Бүлэг 5
Наманчлал
“Яг энэ өдөр шинээр эхэлцгээе. Бид нүглээ орхиж, зөв шударга байх болно хэмээн бүх зүрх сэтгэлээрээ эдүгээ хэлцгээе.”
Иосеф Смитийн амьдралаас
1828 оны зургадугаар сарын 14-нд Мартин Харрис алтан ялтсуудаас орчуулсан эхний 116 хуудас гар бичмэлийг авч, НьюЙоркийн Палмирад байсан гэр бүлийнхээ зарим гишүүдэд үзүүлэхээр Пеннсильваний Хармонигаас явжээ. Маргааш нь Иосеф, Эмма хоёрын ууган хүүхэд төрж, түүнд Алвин гэдэг нэр өгөв. Төрсөн хүүхэд тэр өдрөө эндэж, үүнээс болж Эммагийн эрүүл мэнд муудан, золтой л нүд аньчихсангүй. Бошиглогчийн ээж хожим нь: “[Эмма] хэсэг хугацаанд биеэ барьж чадахгүй унах шахан, бараг л үхлийн ирмэг дээр ирээд байлаа. Нөхөр нь хоёр долоо хоног анир чимээгүй нам гүмд ганц цаг ч унтсангүй, тэр үед эхнэрийнх нь хувь заяа нэг л бүүдгэр юм шиг түүнд санагджээ. Энэ үеэр нөгөөх гар бичмэл санааг нь бүр ч их зовоох болов. Эхнэрийнх нь бие арай дээрдэж, хүч тамир нь бага зэрэг сэргэмэгц тэрээр Нью-Йорк уруу очиж, гар бичмэлийг үзэхээр шийдсэн юм”1 гэж бичжээ.
Долдугаар сард Бошиглогч Эммаг өөрийнх нь саналаар ээжийнх нь асрамжинд орхиод, морин тэргээр Нью-Йоркийн Манчестер хот дахь эцэг эхийнхээ гэр уруу явжээ. Бошиглогч 125 бээр (200 км) зам туулах шаардлагатай байсан нь хоёр, гурван өдрийг авчээ. Иосеф ууган хүүгээ эндсэнд уй гашуу болж, эхнэртээ зовон шаналж бас гар бичмэлээс болж сэтгэл санаа нь их хямарснаас холын замыг хоол ч идэлгүй, хормын төдий ч нүдний хор гаргалгүй туулсан гэдэг. Морин тэргээр түүнтэй хамт явсан анд нь Бошиглогч ихэд ядарч туйлдсаныг ажиглаад морин тэрэгний зогсоолоос Смитийнхний гэр хүртэл 20 бээр (32 км) газрыг явган туулахад нь хамт явж, түүнийг хүргэж өгөхийг хүсчээ. Явган явсан сүүлчийн дөрвөн бээрийн (6.5 км) тухай бошиглогчийн ээж дурсахдаа, “нөгөөх хүн Иосефыг гараас нь хөтлөхөөс аргагүйд хүрсэн гэнэ. Учир нь Иосефын хүч тамир бүр шавхагдаж, хөл дээрээ зогсож чадахгүй болоод зогсоогоороо унтаад өгсөн гэдэг”2 гэжээ. Бошиглогч эцэг эхийнхээ гэрийн босгоор алхмагц Мартин Харрисыг хүрээд ир гэж хүн явуулжээ.
Мартин унжийж, уруу царайлчихсан амьтан Смитийнхний гэрт үдээс хойш хүрч иржээ. Гар бичмэл түүнд байсангүй, хаана байгааг ч мэдэх юм алга гэв. Иосеф үүнийг сонсоод, “Ай халаг! Бурхан минь, Бурхан минь. … Ийм баларсан юм гэж байдаг аа. Одоо би яах билээ? Би чинь нүгэл үйлдлээ шүү дээ. Би гуйх эрхгүй юмыг гуйснаараа Бурханы уур хилэнг хүргэхээр уруу татагджээ. … Би ямар нүүрээрээ Их Эзэний өмнө очих билээ? Бүхнээс Дээдийн тэнгэр элчийн ямар ч зэмлэл надад зөөлдөх биш үү?” хэмээн дуу алдсан гэдэг.
