Судрууд
2 Нифай 21


Бүлэг 21

Иессийн гол иш (Христ) зөв шударгаар шүүх болно—Бурханы мэдлэг Мянган жилд энэ дэлхийг бүрхэх болно—Их Эзэн далбаа босгож, Израилыг цуглуулах болно—Исаиа 11-тэй харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөн Иессийн гол ишнээс салаа ургаж, мөн нэгэн мөчир түүний үндэснээс ургах болно.

2 Мөн Их Эзэний Сүнс түүний дээр байх болно, мэргэн ухаан бөгөөд ойлголтын суу билиг, хүч чадлын ба сургамжийн суу билиг, мэдлэг ба Их Эзэнээс айх айдсын тэрхүү суу билиг түүний дээр байх болой;

3 Мөн түүнийг Их Эзэнээс айх айдаст нь сэргэг ойлголттой болгох болно; мөн тэрээр өөрийн нүдэнд харагдах байдлаар үл шүүнэ, бас өөрийн чихэнд сонсогдох авиагаар үл буруушаах буюу.

4 Харин тэрээр ядуусыг зөв шударгаар шүүх болно, мөн дэлхийн номхон хүлцэнгүй тэдний төлөө шударгаар зэмлэл хүлээлгэх бөлгөө; мөн тэр үгэн саваагаараа дэлхийг цохиж, мөн уруулаасаа гарах амьсгаагаар тэрээр ёс бусыг үйлдэгчдийг егүүтгэх болно.

5 Мөн зөв шударга байдал түүний хэвлийн тус бүслэгдэж, мөн итгэлт байдал түүний ташаан тус бүслэгдэх болно.

6 Чоно хургатай түүнчлэн нэг дор орших болно, мөн ирвэс ишигтэй, мөн тугал болон залуу арслан мөн төл мал хамтдаа хэвтэх болно; мөн бяцхан хүүхэд тэднийг удирдах болно.

7 Мөн үнээ болон баавгай цуг идээшлэх болно; тэдний үр төл хамтдаа хэвтэх болно; мөн арслан нь шар үхэр адил дэрс идэх болно.

8 Мөн хөхүүл хүүхэд загалмайт могойн нүхэн дээр наадах болно, мөн бойжсон хүүхэд гараа хорт могойн үүрэн дээр тавих болно.

9 Тэд миний бүх ариун ууланд гэмтээхгүй бас устгахгүй байх болно, учир нь ус тэнгисийг дүүргэдэг адил, дэлхий Их Эзэний мэдлэгээр дүүрэн байх болно.

10 Мөн тэр өдөр хүмүүсийн далбаа болж зогсох тэрхүү Иессийн үндэс байх болно; үүнийг харийнхан эрэлхийлнэ; мөн түүний амраах газар сүр жавхлантай байх болно.

11 Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр Их Эзэн үлдсэн байх өөрийн хүмүүсийн үлдсэнийг Ассири, Египет, Патрос, мөн Куш, Елам, Шинар, мөн Хаматаас, мөн далайн арлуудаас буцаан авчрахын тулд хоёр дахь удаагаа дахин мутраа хөдөлгөх болно.

12 Мөн тэрээр үндэстнүүдэд зориулан далбаа босгож, Израилын цөлөгдөгсдийг чуулуулж, мөн Иудагийн тараагдагсдыг дэлхийн дөрвөн зүгээс нэгтгэн цуглуулах болно.

13 Ефраимын атаа хорсол түүнчлэн үгүй болох болно, мөн Иудагийн дайснууд тусгаарлагдах болно; Ефраим Иудад үл хорсож, мөн Иуда Ефраимыг үл өдөөх болно.

14 Харин тэд филистинчүүдийн мөр лүү өрнө зүг довтлох болно; тэд хамтран дорнын тэднийг тонох болно; тэд өөрсдийн гарыг Едом болон Моабын дээр далайх болно, мөн Аммоны хүүхдүүд тэднийг дуулгавартай дагах болно.

15 Мөн Их Эзэн Египетийн тэнгисийн хойгийг бүрмөсөн устгах болно; мөн өөрийн хүчит салхиар мутраа голын дээгүүр сэгсрэх болно, мөн түүнийг долоон салаан дээр нь цохиж, мөн хүмүүсийг хуурай шаахайтай гатлан явах болгоно.

16 Мөн Египет нутгаас Израилын гарч ирсэн тэр өдөрт байсны адил, Ассиригаас үлдсэн түүний хүмүүст зориулагдсан дардан зам байх болно.