Бүлэг 21
Хоёр дахь Ирэлт ба Мянган жил
“Их Эзэний өдөр ‘шөнийн хулгайч мэт ирж биднийг гэнэт бариад авахгүйн төлөө’ бид амьдралынхаа туршид … цаг хугацааны тэмдгүүдийг ялган таньдаг байх ёстой.”
Иосеф Смитийн амьдралаас
1832 оны есдүгээр сард Иосеф Смит, Эмма Смит хоёр арванзургаан сартай охин Жюлигийнхээ хамт Огайогийн Хайрам дахь Жонсоны гэрээс Көртландад буцаж ирэв. Тэд Ньюел К.Витнейн эзэмшдэг байсан төрөл бүрийн барааны дэлгүүрт жил гаруй амьдарчээ. Смитийнхний гэр бүл уг дэлгүүрийн хоёрдугаар давхарт амьдардаг байв. Нэгдүгээр давхрын хагасыг бизнест ашигладаггүй байсан аж. Иосеф, Эмма хоёрын хүү Жозеф Смит III тэднийхийг энэ дэлгүүрт амьдарч байх үед төржээ. Бошиглогч энд олон илчлэлт хүлээн авсан юм.
1832 оны Христийн Мэндэлсний Баяраар нэг илчлэлт ирсэн гэнэ. Бошиглогч тэр үед дэлхийн үндэстнүүдэд тулгараад байсан ноцтой асуудлуудыг ул суурьтай бясалган бодож өдрийн талыг гэртээ өнгөрүүлсэн ажээ. “Энэ үед үндэстнүүдийн дунд гай зовлонгийн шинж тэмдгүүд Сүм аглаг буйдаас аянаа эхэлсэн тэр цагаас хойш мэдэгдэхүйц илт боллоо” хэмээн Бошиглогч хэлжээ.1 Нэгдсэн Улс дахь үйл явдлууд иргэний дайн уруу улам бүр хөтөлж, дэлхий даяар үхлийн аймшигт өвчин дэгдлээ. “Энэ сэдвээр чин сэтгэлээсээ залбирснаар”2 Бошиглогч эдүгээ Сургаал ба Гэрээний 87 дугаар хэсэгт байдаг илчлэлтийг хүлээн авчээ. Хоёр дахь Ирэлтийн өмнө бүх үндэстний дунд дайн дэгдэж, байгалийн гамшиг хүмүүсийг хашраах болно гэдгийг Их Эзэн Иосефт илчилсэн ажээ:
“Илдээр мөн цус урсгалтаар дэлхийн оршин суугчид гашуудах болно; дэлхийн оршин суугчид бүх үндэстнүүдийн бүрэн төгсгөлийг бий болгосон устгал тогтоогдох хүртэл өлсгөлөнгөөр мөн тахал мөн газар хөдлөлт мөн тэнгэрийн аянга мөн тэрчлэн хурц хийгээд догшин гялбаагаар Бүхнийг Чадагч Бурханы гарын хилэгнэл мөн зэвүүцэл, мөн зэмлэлийг мэдрэхээр болгогдох болно. … Иймийн тул, ариун газруудад зогсогтун та нар, мөн Их Эзэний өдөр ирэх хүртэл бүү шилжин нүүлгэгд; учрыг болгоогтун, энэ нь гэнэт ирэх болой хэмээн Их Эзэн хэлэв” (С ба Г 87:6, 8).
Бошиглогч хоёр хоногийн дараа арванхоёрдугаар сарын 27-нд Хоёр дахь Ирэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан өөр нэг илчлэлт хүлээн авчээ. Тэр өдөр дээд санваартнуудын чуулган Бошиглогчийн “орчуулгын өрөө” буюу Библийн Иосеф Смитийн Орчуулгаас ихээхнийг нь хийсэн Иосефын өрөөнд хуралдсан аж. Чуулганы тэмдэглэлд ийн өгүүлжээ: “Иосеф ах босч, бид тэнгэрийн илчлэлт болон адислалуудыг хүлээн авахын тулд оюун бодлоо Бурхан дээр төвлөрүүлж, итгэлээ ашиглан, нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болох нь чухал гэв. Тиймээс тэрээр Сионыг байгуулах болон Гэгээнтнүүдийн ашиг сонирхлын талаар Өөрийнхөө хүслийг илчлэхийг Их Эзэнд хандан тус тусдаа чангаар залбирахыг ирсэн бүх хүмүүст зөвлөмж болгосон аж.”