Бошиглогч тэр өдрийн турш эцэг эхийнхээ гэрт ихэд уй гашуу болон, “уйлан хайлж” урагш хойш баахан алхлав. Маргааш нь тэр Хармони уруу будаж ирээд, “Би түүний мутраас нигүүлслийг олохын тулд, түүний хүсэл тааллын эсрэг үйлдсэн бүхнийхээ төлөө уучлагдахын тулд Их Эзэний өмнө хүчтэй залбирлаар өөрийгөө даруусгав. … ”3 гэжээ.
Бурханаас илүү хүнээс айсных нь төлөө Их Эзэн Бошиглогчийг хатуу зэмлэсэн ч, түүнийг өршөөж болно гэдэг итгэлийг төрүүлсэн аж. “Чи бол Иосеф, мөн чи Их Эзэний ажлыг хийхээр сонгогдсон болой, харин гэм буруугийн улмаас, хэрэв чи сонор сэрэмжгүй байх аваас, чи унах болно. Гэвч санагтун, Бурхан нигүүлсэнгүй юм; тиймийн тул, миний чамд өгсөн зарлигийн эсрэг хийсэн зүйлээ наманчлагтун, мөн чи сонгогдсон хэвээр байгаа, мөн тэр ажилд дахин дуудагдсан бөлгөө” (С ба Г 3:9-10) хэмээн Их Эзэн хэлжээ.
Их Эзэн Урим ба Туммимыг ялтсуудын хамт түр хугацаагаар Иосефоос эргүүлэн авсан юм. Гэвч эдгээр зүйлсийг түүнд удалгүй буцааж өгсөн билээ. Тэнгэр элч надад Урим ба Туммимыг эргүүлж өгөхдөө, ”Бурхан миний итгэл бишрэл, даруу байдалд баярлан, залбирлаараа харамсан гэмшиж, хичээнгүй байсны төлөө намайг хайрласныг хэлж, баяртай байлаа. Би үүргээ сайн биелүүлэхийн төлөө … орчуулгын ажлаа дахин эхлэхийн төлөө залбирсан юм”4 гэж Бошиглогч дурссан байдаг. Иосеф Их Эзэн өөрийг нь уучилсны төлөөх баярт мэдрэмжээр хүч чадал нь сэлбэгдэн, Түүний хүсэл тааллыг гүйцэлдүүлэх шийдвэр төгс байдлаар оногдсон ажилдаа ханцуй шамлан оржээ.
Иосеф Смитийн сургаалаас
Бид нүглээ наманчилснаар Бурхаыд ойртож, Түүнтэй улам адилхан болдог.
Вилфорд Вудрафф, Арөанхоёрын Чуулгын гишүүнээр үйлнилж байхдаа, тэмдэглэсэн нь: “Үзмэрч Иосеф Бурханы хүчээр гарч ирсэн юм; мөн тэрээр хүмүүсийн ёс бус байдлыг Их Эзэн Бурханы нэрээр зэмлэн, буруушаасан юм. Тэрээр цугларагсдын байдалд тохируулан хэдэн үг хэлэхийг хүссэн бөгөөд тийнхүү хэлсэн билээ:
Би санваарын эрх мэдлээр Их Эзэн Бурханы нэрээр ярих болно. … Энд цугларагсад Гэгээнтнүүдийн дүр эсгэдэг боловч, би [зүсэн бүрийн] зан авиртай, есөн шидийн хүмүүсийн дунд зогсож байна. Хэрэв та нар Бурханы байдаг газарт очихыг хүсч байгаа бол, Бурхантай адилхан байх ёстой, эсвээс Бурханд байдаг зарчмуудыг эзэмших ёстой. Учир нь бид аль нэг зарчмаар Бурханд ойртохгүй юм бол, Түүнээс холдож, чөтгөр уруу ойртох болно. Тийм ээ, би зүсэн бүрийн хүмүүсийн дунд зогсож байна.
Өөрсдийгөө Бурхантай адилхан байна уу гэдгийг мэдэхийн тулд зүрх сэтгэлээ шинж. Би зүрх сэтгэлээ шинжихэд, бүх нүглээ наманчлах ёстой гэж мэдрэгдсэн шүү.
