Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 27: Урвалтын гашуун үр дагавраас сэрэмжил


Бүлэг 27

Урвалтын гашуун үр дагавраас сэрэмжил

“Өөртөө тохиолдсон бүхий л хүнд сорилт, гай зовлон, хүндрэл бэрхшээл, өвчин эмгэг, тэр ч байтугай үхэл хагацалд ч гэсэн та Бурханаас урвахгүй байхыг анхаар, … урвахаас болгоомжил.”

Иосеф Смитийн амьдралаас

Κөртландын Ариун сүмийг 1836 оны хавар дуусгахын өмнө бас дараа нь Гэгээнтнүүд эв нэгдэл болон Сүнсний бэлэг арвин баялгаар цутган юүлэгдсэн үеийг биеэр амссан ажээ. Гэгээнтнүүд цаашид зөв шударга амьдрахгүй бол тэдний баяр баясал эв нэгдэл үргэлжлэхгүй гэдгийг Бошиглогч Иосеф Смит сэрэмжлүүлж байлаа. Энэ үеийн тухай Даниел Тайлер дурссан нь: “Хүн бүхэн тэнгэрийг урьдаас төсөөлөн баярлаж байлаа. Чухамдаа бол, бид хэдэн долоо хоног л чөтгөрөөр уруу татагдаагүй юм. Мянган жил эхэлчихсэн юм биш үү хэмээн бид бодож байсан гээч. [Санваартан ах нарын нэгэн хурал] дээр Бошиглогч Иосеф бидэнд хандаж үг хэлэв. Тэрээр бусад зүйлсийн хамт: ‘Ах нар аа, зарим үед та нарыг уруу татах хүч Сатанд байдаггүй. Одоо уруу таталт нэгэнт байхгүй болсон гэж зарим хүмүүс бодож байна. Гэвч эсэргүүцэл тулгарах болно. Хэрэв та нар Их Эзэнтэй ойр байхгүй бол эсэргүүцэл та нарыг дийлж, урвалт гарах болно’ ”1 хэмээн хэлэв.

Тэр жилийн сүүлчээр урвалтын сүнс Көртланд дахь зарим Гэгээнтнүүдийн дотор өсөн нэмэгдэх болов. Зарим гишүүд бардам, шунахай, зарлигуудад дуулгаваргүй болов. Зарим нь Сүмийн гишүүдийн үндэслэн байгуулсан Көртландын санхүүгийн байгууллага дампуурснаас үүдэлтэй эдийн засгийн асуудлаар Сүмийн удирдагчдыг буруутгаж байв. Энэхүү дампуурал 1837 онд болсон юм. Мөн тэр жил Нэгдсэн Улс даяарх банкны үйл ажиллагааны хямрал Гэгээнтнүүдийн эдийн засгийн байдлыг бүр ч төвөгтэй болгожээ. Көртландад хоёр зуу, гурван зуун гишүүн Сүмд итгэх итгэлгүй болоод байлаа. Зарим үед Сүмийг эсэргүүцэгчидтэй нэгдэн сүмтэй нийлсэн хүмүүсийг зовоох, тэр ч байтугай Гэгээнтнүүдэд бие махбодын шийтгэл үзүүлнэ хэмээн заналхийлэх явдал гарч байв. Зарим урвагчид Бошиглогч дуудлагаа алдсан гэж мэдэгдэн, түүний оронд өөр хүмүүсийг тавихыг хичээж байлаа. Элиза Снөү эгч дурссан нь: “Өдөр тутмынхаа үүргийг даруухан, итгэлтэйгээр биелүүлдэг байсан бөгөөд санваарын аль ч дуудлагыг хүлээн авахад бэлэн байдаг олон хүн эдүгээ сүнсээрээ ихэмсэг болж, зүрх сэтгэлийн бардамналд хөөрдөг болсон байв. Гэгээнтнүүд дэлхийн сүнсийг хүлээн авч, үүнийг хайрладаг болоход Их Эзэний Сүнс тэдний зүрх сэтгэлээс алга болж байв.”2

1837 оны тавдугаар сард Сүмийн байдал ямар байсан тухайд Бошиглогч харамсан өгүүлсэн нь: “Сүмийг онцгой байдлаар эгнэгт түлхэн унагаахын тулд дэлхий болон тамын бүх хүч нөлөөгөөрөө хамсан нэгдсэн юм шиг санагдаж байлаа. … Сүмийн гаднах дайсан тэрчлэн бидний дундах урвагчид санаа бодлоороо хамсан нэгдэж, … миний бие хамгийн эрч хүчтэй эсэргүүцэн тэмцэгч байсны учир энэ их гай барцадын цорын ганц шалтгаан нь би байсан мэтээр олон хүн намайг үзэн ядах болов.”3

