Судрууд
2 Нифай 20


Бүлэг 20

Ассирийн устгал нь Хоёр дахь Ирэлтийн үе дэх ёс бусыг үйлдэгчдийн устгалын бэлгэдэл болой—Их Эзэнийг дахин ирсний дараа цөөн хүн үлдэх болно—Иаковын үлдсэн хүмүүс тэр өдөр эргэж ирэх болно—Исаиа 10-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Шударга бус тогтоолыг тогтоох, мөн өөрсдийн тогтоосонд дарамтыг бичих тэдэнд халаг;

2 Бэлэвсэн нь тэдний олз байж болохын тулд, мөн тэд эцэггүйг дээрэмдэж болохын тулд хэрэгцээтэйд шударга ёсыг үл үзүүлэхээр, мөн миний хүмүүсийн ядуугаас эрхийг нь булаан авахаар буюу!

3 Мөн цээрлэлийн уг өдөр, мөн холоос ирэх тэрхүү сүйрлийн үед та нар юу хийх билээ? Та нар тусламж авахаар хэн рүү зугтан очих билээ? Мөн та нар сүр жавхлангаа хаана орхих билээ?

4 Надгүйгээр тэд хоригдлуудын дор ч бөхөлзөх болно, мөн тэд алагдсаны дор унах болно. Энэ бүгд байсан ч түүний хилэн зайлуулагдаагүй, харин ч түүний мутар сунгагдсан хэвээр бөлгөө.

5 Ай Ассирийн хүн, миний уур хилэнгийн саваа, мөн тэдний гарт байх таяг нь тэдний уур хилэн болой.

6 Би түүнийг хоёр нүүртэн үндэстний эсрэг илгээх болно, мөн би түүнд өөрийн хилэгнэсэн хүмүүсийн эсрэг олзыг авч, мөн идшийг нь булаах, мөн тэднийг гудамжны шавар шавхай адил доороо гишгэчих зааврыг өгөх болно.

7 Хэдий тийм ч, тэрээр ийн зорих нь үгүй, түүний зүрх сэтгэл ч бас тийн бодох нь үгүй; харин тэр зүрх сэтгэлдээ цөөн биш үндэстнийг устгаж мөн тусгаарлах буй за.

8 Өөрөөр хэлбэл тэрээр хэлрүүн: Миний хунтайжууд бүхэлдээ хаад бус уу?

9 Кално нь Кархемиш шиг бус уу? Хамаф нь Арпад шиг бус уу? Самари нь Дамаск шиг бус уу?

10 Зормол дүрсүүд нь Иерусалимын болон Самарийнхаас нэтэд илүү болох тэр хиймэл шүтээнүүдийн хаант улсуудыг миний гар үндэслэсний адилаар;

11 Би Самарид мөн түүний хиймэл шүтээнүүдэд үйлдсэний адилаар, Иерусалимд мөн түүний хиймэл шүтээнүүдэд тийн үйлдэх минь үгүй гэж үү?

12 Иймийн тул улиран тохиох дор Их Эзэн, Сионы Уулан дээр мөн Иерусалим дээр өөрийн бүхий л ажлыг гүйцэтгэсний дараа, би Ассирийн хааны бардам зүрхний үр жимсийг мөн түүний дээгүүр харах алдар сууг нь шийтгэх болно.

13 Тодруулбал тэрээр хэлсэн нь: Өөрийн гарын хүчээр мөн өөрийн ухаанаар би эдгээр зүйлийг хийсэн бөлгөө; учир нь би бол хэрсүү хашир нэгэн; мөн би ард олны хил хязгааруудыг зөөсөн, мөн тэдний баялгийг дээрэмдэж, мөн би баатар хүн адил оршин суугчдыг нь ялан дийлсэн билээ;

14 Мөн миний гар ард түмний баялгийг шувууны үүр мэт олсон болой; мөн үлдсэн өндгүүдийг бөөгнүүлэх нэгэн мэт би бүх дэлхийг бөөгнүүлэв; мөн нэгээхэн нь ч далавчаа хөдөлгөж, эсвээс амаа нээж, эсвээс гонгиносон нь үгүй бөлгөө.

