Судрууд
2 Нифай 11


Бүлэг 11

Иаков өөрийн Гэтэлгэгчийг харав—Мосегийн хууль Христийг бэлгэдэж мөн Түүний ирэхийг нотолдог. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөн эдүгээ, Иаков тэр үед илүү олон зүйлийг миний ард түмэнд ярив; гэсэн хэдий ч зөвхөн эдгээр зүйлийг би бичүүлэв, өөрөөр хэлбэл миний бичиглэсэн тэдгээр зүйл нь миний хувьд хангалттай.

2 Мөн эдүгээ, Нифай би, Исаиагийн үгсээс дахиад заримыг нь бичье, учир нь бодгаль минь түүний үгсэд баясах бөлгөө. Өөрөөр хэлбэл би түүний үгсийг өөрийн ард түмэнтэй адилтгана, мөн би тэдгээрийг өөрийн бүх хүүхдэд илгээх болно, учир нь тэрээр миний Гэтэлгэгчийг үнэхээр харсан, бүр би түүнийг харсны адил болой.

3 Мөн би түүнийг харсны адилаар миний дүү Иаков, түүнчлэн түүнийг харсан билээ; иймийн тул, би үгс маань үнэн гэдгийг нотлохын тулд тэдний үгсийг хүүхдүүддээ илгээх болно. Иймийн тул, гурвын үгсээр би өөрийн үгийг тогтоох болно хэмээн Бурхан хэлсэн болой. Гэсэн хэдий ч, Бурхан илүү олон гэрчийг илгээдэг, мөн өөрийн бүх үгийг тэрбээр нотолдог ажгуу.

4 Болгоогтун, Христийн ирэлтийн үнэнийг өөрийн ард түмэнд нотлохдоо бодгаль минь баяснам; учир нь энэ зорилгын тулд Мосегийн хууль өгөгдсөн болой; мөн энэ дэлхийн эхлэлээс Бурханаас хүмүүнд өгөгдсөн тэдгээр бүх зүйл түүнийг бэлгэдэх ажгуу.

5 Мөн түүнчлэн бидний өвөг дээдэстэй Их Эзэний хийсэн түүний гэрээнүүдэд бодгаль минь баяснам; тийм ээ, үхлээс чөлөөлөх агуу болон мөнхийн төлөвлөгөөн дэх түүний ач ивээл, түүний шударга ёс, хүч мөн нигүүлсэлд бодгаль минь баяснам.

6 Мөн Христ ирэхээс бусдаар бол бүх хүн мөхөх ёстойг өөрийн ард түмэнд нотлохдоо бодгаль минь баяснам.

7 Учир нь хэрэв Христ үгүй бол Бурхан гэж үгүй; мөн хэрэв Бурхан үгүй аваас бид эс оршино, учир нь бүтээлт гэж байхгүй байх бөлгөө. Гэвч Бурхан буй, мөн тэр бол Христ, мөн тэрээр өөрийн цаг хугацааны бүрэн байдалд ирэх болно.

8 Мөн эдүгээ миний ард түмнээс эдгээр үгийг уншсан хэн боловч, тэд зүрх сэтгэлдээ баярлаж мөн бүх хүмүүний төлөө баясаж болохын тулд, би Исаиагийн зарим үгийг бичих болно. Эдүгээ эдгээр нь тэрхүү үгс, мөн та нар тэдгээрийг өөрсөдтэйгөө мөн бүх хүнтэй адилтгаж болох ажгуу.