Сүмийн удирдагчид, гишүүдийн олонх нь эдгээр сорилт бэрхшээлүүдийг эс хайхран итгэлтэй хэвээр үлдсэн юм. Энэхүү тодорхой бус байдлын үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн асан Бригам Янг, Сүмийн зарим гишүүд Бошиглогч Иосефыг хэрхэн авч хаях тухай хэлэлцсэн нэг хурлын тухай дурдсан байдаг: “Би босч шулуухан, итгэлтэйгээр Иосеф бол Бошиглогч мөн, үүнийг би мэднэ гэж тэдэнд хэлэв. Тэд түүнийг зэмлэн буруутгаж, өөрсдөдөө таалагдсанаар гүтгэн гүжирдэж болно, [гэвч] тэд түүний Бурханы Бошиглогчийнх нь томилолтыг устгаж чадахгүй, харин тэд зөвхөн өөрсдийнхөө эрх мэдлийг алдаж, Бошиглогчтой болон Бурхантай өөрсдийг нь холбосон хэлхээ холбоог таслан, өөрсдийгөө тамд живүүлэх болно гэдгийг энгийн атлаа шаардсан өнгө аясаар тэдэнд хэллээ. Өөрсдийнх нь үйлдлийг миний бие эрс шийдэмгий эсэргүүцсэнд олон хүн минчийглээ улайн уурлан хилэгнэж билээ. …

“Энэ хурал эсэргүүцлийн ямар нэг ажиллагаанд санал нэгдсэн урвалтад хүрэлгүйгээр тарсан юм. Энэ бол Бошиглогч болон Бурханы Сүмийг түлхэн унагаахын төлөө дэлхий, там хоёр хүч хавсран нэгдээд байсан үед гарсан хямрал байлаа. Сүмийн бат бөх итгэлтэй олон эрчүүд гуйвж, дайвж байв. Харанхуй нөмөрсөн үед би ямагт Иосефын дэргэд байж, Бурханы үйлчлэгчийг дэмжих, Сүмийн чуулгуудын эв нэгдлийг хангахын төлөө Бурхан надад соёрхсон бүхий л мэргэн ухаан болон хүчээр, хамаг хүч чадлаа дайчлан ажиллаж байлаа.”4

Иосеф Смитийн сургаалаас

Сүмийн удирдагчдад итгэх итгэлээ ачдаж, тэднийг шүүмжчэх бочон Бурханаас шаардсан аливаа үүргийг үл тоомсорлох нь урвалт уруу хөтөлдөг.

“Хаант улсын нуудуудын түлхүүрүүдээс нэгийг нь би чамд өгөх болно. Энэ бол бүх үүрд мөнхөөс Бурхантай хамт оршсоор ирсэн мөнхийн зарчим юм. Бусдыг буруутган зэмлэж, Сүмээс дутагдлыг эрж хайдаг, Сүмийн гишүүд буруу замаар явж байна гэж хэлдэг мөртлөө өөрийгөө зөв шударга байгаа гэдэг хүн чухамдаа өөрөө тэр даруйд урвалт уруу хөтөлдөг зам уруу хальтиран орсноо баттай мэддэг. Хэрэв тэр хүн наманчлахгүй бол, Бурхан амьд нь баттайн адилаар, урвах болно.”5

Хебер К.Кимбалл Ерөнхийлөгч Бригам Янгийн зөвлөхөөр үйлчилж байхдаа өгүүлсэн нъ: “Наувуд байхдаа Иосеф Смит ахын өгдөг байсан түлхүүрийг би чамд өгье. Энэ сүм болон хаант улсын удирдагчдад итгэх итгэлээ алдсанаар, урвалтын анхны алхам эхэлдэг юм, хэдийд ч чиний ялган таньж болох тэрхүү сүнсийг эзэмшигч нь урвалт уруу хөтөлдөг зам дээр байдаг гэж тэр хэлж билээ.”6

Вилфорд Вудрафф, Арванхоёрын Чуулгад үйлчилж байхдаа хэлсэн нъ: “Иосеф ах иймэрхүү байдлаар ярьж бидэнд зөвлөгөө өгдөг байлаа: ‘Өөрсдөөр тань гүйцэтгүүлэхээр Бурхан та нарыг дуудсан аливаа үүргийг, хувийнхаа хүсэл зорилгыг хангахын тулд хойш тавьсан тэр үед, хайхрамжгүй, хэнэггүй байх боломж нөхцөлийг өөрсдөдөө олгосон тэр үед та нар урвалтын үндэс суурийг тавьдаг. Анхааралтай бай. Ажиллахаар дуудагдсанаа ойлго. Бурхан та нараас уг ажлыг хийхийг шаардсан л бол үүнийг хий.’ Тэр өөр нэг зүйлийг хэлсэн юм:’ Өөртөө тохиолдсон бүхий л хүнд сорилт, гай зовлон, хүндрэл бэрхшээл, өвчин эмгэг, тэр ч байтугай үхэл хагацалд ч гэсэн та Бурханаас урвахгүй байхыг анхаар, санваараас урвахгүй байхад анхаар, урвахаас болгоомжил.’ ”7

