Бүлэг 28
Эцсийн өдрүүдэд олон хуурамч сүм байгуулагдах болно—Тэд хуурамч, хоосон, мөн мунхаг сургаалууд заах болно—Хуурамч багш нарын учир урвалт элбэг байх болно—Чөтгөр хүмүүсийн зүрхийг эзэгнэх болно—Тэр бүх төрлийн буруу сургаалууд заах болно. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.
1 Мөн эдүгээ, болгоогтун, ах дүү нар минь, Сүнс намайг албадсаны дагуу би та нарт ярьсан; иймийн тул, тэдгээр нь гарцаагүй улиран тохиох ёстойг би мэднэ.
2 Мөн уг номоос бичигдэх зүйлс нь хүмүүсийн үрсэд мөн ялангуяа Израилын угсааны үлдэгдэл болох бидний үр удамд агуу үнэ цэнтэй байх болно.
3 Учир нь улиран тохиох дор, тэр өдөр Их Эзэний төлөө биш байгуулагдсан сүмүүд нэг нь нөгөөдөө ийн хэлэх болно: Болгоогтун, би, би бол Их Эзэнийх; мөн бусад нь хэлнэ; би, би бол Их Эзэнийх; мөн Их Эзэний төлөө бус сүм байгуулсан хүн бүр тийн хэлэх болно—
4 Мөн тэд өөр хоорондоо зөрчилдөх болно; мөн тэдний пристүүд нэг нэгэнтэйгээ зөрчилдөх болно, мөн тэд өөрсдийн суралцсанаас заах болно, мөн хэлэх үгсээр хангадаг Ариун Сүнсийг үгүйсгэх болно.
5 Мөн тэд Израилын Ариун Нэгэн, Бурханы хүчийг үгүйсгэх болно; мөн тэд хүмүүст хэлнэ: Биднийг анхаар, мөн та нар бидний зааврыг сонсоцгоо; учир нь болгоогтун, өнөөдөр Бурхан гэж үгүй, өөрөөр хэлбэл Их Эзэн мөн Гэтэлгэгч өөрийн ажлыг хийсэн билээ, мөн тэрээр хүмүүнд өөрийн хүчийг өгсөн билээ;
6 Болгоогтун, та нар миний зааврыг анхааран сонс; хэрэв тэд Их Эзэний мутраар гайхамшиг хийгдсэн хэмээвэл үүнд бүү итгэ; учир нь энэ өдөр тэр бол гайхамшгуудын Бурхан биш; тэрээр өөрийн ажлыг хийчихсэн шүү дээ.
7 Тийм ээ, мөн ийнхүү хэлэх нь олон байх болно: Ид, уу, мөн цэнгэцгээ, учир нь маргааш бид үхнэ; мөн бидний байдал сайн байх болно.
8 Мөн үүнчлэн ийнхүү хэлэх нь олон байна: Ид, уу, мөн цэнгэцгээ; гэсэн хэдий ч, Бурханаас эмээ—тэр бяцхан нүгэл үйлдэхийг зөвтгөнө; тийм ээ, бага зэрэг худал хэл, өөр нэгийг түүний үгсийнх нь учир ашигла, хөршдөө нүх малт; үүнд хор хөнөөл гэж үгүй; мөн эдгээр бүх зүйлийг хий, учир нь маргааш бид үхнэ; мөн хэрэв бид буруутай байх аваас, Бурхан биднийг хэдхэн удаа ташуурдах болно, мөн эцэст нь бид Бурханы хаант улсад аврагдах болно.
9 Тийм ээ, мөн ийм маягаар, хуурамч, хоосон мөн мунхаг сургаалуудыг заан, мөн зүрх сэтгэлдээ ихэмсэглэж, мөн бодол санаагаа Их Эзэнээс нуухаар гүнзгийг эрэлхийлэх тэд олон байх болно; мөн тэдний ажлууд харанхуйд байх болно.
10 Мөн гэгээнтнүүдийн цус газраас тэдний эсрэг хашхирах болно.
11 Тийм ээ, тэд бүгд замаас төөрөн оджээ; тэд завхарчээ.
12 Бардамналын учир, мөн хуурамч багш нарын, мөн хуурамч сургаалын учир, тэдний сүмүүд ялзарчээ, мөн тэдний сүмүүд ихэмсэглэдэг; бардамналын учир тэд ихэмсэг болжээ.
13 Тэд өөрсдийн тансаг дуганы улмаас ядууг дээрэмддэг; тэд өөрсдийн тансаг хувцасны улмаас ядууг дээрэмддэг; мөн тэд бардамналдаа ихэмсэглэсний учир тэд номхон даруу тэднийг мөн ядуу зүрхтэйг хавчдаг.
14 Тэд хүзүүгээ хөшөөн мөн дээгүүр хардаг; тийм ээ, мөн бардамнал, ёс бус, жигшүүрт хэрэг, мөн садар самууны учир тэд бүгд төөрөлдөн одсон бөлгөө, Христийн даруу дагалдагчид болох цөөн хэдээс бусад нь буюу; гэсэн хэдий ч тэд удирдагддаг болой, тиймээс олон тохиолдолд тэд хүмүүсийн заавраар сургагдсан учир алдаа гаргадаг.
15 Ай зүрх сэтгэлийн бардамналдаа ихэмсэглэсэн мэргэн ухаантнууд, эрдэмтэд, мөн баячууд, түүнчлэн хуурамч сургаалуудыг номлох тэд бүгд, мөн садар самууныг үйлдэх мөн Их Эзэний зөв замыг гажуудуулах тэд бүгд, халаг, халаг, тэдэнд халаг, Их Эзэн Бүхнийг Чадагч Бурхан хэлдэг, учир нь тэд тамд доош шидэгдэх болно!
