Судрууд
2 Нифай 16


Бүлэг 16

Исаиа Их Эзэнийг харав—Исаиагийн нүглүүд өршөөгдөв—Тэрээр бошиглохоор дуудагдсан буюу—Тэрээр Христийн заадаг зүйлсээс иудейчүүд татгалзахыг бошиглов—Үлдэгдэл хэсэг нь эргэж ирэх болно—Исаиа 6-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Уззиа хаан нас нөгчсөн тэр жил, Их Эзэн, өндөрт мөн өргөгдсөн сэнтий дээр залран буйг би түүнчлэн үзсэн, мөн түүний хормой ариун сүмийг дүүргэж байсан болой.

2 Үүний дээгүүр серафимууд зогсож байв; тус бүр нь зургаан далавчтай бөлгөө; тэрээр хоёроор нь нүүрээ халхалж, мөн тэрээр хоёроор нь хөлөө халхалж, мөн тэрээр хоёроор нь нисдэг авай.

3 Мөн нэг нь нөгөөдөө хашхиран, ийн хэлэв: Түмний Их Эзэн ариун, ариун, ариун; бүх дэлхий түүний сүр жавхлангаар дүүрэн болой.

4 Мөн үүдний баганууд түүний хашхирах дуугаар найгаж, мөн өргөө утаагаар дүүрсэн бөлгөө.

5 Чингээд би хэлэв: Надад халаг! Учир нь би сүйрлээ; учир нь би цэвэр бус уруултай хүн; мөн цэвэр бус уруултай ард түмний дунд би оршдог; учир нь миний нүд Хааныг, Түмний Их Эзэнийг харсан бөлгөө.

6 Тэгтэл серафимуудын нэг нь галын хайчаар тахилын ширээн дээрээс өөрийн авсан, ноцож буй цогийг гартаа аван, над руу нисэн ирэв;

7 Мөн тэрээр үүнийг миний аман дээр тавиад, мөн хэлэв: Харагтун, энэ нь таны уруулд хүрсэн; мөн таны алдас зайлуулагдсан, мөн таны нүгэл ариусгагдсан.

8 Түүнчлэн, хэнийг би илгээх билээ; мөн хэн бидний төлөө явах билээ? хэмээх Их Эзэний дууг би сонсов. Тэгэхэд би хэлэв: Би энд байна; намайг илгээ.

9 Мөн тэрээр хэлсэн нь: Яв мөн энэ ард түмэнд хэл—Үнэндээ та нар сонсогтун, гэвч тэд ойлгосонгүй; мөн үнэндээ та нар харагтун, гэвч тэд ухаарсангүй.

10 Энэ ард түмний зүрхийг хөшүүн болго, бас тэдний чихийг хатуу болго, мөн тэдний нүдийг хаа—тэд өөрсдийн нүдээр харахгүй, мөн чихээрээ сонсохгүй, мөн зүрх сэтгэлээрээ ойлгохгүй, мөн хөрвүүлэгдэхгүй мөн эдгээгдэхгүй байхын тулд буюу хэмээв.

11 Чингээд би хэлэв: Их Эзэн, хэр удаан билээ? Мөн тэрээр хэлсэн нь: Хотууд оршин суугчидгүй эзгүйрч, мөн байшингууд хүнгүй, мөн газар нутаг бүрмөсөн зэлүүд болох хүртэл;

12 Мөн Их Эзэн хүмүүсийг алс хол нүүлгэх болтол болой, учир нь агуу их эзгүйрэл уг нутагт байх бөлгөө.

13 Гэвч тэр үед арваас нэг нь үлдэх болно, мөн тэд эргэж ирэх болно, мөн навчсаа гээсэн ч гол нь амьд байх далдуу адил, мөн царс адил идэгдэх болно; тийн ариун үр түүний амь байх болно.

Хэвлэх