Вилфорд Вудрафф цааш нъ: “Биднийг Англи дахь номлолоо эхлэх гэж байх үеэр Иосеф Смит ах өөрөө [Жон] Тейлор ах, Бригам Янг ах болон өөр хэдэн номлогч над дээр хүрч ирснийг би санадаг. Биднээс олон нь өвчилсөн, зовлон зүдгүүрт нэрвэгдсэн байлаа. Үүний хамт бид явахаар нэгэнт шийдээд байв. Бошиглогч биднийг, бас эхнэр, гэрийнхнийг маань адислав. … Тэрээр бидэнд маш чухал зарчмыг зааснаас би энд хэдийг нь дурдъя. Тейлор ах, би, Жорж A. Смит, Жон Э.Пейж болон өөр хэдэн хүн урвасан [төлөөлөгчдийн] ормыг нөхөхөөр дуудагдсан байлаа. Иосеф ах тэдгээр хүмүүс Бурханы зарлигуудаас нүүр буруулан эргэсэн шалтгааныг бидэнд тайлбарлав. Бид нүдээр харж, чихээр сонссон зүйлээсээ мэргэн ухаанд суралцана гэдэгт, мөн бусад хүмүүсийн сүнсийг гунигтай туршлагаар албадуулалгүйгээр ялган таних чадвартай байхад тэрээр найддаг байлаа.

“Аливаа хууль буюу зарлиг, эсвэл үүргээ хөсөрдүүлэх замд орсон, өөрөөр хэлбэл, эдгээрийг дуулгавартай дагахаас татгалзсан энэ Сүмийн болон хаант улсын ямар ч хүн, ямар ч ахлагч үүнийг хэзээ ч үйлдсэн байлаа гэсэн, цуглаануудад оролцох, номлолд үйлчлэх, эсвэл зөвлөгөөг дуулгавартай дагах, Бурхан түүний гараас шаардсан аливаа үүргийг үл тоомсорлох юм бол тэрээр өөрийгөө урвалт уруу хөтлөх үндэс суурийг тавьдаг бөгөөд энэ нь Сүмээс урвасан хүмүүсийн шалтгаан байсныг дараа нь тэрээр тэмдэглэн хэллээ. Тэд өөрсдийнх нь тэргүүн дээр лацадсан санваарыг буруу ашигласан. Тэд төлөөлөгчид, ахлагчдын дуудлагадаа хичээл зүтгэлээ дайчлан ажиллах ёстойгоо хөсөрдүүлсэн юм. Тэд санваарыг өөрсдийгөө дээгүүрт тавих, Бурханы хаант улсыг байгуулахад холбогдолгүй зарим ажил хэргийг гүйцэтгэхэд ашиглаж байлаа.”8

1840 онд Гэгээнтнүүдийн ихэнх нь Иллинойн Наувуд цугларсан ч, Сүмийн гишүүдийн зохион байгуулалттай, нэгэн жижигхэн бүлэг Огайогийн Көртландад амьдарсаар байлаа. Көртландад Сүмийн нэг гишүүн Тэргүүн Зөвлөл болон Сүмийн бусад эрх мэдэлтнүүдэд итгэх Гэгээнтнүүдийн итгэлийг үгүй болгохыг хичээж байсан тухай мэдээнд хариу болгон Бошиглогч Көртланд дахь Сүмийн удирдагчид дараах захидлыг бичжээ: “Хаант улсын ажил хэргийг зөв шударгаар хөтлөн явуулахын тулд хамгийн төгс эв нэгдэл, эелдэг уриалгахан санаа бодол, сайн ойлголт болон итгэл бүх ах нарын зүрх сэтгэлд зэрэгцэн оршиж байх хэрэгтэй. Энэхүү жинхэнэ энэрэл, бие биеэ хайрлах хайр тэдний бүх ажил үйлс, зан төлөвийг тодорхойлдог байх ёстой. Хэрэв аливаа энэрэнгүй биш бодол санаа, итгэл дутагдах явдал байх юм бол, бардамнал, ихэмсэг зан, атаа жөтөө удалгүй илрэн гарах болно. Төөрөгдөл зайлшгүй давамгайлах болно. Бас Сүмийн эрх баригчдыг хүндэтгэхээ болино. …

Хэрэв Көртланд дахь Гэгээнтнүүд цугласан үедээ намайг залбиралдаа багтаахад зохисгүй гэж үзэж, бас намайг Бурханы хаан сэнтийний өмнө залбирлаараа дэмжихийг ойшоохгүй бол, Бурханы Сүнс тэдэнд байхгүй байгааг энэ нь надад баттай бөгөөд итгэл үнэмшилтэйгээр нотолж байгаа хэрэг юм. Хэрэв бидний хүлээн авсан илчлэлтүүд үнэн бол хүмүүсийг хэн удирддаг юм бэ? Хэрэв хаант улсын түлхүүрүүд миний гарт итгэмжлэн олгогдсон юм бол үүний нууцуудыг хэн илчлэх болж байна аа?

