг.

Бошиглогч Миссурид өөрийг нъ баривчилсан хүмүүсээс зугатах боломж олдсоноос хойш удалгүй шоронд хоригдож байсан үеийнхээ тухай дурссан нъ: “Миний бие дайснуудынхаа гарт байсан үед тэдэнтэй хүний ёсноос гадуур, зүй бусаар харьцаж байсан гэр бүл, найз нарынхаа төлөө санаа ихэд зовж, тэд бас миний төлөө санаа зовж байсан ч… , би туйлын тайван байж Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагдаж байлаа. Би өөрийнхөө гэм буруугүйг бас Гэгээнтнүүд ч буруугүйг тэрчлэн биднийг хавчин дарлагчдын зүгээс бидэнтэй ингэж харьцах юуг ч бид хийгээгүйг мэдэж байлаа. Ийм болохоор би бүх хүмүүний амь насыг гартаа атгаж байдаг, намайг үхлээс олон удаа аварсан Бурханд чөлөөлөлтийн төлөө найдлага тавьдаг байлаа. Шоронгоос гарах аливаа арга зам бүхэлдээ хаалттай байсан ч, хүмүүний ухаанаар бодоход үхэл хэзээ хэзээгүй надад нүүрлээд байгаа юм шиг, намайг устгах нь нэгэнт шийдэгдсэн юм шиг санагдах үе байсан ч, энэ хуаранд анх ирсэн цагаас хойш би ах нарынхаа болон гэр бүлүүдийнхээ хамт чөлөөлөгдөх болно гэдэгт бат итгэлтэй байлаа.

“Тийм ээ, уй гашуу, гай зовлонгийн гүнд бие сэтгэлд минь тайтгарлыг олонтаа шивнэж байсан тэрхүү намуун, зөөлөн дуу хоолой намайг зоригжуулж, чөлөөлөлтийг амлаж байсан нь надад агуу тайтгарлыг өгсөн билээ. Бурхангүйчүүд уурандаа шатаж, ард түмнүүд дэмий хуйвалдаж байсан ч, Түмний Их Эзэн, Иаковын Бурхан миний хоргодох газар байлаа. Гай зовлонгийн өдөр намайг Түүнд хандан залбирахад Тэрээр намайг чөлөөлсөн билээ [Дуулал 46:7; 50:15-ыг үз]; Үүний төлөө би бие сэтгэлээ дайчилсан юм. Ийнхүү миний дотор сэтгэл дэх бүх зүйл Түүний ариун нэрийг алдаршуулж, магтахын төлөө байдаг билээ. Би ‘бүх талаараа зовдог боловч, няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй. Цохигддог боловч мөхдөггүй.’ [2 Коринт 4:8-9-ийг үз]”10

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Миссурийн Либерти дэх шоронгийн байдлыг дүрсэлсэн хэсгийг нэгтгэн дүгнэ (хуудас 407-408). Энэ бүлгийг судалж ярилцахдаа, энэ бүлэгт цэдэглэсэн үгсийг бичиж байх үе дэх Бошиглогчийн нөхцөл байдлын тухай бод. Хуудас 411 дээрх гурав дахь догол мөрийг нэгтгэн дүгнэ. Либерти шоронд хоригдож байсан тухай Бошиглогчийн шастир хэрхэн энэхүү үнэний жишээ болж чадах вэ?

  • Хуудас 409 дээрх гурав дахь догол мөрийг судал. Хүнд нөхцөл байдал зарим үед хэрхэн “бидний сүнсийг ариун дурсамжид өдөөн сэрээдэг вэ?” Хүнд сорилт, мөрдлөг хавчлага ямар замаар “бидний зүрх сэтгэлийг” гэр бүлийн гишүүд, найз нартай маань холбож болох вэ? Эдгээр үнэнтэй холбоотой ямар туршлага та нарт тохиолдож байсан бэ?

  • Өөрийг нь болон ах нарыг нь Бурханы хайраас юу ч салгаж чадахгүйг Иосеф Смит мэдэгджээ (хуудас 410). Энэ мэдэгдлийг тунгаан бодоход та нарт ямар бодол төрдөг вэ? Бид ямар байдлаар Бурханы хайраас тусгаарлагдаж болох вэ? Бурханы хайранд оршихын тулд бидний хийх ёстой зүйлс юу вэ?

  • Хуудас 411 дээрх гурав дахь мөрийг унш. Их Эзэн бидэнд санал болгодог амар амгаланг хүлээн авахын тулд бид юу хийж болох вэ? Иосеф Смитэд тохиолдсон бэрхшээл, гай зовлон “түр зуурынх” байх болно гэсэн Их Эзэний амлалтаас та нар юу сурч болох вэ?