Дээд санваартан бүр “Их Эзэний өмнө мэхийж,” санаа бодлоо уудлан илчилж, Бурханы зарлигуудыг сахихад шийдвэр төгс байгаагаа илэрхийлжээ.3 Бошиглогч үүнээс хойш удалгүй, хожим нь Сургаал ба Гэрээний 88 дугаар хэсэг болсон илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлт Их Эзэний ирэлт болон мянган жилийн амар амгалан тогтох тухай судрууд дахь ихэд нарийн тодорхой бошиглолуудыг агуулдаг (С ба Г 88:86-116-г үз).
Их Эзэн Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Хоёр дахь Ирэлт, Мянган Жил болон эдгээр үйл явдлуудын өмнө тохиох үймээн самуунт цагийн тухай олон бошиглолыг илчилсэн билээ. Энэхүү агуу илчлэлт нь Иосеф Смит бол үнэхээр Бурханы өсгөн өндийлгөсөн үзмэрч байсныг гэрчилдэг. “Үзмэрч өнгөрсөн зүйлийг, мөн түүнчлэн ирэх зүйлийг мэдэж чадна, мөн тэдгээр бүх зүйл илчлэгдэх болно, эсвээс, чухамдаа нууц зүйлүүд үзүүлэгдэх болно, мөн далдлагдсан зүйлүүд гэрэлд гарч ирэх болно, мөн мэдэгдээгүй зүйлүүд тэднээр мэдэгдэх болно” (Мозая 8:17) хэмээн Мормоны Ном гэрчилдэг билээ.
Иосеф Смитийн сургаалаас
Аврагчийн ирэлтийн тэмдгүүд биелэгдэж байна. Итгэгчид эдгээр тэмдгүүдийг таньж, аюултай цаг үед амар тайван байдаг.
“Их Эзэний өдөр ‘шөнийн хулгайч мэт ирж биднийг гэнэт бариад авахгүйн төлөө’ бид амьдралынхаа туршид … цаг хугацааны тэмдгүүдийг ялган таньдаг билээ.’ [С ба Г 106:4-5.]”4
“Хүний Хүүгийн ирэлтийн тэмдгүүд аль хэдийн эхэлснийг би бошиглоно. Нэг өвчин тахал нөгөөгийнхөө араас ирж эзгүйрүүлэх болно. Дайн, цус асгаралт бидэнд удахгүй тохионо. Сар цус болж хувирна. Би эдгээр зүйлсийг гэрчилж байна. Хүний Хүүгийн ирэлт ойртож, бүр хаяанд ирээд байна. Бид санаа сэтгэл, бие махбодоороо Хүний Хүүгийн ирэлтийг эс хүсэн хүлээх аваас, бид үүнийг хүсэн хүлээхгүй аваас, бид үхлийнхээ дараа, хадан цохионуудыг өөрсөд дээрээ унахыг гуйгчдын дунд байх болно [Илчлэлт 6:15-17-г үз].”5
“Эрхэм хүндэт, хайрт ах нар аа, тэрхүү гэрчлэгдсэн аюултай цаг ирснийг бид харж байна [2 Тимот 3:1-ийг үз]. Тиймээс бид бичигдсэн бүх зүйлсийн гүйцэлдэлтийг төгс баталгаатайгаар, өмнө нь хэзээ ч байгаагүй их итгэлээр хүлээж, нар өөд мэлмийгээ өргөн харж, Та удахгүй улаан нүүрээ ил гаргах болно хэмээн зүрх сэтгэлдээ хэлэх болно. ‘Гэрэл бий болог’ хэмээн Түүнийг хэлэхэд гэрэл бий болсон билээ. Тэрбээр энэ дэлхийд хандан ийн хэлсэн юм [Эхлэл 1:3-ыг үз]. Мөн дахин, бага гэрэл бол шөнийн гэрэл сар чи цус болон хувирах болно.