“ ‘Бидний дунд хулгайч нар, садар самууныг үйлдэгчид, худалчид, хоёр нүүртнүүд байна. Хэрэв Бурхан тэнгэрээс ярьдаг юм аа гэхэд, хулгай хийхгүй садар самуун үйлдэхгүй бусдын юманд шунахгүй, хуурч мэхлэхгүй харин итгэлтэй байхыг та нарт зарлиг болгох байсан биз ээ. … Бурхан сайн биш гэж үү? Тэгвэл та нар сайн бай. Тэрбээр итгэлтэй учраас, та нар итгэлтэй бай. Итгэл дээрээ ариун журмыг, ариун журам дээрээ мэдлэгийг нэмж, сайн юм болгоныг эрэлхийл. Сүм ариусах ёстой, иймээс би бүх алдсын эсрэг номлож байна.’ ”5
“Та нар цайлган цагаан сэтгэлтэй байх ёстой. Эс бөгөөс та нар Бурханы өмнө очиж чадахгүй. Хэрэв бид Бурханы өмнө очихыг хүсдэг бол, Тэрбээр цэврийн адил өөрсдийгөө цэвэр байлгах ёстой. Чөтгөр хуурч мэхлэхдээ агуу хүчтэй шүү. Бурханы хүсэл тааллыг гүйцэлдүүлэгч хүмүүст зай завсар гаргахын тулд тэрээр юмсыг өөрчлөн хувиргах болно. … Гэгээнтнүүдийн дундаас алдсыг арилгах ёстой. Тэгвэл хөшиг нээгдэж, тэнгэрийн адислалууд доош юүлэгдэн- Миссиппи мөрөн лүгээ адил урсаж ирнэ.”6
“Хэн ч өөрийнхөө зөв шударгыг бүү тунхаглаг. Учир нь бусад хүмүүс үүнийг түүнээс харж чадна. Харин тэрээр нэн даруй нүглээ хүлээг. Тэгвэл тэр уучлагдаж, илүү их үр жимсийг авчрах болно.”7
“Бүх зүрх сэтгэл наманчилж, цэвэр ариун байх ёстой. Тэгвэл Бурхан тэднийг хүндэтгэж, өөр ямар ч байдлаар адислагдаж эс чадах тийм байдлаар тэднийг адислах болно.”8
Бид нүглээ орхиж, хилэнцийг өөрсдийнхөө дундаас зайлуулах нь Бурханы хүсэл мөн.
“Дэлхийн бүх хязгаарын та нар-бүх санваартнууд нүгэл үйлдэгч та нар мөн бүх хүмүүс үүнийг сонс. Наманчил! Наманчлагтун! Сайн мэдээг дуулгавартай дага. Бурхан уруу эргэ.”9
“Яг энэ өдөр шинээр эхэлцгээе. Ийнхүү бид нүглээ орхиж, зөв шударга байх болно хэмээн бүх зүрх сэтгэлээрээ одоо хэлцгээе.”10
“Итгэлгүй хүн тусламжийн төлөө хадан гэртээ харих нь хаяанд иртэл хаашаа ч хамаагүй хандаж мэднэ, тэгээд дараа нь итгэлгүй байдал нь алга болно. Учир нь мөнхийн ертөнцийн үнэн бодит байдал түүн дээр үлэмж хүчтэйгээр оршдог. Тийнхүү дэлхийн бүх дэмжлэг тусламж түүнд байхгүй болоход тэрээр бодгалийн үхэшгүй байдлын тухай мөнхийн үнэнүүдийг эмзэглэн мэдэрдэг. Бид энэхүү сэрэмжлүүлгийг анхаарах ёстой, харин хадан гэртээ харих цаг ирэх хүртэл наманчлахыг хүлээх ёсгүй. Учир нь үхэл балчрыг ч, идэр залуус болон дунд насныхныг ч, бүр нялх нярайг ч үүрд мөнх уруу гэнэт дууддагийг бид хардаг шүү дээ. Тэгвэл энэ нь наманчлалаа хойш тавихгүй байхыг, эсвэл хорвоог орхин одох хүртлээ хүлээхгүй байх сэрэмжлүүлгийг бүх хүмүүнд нотлон харуулаг. Учир нь хүмүүн Түүний адислалуудыг авахын тулд, үхэлд дуудагдах хүртлээ хүлээхгүй байхын тулд наманчилж, эрүүл саруулаар, оюун ухааныхаа хүч чадал болоод хүчээр Түүнд үйлчлэх нь Бурханы хүсэл юм.”11
