Судрууд
2 Нифай 27


Бүлэг 27

Эцсийн өдрүүдэд харанхуй болон урвалт дэлхийг бүрхэх болно—Мормоны Ном авчрагдах болно—Гурван гэрч уг номыг гэрчлэх болно—Эрдэмт хүн тэрээр лацдагдсан номыг уншиж чадахгүй хэмээн хэлэх болно—Их Эзэн ер бусын ажил мөн гайхамшгийг үйлдэх болно—Исаиа 29-тэй харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Гэвч, болгоогтун, эцсийн өдрүүдэд, өөрөөр хэлбэл харийнхны өдрүүдэд—тийм ээ, болгоогтун харийнхны бүх үндэстэн мөн түүнчлэн иудейчүүд, энэ газар дээр ирэх тэд мөн бусад газар дээр байх тэд аль аль нь, тийм ээ, бүр дэлхийн бүх нутаг дээр, болгоогтун, тэд алдсуудад мөн бүх төрлийн жигшүүрт хэрэгт согтсон байх бөлгөө—

2 Мөн тэр өдөр ирэхэд аянга мөн газар хөдлөлт, агуу дуу чимээ, мөн шуурга, хуй салхи, мөн залгигч галтай дөлөөр Түмний Их Эзэн тэдэнд зочлох болно.

3 Мөн Сионы эсрэг тулалдах мөн түүнийг дарамтлах бүх үндэстэн шөнийн үзэгдэлт зүүд адил байх болно; тийм ээ, энэ нь тэдэнд, бүр өлсгөлөн хүний зүүдлэх адил, мөн болгоогтун тэрээр иднэ, гэтэл тэрээр сэрнэ мөн түүний бодгаль хоосон байна, эсвээс цангасан хүний зүүдлэх адил, мөн болгоогтун тэрээр ууна, гэтэл тэрээр сэрнэ, мөн болгоогтун тэр сул дорой, мөн бодгаль нь цангасан хэвээр байх болно; тийм ээ, бүр Сион Уулын эсрэг тулалддаг бүх үндэстний хүмүүс тийн байх болно.

4 Учир нь болгоогтун, алдсыг үйлдэгч та нар бүгд, зогсоцгоо мөн гайхацгаа, учир нь та нар хашхирна, мөн уйлах болно; тийм ээ, та нар согтсон байх болно, гэсэн ч дарсанд бус, та нар хөлчүүрхэх болно, гэсэн ч хүчит ундаанаас болж бус ажгуу.

5 Учир нь болгоогтун, Их Эзэн та нарын дээр гүн нойрны сүнсийг цутган юүлсэн бөлгөө. Учир нь болгоогтун, та нар нүдээ аньж, мөн бошиглогчдыг эсэргүүцсэн; мөн та нарын алдсын учир та нарын захирагчдыг мөн үзмэрчдийг тэрээр халхалсан болой.

6 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Бурхан нэгэн номын үгсийг та нарт авчрах болно, мөн тэдгээр нь үүрд нойрссон тэдний үгс байх болно.

7 Мөн болгоогтун уг ном лацдагдах болно; мөн уг номд Бурханаас ирсэн нэгэн илчлэл байх болно, энэ дэлхийн эхлэлээс түүний төгсгөлийг хүртэлх буюу.

8 Иймийн тул, лацдагдсан зүйлсийн учир, ард түмний ёс бус мөн жигшүүрт хэргийн өдөрт уг лацдагдсан зүйлс нь өгөгдөхгүй бөлгөө. Иймийн тул уг ном тэднээс нууцлагдах болно.

9 Гэвч уг ном нэгэн хүнд хүргэгдэнэ, мөн тэрээр газар шороонд нойрссон тэдний үгс болох тэр номын үгсийг хүргэж, мөн тэрээр эдгээр үгийг өөр нэгэнд хүргэх болно;

10 Гэвч номыг хүргэхгүй бас лацдагдсан үгсийг тэрээр хүргэх нь үгүй. Учир нь уг ном Бурханы хүчээр лацдагдах болно, мөн лацдагдсан илчлэл нь, тэдгээр нь авчрагдаж болохын тулд Их Эзэний өөрийнх нь тогтоосон цагийг хүртэл уг номд хадгалагдах болно; учир нь болгоогтун, тэдгээр нь дэлхийн үүслээс түүний төгсгөл хүртэлх бүх зүйлийг илчлэх болно.