“Юм бүхэн гүйцэлдэж байгааг бид харж байна. Тийнхүү Хүний Хүү тэнгэрийн үүлэн дунд бууж ирэх цаг удахгүй ирнэ.”6
“Дэлхий удахгүй хадагдана. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ёс бус хүмүүс удахгүй газрын хөрснөөс арчигдана гэсэн үг. Яагаад гэвэл Их Эзэн үүнийг хэлсэн юм. Ингэхлээр Их Эзэний мутрыг хэн зогсоож чадах юм бэ? Эсвээс Бүхнийг Чадагчийн хүчтэй хэн тэмцэлдэж чадах юм бэ? Учир нь түүний зарлигаар тэнгэр, газар алга болох ёстой. Бүх ариун бошиглогчдын зөгнөсөн аливаа юмсын сэргээлт бүр Израилын угсааны цугларалт гүйцэлдэх тэрхүү өдөр түргэн ойртож байна. Тэр үед арслан хургатай хамт хэвтэх болно.
“Гэвч ах нар минь, хэцүү цагийн тухай биднийг ярихад бүү сэтгэлээр уна. Учир нь тийм цаг богинохон байх ёстой. Учир нь илд, өлсгөлөн, өвчин тахал ойртож байна. Энэ нутагт их устгал ирнэ. Иймээс та нар бүх ариун бошиглогчдын бошиглолуудаас нэг зураас эсвээс нэг үсэг ч гүйцэлдэхгүй гэж бодож болохгүй. Бас одоо гүйцэлдэхээр хүлээгдэж буй бошиглол олон бий. Их Эзэн уг ажлыг богинохон хугацаанд амжуулна. Харин зөв шударгыг үйлдэгчид галаар ч гэсэн аврагдах болно хэмээн хэлсэн юм. [Ром 9:28; 1 Нифай 22:17-г үз].”7
“Дайн дажин, өлсгөлөн, өвчин тахал, үлэмж их гай зовлон, шүүлт зэрэг нь дэлхийн оршин суугчид дээр цутгагдахад бэлэн болоод байгаа учраас судар хэзээ хэзээгүй гүйцэлдэх болоод байна.”8
“Хэцүү цаг үнэхээр ирснийг бид харж байна. Тийнхүү бидний удаан хүлээсэн юмс тохиож эхлээд байна. Гэвч та нар инжрийн мод навчсаа зулзагалуулахад зун ойртжээ гэдгийг мэддзг [Матай 24:32-33-ыг үз]. Дэлхий дээр уг ажил богинохон хугацаанд гүйцэтгэгдэнэ. Энэ нь одоо эхэлчихжээ. Удахгүй бүх дэлхийг айдас нөмөрнө гэж би бодож байна. Эдгээр зүйлс бидэнд тохиох үед бүү зүрх алдан, санаагаар уна. Учир нь эдгээр нь ирэх ёстой. Эс тэгвээс үг биелэгдэхгүйд хүрнэ.”9
“Би Их Эзэнээс ирэлтийнх нь талаар асуулаа. Тэрээр нэгэн тэмдгийг өгч, ийн хэллээ, ‘Ноагийн өдрүүдэд би тэнгэрт солонго татуулж, энэ нь тэр жилдээ Их Эзэн ирэхгүйн тэмдэг болон дохио болгосон юм. Харин солонго харагдсан жил нь үржил шимтэй, ургацтай жил байх болно. Харин солонго ямар ч үед харагдахгүй байвал, үндэстнүүдийн дунд өлсгөлөн, өвчин тахал, үлэмж их гай тохиохын, бас Мессиагийн ирэлт дөхсөний дохио байх болно.’”10
“Иуда эргэж ирэх ёстой. Иерусалим дахин баригдаж, ариун сүм нээгдэх ёстой. Ариун сүмийн доороос ус урсан гарч, Сөнөсөн Тэнгисийн ус цэнгэг болно [Езекиел 47:1-9-ийг үз]. Хотын хэрэм болон ариун сүм зэргийг дахин барихад нэлээд хугацаа шаардагдана. Харин энэ бүхэн Хүний Хүү Өөрийн биеэр залран ирэхээс өмнө хийгдсэн байх ёстой. Дайн дажин, дайны тухай цуурхал дэгдэж, дээр тэнгэрт ч, доор газар дээр ч тэмдгүүд харагдаж, нар харанхуйлж, сар цус болон хувирч, олон нутагт газар хөдлөн, далай эргээсээ халин цалгилна. Тэнгэрт Хүний Хүүгийн нэгэн аугаа тэмдэг илэрнэ. Харин дэлхийхэн яах бол? Тэд энэ чинь нэг гараг юм уу, эсвэл сүүлт од байна гэх болно. Гэвч Хүний Хүү Хүний Хүүгийн ирэлтийн тэмдгээр ирнэ. Энэ нь дорно зүгээс өглөө нар мандах лугаа адил байх болно [Иосеф Смит-Матай 1:26-г үз].”11
