Бүлэг 12
Исаиа хожмын үеийн ариун сүм, Израилын цугларалт мөн мянган жилийн шүүлтийг болон энх амгаланг харав—Бардамнагчид мөн ёс бусыг үйлдэгчид Хоёр дахь Ирэлтээр даруусгагдах болно—Исаиа 2-той харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.
1 Иудагийн болон Иерусалимын талаар үзсэн, Амозын хүү Исаиагийн үг:
2 Мөнхүү улиран тохиох дор эцсийн өдрүүдэд, Их Эзэний өргөөний уул нь уулсын оргил дээр баригдаж, мөн толгодын дээр өргөгдөхөд, мөн бүх үндэстэн үүнд цутгах болно.
3 Мөн олон хүн явж мөн хэлэх болно, Ирэгтүн та нар, мөн Их Эзэний уул өөд, Иаковын Бурханы өргөөнд очицгооё; мөн тэрээр бидэнд өөрийн замуудын талаар сургах болно, мөн бид түүний замуудаар алхах болно; учир нь Сионоос хууль, мөн Иерусалимаас Их Эзэний үг өгөгдөх болой.
4 Мөн тэрээр үндэстнүүдийн дунд шүүж, мөн олон ард түмнийг зэмлэх болно: мөн тэд илдээ анжисны хошуу болгон, мөн жаднуудаа хадуур болгон давтах болно—үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, бас тэд хойшид хэзээ ч дайтахад сургагдахгүй байх болно.
5 Ай Иаковын угсаа, та нар ирэгтүн мөн Их Эзэний гэрэлд алхацгаая; тийм ээ, ирэгтүн, учир нь та нар бүгд төөрч одсон, хүн бүр өөрийн ёс бус замуудад буюу.
6 Тиймийн тул, ай Их Эзэн, та өөрийн хүмүүсийг, Иаковын угсааг орхисон, учир юун хэмээвээс тэд филистинчүүдийн адил зөгнөн хэлэгчдийг анхааран сонсож, мөн тэд өөрсдийгөө гадныхны хүүхдүүдэд таацуулдаг мөн дорнын нөлөөгөөр дүүргэгдсэн болой.
7 Тэдний нутаг түүнчлэн мөнгө болон алтаар дүүрэн, бас тэдний эрдэнэсийн сан төгсгөлгүй; тэдний нутаг түүнчлэн морьдоор дүүрэн, бас тэдний морин тэрэгнийх нь тоо төгсгөлгүй билээ.
8 Тэдний нутаг түүнчлэн хиймэл шүтээнүүдээр дүүрэн; тэд өөрсдийн хуруугаар хийсэн тэдгээрийг, өөрсдийн гарын бүтээлээ тэд шүтдэг.
9 Мөн ерийн хүн толгой үл бөхийж, мөн их хүн өөрийгөө үл даруусгадаг, тиймийн тул, түүнийг бүү уучил.
10 Ай ёс бусыг үйлдэгчид та нар, Их Эзэнээс айх айдас мөн түүний сүр хүчний алдар суу та нарыг цохих учир хад чулуунд орогтун мөн өөрсдийгөө шороонд нуу.
11 Мөнхүү улиран тохиох дор хүмүүний ихэмсэг төрх даруусгагдан, мөн хүмүүсийн ихэрхэг байдал доош гудайлгагдах болно, мөн тэр өдөр Их Эзэн ганцаараа өргөмжлөгдөх болно.
12 Учир нь Түмний Их Эзэний өдөр удахгүй бүх үндэстний дээр, тийм ээ, бүгдийн дээр; тийм ээ, бардам болон ихэмсгийн дээр, мөн ихэрхүү болгоны дээр ирнэ, мөн тэрээр доош болгогдох буюу.
13 Тийм ээ, мөн Их Эзэний өдөр Ливаны бүх хуш мод дээр ирэх болно, тэдгээр нь өндөр мөн хөөргөгдсөний учир болой, мөн Башаны бүх царс мод дээр буюу;
14 Мөн бүхий л өндөр уулсын дээр, мөн бүх толгодын дээр, мөн ихэрхүү тэдгээр бүх үндэстний дээр, мөн ард түмэн бүрийн дээр;
15 Мөн өндөр цамхаг бүрийн дээр, мөн хашлагат хана бүрийн дээр;
16 Мөн далайн бүх хөлөг онгоцны дээр, мөн Таршишийн бүх хөлөг онгоц дээр, мөн бүх тааламжтай сайхан газар дээр буюу.
17 Мөн хүмүүний ихэмсэглэл доош гудайлгагдаж, мөн хүмүүсийн ихэрхэг байдал доош болгогдох болно; мөн тэр өдөр Их Эзэн ганцаар өргөмжлөгдөх болно.
18 Мөн хиймэл шүтээнүүдийг тэрээр бүрмөсөн үгүй хийх болно.
19 Мөн тэд хадны хонгилд, мөн газрын агуйд хоргодох болно, учир нь Их Эзэн газар дэлхийг аймшигтайгаар сэгсрэхээр босоход түүнээс айх айдас тэдний дээр ирнэ, мөн түүний сүр жавхлангийн алдар суу нь тэднийг цохих болой.
20 Тэр өдөр хүмүүн нь шүтэхийн тулд өөртөө хийсэн өөрийн мөнгөн шүтээнүүдийг, мөн өөрийн алтан шүтээнүүдийг сохор номинд болон сарьсан багваахайд хаях болно;
21 Хадны цуурхайд орж, мөн барзгар хадны оройд очно, учир нь Их Эзэн газар дэлхийг аймшигтайгаар сэгсрэхээр босоход түүнээс айх айдас тэдний дээр ирж мөн түүний алдар суугийн жавхлан нь тэднийг цохих болой.
22 Та нар хамрынхаа нүхээр амьсгалах тэр хүмүүнд хандахаа боль; түүнийг юуны учир хүндэтгэнэ вэ?