Ах нар маань хэр зэрэг удаан хугацаанд намайг тулж түшин, надтай хамт үлдэн, надад урам дэм хайрлана, би дэлхийн атгаг санаатай тулалдаж чадна, мөн үл ойшоосон [харгис хэрцгий харьцаа] болон зүй бус харьцааг баяр баяслаар даван туулж чадна. Харин ах нар маань надаас холдож, сүнслэг байдал, эрэлхэг зоригоо алдан, өсөлт дэвшил, ажил үйлс нь буурах юм бол би уй гашуу болж уруудна. Бас анхны нөхөд маань бүдэрч, тэр ч байтугай миний эсрэг эргэлээ гэдгийг мэдсэн би ажил үйлсээ улам ч эрч хүчтэй үргэлжлүүлэх шийдвэр төгс байна. Тэнгэрлэг Эцэг намайг ялалтад хүргэх болно.

Гэвч үгээр хүнийг бурууггадаггүй [Исаиа 29:21-ийг үз], харин зөв шударга ёс болон үнэнийг хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй, өөрсдөдөө оногдсон үүрэг бүрийг биелүүлдэг, Израилын хуаранд төөрөгдөл, хагарал бутралыг бий болгох зорилго агуулсан аливаа хөдөлгөөн буюу нөлөөний эсрэг тэднийг чиглүүлж, үнэний сүнсийг алдааны сүнснээс ялган таних мэргэн ухаантай хүмүүс бүр Көртландад ч бий гэдэгт миний бие найдна.

Көртланд дахь Гэгээнтнүүд цэцэглэн хөгжиж байхыг харах нь миний сэтгэл санаанд баяр баясал байх болно. Гэвч цаг нь хараахан болоогүй байна гэж бодно. Юмсын өөр хэв маяг тогтож, өөр сүнс илрэх хүртэл энэ цаг ирэхгүй гэдгийг би та нарт батлан хэлж байна. Итгэл сэргээгдсэн, бардамнал үгүй болсон үед, эрмэлзэгч оюунтай хүн бүр даруу занг өмсдөг хувцастайгаа адил өөрийн болгосон үед, аминч үзэл нь ач буянтай үйлс болон энэрэлд байраа тавьж өгсөн үед Их Эзэний амнаас гарсан үг бүрээр амьдрах нэгдмэл шийдвэр төгс байдал амьдралд хэрэгжсэн үед л, амар амгалан, дэг журам, хайр давамгайлж чадна. Харин тэр үеийг хүртэл хүлээх ёсгүй.

“Көртланд орхигдсон байх нь үүнийг хүсэгч хүмүүсийн уршигт санаа юм. Таны даруухан үйлчлэгчийг хохироохын төлөө хүчээ нэгтгэн босохыг оролдож, үүнийгээ боломжгүйг хараад, гүтгэн гүжирдэх, зүй бусаар харьцах болон бусад арга хэрэгслээр түүнийг түлхэн унагаахыг сүвэгчилж байгаа эдгээр хүмүүс түүний албан тушаалд хэчнээн удаа атаархан хорссоор байх юм бол оо. Эдгээр хүмүүс Тэргүүн Зөвлөлийн эсрэг ямагт хамгийн түрүүнд хашгирагчид байсаар ирсэн юм. Тэд өөрсдийнхөө өө сэв, дутагдлыг бусад уруу чихдэг хүмүүс.”9

Урвагчид Бурханы Сүнсийг болон гэрээнүүдээ алддагаас гадна Сүмийн гишүүдийг мөрдөн хавчих нь олонтаа тохиолддог.

“Эхлээд бодоход энэ нь хачирхалтай санагдаж болох юм. Гэвч тэд бурханлиг байдлаар амьдардаг хэмээн өөрсдийнхөө талаар улаан цайм тунхагладаг нь хачирхалтайн адилаар энэ нь үнэн юм. Хэрэв тэд яаралтай наманчлахгүй бол Христийн итгэлээс эргэсний дараа, удаж төдөлгүй эсвэл хожим нь ч ёс бус нэгний урхинд орж, ядмагхан байсан Бурханы Сүнс нь тэднийг бүрмөсөн орхиж, ёс бусыг нь олон түмэнд илчлэн харуулах болно. Итгэлтэй гишүүд урвагчдын хамгийн харгис хатуу мөрдлөг хавчлагад өртлөө. Сатан Иудасын дотор орсон учраас түүнийг ээмлэсэн даруйд Эээнээсээ урваж, дайсных нь гарт өгсөн билээ.