“Хүний Хүүгийн ирэлтийн тухай [би] тайлбарлалаа. Ёс бусыг үйлдэгчид л зовохоос биш Гэгээнтнүүд аливаа шүүлтээс зугтааж чадна гэсэн хуурмаг санаа бас байдаг. Учир нь бүх маханбод зовлонгийн эрхшээл дор байдаг бөгөөд ‘зөв шударга хүмүүс ч арай ядан зугтаах болно’ [С ба Г 63:34-ийг үз]. Гэхдээ Гэгээнтнүүдээс олон нь мултарна. Учир нь зөв шударга хүмүүс итгэлээр амьдардаг билээ [Хабаккук 2:4-ийг үз]. Зөв шударга хүмүүсээс олон нь маханбодын сул доройн улмаас өвчин, тахал гэх мэтэд өртөн унах ч, Бурханы Хаант улсад аврагдана. Энэ хүн эсвэл тэр хүн зөрчил гаргасан учраас өвчин, үхэл түүнийг дайрдаг гэж хэлбэл ариун биш хэрэг болно. Учир нь бүх маханбод үхлийн эрхшээлд байдаг. ‘Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү’ [Матай 7:1-г үз.] хэмээн Аврагч айлдсан юм.”12
Их Эзэн бүх зүйл Түүний ирэлтэнд бэлтгэгдэн гүйцэлдэх хүртэл ирэхгүй
“Шүүлт нь Хүний Хүүгийн ирэлтийн цаг тохиохоос нааш болохгүй. Энэ шүүлт эхэлчихээд байгаа билээ. ‘Та нар харанхуйнх биш, харин гэрлийн хөвгүүд учраас тэр өдөр та нарыг шөнийн хулгайч мэт бариад авахгүй’ [1 Тесалоник 5:4-5-ыг үз.] хэмээн Паул хэлсэн байдаг. Бүхнийг Чадагч дэлхий дээр ирж, үүнийг тоос шороо болтол үйрүүлэн няц дарах нь түүний төлөвлөгөө биш. Харин Тэр үүнийг Өөрийн үйлчлэгч бошиглогчдод илчлэх болно [Амос 3:7-г үз].”13
“Есүс Христ Өөрийнхөө ирэх яг тодорхой цагийг хэнд ч, хэзээ ч илчлээгүй юм [Матай 24:36; С ба Г 49:7-г үз]. Явж, судруудыг унш. Тэрээр Өөрийнхөө ирэх яг тодорхой цагийг заасан юуг ч та нар судруудаас олохгүй. Түүний ирэлтийн тодорхой цагийн талаар ямар нэг юм хэлэгчид бол хуурамч багш нар юм.”14
Хүний Хүүгийн тэмдгийг харсан хэмээн мэдэгдсэн нэг хүний талаар Бошиглогч Иосеф Смит хэлсэн нъ: “Есүсийн угтан айлдсанчлан, тэр хүн Хүний Хүүгийн тэмдгийг хараагүй. Хэн нэгэн хүн одоо ч, ирээдүйд ч, нар харанхуйлж, сар цусанд умбах хүртэл эл тэмдгийг харж чадахгүй. Учир нь Их Эзэн надад ямар ч ийм тэмдгийг харуулаагүй. Нэгэн бошиглогчийн хэлснээр-’Үнэхээр Эзэн Бурхан зарц нар, эш үзүүлэгчдэдээ Өөрийн нуудыг илчлэхээс нааш Тэр юу ч хийхгүй (Амос 3:7-г үз). Тиймээс, Ай, газар дэлхий үүнийг сонс: Их Эзэн зөв шударгыг үйлдэгчдийн дээр хаанчлахаар энэ дэлхийд 1843 онд ирэхгүй. Мөн Хүргэн Хүүд бүх зүйл бэлэн болтол ирэхгүй.”15
Ухаалаг, итгэлтэй хүмүүс Их Эзэнийг дахинирэхэд бэлтгэгдсэн байх болно.