11 Мөн тэр номын лацдагдсан байсан үгс дээвэр дээрээс уншигдах тэрхүү өдөр ирнэ; мөн тэдгээр нь Христийн хүчээр уншигдах болно; мөн хүмүүсийн үрсийн дунд байсан тэдгээр, мөн бүр дэлхийн төгсгөлийг хүртэл байх тэдгээр бүх зүйл хүмүүсийн үрсэд илчлэгдэх болно.

12 Иймийн тул, миний ярьсан тэр хүнд уг ном хүргэгдэх тэр өдөр, уг ном дэлхийн нүднээс далдлагдсан байх болно, тиймээс гурван гэрч үүнийг Бурханы хүчээр болгоохоос бусдаар нэг ч нүд үүнийг үзэх нь үгүй, уг ном хүргэгдэх түүнээс гадна буюу; мөн тэд уг номын мөн түүнд буй зүйлсийн үнэнийг гэрчлэх болно.

13 Мөн түүний үгийг хүмүүсийн үрсэд гэрчлэн өгүүлэх, Бурханы тааллын дагуух цөөн хэдээс өөр үүнийг харах бусад нь үгүй; өөрөөр хэлбэл итгэгчдийн үгс нь нас барагсдаас мэт ярих болно хэмээн Их Эзэн Бурхан хэлсэн болой.

14 Иймийн тул, Их Эзэн Бурхан уг номын үгсийг урагш авчрахыг зорих болно; мөн тэрээр өөрийн үгийг, өөрийн хүссэн тооны гэрчүүдийн амаар нотлуулах болно; мөн Бурханы үгийг эсэргүүцэх түүнд халаг!

15 Гэвч болгоогтун, улиран тохиох дор Их Эзэн Бурхан уг номыг өгөх тэрхүү нэгэнд хэлнэ: Лацдагдаагүй эдгээр үгийг авч мөн өөр нэгэнд хүргэ, тэрээр тэдгээрийг эрдэмт нэгэнд үзүүлээд ийн хэлж болохын тулд буюу: Үүнийг унш, би танаас гуйя. Мөн эрдэмт тэр: Номыг нааш авчир, мөн тэдгээрийг би уншина хэмээх болно.

16 Мөн эдүгээ, дэлхийн алдар суу мөн эд хөрөнгө олохын тулд тэд үүнийг хэлэх болно, мөн Бурханы алдар суугийн төлөө бус болой.

17 Мөн уг хүн хэлнэ: Би номыг авчирч чадахгүй, учир нь энэ нь лацдагдсан байна.

18 Тэгэхэд эрдэмт нь хэлнэ: Би үүнийг уншиж чадахгүй.

19 Иймийн тул улиран тохиох дор, Их Эзэн Бурхан номыг мөн түүний үгсийг суралцаагүй түүнд дахин хүргэх болно; мөн суралцаагүй хүн хэлнэ: Бибээр суралцаагүй.

20 Тэгэхэд Их Эзэн Бурхан түүнд хэлнэ: Эрдэмт нь тэдгээрийг үл уншина, учир нь тэд тэдгээрийг эсэргүүцсэн болой, мөн би өөрийн ажлыг хийж чадна; иймийн тул чамд миний өгөх үгсийг чи унших болно.

21 Лацдагдсан тэдгээр зүйлд бүү хүр, учир нь би тэдгээрийг өөрийн зохих цагт гарган авчрах болно; өөрөөр хэлбэл өөрийн ажлыг би өөрөө хийж чадна гэдгийг би хүмүүсийн үрсэд үзүүлэх болно.

22 Иймийн тул, миний чамд зарлигласан тэдгээр үгийг чи уншиж, мөн миний чамд амласан тэр гэрчүүдийг авсны дараа, чи номыг дахин лацдана, мөн миний төлөө үүнийг нуух болно, би хүмүүсийн үрсэд бүх зүйлийг илчлэх нь зохистой хэмээн өөрийн мэргэн ухаанд бодох хүртэл чиний уншаагүй үгсийг хадгалж болохын тулд буюу.

