Судрууд
2 Нифай 30


Бүлэг 30

Хөрвүүлэгдсэн харийнхан гэрээт хүмүүстэй хамт тоологдох болно—Олон леменчүүд мөн иудейчүүд үгэнд итгэж мөн тааламжит болох ажгуу—Израил сэргээгдэж, ёс бусыг үйлдэгчид устгагдах болно. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөн эдүгээ болгоогтун, хайрт ах дүү нар минь, би та нарт ярья: учир нь Нифай би, та нар өөрсдийгөө харийнхны болохоос илүү зөв шударга хэмээн бодохыг тань зөвшөөрөхгүй. Учир нь болгоогтун, та нар Бурханы зарлигуудыг сахихгүй бол та бүгд ч бас тийнхүү эрсдэх болно; мөн яригдсан үгсийн учир та нар харийнхан бүрмөсөн устгагдана хэмээн бодох хэрэггүй.

2 Учир нь болгоогтун, харийнхнаас наманчлах болгон нь Их Эзэний гэрээт хүмүүс гэдгийг би та нарт хэлье; мөн иудейчүүдээс наманчлахгүй болгон нь хаягдах болно; учир нь нүглээ наманчилж мөн Израилын Ариун Нэгэн болох, түүний Хүүд итгэх тэднээс өөр хэнтэй ч Их Эзэн гэрээ хийдэггүй болой.

3 Мөн эдүгээ, би иудейчүүд болон харийнхны талаар өөр зарим зүйлийг бошиглоё. Тодруулбал миний ярьсан уг ном авчрагдан мөн харийнханд бичигдэн мөн Их Эзэнд дахин лацдагдсаны дараа, бичигдсэн тэдгээр үгэнд итгэх нь олон байх болно; мөн тэд тэдгээрийг манай үр удмын үлдэгдэлд дамжуулах болно.

4 Мөн тийн бидний үр удмын үлдэгдэл бидний талаар, бид хэрхэн Иерусалимаас гарч ирснийг, мөн тэд Иудейн удам болохыгоо олж мэдэх болно.

5 Мөн Есүс Христийн сайн мэдээ тэдний дунд тунхаглагдах болно; иймийн тул, тэд эцэг өвгөдийнхөө мэдлэгт, мөн түүнчлэн эцэг өвгөдийнх нь мэддэг байсан Есүс Христийн тухай мэдлэгт сэргээгдэх болно.

6 Мөн чингээд тэд баясна; учир нь энэ нь Бурханы мутраас тэдэнд ирж буй адислал гэдгийг тэд мэдэх болно; мөн тэдний харанхуйн давхаргууд нүднээс нь унаж эхлэх болно; мөн тэд цэвэр ариун мөн тааламжит ард түмэн болох хүртэл, олон үе тэдний дунд улиран одохгүй болой.

7 Мөнхүү улиран тохиох дор тараагдсан тэр иудейчүүд түүнчлэн Христэд итгэж эхлэх болно; мөн тэд уг нутгийн гадаргуу дээр цуглаж эхлэх болно; мөн Христэд итгэх болгон нь түүнчлэн тааламжит хүмүүс болох бөлгөө.

8 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Бурхан дэлхий дээрх өөрийн хүмүүсийн сэргээлтийг гүйцэлдүүлэхийн тулд өөрийн ажлыг бүх үндэстэн, ястан, хэлтэн, мөн ард түмний дунд эхлэх болно.

9 Мөн Их Эзэн Бурхан зөв шударгаар ядууг шүүж, мөн дэлхийн номхон даруу тэдний төлөө тэгш эрхтэйгээр зэмлэл хүлээлгэх болно. Мөн тэрээр үгэн саваагаараа дэлхийг цохино; мөн уруул давах амьсгаагаар тэр ёс бусыг үйлдэгчдийг хөнөөх болно.

10 Өөрөөр хэлбэл Их Эзэн Бурхан агуу хуваалтыг хүмүүсийн дунд бий болгож мөн ёс бусыг үйлдэгчдийг тэрээр устгах тэрхүү цаг хурднаар ирнэ; мөн тэрээр өөрийн хүмүүсийг хэлтрүүлэх болно, тийм ээ, тэрээр ёс бусыг үйлдэгчдийг галаар устгах ёстой байсан ч буюу.

11 Мөн зөв шударга байдал түүний хэвлийн тус бүслэгдэж, мөн итгэлт байдал түүний ташаан тус бүслэгдэх болно.

12 Мөн чингээд чоно хургатай хамт орших болно; мөн ирвэс ишигтэй, мөн тугал болон залуу арслан, мөн төл мал хамтдаа хэвтэх болно; мөн бяцхан хүүхэд тэднийг удирдах болно.

13 Мөн үнээ болон баавгай цуг идэшлэх болно; тэдний үр төл хамтдаа хэвтэх болно; мөн арслан нь шар үхэр адил дэрс идэх болно.

14 Мөн хөхүүл хүүхэд загалмайт могойн нүхэн дээр наадах болно, мөн бойжсон хүүхэд гараа хорт могойн үүрэн дээр тавих болно.

15 Тэд миний бүх ариун ууланд гэмтээхгүй бас устгахгүй байх болно, учир нь ус тэнгисийг дүүргэдэг адил, дэлхий Их Эзэний мэдлэгээр дүүрэн байх болно.

16 Иймийн тул, бүх үндэстний зүйлс мэдэгдэх болно; тийм ээ, бүх зүйл хүмүүсийн үрсэд мэдэгдэх болно.

17 Илчлэгдэхээс гадуур нууц байх нь үгүй; гэрэлд үзүүлэгдэхээс гадуур ямар ч харанхуйн ажил гэж үгүй байна; мөн дэлхий дээр нээгдсэнээс гадуур ямар ч битүүмжлэгдсэн нь байхгүй болно.

18 Иймийн тул, хүмүүсийн үрсэд илчлэгдсэн тэдгээр бүх зүйл тэр өдөр илчлэгдэх болно; мөн Сатан хүмүүсийн үрсийн зүрхийг эзэгнэх хүчийг цаашид, удаан хугацаанд эзэмшихгүй байх болно. Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, би өөрийн хэлэхийг төгсгөл болгоё.