“Хүний Хүүгийн ирэлтийн аугаа хийгээд алдар суут өдөр түргэн ойртож байгаа тухай, Тэрбээр Өөрийн Гэгээнтнүүдийг Өөртөө хүлээн авахад тэд түүний оршихуйд амьдарч, алдар суу болон үхэшгүй байдлаар титэмлэгдэх тэр үеийн тухай, удахгүй тэнгэр донслон, газар дайвалзан савлах тухай, тэнгэр хуйлмал ном лугаа адил заагдан салж, арал бүр зугтаж, уулс олдохгүй болохыг бясалган бодох үедээ би, Аливаа ариун байдал ба сүсэг бишрэлээрээ бид ямархуу хүмүүс байх ёстой вэ хэмээн зүрх сэтгэлдээ хашгирдаг билээ! [2 Петр 3:11-ийг үз.]”16
“Газар дэлхий ялзрал, дарлал, эзэрхэг түрэмгийлэл, цус асгаруулалтад зовон шаналж байна. Бурхан хилэгнэлээрээ дэлхийн үндэстнүүдийг зовоохын тулд нуугдсан газраасаа гарч ирэн, хэлснээ гүйцэлдүүлнэ. Даниел өөрийнхөө харсан үзэгдэлд дараа дараалсан үймээн самуунт хэрэг явдлыг харсан аж. Түүнийг ‘харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн Өөрийн суудалд залрав.’ Тэгээд түүнд Хүний Хүү шиг нэгэн бараалхав. Бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв [Даниел 7:9-14-ийг үз]. Бид хэрсүү ухаантай байж, ойлгохын тулд зөв шударга байх ёстой. Учир нь ёс бусыг үйлдэгчдээс нэг нь ч ойлгохгүй. Харин хэрсүү ухаантай хүмүүс ойлгоно. Тийнхүү олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно [Даниел 12:3-ыг үз].”17
“Баячууд болоод эрдэмтэн мэргэд, хэрсүү ухаантнууд болон уужуу өгөөмөр сэтгэлтнүүд, ядуус ба гачигдагсад, боол ба чөлөөт, хар ба цагаан бүгд хэрхэн амьдарч байгаадаа хянуур хандаж, Бурханы тухай мэдлэгт шимтэн суралцаж, энэ газар нутагт шударга ёсыг болон зөвт бүхнийг үйлдэж, амьд болон нойрссон бүх хүний шүүгчийг угтахад бэлтгэгтүн. Учир нь Түүний ирэлтийн цаг хаяанд ирээд байна.”18
“Бидний аврал баттай байхын төлөө бүх зүйлд хэрсүү ухаантай байж, Бурханы бүх зарлигийг сахицгаая. Бид ирэх тэр цагийн төлөө хуяг бамбайгаа бэлэн байлгаж, бэлтгэлтэй байвал, бузар муу өдрийг сөрөн бат зогсох чадвартай байх болно [Ефес 6:13-ыг үз].”19
1830 оны арванхоёрдугаар сард Бошиглогч Иосеф Смит дараах зүйлийг Нъю-Йоркийн Колесвилл дахъ Сүмийн гишүүдэд бичсэн захидалдаа өгүүлжээ: “Та бүгд итгэлтэй байж, Их Эзэнийхээ цагийг хүлээх болтугай. Учир нь түүний ирэлт хаяанд ирээд байна.