Сайн мэдээг зүрх сэтгэлийн бүрэн зорилгоор дуулгавартай дагах дээр суурилагдсан гаргуун оюун билэг буй. Хэрэв үүний эсрэг нүгэл үйлдэх аваас урвагчид Бурханы Сүнс огт байхгүй болж, тэр үнэхээр мөдхөн зүхэгдэх болно. Мөн түүний төгсгөл нь шатаалт байх болно. Нэгэнтээ тэдэнд байсан гэрэл нь авагдахад тэд гэгээрэхээсээ өмнө байсан шигээ харанхуй болж, улмаар үнэнийг эсэргүүцэхэд бүх хүчээ шавхан дайчилдаг нь гайхмаар юм биш. Тэгээд тэд Иудас шиг, хамгийн дээд ач буянтнуудынхаа үхлийг эрэлхийлэх болно.

Аврагчаас илүү дотно найз Иудаст газар дээр ч, тэнгэрт ч байсан гэж үү? Гэтэл эн тэргүүний зорилго нь түүнийг устгах явдал байсан шүү дээ. Энэхүү хожмын өдрүүдэд бүх Гэгээнтнүүдийн дунд хэн өөрийгөө Их Эзэн шиг тийм сайн анд найз хэмээн үзэх юм бэ? Хэн тийм төгс билээ? Хэн тийм цэвэр билээ? Хэн Түүн шиг ариун билээ? Тийм хүмүүс олдоно гэж үү? Тэрбээр зарлиг, тэнгэрийн хуулийг хэзээ ч зөрчөөгүй юм. Түүний аманд ямар ч худал хуурмаг байгаагүй. Бас зүрх сэтгэлд нь заль мэх байсангүй. Гэтэл Түүнтэй хамт идэж, нэг аяганаас олонтаа ууж байсан тэр хүн Түүний эсрэг өсгийгөө өргөсөн шүү дээ. Христтэй адилхан хүн хаана байна вэ? Тийм хүн дэлхийгээс олдохгүй. Тэгвэл саяхан ах нар хэмээн дуудаж, үүрдийн гэрээгээр хамгийн ойрхон холбогдож байсан хүмүүсээр мөрдөгдөн хавчигдаж байгаа тухайгаа Түүний дагалдагчид яагаад гомдоллох болов оо?

“Үнэн Сүмээс урвагчдын харуулдаг гаарсан мөрдлөг хавчлага, нэгэн цагт тэдэнтэй дотносон, тэднийг хайрладаг хэмээн дүр эсгэдэг байсан бөгөөд Бурханы амралтыг олохын тулд нэгэн цагт зөв шударга байдлаар, бүхий л хүчээр тэдэнтэй гэрээнд орохыг хичээж байсан хүмүүсийг устгахын төлөө улайран тэмцэж байгаа нь ямар эх сурвалжаас үүдэлтэй юм бол оо? Сатан өөрөө хилэнцэт, Бурханы хаант улс ариун учраас тэрээр Бурханы хаант улсыг түлхэн унагаахыг хичээж байгаа гэсэн нэг л зүйлийг ах нар маань хэлэх биз ээ.”10

“Сүмийн эрин үе бүхэнд ариун журмын зарчмуудыг эсэргүүцдэг, энэ дэлхийн ашиг сонирхлыг дээдлэн эрхэмлэдэг, зөв шударга бус зарчмуудыг дагадаг, ингэснээрээ үнэний дайсан болдог хүмүүс үргэлж байсан билээ. … Бидэнтэй нэгдэн нийлсэн бөгөөд нөхөрлөлөө хамгийн хүчтэй илэрхийлж байсан хүмүүс олон удаа бидний хамгийн заналт дайсан, цагаандаа гарсан эсэргүүцэгчид болоод байна. Хэрэв нэрд гарахгүй, ашиг сонирхол буюу нэр төр нь хохирох юм бол, эсвээс тэдний алдсыг илрүүлсэн бол тэд юун туханд хүрэлгүй, ах нараа гүтгэн гүжирдэж [хуурмаг ял тулган], нэр төрийг нь гутаан, бас найз нараа унаган, устгахын төлөө тэднийг мөрдөн хавчиж эхэлдэг билээ.”11

“ ‘Мормоны’ тэрс үзэлтнүүдийн урвалт нь дэлхийгээс ирдэг бөгөөд бидний эсрэг янз бүрийн гүжир гүтгэлэг, жигшүүрт цуу үгсийг тараадаг. Үүгээрээ дэлхийн нөхөрлөлийг олж авна гэж боддог. Учир нь бид дэлхийнх биш гэдгийг, мөн дэлхий биднийг үзэн яддагийг тэд мэддэг. Тиймээс тэд [дэлхий] эдгээр хүмүүсийг [тэрс үзэлтнүүдийг] зэмсгээ болгодог. Мөн тэд чадах хэрээрээ хор хөнөөл учруулахыг хичээдэг. Үүний дараа дэлхийн хүмүүс биднийг үзэн яддагаасаа бүр илүү ихээр тэднийг үзэн яддаг. Учир нь дэлхийн хүмүүс тэднийг яахаа алдсан урвагчид, бялдууч этгээдүүд [зусардагчид] гэж үздэг.”12

