Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 6: Иохан Баптистын үүрэг зорилго


Бүлэг 6

Иохан Баптистын үүрэг зорилго

“Иохан [Баптист] бол Аароны санваар эзэмшигч, хууль ёсны ёслол гүйцэтгэгч, Христийн өмнө ирэгч байсан бөгөөд түүний өмнө замыг бэлтгэхээр ирсэн юм.”

Иосеф Смитийн амьдралаас

Иосеф Смит Пеннсильваний Хармонид 1828-1829 оны өвөл Мормоны Номын орчуулга дээр үргэлжлүүлэн ажиллаж байсан ч, орчуулга удаан байлаа. Иосеф гэр бүлээ тэжээхийн тулд ферм дээрээ ажиллах шаардлагатай байсан төдийгүй, өөртөө туслуулах бүрэн цагийн бичээчгүй байв. Тусламж хэрэгтэй байсан энэ үед тэрээр, “Би Их Эзэнд хандан түүний зарлиг болгосон зүйлийг биелүүлж болох арга замаар намайг хангахыг гуйж залбирсан юм”1 гэж тэрээр дурсчээ. Орчуулгын ажлыг үргэлжлүүлэхэд нь Иосеф Смитэд хэрэгтэй байсан тусламжаар хангана гэдгээ Их Эзэн амласан ажээ (С ба Г 5:34-ийг үз). 1829 оны дөрөвдүгээр сарын 5-нд Оливер Каудери хэмээх сургуулийн залуу багш Иосефтой уулзахаар Бошиглогчийн дүү Самуелтай хамт Хармонид хүрч иржээ. Оливер Бошиглогчийн эцэг эхийн гэрт түр хугацаагаар байхдаа ялтсуудын тухай сонссон бөгөөд уг асуудлын талаар залбирсны дараа тэрээр Бошиглогчид туслан бичих ёстой гэсэн хувийн илчлэлт хүлээн авчээ. Дөрөвдүгээр сарын 7-нд, Оливер бичээч болж, энэ хоёр хүн орчуулгын ажлыг эхэлсэн ажээ.

Иосеф, Оливер хоёр ялтсуудаас орчуулж байхдаа, нүглээс ангижрахын төлөө баптисм хүртэх зааврыг Аврагч нифайчуудад өгсөн тухай уншжээ.2 Тэр хоёр энэ чухал ёслолын талаар дэлгэрэнгүй ойлголтыг Их Эзэнээс асуухын тулд тавдугаар сарын 15-нд, Бошиглогчийн гэрийн ойролцоох ойд очив. “Бид Бурханы жаягийн дагуу баптисмын болон Ариун Сүнсний адислалуудыг хэрхэн олж авч болохыг мэдэхийн тулд бие сэтгэлээрээ хүчтэй залбиралд хөтлөгдсөн байв. Ингээд бид эцгүүдийн эрх болон ариун санваарын эрх мэдэл, мөн үүгээр ёслол гүйцэтгэх хүчийг хичээнгүйлэн эрэлхийлсэн билээ.”3

Тэдний залбирлын хариуд юу тохиолдсон тухай Иосеф Смит тэмдэглэсэн нь: “Бид ийнхүү залбирч, Их Эзэнийг дуудаж байтал, тэнгэрээс нэгэн элч гэрэлт үүлэн доош буун ирж, бидэн дээр гараа тавиад, тэрбээр биднийг томилон, хэлсэн нь: Миний нөхөд үйлчлэгчид та нарт би Мессаигийн нэрээр тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд, наманчлалын сайн мэдээний нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгагч Аароны санваар хүртээж байна. Мөн энэ нь Левийн хөвгүүд Их Эзэнд зөв шударга байдалд дахин өргөл өргөх хүртэл дэлхийгээс хэзээ ч дахин авагдахгүй байх болно.