Гэвч ах нар аа, цаг хугацаа болон үеийн [талаар] би та нарт бичих хэрэггүй биз дээ. Учир нь Их Эзэний өдөр шөнийн хулгайч лугаа адил ирнэ гэдгийг та нар өөрсдөө маш сайн мэдэж байгаа шүү дээ. Учир нь тэд амар тайван, аюулгүй байдал гэж ярьж байтал жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.
Гэвч ах нар аа, та нар харанхуй дотор байдаггүй. … Тиймээс бид бусдын адил унталгүй, нойрмоглолгүй, харин сэргэг, эрүүл ухаантай байцгаая. Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог.
‘Харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая. Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж болохын төлөө томилсон юм.’ [1 Тесалоник 5:1-4, 6-9.]
Иймээс, та нар одоо бие биеэ тайтгаруулж байгаа. Үүнийгээ үргэлжлүүл. Учир нь хэцүү цаг хаяанд ирээд байна. … Амар амгалан нь дэлхийгээс хэсэгчлэн авагдаж байна. Удахгүй бүрэн авагдана. Тийм ээ, сүйрэл хаалга тогшиж байна. Сүйрэл удахгүй ёс бусыг үйлдэгчдийн мөн Бурханыг мэддэггүй тэдний гэрт айлчлах болно.
Тийм ээ, тэргүүнээ өргөж баяс. Яагаад гэвэл гэтэлгэл тань ойртож байна. Бид Бурханыхаа зарлигуудыг сахихад итгэлтэй хэвээр байсан тохиолдолд дэлхийн сууринаас хойш хэзээ ч байгаагүй хамгийн их ивээгдсэн хүмүүс юм. Тийм ээ, Адамын долоо дахь үе Енох манай өнөө үеийг харж, баясаж байсан билээ [Мосе 7:65-67-Г үз]. Мөн тэр үеэс хойших бошиглогчид Их Эзэн бөгөөд Аврагч, Есүс Христийн Хоёр дахь Ирэлтийн тухай бошиглож Гэгээнтнүүдийн амралтын өдөрт баясаж байсан юм. Тийм ээ, бидний Аврагчийн Төлөөлөгч бас, дэлхий дээр хүмүүнтэй хамт мянган жил амьдрахаар тэнгэрийн зон олонтой үүлсийн дунд Түүнийг залран ирэхийн учир баяссан билээ [Илчлэлт 1:7-Г үз]. Тиймээс баясах шалтгаан бидэнд буй.
Мормоны Номын бошиглолууд цаг хугацаа өнгөрөх тусам улам түргэн гүйцэлдэж байгааг харагтун. Амьд Бурханы Сүнс над дээр оршиж байна. Тиймээс намайг бошиглохгүй гэж хэн хэлэх юм бэ?. Бид аюулгүй байдлынхаа төлөө Их Эзэний хүссэн газар уруу зугтах цаг ойрхон болоод байна. Та нарыг үгээр буруутгагчдаас бүү ай [Исаиа 29:20-21-ийг үз]. Харин бидний Их Эзэн бөгөөд Аврагчийн ирэх өдөр хаяанд ирээд байгааг завхарсан бөгөөд гөжүүд үеийнхэнд гэрчлэхэд итгэлтэй байгтун. Тийм ээ, Эзэний замыг бэлтгэцгээ, түүний замыг шулуун болгоцгоо [Матай 3:3-ыг үз].
Буруутгалаас айдаг хүнд буруутгал ирнэ. Гэвч буруутгал өөрсдөөс нь ирэгч хүмүүс золгүй еэ, учир нь чулуу тэдэн дээр унаж, тэднийг хэдэн хэсэг болгон хэмхэлнэ [Матай 18:7; 21:43-44-ийг үз]. Учир нь Харийнхны бүрэн байдал гүйцэлдэж байна. Иймээс тэд наманчлахгүй, Их Эзэн бөгөөд Аврагч, Есүс Христийн нэрээр баптисм хүртэхгүй бол тэдэнд гай зовлон тохиолдох болно. Тэд нүглээсээ уучлагдахын төлөө нарийн хаалгаар орж, Израилын угсаатай хамт тоологдоно. Учир нь Бурхан хэзээ ч доромжлуулахгүй, мөн түүний ариун нэрийг гутаагчид дээр уур хилэнгээ цутгахгүй, учир нь илд, өлсгөлөн, сүйрэл удахгүй тэднийг нүгэлт амьдралаас нь авч одох болно. Учир нь Бурхан өөрийн сонгогдогсдоос бусдаас нь өш хонзон авч, уур хилэнгээ тэдэн дээр цутгана [Илчлэлт 16:1-г үз].