Вилфорд Вудрафф өгүүлсэн нъ: “Би [Көртландын] Ариун сүм дээр [1837 оны хоёрдугаар сарын 19-нд] болсон [нэг] цуглаанд оролцлоо. Ерөнхийлөгч Иосеф Смит Сүмийн ажлаар явсан учир эзгүй байв. Гэвч Мосе уул уруу явж, Израилыг орхисны хагасын дайтай ч хугацаагаар биш шүү дээ [Бгипетээс Гарсан нь 32:1-8-ыг үз]. Гэтэл Көртланд дахь олон хүн израилчууд шиг шүтэн бишрэх тугал хийгээгүй ч, зүрх сэтгэлээ Их Эзэнээс болон түүний үйлчлэгч Иосефоос эргүүлж, ашиг хонжоо хайсан гүжир гүтгэлэгтэй зууралдан, оюун ухаан нь бараантах хүртэл хуурамч сүнснүүдэд зам тавин өгч байна. Мөн олон нь Иосеф Смитийг эсэргүүцэн, түүний оронд Сүмийг удирдуулахаар Давид Витмерийг томилохыг хүсч байлаа. Харанхуй сүнснүүдийн энэхүү үүлэн дунд Иосеф Көртландад эргэж ирэн, өглөө үг хэлэхээр индэрт гарав. Тэр ихэд уруу царайлсан байлаа. Гэвч удалгүй Бурханы Сүнс түүн дээр ирж, тэрээр цугларагсдад хандан гурван цагийн турш маш их энгийн байдлаар үг хэлж, дайснуудаа дуугүй болгов.

“Тэрээр босч хэлсэн нь, ‘Би Есүс Христийн Сүмийн Ерөнхийлөгч, Бошиглогч, Үзмэрч, Илчлэгч болон Удирдагч хэвээрээ байгаа. Энэ албан тушаалд намайг хүн биш, харин Бурхан томилж, тавьсан юм. Иймээс намайг чөлөөлөх эсвэл миний оронд хэн нэгнийг томилох хүч хэн нэг хүнд юм уу бүлэг хүмүүст байхгүй. Харин үүнийг өөрсөд дээрээ авсан хүмүүс нэн даруй эс наманчилбал, галзуу барын аманд гараа хийхтэй адил болж, там руу одно.’ Тэрээр хүмүүсийг нүглийнх нь төлөө, харанхуй болон итгэлгүйнх төлөө хурцаар шүүмжлэхэд Бурханы хүч түүн дээр оршсоор байв. Тэрээр хэлсэн зүйлс нь үнэн болох тухай гэрчлэлээ хуваалцав.”13

Вилфорд Вудрафф тэмдэглэсэн нъ: “Ерөнхийлөгч Смит үдээс хойш үг хэлж [1837 оны дөрөвдүгээр сарын 9], Бурханы найз нарын, хүмүүний найз нөхдийн, Сионы гадас, Көртландыг үндэслэн байгуулахад найз нөхдийн дүр эсгэдэг атлаа түүнээс, Бурханы хаант улсын ашиг сонирхлоос урван тэрсэлж, бидний дайснуудын гарт хүчийг өгсөн хүмүүс дээр Бурхан шүүлтийг авчрах болно гэдгийг Их Эзэний нэрээр би хэлж байна гэв. Дайснууд хөөрхий Гэгээнтнүүдийг дарлан зовоож, гэрээгээ зөрчигчид болсон бөгөөд үүнийхээ төлөө Бурханы уур хилэнг мэдэрсэн хүмүүст гай зовлон тарьж байна.”14

Цаниел Тайлер дурссан нъ: “Бошиглогч (Наувугийн дараа) Миссурийн шоронгоос Коммерст ирснээс хойш удалгүй Айзик Бехунин ах бид хоёр түүний байсан газарт очиж уулзав. Бидний ярианы сэдэв түүнийг мөрдөн хавчигчдын талаар байлаа. Сүмийн гишүүд болон гишүүн бус хүмүүсийг цочоосон, урвагчдын хийсэн худал хуурмаг, зүй бус, зөрчилтэй олон мэдэгдлийг тэрээр дурдав. Бас түүнийг баривчлагдсан үед амь насыг нь бүрэлгэвэл албан тушаалтнуудын олонх нь баярлах байсныг тэр бас ярилаа. Харин баривчлагдсан нь түүнд сайн болж олон танилтай болсон аж. Тэрээр хуурамч ах нарыг зэмлэн буруутгав. …

Бошиглогч өөртэй нь хэрхэн харьцаж байсан тухай ярьж дуусахад, Би энэ Сүмийг орхих боллоо гэхэд эдэн шиг авирлахгүй. Харин би Мормоны шашны тухай огт дуулдахгүй, миний мэдэж байгаа юуг ч, хэн ч мэдэхгүй алс холын зэлүүд нутагт очиж, суурьшина’ хэмээн Бехунин ах хэлжээ.