“Сүмд ариун ёслол гүйцэтгэгдэв [1835 оны гуравдугаар сарын 1-нд]. Ариун ёслолыг гүйцэтгэхийн өмнө би Сүм дэх энэхүү ёслолыг зохих ёсоор гүйцэтгэх тухай ярьж, үүнийг Их Эзэн хүлээн зөвшөөрөхүйц хийхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Тэгээд би, хүн энэ ёслолоос зохистой бусаар хэдий хэр удаан хугацаагаар хүртэж болно гэж та нар бодож байна? Бас Их Эзэн түүнээс Өөрийн Сүнсийг татаж авахгүй гэж үү? хэмээн асуусан билээ. Гэтэлгэлийн өдөр Их Эзэн түүнийг Сатаны тамлалаас чөлөөлөх хүртэл зохисгүй хүн ийнхүү ариун зүйлүүдэд хэр зэрэг удаан хөнгөн хуумгай хандах бол! … Иймээс бидний зүрх сэтгэл даруу байх ёстой. Мөн бид нүглээ наманчилж, өөрсдийнхөө дотроос хилэнцийг гаргаж хаях ёстой.”12
“Наманчлал бол өдөр бүр хөнгөн хуумгай хандаж болохгүй зүйл. Өдөр бүр зөрчил гаргаад өдөр болгон наманчлах нь Бурханы мэлмийд баярлууштай зүйл биш.”13
Бошиглогч Иосеф Смит дүү Виллям Смит нъ уурлаж, түүнтэй эвгүй харъцсан үед дараах захидлыг Виллямд бичсэн ажээ: “Бэрхшээл зовлон, уй гашууд унахаас аврахын тулд чамайг сэрэмжлүүлж, уриалан, зөвлөгөө өгч байгааг минь тэвчээртэй хүлээн аваасай гэсэндээ [би чамд хэлж байна]. Уур хилэн хэмээн чиний нэрлэдэг, хазаарлан барьж, номхотгон, хөл дороо байлгавал зохих тэр зүйл болох ёс бус сүнсний эрхшээлд өөрийгөө тавьж өгснийг чинь би угтан харсан юм. Хэрэв чи үүнийгээ орхихгүй бол миний санахад, Бурханы хаант улсад аврагдаж хэзээ ч чадахгүй. Бурхан Өөрийнх нь бүтээлүүд Түүний хүсзлд захирагддаг байхыг шаарддаг билээ.”14
Намаычилдаг бөгөөд зүрх сэтгэлийыхээ бүрэн зорилгоор түүн уруу эргэж очихыг хүсдэг хүмүүсийг Тэнгэрлэг Эцэг минь уучлахыг хүсдэг.
1835 онд Иосеф Смит, Сүмээс урөаад дараа нь гишүүнчлэлээ лэлээ сэргээж, эргэж ирэхийг хүссэн Харви Витлокоос захидал хүлээн авчээ. Бошиглогч хариулсан нь: “1835 оны есдүгээр сарын 28-нд бичсэн таны захидлыг би хүлээн авлаа. Захидлыг тань хоёр удаа уншлаа. Энэ нь өгүүлснээсээ илүү төсөөллийг надад төрүүллээ. Зүрх сэтгэлийн минь мэдрэмж тогтоон барихын аргагүй байсныг л хэлэхэд хангалттай юм. Би арай л уйлчихсангүй. Хэрэв Их Эзэн танд нигүүлслээр хандах аваас, Түүнд мөн энэ хүмүүст эргэж ирэх бодлыг зүрх сэтгэлд чинь суулгасан Бурханд би талархнам. Таны талаар би Их Эзэнээс асуусанд дараах үгс надад ирлээ:
Харви Витлокд ирсэн илчлэлт.
‘Үнэнээр, Их Эзэн танд ийн хэлж байна-Миний үйлчлэгч байсан Харви надад, бас миний Сүмийн цээжинд эргэж ирэг, мөн миний эсрэг үйлдсэн бүх нүглээ орхиж, энэ цагаас хойш ариун журамтай, цэх шударга амьдралын мөр хөөж, миний Сүмийн түшиг тулгуур, тэргүүн болгон миний томилсон хүмүүсийн удирдлага дор байг. Мөн болгоогтун, Их Эзэн Бурхан чинь ийн хэлж байна, түүний нүгэл тэнгэрийн доороос арилгагдана, бас хүмүүсийн дунд уучлагдана, мөн миний чихэнд сонсогдохгүй, бас түүний эсрэг дурсамж болон цэдэглэгдэхгүй, харин би түүнийг гүнзгий гай зовлонгоос гарган өргөх болно, мөн тэрбээр өндөр газарт өргөмжлөгдөнө, бас жононгуудын дунд зогсохоор зохистойд тооцогдоно, мөн өөрсдийгөө өндөрт өргөмжлөн, намайг болон эцсийн өдрүүдэд миний тослогдогсдыг эсэргүүцэх ёс бусчуудын хамгаалалтыг нураахын тулд, миний саадган доторх шилмэл сум болгогдоно. Тиймээс, тэр өөрийгөө үтэр түргэн бэлтгэж та нар дээр, бүр Көртландад ирэг. Тэгээд энэ цагаас хойш тэрээр чиний бүх зөвлөгөөг анхааран сонсохын хэрээр өмнөх байдал нь түүнд сэргээгдэж, Их Эзэн Бурхан чинь амьдын адилаар авралын хамгийн дээд төвшинд аврагдана. Амен.’