15 Түүгээр цавчих хүний эсрэг сүх өөрөөрөө бардамнах гэж үү? Үүнийг хөдөлгөгч түүний эсрэг хөрөө өөрөө ихэрхэх гэж үү? Саваа өөрөө үүнийг өргөсөн тэдний эсрэг сэгсэрдэг бил үү, эсвээс таяг модон биш юм шиг өөрийгөө өргөдөг бил үү!

16 Тиймийн тул Их Эзэн, Түмний Их Эзэн түүний бордуулагдсан хүмүүсийн дунд, тарчгийг илгээнэ; мөн түүний алдар сууных нь доор тэрээр дүрэлзэх гал лугаа асаах болно.

17 Мөн Израилын гэрэл нь гал, мөн түүний Ариун Нэгэн дөл нь байх болно, мөн түүний хатгуурт бут мөн түүний өргөст мөчрүүдийг нэг өдөрт шатааж мөн цөлмөх болно;

18 Мөн түүний шимт талбайн мөн түүний ойн алдар сууны сүнс болон биеийг аль алиныг нь сөнөөх болно; мөн тэд тугч нь унасан мэт байх болно.

19 Мөн түүний ойгоос үлдсэн модод нь хүүхэд ч тэдгээрийг тоолж бичиж болохоор цөөн байх болно.

20 Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр, Иаковын угсаанаас амьд гарсан тэд болон Израилын үлдэгдэл нь, өөрсдийг нь цохисон түүнд хойшид дахин түшиглэхгүй, харин Израилын Ариун Нэгэнд, Их Эзэнд үнэний дагуу түшиглэх болно.

21 Үлдэгдэл нь, тийм ээ, бүр Иаковын үлдсэн хүмүүс нь, хүчит Бурханд эргэж ирэх болно.

22 Өөрөөр хэлбэл таны Израил ард түмэн тэнгисийн элсний ширхэг мэт байх боловч, тийм хэдий ч тэдний үлдэгдэл эргэж ирэх болно; уг тогтоогдсон сөнөөлт нь зөв шударгаар халгилах болно.

23 Тодруулбал Түмний Их Эзэн Бурхан бүрмөсөн сөнөөх болно, бүр бүх нутагт шийдэгдсэн буюу.

24 Тиймийн тул, Түмний Их Эзэн Бурхан ийн хэлнэ: Ай Сионд орших миний хүмүүс ээ, ассиричуудаас битгий ай; тэр та нарыг саваагаар цохих болно, мөн египетчүүдийн нэгэн адилаар, та нарын эсрэг таягаа далайх болно.

25 Өөрөөр хэлбэл багахан хугацааны дараа, тэгээд зэвүүцэл зогсох болно, мөн миний уур хилэн тэдний устгалаар болой.

26 Мөн Түмний Их Эзэн Оребын хадан дээрх Мидианы аллагын дагуу түүний төлөө цээрлэлийг өдөөх болно; мөн түүний саваа тэнгисийн дээр байсан шиг, тэрээр үүнийг Египетэд тэгснийхээ адилаар далайх болно.

27 Мөнхүү улиран тохиох дор тэр өдөрт түүний ачаа чиний мөрөн дээрээс, мөн түүний буулга хүзүүнээс чинь авагдаж, мөн уг буулга тослолтын учир устгагдах буюу.

28 Тэрээр Аиафт ирж, тэр нь Мигронд хүрсэн болой; Михмашт тэр хөсгөө буулгасан болой.

29 Тэд хөтлийг даван одов; тэд Гебад өөрсдөө буудалласан ажгуу; Рамаф эмээж буй; Саулын Гибеа зугтсан буюу.

30 Дуугаа өргө, ай Галлимын охин; Лаишид сонсго, ай хөөрхий Анафоф.

31 Мадмена зайлуулагдсан буюу; Гебимийн оршин суугчид зугтахаар өөрсдөө цуглацгааж байна.

32 Одоохондоо тэр өдөр тэрээр Нобд үлдэх болой; тэрээр мутраа Сионы охины уул, Иерусалимын гүвээний эсрэг сэгсрэх болно.

33 Болгоогтун, Их Эзэн, Түмний Их Эзэн аймшиг төрүүлэн, гишүүг тас цавчих болно; мөн дээд зэрэглэлийн тэд нь доош тас цавчигдах болно; мөн ихэмсгүүд даруусгагдах болно.

34 Мөн тэрээр ширэнгэ ойг төмрөөр тасчин буулгах болно, мөн Ливан хүчит нэгнээр унагаагдах болно.