16 Шударгыг хий хоосон зүйл гээд буцаах мөн сайн болох тэр зүйлийг доромжлон, энэ нь хэрэггүй гэж хэлэх тэдэнд халаг! Учир нь Их Эзэн Бурхан дэлхийн оршин суугчдад түргэн айлчлах тэр өдөр ирэх болно; мөн тэр өдөр алдаст бүрэн боловсорсон тэд нь мөхөх болно.
17 Гэвч болгоогтун, хэрэв дэлхийн оршин суугчид өөрсдийн ёс бус мөн жигшүүрт хэргүүдээсээ наманчилбаас устгагдахгүй байх болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг болой.
18 Гэвч болгоогтун, тэр агуу бөгөөд жигшүүрт сүм, бүх дэлхийн янхан эм, газарт нуран унах ёстой, мөн түүний уналт агуу байх ёстой.
19 Учир нь чөтгөрийн хаант улс салгалах ёстой, мөн үүнд харьяалагдах тэд наманчлалд өдөөн хатгагдах ёстой нь зайлшгүй, эс тэгвээс чөтгөр тэднийг өөрийн үүрдийн гинжээр боймлож, мөн тэд уур хилэнд өдөөгдөж мөн мөхөх болно;
20 Учир нь болгоогтун, тэр өдөр тэрээр хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлийг эзэгнэж, мөн сайн болох түүний эсрэг тэднийг уурлуулан өдөөх болно.
21 Мөн бусад заримыг тэрээр тайтгаруулж, мөн зуурдын амьдралын аюулгүй байдалд тэднийг тайвшруулахад, тэд: Сионд бүх юм зүгээр; тийм ээ, Сион дэгжиж байна, бүх юм зүгээр хэмээн хэлэх болно—мөн чөтгөр тийн тэдний сүнсийг хуурч, мөн тэднийг болгоомжтойгоор там руу доош удирддаг болой.
22 Мөн болгоогтун, тэрээр бусад заримыг зусардан, мөн тэдэнд там гэж үгүй хэмээн хэлдэг; мөн тэрээр тэдэнд: Би бол чөтгөр биш, учир нь тийм юм гэж үгүй хэмээн хэлдэг—мөн тэрээр тэднийг чөлөөлөгдөх нь үгүй өөрийн аймшигт гинжээр хүлж автлаа хүмүүсийн үрсэд чихэнд нь тийн шивнэдэг бөлгөө.
23 Тийм ээ, тэд үхэлд, мөн тамд хүлэгдсэн; мөн үхэл болон там, мөн сайхь чөтгөрт, мөн эдгээрт баригдсан тэд бүгд Бурханы сэнтийний өмнө зогсож, мөн үйлүүдийнхээ дагуу шүүгдэх ёстой, тэндээс тэд өөрсдөд нь бэлтгэгдсэн тэр газарт очих ёстой, бүр төгсгөлгүй тарчлал болох тэрхүү галт болон хүхэрт нууранд болой.
24 Тиймийн тул, Сионд сэрэмжгүй байгч түүнд халаг!
25 Бүх юм зүгээр гэж хашхирдаг түүнд халаг!
26 Тийм ээ, хүмүүсийн зааврыг анхааран сонсдог, мөн Бурханы хүчийг, мөн Ариун Сүнсний бэлгийг үгүйсгэдэг түүнд халаг!
27 Тийм ээ, бид хүлээн авчихсан, мөн бидэнд илүү хэрэггүй хэмээн хэлдэг түүнд халаг!
28 Мөн дүгнэж хэлэхэд, Бурханы үнэний улмаас уурлах, мөн салгалах тэд бүгдэд халаг! Учир нь болгоогтун, хадан дээр баригдсан тэр нь үүнийг баяртайгаар хүлээн авдаг; мөн элсэн суурин дээр баригдсан тэр нь унах болуузай хэмээн айж салгалах ажгуу.
29 Бид Бурханы үгийг хүлээн авсан, мөн Бурханаас ирэх өөр үг бидэнд хэрэггүй, учир нь бидэнд хангалттай буй гэж хэлэх түүнд халаг!
30 Учир нь болгоогтун, Их Эзэн Бурхан ийн хэлдэг болой: Би хүмүүсийн үрсэд шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг өгөх болно; мөн миний зааврыг анхааран сонсох, мөн миний зөвлөгөөнд чих тавих тэд адислагдсан болой, учир нь тэд мэргэн ухаанд суралцах болно; өөрөөр хэлбэл хүлээн авах түүнд би илүүг өгөх болно; мөн бидэнд хангалттай буй хэмээн хэлэх тэднээс, бүр тэдэнд байгаа нь ч авагдах болно.
31 Хүмүүнд итгэдэг, эсвээс маханбодыг гараа болгодог, эсвээс хүмүүсийн заавруудыг анхааран сонсох тэр нь зүхэгдсэн болой, тэдний заавар Ариун Сүнсний хүчээр өгөгдсөн байхаас бусдаар буюу.
32 Харийнханд халаг хэмээн Түмний Их Эзэн Бурхан хэлдэг! Учир нь би мутраа өдрөөс өдөрт тэдэнд сунгах хэдий ч, тэд намайг үгүйсгэх болно; Их Эзэн Бурхан хэлсэн нь, гэсэн хэдий ч хэрэв тэд наманчилж мөн надад ирэх аваас би тэдэнд нигүүлсэнгүй хандах болно; өөрөөр хэлбэл миний мутар бүх өдрийн туршид сунгаастай хэмээн Түмний Их Эзэн Бурхан хэлдэг.