  • Сүмийн дайснууд Бурханы хүчинд саад учруулах юу ч хийж чадахгүй хэмээн Гэгээнтнүүдэд өгсөн Иосеф Смитийн баталгааг нэгтгэн дүгнэ (хуудас 411-413). Яагаад бид заримдаа энэ үнэнийг мартдаг вэ? Үүнийг санахын тулд бид юу хийж болох вэ?

  • Хуудас 413-415 дээрх Бошиглогчид хандсан Их Эзэний үгсийг судал. Хүнд сорилтууд бидэнд туршлага суулгаж, бидний тусын төлөө байдгийг санаснаар бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох вэ? Аврагч бүхнээс доогуурт бууж ирснийг мэдэх нь өөрт чинь ямар утга учиртай вэ? “Зам дээрээ зогсогтун” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар боддог вэ?

  • Бүлгийн сүүлчийн догол мөрийг унш (хуудас 415-416). Бэрхшээл тохиолдсон үед Ариун Сүнс өөрийг чинь тайтгаруулсан үеийн тухай бодно уу. Хуваалцахад тохиромжтой ийм туршлага өөрт чинь тохиолдож байсан уу?

Холбогдох судрууд: Филиппой 3:8-9; Мозая 23:21-24; Алма 7:11; 36:3

Эшлэл

  1. Иосеф Смитээс Айзик Галландад бичсэн захидал, 1839 оны 3-р сарын 22, Либерти шорон, Либерти, Миссури, Times and Seasons-д нийтлэгджээ, 1840 оны 2-р сар, х. 52; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  2. Александр МкРей, History of the Church, 3:257-д эш татжээ; Александр МкРейгээс Deseret News-ийн эрхлэгчид бичсэн захидлаас, 1854 оны 10-р сарын 9, Солт Лейк хот, Юта, Deseret News-д нийтлэгджээ, 1854 оны 11-р сарын 2, х. 1.

  3. Мөрси Фиелдинг Томпсон, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, July 1, 1892 оны 7-р сарын 1, x. 398; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  4. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1839 оны 4-р сарын 4, Либерти шорон, Либерти, Миссури; Бейнике Номын сан, Яйл Их Сургууль, Нью Хейвн, Конниктисат; хуулбар нь Сүмийн Архивт байгаа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта. Миссурийн Индепенденс дэх Ричмонд болон Либертид шоронд хоригдсон хугацааг нийлүүлж тоолоод таван сар болгосон ажээ.

  5. Сидней Ригдон Либерти шоронд бусад ах нартай хамт 1838 оны арванхоёрдугаар сарын 1-нд хоригдсон аж. Гэвч 1839 оны нэгдүгээр сарын 25-нд, Бошиглогч энэ захидлыг бичихээс хоёр сар орчмын өмнө хүндээр өвчилсний учир шоронгоос батлан даалтаар гаргахыг түүнд зөвшөөрсөн ажээ. Байнгын заналхийлэл түүнийг шоронгийн хамгаалалтыг орхихоос айлгасан учир Сидней хоёрдугаар сарын 5 хүртэл шоронд байхаар шийджээ.

  6. History of the Church, 3:289-291; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смит болон бусад хүмүүсээс Эдвард Партриж болон Сүмд бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 20, Либерти шорон, Либерти, Миссури; энэ захидлын хэсгүүд хожим нь Сургаал ба Гэрээнд 121, 122, 123-р хэсэг болж оржээ.

  7. History of the Church, 3:291, 293; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн. Бошиглогчийн захидлын зарим хэсгийг Сургаал ба Гэрээнд оруулж хэвлэхэд бэлтгэхийн тулд цэг тэмдэг, том үсгийн дүрэм, хэлзүйн дүрмэнд бага зэргийн өөрчлөлт оруулсан байна. Тиймээс Сургаал ба Гэрээ 121, 122, 123-р хэсэг болон энэ бүлэг дэх материалд бага сага ялгаа байгаа болно.

  8. History of the Church, 3:296-298; зөв бичгийн дүрэм болон цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  9. History of the Church, 3:300-301; догол мөр өөрчлөгдсөн.

  10. History of the Church, 3:328-329; догол мөр өөрчлөгдсөн; “Extract, from the Private Journal of Joseph Smith Jr.’’-аас, Times and Seasons, 1839 оны 11-р сар, x. 7-8.

Joseph in Liberty Jail

Бошиглогч Иосеф Смит Либерти шоронд хоригдож байхдаа өөрийн гэр бүл болон Гэгээнтнүудэд бичсэн олон захидалдаа хилэнцэт мууг ялах Бурханы хүчний тухай Тэрээр Өөрийнхөө Гэгээнтнүүдийг “үүрд мөнхөд” дэмждэг тухай гэрчилжээ.

Savior before Pilate

Аврагч Пилатын өмнө зогсож байгаа нь. “Хүний Хүү бүхнээс доогуурт бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?”