“Аароны энэхүү санваар нь Ариун Сүнсний бэлгийн төлөө гар тавих хүчгүй юм, гэвч энэхүү санваар үүнээс хойш бидэнд хүртээгдэх болно.…

Энэ үйл явдлаар бидэнтэй уулзаж, мөн бидэнд энэхүү санваарыг хүртээж, мөнөөх тэнгэр элч, Шинэ Гэрээнд Иохан Баптист хэмээн нэрлэгддэг тэрхүү Иохан хэмээн нэрээ хэлж, мөн цаг нь болохоор бидэнд хүртээгдэх Мелкизедек санваарын түлхүүрүүдийг атгадаг Петр, Иаков, Иохан нарын удирдлага дор ажиллаж байгаагаа хэлэв” (Иосеф Смит-Түүх 1:68-70, 72).

Иохан Баптист хүрч ирсэн нь Бошиглогч Иосеф Смитийн амьдралд болон дэлхий дээрх Бурханы хаант улсын өсөлт хөгжилтөд чухал үйл явдал болсон билээ. Иосеф Смит хэдийгээр Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг харж, тэнгэрийн элчүүдээр зочлогдон, алтан ялтсуудыг хүлээн авч, тэдгээрийг орчуулах чадвартай байсан ч, санваарын эрх мэдэл, хүч түүнд хараахан өгөгдөөгүй байсан юм. Тэр үед Аароны санваарын хүч дэлхий дээр сэргээгдэж, Мелкизедек санваарын хүч удахгүй сэргээгдэх болоод байлаа. Иосеф Смит Бурханы хаант улс дахь хууль ёсны ёслол гүйцэтгэгч болов.

Иосеф Смитийн сургаалаас

Иохан Баптист Аврагчийн өмнө замыг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж, Түүнд баптисм хүртээсэн юм.

“Би Ариун сүм дээр болсон [нэг] цуглаанд оролцов [1843 оны нэгдүгээр сарын 29-нд]. … Өнгөрсөн Хүндэтгэлийн өдрөөр миний хэлсэн үгийн сэдвийн тухай тэнд надаас хоёр асуулт асуусан юм. Асуултуудад би олны өмнө хариулахаар амласан бөгөөд энэ боломжийг ашиглан асуултуудад хариулъя.

‘Эмэгтэй хүнээс төрөгсдийн дунд Иохан Баптистаас илүү агуу нэгэн байхгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ гэж айлдав’ [Лук 7:28] хэмээн Есүсийн хэлснээс асуудал үүссэн юм. Иоханыг хамгийн агуу бошиглогчдын нэг гэсэн нь ямар учиртай юм бэ? Тэр ямар ч гайхамшиг үйлдээгүй болохоор түүний гайхамшгууд агуугийн шалтгаан биш байв. [Иохан 10:41-ийг үз.]

Нэгдүгээрт. Их Эзэний нүүрний өмнө замыг бэлтгэх бурханлаг үүрэг зорилгыг түүнд итгэмжлэн хүлээлгэсэн юм. Түүнээс өмнө эсвэл түүнээс хойш хэн ийм итгэл хүлээж байсан юм бэ? Хэн ч үгүй шүү дээ.

Хоёрдугаарт. Түүнд чухал үүргийг итгэмжлэн хүлээлгэсэн юм. Хүний Хүүд баптисм хүртээх нь түүний гараас шаардагдаж байв. Үүнийг үйлдэх эрхэм дээд хүндэтгэл хэнд байсан юм бэ? Ийм агуу онцгой боломж, алдар суу хэнд байсан юм бэ? Бурханы Хүүг баптисмын ус уруу хөтөлж, энэхүү үйлчлзлийг гэрчлэхийн тулд Ариун Сүнс тагтааны хэлбэрээр эсвээс тагтааны тэмдгээр бууж ирэхийг харах онцгой боломж хэнд тохиосон юм бэ? Тагтааны тэмдэг нь Ариун Сүнсний гэрч болон дэлхий бүтээгдэхээс өмнө бий болгогдсон бөгөөд тагтааны тэмдэг байгаа үед чөтгөр ирж чаддаггүй юм. Ариун Сүнс бол хүн бөгөөд хүний хэлбэр дүрстзй юм. Энэ нь өөрийгөө тагтааны хэлбэрээр илэрхийлдэггүй ч, тагтааны тэмдгээрилэрдэг. Ариун Сүнс тагтааны хэлбэрт хувирч чадахгүй. Харин тагтааны тэмдэг нь Христийн баптисмын тухай үнэнийг гэрчлэхийн тулд Иоханд өгөгдсөн ажээ. Учир нь тагтаа бол үнэн болон гэм зэмгүйн бэлгэдэл буюу бэлгэ тэмдэг юм.