Агуу Үзмэрч тэр даруй хариулсан нь: ‘Бехунин ах аа, та юу хийхээ мэдэхгүй байна. Эдгээр хүмүүс ч гэсэн нэгэнтээ тан шиг л бодож байсан нь эргэлзээгүй. Та энэ Сүмд нэгдэхээсээ өмнө төвийг сахьсан байр суурьтай байсан. Сайн мэдээг танд номлох үед сайн, муу хоёр өмнө тань зэрэг тавигдсан юм. Та аль нэгийг нь сонгож болох байв. Өөртөө үйлчлэхэд таныг урьж байгаа эсрэг тэсрэг хоёр эзэн өмнө тань байна. Та энэ Сүмд нэгдсэнээрээ Бурханд үйлчлэх боллоо гэсэн үг. Ингэснээр та төвийг сахисан газраа орхиж, дахиад тийшээ очиж хэзээ ч чадахгүй. Та үйлчлэхээр сонгосон Эзэнээ хорон санаат нэгний өдөөн хатгалгаар л орхих болно. Ингээд түүний тулган хүлээлтийг дагаж, үйлчлэгч болно.’ ”15

Бид бошиглогчид, төлөөлөгчид, Сүмийн илчлэлтүүдийг дагавал буруу удирдагдахгүй.

Арванхоёрын Чуулгын гишүүн Оорсон Хайд тэмдэглэсэн нъ: “Бошиглогч Иосеф… , ‘Ах нар аа, энэ хүмүүсийн олонх нь хэзээ ч буруу замаар явахгүй. Та нар энэхүү олонхтой үргэлж хамт байвал селестиел хаант улсад баттай орно’ хэмээн хэлэв.”16

Виллям Г.Нелсон өгүүлсэн нъ: “Бошиглогч олон удаагийн үйл явдлаар үг хэлэхийг нь би сонссон. Нэг удаа хурал дээр тэрээр: ‘Та нар Арванхоёр Төлөөлөгчтэй, Сүмийн гишүүнчлэлийн олонхтой хамт бай, тэгвэл та нар хэзээ ч буруугаар удирдагдахгүй гэсэн огт зэврэхгүй нэгэн түлхүүрийг би та нарт өгье.’ Энэ нь үнэн болохыг Сүмийн түүх нотолсон юм”17 гэж хэлэхийг би сонсож билээ.

Эзра Т.Кларк дурссан нъ: “Гэгээнтнүүд хэзээ ч буруу удирдагдахгүй эсвэл мэхлэгдэхгүй байх нэг түлхүүрийг тэдэнд өгнө хэмээн Бошиглогч Иосеф хэлэхийг би сонссон. Энэ хүмүүсийн ихэнх нь хууран мэхлэгчдээр буруу удирдагдаж мэхлэгдэхийг эсвэл Сүмийн гишүүнчлэл дайсны гарт орохыг Их Эзэн хэзээ ч хүлцэн тэвчихгүй гэдэг нь түлхүүр байв.”18

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-ыг үз.

  • Хуудас 357-359 дээрх шастирыг нэгтгэн дүгнэ. Ийм богинохон хугацаанд хүмүүс яагаад зөв шударга байснаасаа урван өөрчлөгдөж чаддаг гэж та нар бодож байна вэ? Өнөөдөр урвахад хүргэдэг ямар нөлөө байдаг вэ? Ийм нөлөөнөөс хамгаалахын тулд бид юу хийж болох вэ?

  • Манай Сүмийн удирдагчдад итгэх итгэлээ алдаж, тэднийг шүүмжлэхээс ямар аюул ирж болох вэ? (Зарим жишээг хуудас 359-362-аас үз.) Удирдагчдадаа хүндэтгэл, талархалтай хандах мэдрэмжээ хадгалахын тулд бид юу хийж болох вэ? Эцэг эхчүүд хүүхдүүдээ Сүмийн удирдагчдыг хүндлэхэд хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ?

  • “Өөрсдөөр тань гүйцэтгүүлэхээр Бурхан та нарыг дуудсан аливаа үүргийг, хувийнхаа хүсэл зорилгыг хангахын тулд хойш тавьсан үед… та нар урвалтын үндэс суурийг тавьдаг” (хуудас 360) хэмээн Бошиглогч сургажээ. Эдгээр үгс та нарын хувьд ямар утга учиртай вэ?