“Түүний зарлигуудыг дуулгавартай дагах бүх хүмүүс бол түүний сонгогдогсод бөгөөд тэрээр тэднийг удалгүй тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас [Матай 24:31-ийг үз], газрын нэг зүгээс нөгөөг хүртэл, хүссэн газартаа цуглуулна. Тиймээс та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна [Лук 21:19-ийг үз].”20
Аврагч дэлхий дээр хаанчлах үед Мянган жил амар амгалангийн үе байх болно.
Итгэлийн Тунхаг 1:10: “Христ … дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно гэдэгт; мөн дэлхий шинэчлэгдэж диваажингийн алдар суугаа хүлээн авах болно гэдэгт бид итгэдэг.”21
Бурханы төлөвлөгөө нь … хүмүүний дунд амар амгалан, ач буяныг бий болгохын төлөө, мөнхийн үнэний зарчмуудыг хөхүүлэн дэмжих, хүнийг хүнтэй нь эв нэгдэлтэй болгох юмсыг бий болгох, дэлхийг ‘илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтахад’ [Исаиа 2:4] хүргэхийн тулд, дэлхийн үндэстнүүд амар тайван оршин тогтнохын төлөө, ‘газар нь ургацаа ургуулж, [диваажингийнхаа] алдар сууг олж, Их Эзэний цэцэрлэг болох мянган жилийн алдар сууг тохиолгон авчрахын төлөө байгаа юм’. …
Тэрээр өөрийнхөө цагт дэлхийн ажил хэргийг зохицуулан, ертөнцийн тэргүүн байж, удирдлагын хяналтыг гартаа авах нь дэлхийн эхлэлээс хойш Иеховагийн төлөвлөгөө байсаар ирсэн бөгөөд эдүгээ Түүний зорилго юм. Энэхүү зорилго гүйцэлдсэн үед шүүлт шударгаар гүйцэтгэгдэнэ. Засаг захиргаагүй явдал, төөрөгдөл арилах болно. Мөн ‘үндэстэн үндэстнийхээ эсрэг хэзээ ч дайтахад суралцахгүй.’ [Исаиа 2:4-ийг үз.] …
… Мосе Их Эзэний үгийг Бурханаас Өөрөөс нь хүлээн авсан юм. Тэр бол Аароны Бурханы ам байсан бөгөөд Аарон ард түмэнд иргэний болон шашны хэргүүдийг аль алийг нь заадаг байв. Тэр хоёр нэг байлаа. Тиймээс ялгаа байдаггүй байв. Бурханы зорилго гүйцэлдэж ‘ЭЗЭН бүх дэлхийн хаан болж’ ‘Иерусалим Түүний сэнтий’ болоход мөн л ийм байх болно.’ Сионоос хууль гарч, ЭЗЭНий үг ч Иерусалимаас гарна.’ [Зехариа 14:9; Иеремиа 3:17; Мика 4:2-ийг үз.]
… ‘Хаант улсыг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл Тэр бүх юмыг хөл дороо оруулах ёстой’ [Езекиел 21:27; 1 Коринт 15:27-г үз]. Нүгэл хилэнц буурал толгойгоо нууж, Сатан хүлэгдэнэ. Мөн харанхуйн үйлс устгагдана. Шударга ёс хэмжих шугам, үнэн зөв нь түвшин болж, ‘ЭЗЭНээс эмээдэг хүн тэр өдөр ганцаараа өргөмжлөгдөнө.’ [Исаиа 2:11; 28:17-г үз.]”22
“Есүс дэлхий дээр мянган [жил] Гэгээнтнүүдтэй хамт оршин сууна гэдэг нь худлаа, харин Тэрээр доош бууж ирэн хаанчилж, зааж зааварлах болно. Тэрээр таван зуун ах дүү нар болон анхны амилуулагдагсадтай хамт [1 Коринт 15:6-г үз] Гэгээнтнүүдийг захирах болно.”23
Мянган жилийн дараа дэлхий ариусан, селестиел байдалтай болж өөрчлөгдөнө.