Ийнхүү, эрхэм хүндэт ах минь, бидний Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь өмнө өөрсдийгөө даруусгаж, нүглээ хүлээн, орхиж, зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор Түүнд эргэн ирж, хоёргүй сэтгэлээр үйлдэн, эцсийг хүртэл Түүнд үйлчлэх хүсэлтэй хүмүүсийн нүглийг уучилж, ач ивээлдээ сэргээхэд бэлэн байдгийг та харлаа шүү дээ [2 Нифай 31:13-ыг үз].
“Их Эзэн тэнгэрээс баяртайгаар айлдаж, үүрэгтээ суралцаж болох зааврыг танд өгсөнд гайхах юун. Тэр залбирлыг тань сонсож, даруу байдлыг чинь гэрчлэн, эргэж ирсэнд тань эцэг ёсны хайрын гараа сунгаж байна шүү дээ. Тэнгэр элчүүд танд баярлаж байгаа бол Гэгээнтнүүд таныг нөхөрлөлдөө дахин хүлээн авахыг хүсч байна.”15
“Сүнс Бурханд ойртоход хэзээ ч оройтно гэж байдаггүй. Уучлагдашгүй нүгэл үйлдээгүй л бол хүн бүхэн өршөөлийн нигүүлсэлд хүрэх боломжтой байдаг.”16
Судлах болон заах зөвлөмж
Энэ бүлгийг судлахдаа эсвэл заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламж хэрэгтэй бол хуудас vii-xii-ыг үз.
-
116 хуудас алдагдсанд (хуудас 81-83) Бошиглогч хэрхэн хариулсан тухай шастирыг уншаад та нар Иосеф Смитийн тухай юу ойлгосон бэ? Та нар наманчлалын тухай түүний үлгэр жишээнээс юу мэдэж авав?
-
Хуудас 84-оос эхэлж байгаа хэсгийг унш. Энэ бүлэг дэх сургаалуудыг тунгаан бодохдоо, Бошиглогчийн зөвлөснөөр зүрх сэтгэлээ шинжих цаг гарга. Ингэхдээ та Бурхантай илүү адилхан болохын тулд юу хийх хэрэгтэйгээ, бас юу хийхээ болих тухай бод.
-
Наманчлалаа алгуурлан хойш тавихгүй байх талаар Иосеф Смитийн өгсөн сэрэмжлүүлгийг тунгаан бод (хуудас 85-86). Наманчлалыг хойшлуулснаас ямар үр дагавар гарч болох вэ?
-
Бурханд хандаж, Түүний өмнө өөрсдийгөө даруусгах тухай Бошиглогч Иосефын зөвлөгөөг судал (хуудас 87-88). Даруу байдалгүйгээр наманчлал яагаад гүйцэд биш байдаг вэ? “Зүрх сэтгэлийн бүрэн зорилготойгоор [Бурханд] хандах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар боддог вэ? (хуудас 88).
-
Харви Витлокод зориулан Иосеф Смитийн хүлээж авсан илчлэлтийг уншиж, хэрэв Витлок ах чин сэтгэлээсээ наманчлах юм бол түүнд Их Эзэний өгсөн амлалтуудыг ажигла (хуудас 87). Нүглийг уучилж, [биднийг] ач ивээлдээ сэргээх Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг“ тунгаан бодох үед та нарт ямар бодол санаа, мэдрэмж төрдөг вэ?
Холбогдох судрууд: 2 Коринт 7:9-10; Мозая 4:10-12; Алма 34:31-38; С 6а Г 1:31-33; 58:42-43