Гуравдугаарт. Иохан тэр үед хүчний түлхүүрүүдийг эзэмшсэн, дэлхий дээр хаант улсын ажил хэргийг явуулах цорын ганц хууль ёсны ёслол гүйцэтгэгч байсан юм. Иудейчүүд түүний зааврыг дагах ёстой байлаа, эс бөгөөс тэдний хуулийн дагуу зүхэгдэх байв. Харин Христ Өөрөө аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлж, уулан дээр Мосед Өөрийнхөө өгсөн хуульд дуулгавартай байж, ингэснээрээ үүнийг устгахын оронд өргөжүүлэн, хүндэтгэл үзүүлсэн юм. Захариагийн хүү түлхүүрүүдийг, хаант улс, хүч, алдар сууг иудейчүүдээс ариун тослолт болон тэнгэрийн хуулиар хүч чармайлт гаргаж байж авсан энэхүү учир шалтгаан түүнийг эмэгтэй хүнээс төрсөн хамгийн агуу Бошиглогч болгосон юм.

Хоёр дахь асуулт:-Тэнгэрийн хаант улс дахь хамгийн бага нь юуны учир түүнээс илүү агуу байдаг билээ? [Лук 7:28-ыг үз.]

“Би хариуд нь Есүс хэнийг хамгийн бага нь гэж хэлсэн юм бол? гэж асуув. Есүсийг Бурханы хаант улсад хамгийн бага нь гэж үздэг байсан аж, мөн тэд түүнийг өөрсдийнхөө бошиглогч гэж үзэх нь бага байсан [бололтой], гэсэн хэдий ч Тэрбээр-’Та нарын дотор хамгийн бага нь гэж тооцогддог тэр нь Иоханаас илүү агуу юм-энэ бол би өөрөө юм’ ”4 гэж хэлсэн юм.

Бурханы хаант улсад хууль ёсны үйлчлэгчид байх ёстой.

“Зарим хүмүүс Пентекостын өдөр хүртэл дэлхий дээр Бурханы хаант улс бий болоогүй байсан, Иохан [Баптист] нүглээс ангижрахын төлөө наманчлалын баптисмыг номлодоггүй байсан хэмээн хэлдэг. Гэвч дэлхий дээр Адамын үеэс өнөө үеийг хүртэл Бурханы хаант улс байсныг би Их Эзэний нэрээр хэлж байна. Бурхан Өөрийн үгийг түүнд илчилж, Өөрийнх нь нэрээр үйлчлэх хүч, эрх мэдлийг өгсөн зөв шударга эрэгтэй хүн аль ч үед байсан юм. Мөн сайн мэдээний ёслолуудыг Түүний нэрээр гүйцэтгэх болон санваараар үйлдэх хүч, эрх мэдлийг Бурханаас хүлээн авсан үйлчлэгчБурханы санваартан байгаа газарт Бурханы хаант улс байдаг. Мөн Есүс Христийн Сайн мэдээ болон Бурханы илгээсэн бошиглогчдыг эсэргүүцсэний уршгаар Бурханы шүүлт хүмүүс, хот, улс үндэстнүүд дээр дэлхийн янз бүрийн цаг үед ирэх болно. Үүний жишээ нь бошиглогчдыг эсэргүүцсэний улмаас устгагдсан Содом, Гомора хотууд байлаа .…