23 Учир нь болгоогтун, би бол Бурхан, мөн би бол гайхамшгуудын Бурхан; мөн би өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил гэдгийг би дэлхийд үзүүлэх болно; мөн тэдний итгэлийн дагуу байхаас бусдаар би хүмүүсийн үрсийн дунд ажиллах нь үгүй.

24 Мөн түүнчлэн улиран тохиох дор өөрт нь хүргэгдсэн үгсийг унших түүнд Их Эзэн ийн хэлэх болно:

25 Энэ ард түмэн өөрсдийн амаар надад ойр болж, мөн тэдний уруул намайг алдаршуулдаг хэдий ч, харин зүрх сэтгэлээ надаас холдуулсан, мөн тэдний надад хандах айдас нь хүмүүсийн заавраар сургагдсан—

26 Тиймийн тул, би энэ ард түмний дунд гайхамшигт ажлыг, тийм ээ, ер бусын ажлыг мөн гайхамшгийг үйлдэхээр зорих болно, өөрөөр хэлбэл тэдний мэргэн ухаантны мөн эрдэмтний мэдлэг нь мөхөх болно, мөн тэдний хэрсүү ухаантны ойлголт далдлагдах болно.

27 Мөн өөрсдийн бодол зорилгыг Их Эзэнээс нуухаар гүнийг эрэлхийлэх тэдэнд халаг! Мөн тэдний ажлууд харанхуйд байдаг; мөн тэд хэлдэг: Хэн биднийг харах, мөн хэн биднийг мэдэх билээ? Мөн тэд түүнчлэн хэлдэг: Зүйлсийг урвуулан хөрвүүлэх тань ваарчны шавар адил үнэлэгдэх нь гарцаагүй. Гэвч болгоогтун, би тэдэнд үзүүлэх болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг, би тэдний бүх ажлыг мэднэ хэмээн болой. Өөрөөр хэлбэл ажил нь үүнийг хийсэн эзнээ, тэрээр намайг хийгээгүй хэмээнэ гэж үү? Эсвэл бүтээгдсэн зүйл нь бүтээсэн эзнээ, тэрээр ойлголтгүй хэмээнэ гэж үү?

28 Гэвч болгоогтун, Түмний Их Эзэн хэлэв: Ливан шимт талбай болон хувиргагдах хүртэл бяцхан хугацаа үлдээд буйг би хүмүүсийн үрсэд үзүүлэх болно; мөн шимт талбай ой мэт үнэлэгдэх болно.

29 Мөн тэр өдөр дүлий нь уг номын үгсийг сонсон, мөн сохрын нүд нь бүрхэг байдлаас ч, мөн харанхуйгаас ч харах болно.

30 Мөн түүнчлэн номхон даруу тэд дэгжих болно, мөн тэдний баясал Их Эзэнд байх болно, мөн хүмүүсийн дундах ядуу нь Израилын Ариун Нэгэнд баясах болно.

31 Учир нь Их Эзэн амьд нь гарцаагүйн адил, тэд аймшигт нэгэн хүчгүй болгогдохыг харах болно, мөн элэглэгч нь үрэгдэхийг, мөн алдсыг хайгч тэд бүгд тусгаарлагдахыг болой;

32 Мөн хүнийг үгээр нь хэрэгтэн болгож, мөн олны нүдэн дээр зэмлэх түүнд урхи тавих тэд, мөн шударгыг хий хоосны тулд буцаах тэд бүгд болой.

33 Тиймийн тул Иаковын угсааныхны талаар, Абрахамыг гэтэлгэсэн Их Эзэн ийн хэлэв: Иаков эдүгээ ичих нь үгүй, басхүү түүний нүүр цонхийх нь ч үгүй болой.

34 Харин тэрээр өөрийнх нь хүүхдүүд болох миний мутрын бүтээлийг өөрийнхөө дунд байхыг хараад, тэд миний нэрийг шүтэн, мөн Иаковын Ариун Нэгэнийг шүтэж, мөн Израилын Бурханаас эмээх болно.

35 Түүнчлэн сүнслэг байдалдаа төөрсөн тэд ойлголтод ирэх болно, мөн бувтнасан тэд сургаалыг суралцах болно.