  • Даниел Тайлерын ярьсан түүхийг унш (хуудас 366). Сүмээс урвасан хүмүүс яагаад үүний эсрэг олонтаа улайран тэмцдэг гэж та нар боддог вэ? (Зарим жишээг хуудас 362-366-өөс үз.) Ийм хүмүүсийн үг хэл, үйлдэлд бид хэрхэн хариулах ёстой гэж та нар боддог вэ?

  • Бүлгийн сүүлчийн гурван догол мөрийг унш (хуудас 366-367). Иосеф Смитийн өгсөн энэхүү “түлхүүрийг” ойлгож, ашиглах нь бидэнд яагаад чухал вэ?

Холбогдох судрууд: 1 Нифай 8:10-33; Хиламан 3:33-35; С ба Г 82:3, 21; 121:11-22

Эшлэл

  1. Daniel Tyler, “Incidents of Experience,” Scraps of Biography (1883), x. 32-33.

  2. Eliza R. Snow, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), x. 20; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  3. History of the Church, 2:487-488; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book B-1,x. 761, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  4. Бригам Янг, Түүхчийн албан тушаалд, Manuscript History of Brigham Young, 1844-1846, боть. 1, x. 16, Сүмийн Архив.

  5. History of the Church, 3:385; 1839 оны долдугаар сарын 2-нд Монтрөүзэд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс.

  6. Heber C. Кимбалл, Deseret News, 1856 оны дөрөвдүгээр сарын 2, x. 26; зөв бичгийн дүрэм, том жижиг үсгээр бичих дүрэм шинэчлэгдсэн.

  7. Wilford Вудрафф, Deseret News, 1880 оны арванхоёрдугаар сарын 22, х. 738.

  8. Wilford Вудрафф, Deseret News: Semi-Weekly, 7, 1880 оны есдүгээр сарын 7, х. 1; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  9. History of the Church, 4:165-166; Иосеф Смитээс Оливер Гранжерт бичсэн захидлаас, 1840 оны долдугаар сар, Иллинойн Науву.

  10. History of the Church, 2:23; зөв бичгийн дүрэм, цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad”-оос, 1834 оны нэгдүгээр сарын 22, Evening and Morning Star-д, 1834 оны дөрөвдүгээр сард нийтлэгджээ, х. 152.

  11. “John C. Bennett,” Times and Seasons-ийн редакцийн өгүүлэл, 1842 оны наймдугаар сарын 1, х. 868; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  12. History of the Church, 3:230; эхний болон хоёр дахь хаалтан дахь үгс эх баримт бичигт байгаа болно; Иосеф Смитээс Миссурийн Калдвелл дүүрэг дэх Сүмийн гишүүдэд бичсэн захидлаас, 1838 оны арванхоёрдугаар сарын 16, Либерти шорон, Либерти, Миссури.

  13. Вилфорд Вудрафф, 1837 оны хоёрдугаар сарын 19-нд Огайогийн Көртландад Иосеф Смитийн уншсан лекцийн тэмдэглэл; “History of Wilford Woodruff,” Deseret News, 1858 оны долдугаар сарын 14, x. 85; том жижиг үсгийн болон хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  14. Вилфорд Вудрафф, 1837 оны дөрөвдүгээр сарын 9-нд, Огайогийн Көртландад Иосеф Смигийн уншсан лекцийн тэмдэглэл; “History of Wilford Woodruff,” Deseret News, 1858 оны долдугаар сарын 14, x. 86.

  15. Daniel Tyler, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 8-р сарын 15, x. 491-492; цэг тэмдэг болон хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн.

  16. Орсон Хайд, Deseret News: Semi-Weekly, 1870 оны 6-р сарын 21, х. 3.

  17. William G. Nelson, “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, 1906 оны 12-р сар, x. 543; догол мөр өөрчлөгдсөн.

  18. Ezra T. Clark, “The Testimony of Ezra T. Clark,” July 24, 1901 оны 7-р сарын 24, Фармингтон, Юта; Heber Don Carlos Clark, Papers, ойролцоогоор 1901-1974 он, машиндсан эх, Сүмийн Архив.

sacrament meeting

Иосеф Смит манай Сүмийн удирдагчдыг дэмжихийн чухлыг зааж байгаа нь: “Бусдыг буруутган зэмлэж, Сүмээс дутагдлыг эрж хайдаг, Сүмийн гишүүд буруу замаар явж байни гэж хэлдэг мөртлөө өөрийгөө зөв шударга гэж үздэг хүн өөрөө… урвалтын зам уруу орсон байдаг.”

Judas betraying Jesus

“Аврагчаас илуү дотно найз Иудаст газар дээр ч, тэнгэрт ч байсан гэж үү? Гэтэл эн тэргүүний зорилго нь түүнийг устгах явдал байв.”