“Сайн мэдээ болон Иоханы номлодог байсан баптисмын тухайд бол Иохан нүглээс ангижрахын төлөөх Сайн мэдээг номлохоор ирсэн юм. Бурханаас хүлээн авсан эрх мэдэл түүнд байлаа. Бурханы илчлэлтүүд түүнд байсан бөгөөд хэсэг хугацаанд Бурханы хаант улсыг ганцхан Иохан төлөөлж байсан билээ. Мөн Аароны үр удам болох хүү Захариад төрөх болно хэмээн Их Эзэн түүнд амласнаараа уг санваар Аарон болон түүний үр удамтай тэдний бүх үеийнхний туршид хамт байх болно хэмээн Их Эзэн амласан юм. Хэрэв хүн Аароны нэгэн адил Бурханаас дуудагдсан л биш бол, энэхүү алдар хүндэтгэлийг ямар ч хүн өөр дээрээ авах ёсгүй [Еврей 5:4-ийг үз]. Аарон ч гэсэн дуудлагаа илчлэлтээр авсан юм шүү дээ.…

“Гэвч Иоханы үед Бурханы хаант улс бий болоогүй, учир нь хаант улс ойрхон байна гэж Иохан хэлсэн шүү дээ гэж хэн нэгэн нь хэлж магадгүй. Гэвч энэ нь Иоханы гарт биш харин Иохан Баптистын номлолыг сонссон хүмүүст илүү ойрхон байж болох бус уу? гэж би асуумаар байна. Хүмүүс Бурханы хаант улсыг олохын тулд Пентекостын өдрүүдийг хүлээх хэрэггүй байсан юм. Учир нь Иоханы хувьд Бурханы хаант улс түүнтэй хамт байсан юм. Тиймээс тэрээр цөлөөс гарч ирэхдээ, ‘Гэмшицгээ, тэнгэрийн хаанчлал ойрхон байна’ [Матай 3:2] хэмээн хашгирсан нь чухамдаа бол ‘Эндээс би Бурханы хаант улсыг оллоо, иймээс би үүнийг та нарт номлох болно. Бурханы хаант улс надад байна, мөн та нар ч үүнийг авч болно, бас би үүнийг та нарт номлоно. Хэрэв та нар үүнийг хүлээн авахгүй бол хараагдана. Судрууд бүх Иерусалим Иоханы баптисм уруу очсон тухай өгүүлдэг [Матай 3:5-6-г үз]. Хууль ёсны ёслол гүйцэтгэгч байлаа, мөн баптисм хүртэгсэд хааны харьяат болдог байв. Бурханы хууль, илчлзлтүүд ч байсан юм. Тиймээс Бурханы хаант улс байсан. Ямар ч хүнд ёслолыг гүйцэтгэх Иоханаас илүү эрх мэдэлтэн байсангүй. Мөн бидний Аврагч Иоханаар баптисм хүртсэнээр тэрхүү эрх мэдлийг Өөрөө баталсан. Тиймээс Бурханы хаант улс бүр Иоханы үед дэлхий дээр бий болсон байлаа …”

… Христ Иоханы үгсийн дагуу ирсэн бөгөөд [Марк 1:7-г үз], Тэрбээр Иоханаас илүү агуу байсан билээ. Учир нь Тэрбээр Мелкизедек санваар болон Бурханы хаант улсын түлхүүрүүдийг атгадаг байв. Бурханы хаант улс дахь Мосегийн санваар өмнө нь илчлэгдсэн ч, Христ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн тулд Иоханаар баптисм хүртсэн байлаа [Матай 3:15-ыг үз].…

… ‘Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй;’ бас ‘тэнгэр гаэар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй’ [Иохан 3:5; Матай 24:35] хэмээн [Есүс] хэлсэн билээ. Хүн ус болоод Сүнснээс төрсөн л бол Бурханы хаант улсад орж чадна. Бурханы хаант улс дэлхий дээр байсан нь тодорхой юм. Иохан Сайн мэдээг тэдэнд номлон, баптисм хүртээснээр хаант улсын харьяатуудыг бэлтгэсэн. Бас Аврагчийн өмнө замыг бэлтгэн, өмнө нь ирэгч болж, Христийн тухай номлох харьяатуудыг бэлтгэсэн билээ. Христ Иоханы номлож байсан тэрхүү газарт Иерусалимаар дамжуулан номлож байсан юм. … Иохан … ч бас Сайн мэдээг, Есүс болоод түүний дараа төлөөлөгчдийн номлож байсан баптисмыг номлож байв.…