“Би хоолны үеэр гэрийнхэндээ болон бидэнтэй хамт байсан найз нартаа, дэлхий цэвэршсэн үедээ шилэн тэнгис лүгээ адил болно, энэ нь нэгэн агуу урим ба туммим байна. Гэгээнтнүүдийг харахад тэдгээр нь харагддагаараа л харагдах болно гэдгийг ярьж билээ.”24
“Энэ дэлхий Бурханы оршихуйд эргэн очиж, селестиел алдар суугаар титэмлэгдэх болно.”25
“[Сатаны сүүлчийн бослогын] дараа багахан хугацаа өнгөрөхөд дэлхий сүүлчийн удаа өөрчлөгдөж, сүр жавхлангаа олоход, дөлгөөн хүмүүс дэлхийг өвлөж, энд зөв шударгыг үйлдэгчид амьдрах болно.”26
Хожим нъ Сургаал 6а Гэрээ 130:9-д цэдэглэгдсэн дараах зүйлийг Бошиглогч 1843 оны дөрөвдүгээр сарын 2-нд заажээ: “Энэ дэлхий өөрийн ариусгагдсан хийгээд үхэшгүй байдалд, үүн дээрх оршин суугчдад болор лугаа адил болгогдох болно, мөн үүгээр захирагдмал хаант улс буюу доогуур жаягийн хаант улсуудад хамаарах бүх зүйл үүн дээр оршин суудаг тэдэнд үзүүлэгдэх болно, мөн энэ дэлхий Христийнх байх болно.”27
Судлах болон заах зөвлөмж
Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.
-
Хуудас 281 дахь эхний хоёр догол мөрийг бүтнээр нь уншихдаа эдүгээ Сургаал ба Гэрээний 88-р хэсэг дэх илчлэлтийг хүлээн авахад дээд санваартнууд хэрхэн бэлтгэснийг ажигла. Энэ шастир Хоёр дахь Ирэлтийн тухай бошиглолуудыг ойлгох хүч чармайлтуудад тань хэрхэн холбогдохыг бод.
-
Их Эзэний ирэлтийн өмнөх хэцүү цагийн тухай Бошиглогч Иосеф Смитийн бошиглолуудыг унш (хуудас 281-283). Ийм хүнд сорилтын үед бид бид амар амгаланг хэрхэн хадгалж чадах вэ? Бид яагаад Хоёр дахь Ирэлтийн тэмдгүүдийг мэдэж, ойлгох хэрэгтэй гэж та нар боддог вэ? Хоёр дахь Ирэлтийн ямар тэмдгүүд биелэгдсэн буюу биелэгдэж байгаа вэ?
-
Хуудас 284 дээрх хоёр дахь догол мөр, мөн хуудас 285 дээрх гурав дахь догол мөрийг бүтнээр нь унш. “Шөнийн хулгайч мэт” гэсэн нийлэмж үг Их Эзэний ирэлтийн тухай юу өгүүлж байна вэ? Их Эзэний өдөр гэрлийн хүүхдүүдийг шөнийн хулгайч адил бариад авчихгүй гэж та нар яагаад боддог вэ?
-
Бид Аврагчийн Хоёр дахь Ирэлтэд хэрхэн бэлтгэж болох вэ? (Зарим жишээг хуудас 286-287-гаас үз.) Бид Түүний ирэлтэнд бэлтгэгдвэл Аврагчийг харах нь ямар санагдах тухай бод. Бид Хоёр дахь Ирэлтэд бэлтгэхэд айдас, түгшүүрийн мэдрэмжээс хэрхэн зайлсхийж болох вэ?
-
Мянган жилийн тухай Иосеф Смитийн бошиглолуудыг нэгтгэн дүгнэ (хуудас 290-292). Энэ үеийн тухай бодоход та нарт ямар бодол санаа төрдөг вэ?
Холбогдох судрууд: Мика 4:1-7; С ба Г 29:9-25; 45:36-71; 88:95-98, 110-115; Иосеф Смит-Матай 1:21-55