“Хүн Бурханы тааллыг мэдэж байгаа цагт, Бурханаас хууль ёсны ёслол гүйцэтгэгчийн эрх мэдэл хүлээн авсан үед Бурханы хаант улс байдаг. Харин эдгээр нь байхгүй бол Бурханы хаант улс байдаггүй. Дэлхий дээрх бүх ёслол, ёс журам, томилолт нь Бурханаас томилогдож, эрх мэдэл олгогдоогүй бол хүмүүний үрст ашиггүй юм. Учир нь хууль ёсны ёслол гүйцэтгэгчээс өөр хэн ч хүмүүнийг аврахгүй. Учир нь өөр хэнийг ч Бурхан болон тэнгэр элчүүд хүлээн зөвшөөрөхгүй.”5

Иохан [Баптист] Аароны санваар эзэмшигч байсан бөгөөд хууль ёсны ёслол гүйцэтгэгч, Христийн өмнө ирэгч, түүний өмнө замыг бэлтгэгч байсан юм. … Иохан бол Аароны жаягаар Христийн өмнөх прист байлаа.…

Аароны санваарын түлхүүрүүд түүнд итгэмжлэгдэн олгогдсон бөгөөд ‘Эзэний замыг бэлтгэцгээ, Түүний замыг шулуун болгоцгоо’ [Матай 3:3.] хэмээн цөлд хашгирсан дуу хоолой түүнийх байсан юм.…

Аврагч Иоханд хэлсэн нь, Би танаар баптисм хүртээгдэх ёстой. Яагаад тэр билээ? [Матай 3:15-ыг үз]. … Иоханаар [биш аваас] Есүст хууль ёсны ёслол гүйцэтгэгч байхгүй байсан нь миний асуултын хариу юм.

“Хууль ёсны ёслол гүйцэтгэгчгүй бол бүх Библид ямар ч аврал байхгүй юм.”6

Елиасын сүнстэй хүн Их Эзэнээс түүнд даатгасан бэлтгэл ажлыг гүйцэтгэдэг.

“Би Елиасын сүнсний тухай эхлээд ярихыг хүсч байна. Би уг сэдвийг танилцуулахын тулд зарим гэрчлэлийг Судраас, дараа нь өөрийнхөө гэрчлэлийг хэлье.

“Юуны өмнө би өөрийнхөө талаар Их Эзэнээс залбирлаар асуухаар ойд очсон, тэгээд нэгэн тэнгэр элчтэй [Иохан Баптист] уулзахад тэрээр миний толгой дээр гараа тавьж, намайг Аароны жаягийн дагуу энэ санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг пристээр томилсныг хэлэхэд хангалттай байна. Энэ бол нүглээс ангижрахын төлөөх наманчлал болон баптисмыг номлох, мөн баптисм хүртээх албан тушаал юм. Энэ албан тушаалд гар тавилтаар Ариун Сүнсийг өгөх нь ордоггүйг; Ариун Сүнсийг өгдөг албан тушаал нь илүү агуу ажил бөгөөд үүнээс хойш өгөгдөнө гэдгийг надад мэдэгдсэн билээ. Харин миний томилолт бол бэлтгэл, эсвээс өмнө нь хийгддэг ажил байлаа. Энэ бол Елиасын сүнс байв. Учир нь Елиасын сүнс бол бэлтгэл ажил, эсвээс илүү агуу нэгний замыг бэлтгэхийн тулд өмнө нь ирэгч, энэ тохиолдолд Иохан Баптист байлаа. ‘Эзэний замыг бэлтгэцгээ, Түүний замыг шулуун болгоцгоо’ [Матай 3:3] хэмээн тэрээр цөлд хашгирсан билээ. Мөн олон түмэн үүнийг хүлээн авахыг хүсвэл энэ нь Елиагийн сүнс байх юм гэдгийг олон түмэнд мэдэгдсэн юм [Матай 11:14-ийг үз]. Иохан бол гэрэл биш, харин тэр эл гэрлийн тухай гэрчлэхээр илгээгдсэнээ хүмүүст тусгайлан хэлжээ [Иохан 1:8-ыг үз].

“Түүний үүрэг зорилго бол наманчлал болон усаар баптисм хүртээхийг заах явдал байсныг тэрээр хүмүүст ярьсан юм. Харин галаар болон Ариун Сүнсээр баптисм хүртээх ёстой. Тэр нь өөрийнх нь дараа ирэх байлаа [Матай 3:11-ийг үз].

Хэрэв тэр (Иохан Баптист) хүний нэр баригч байх юм бол, эрх мэдэл нь байхгүй ажилд оролцохоор хичээж, Елиасын сүнсээр уг албан тушаал болон дуудлагад холбогдолгүй ёслолуудыг гүйцэтгэх байсан биэ ээ.

Елиасын сүнс бол Бурханы илүү агуу илчлэлтэд замыг бэлтгэх явдал мөн. Энэ бол [Елиасын сүнс] буюу Елиасын санваар эсвээс Аарон үүнд томилогдсон санваар бөгөөд Бурхан бүр дэлхийн анхны эрин зуунуудаас эхлэн хэн нэгнийг Елиасын сургаал хэмээн нэрлэгддэг, Елиасын хүчний түлхүүрүүдийг эзэмшдэг илүү агуу ажилд бэлтгэхийн төлөө дэлхийд илгээж байгаа билээ.

Иоханы үүрзг зорилго нь номлох болон баптисм хүртээхээр хязгаарлагддаг байв. Харин тэр хууль ёсны ажлаа хийж байсан юм. Есүс Христ Иоханы шавь нарын хэн дээр нь ч ирлээ гэсэн тэдэнд галаар болон Ариун Сүнсээр баптисм хүртээдэг байлаа. … Иохан эрх мэдлээ хэтрүүлдэггүй байсан бөгөөд харин албан тушаалдаа хамаардаг зүйлийг итгэлтэйгээр гүйцэтгэдэг байлаа. Тийнхүү агуу барилгын хэсэг бүр нь зохих байрандаа зөвөөр бэлтгэгдэж, томилогдсон байх ёстой. Мөн хүчний түлхүүрүүдийг хэн эзэмшдэг, хэн эзэмшдэггүйг мэдэх нь чухал. Эс бөгөөс бид мэхлэгдэж болох юм.

“Елиасын түлхүүрүүдийг эзэмшдэг хүн бэлтгэл ажлыг хийдэг. … Елиасын сүнс надад илчлэгдсэн юм. Иймээс би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Тиймээс би зоригтойгоор ярьж байна. Учир нь миний сургаал үнэн гэдгийг би гарцаагүй мэднэ.”7

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлахдаа эсвэл заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламж хэрэгтэй бол хуудас vii-xii-ыг үз.

  • Аароны санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт олгосон Иохан Баптистын тухай шастирыг унш (хуудас 92-93). Энэ үйл явдал Иосеф, Оливер хоёрт ямар нөлөө үзүүлсэн бэ? Энэ үйл явдал таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

  • Хуудас 93 дээрх эхний догол мөрийг бүтнээр нь уншихдаа, Иохан Баптист Иосеф, Оливер хоёрыг өөрийнхөө “нөхөд үйлчлэгчид” гэж нэрлэснийг ажигла. Энэ нийлэмж үг ямар байдлаар санваартнуудад тусалж болох вэ? Энэ нийлэмж үг Аароны санваар эзэмшигч залуу эрэгтэйчүүдтэй бид хамтран ажиллахад ямар байдлаар нөлөөлж болох вэ?

  • Хуудас 94-ээс эхэлж байгаа бүлгийн хэсгийг нэгтгэн дүгнэ. Иохан Баптист болон мөнх бус амьдралд түүний гүйцэтгэсэн үүргийн талаар та нар ямар бодол санаатай байдаг вэ?

  • Иохан Баптист бол “хууль ёсны ёслол гүйцэтгэгч” (хуудас 95-96) хэмээн Бошиглогч Иосеф заажээ. “Хууль ёсны ёслол гүйцэтгэгч” гэдэг нэр томьёо санваарт хэрхэн холбогдоно гэж та нар бодож байна? Яагаад “хууль ёсны гүйцэтгэгчгүйгээр … аврал боломжгүй” вэ? (хуудас 96).

  • Бүлгийн сүүлчийн хэсгийг уншихдаа (хуудас 98-99), Судруудын Удирдамж дахь “Елиас” нэр томьёоны тодорхойлолтыг үз (Судруудын Удирдамж, х.70). Елиасын сүнс гэж юу вэ? Иохан Баптист Аврагчийн ирэх замыг хэрхэн бэлтгэсэн бэ?

  • Аароны санваарыг олгох нь “бэлтгэл ажил” юм. Учир нь энэ нь илүү дээд шатны зүйлд бэлтгэдэг гэж Иосеф Смит хэлсэн байдаг (хуудас 99). Аароны санваартнууд Мелкизедек санваар авахад бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Эцэг эхчүүд, өвөө, эмээ, багш нар, удирдагчид бэлтгэхэд нь тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ?

Холбогдох судрууд: Матай 3:1-17; 1 Нифай 10:7-10; Иосеф Смитийн Орчуулга, Матай 3:43-46

Эшлэл

  1. Иосеф Смит, History 1832, х. 6; Letter Book 1, 1829-1835, Joseph Smith, Collection, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. Оливер Каудери Иосеф Смит -Түүх 1:71-д эш татжээ, зүүвэр тайлбар; Оливер Каудеригаас Виллям В.Фелпст бичсэн захидал, 1834 оны 9-р сарын 7, Нортон, Огайо, Messenger and Advocate-д 1834 оны 10-р сард нийтлэгдсэн аж, х. 15.

  3. Оливер Каудери, “The Book of Patriarchal Blessings номонд 1835 оны 9-р сард тэмдэглэгдсэн эш таталт, 1834,” х. 8-9; Patriarchal Blessings, 1833-2005, СүмийнАрхив.

  4. History of the Church, 5:260-261; хаалтан дахь үгс анхны эхийн сүүлчийн догол мөрөнд байгаа болно; том үсгээр бичих дүрмийг шинэчилсэн; Иллинойн Наувуд 1843 оны нэгдүгээр сарын 29-нд Иосеф Смигийн уншсан лекцээс Виллард Ричардс болон Boston Bee сонины нэр нь үл мэдэгдах сурвалжлагч тэмдэглэсэн байна. Boston Bee-гийн захидлыг 1843 оны гуравдугаар сарын 24-нд Иллинойн Наувуд бичжээ, Times and Seasons-д 1843 оны тавдугаар сарын 15-нд нийтлэгдсэн байна, х. 200. Мөн хавсралт, х.562, зүйл 3-ыг үз.

  5. History of the Church, 5:256-259; зөв бичгийн дүрэм, цэг таслалыг шинэчилсэн; Иллинойн Наувуд 1843 оны нэгдүгээр сарын 22-нд Иосеф Смитийн уншсан лекцээс Вилфорд Вудрафф тэмдэглэлийг хийжээ.

  6. Иллинойн Наувуд 1843 оны долдугаар сарын 23-нд Иосеф Смитийн уншсан лекц, Joseph Smith, Collection, Addresses,1843 оны долдугаар сарын 23, Сүмийн Архив.

  7. History of the Church, 6:249-251; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1844 оны гуравдугаар сарын 10-нд Иосеф Смитийн уншсан лекцээс Вилфорд Вудрафф тэмдэглэлийг хийжээ.

Joseph and Oliver receiving Aaronic priesthood

Иохан Баптист Аароны санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт 1829 оны тавдугаар сарын 15-нд сэргээн олгохдоо, “Миний нөхөд үйлчлэгчдэд Мессиагийн нэрээр би, Аароны санваар олгож байна” гэжээ.

John the Baptist baptizing Christ

Иохан “Аароны санваартан бөгөөд хууль ёсны ёслол гүйцэтгэгч” байсан учраас Аврагч баптисм хүртэхээр Иохан Баптист уруу очжээ.